Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/466

 

   

2023     4            27                                         2023/ДШМ/466          

 

 

М.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

            яллагдагч М.Уын өмгөөлөгч С.Энхбат,                     

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/390 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Уд холбогдох эрүүгийн 2210021661412 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бичээч овгийн  М.У, 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүгийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /................................./;

Яллагдагч М.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “Центо” 20 рестораны үүдэнд амь хохирогч О.Б хацар хэсэгт цохиж тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж тус тус заажээ. Яллагдагч М.Уд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

Үүнд, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй, /хх 88-92, 113-130/-д түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гарын дардасны дүгнэлт, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн тухай баримтаас өөрөөр баримт авагдаагүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №2269 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач О.Бцогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..." /хх 71-76/ гэсэн, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Гавал тархинд үүссэн гэмтэл нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн мэс засалд орсон 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө 1-2 хоногийн дотор, мөн зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт 1-2 хоног, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгний цус хуралт, баруун тохойны зулгаралт 2-3 хоногийн дотор үүссэн байна. ...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр толгойн зүүн хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой, унасан, ойчсон гэх шинж тэмдэг илрээгүй...”/хх 79-80, 81-83/ гэсэн, яллагдагч М.Уын “...Талийгаачтай хамт сууж байхад ил харагдах гэмтэл шарх байгаагүй, хоёр хоногийн өмнө эрүүлжүүлэх байранд хоносон гэж хэлж байсан...” /хх 109/ мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө 2-5 хоногийн өмнө эрүүлжүүлэх байранд орж байсан эсэх, орж байсан бол эрүүлжүүлэх байранд орсон иргэний мэдээллийн баримтыг хэрэгт хавсаргах, тухайн мэдээллээр амь хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө                 1-2 хоногийн дотор, мөн зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт 1-2 хоног, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгний цус хуралт, баруун тохойны зулгаралт 2-3 хоногийн дотор үүссэн байна...” гэх гэмтлүүд байсан эсэх, эрүүлжүүлэх байранд ямар шалтгаанаар орж эрүүлжүүлэгдэж байсан талаарх дүгнэлт болон хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт хийх нь зүйтэй.

Шинжээчийн 2022 оны №2269 дүгнэлтийн шинжилгээний явцад “...Толгойн хуйхны дотор гадаргуу цайвар ягаан өнгөтэй, толгойн баруун тал нэлэнхүйдээ цус хуралттай, баруун чамархайн булчинд цус хуралттай, зүүн чамархайн булчинд гэмтэл өөрчлөлтгүй. Гавлын баруун зулайн гадна хэсэг, чамархайд 9x6 см мэс заслын цооногтой, цооногийн хэсэгт хатуу хальсан дээр, хатуу хальсны доор тархины баруун тал бөмбөлгийн хамарсан бүлэгнэсэн болон шингэн, нэг төрлийн цусан хураатай. Тархины хоёр тал бөмбөлөг хэм тэгш бус, баруун 17x9x8 см, зүүн 21x6,5x8 см хэмжээтэй, тогтоц улбагар зөөлөн, аалзан хальс нимгэн толигор, улаан ягаан өнгөтэй, зүсэхэд эдийн зааг тод, эд хутганд наалдана, баруун хажуу ховдол бүлэгнэсэн цустай, зүүн хажуугийн болон гурав, дөрөвдүгээр ховдол чөлөөтэй, гүүр, уртавтар тархины хэсэгт бөгжилсөн хавангийн ховил үүссэн,баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн хамарсан дарагдлын оромтой, хоёр талын зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгээр эдийн няцралтай, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доор цус харвалттай. Гаврын орой болон суурь ясанд гэмтэлгүй..." гэсэн, дүгнэлт хэсэгт “...цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” /хх 71-76/, шинжээч эмчийн “...Тархины хатуу хальсан доорх цус хуралт үүсэж тархийг дарж ухаан алдах хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд уг хугацаа нь хүн бүрт бие мах бодийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Талийгаач                 О.Бхувьд тархинд учирсан гэмтэл нь их байх тул богино хугацаанд буюу хэдхэн цагийн дотор шинж тэмдэг илрэх бүрэн боломжтой...” /хх 79-80, 81-83/ гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогч О Бгийн тархины аль хэсэгт ямар хэмжээтэй гэмтэл учирсан талаар бичээгүй, шинжээч эмчийн мэдүүлэгт “...тархинд учирсан гэмтэл нь их байх тул...” гэсэн нь ямар хэмжээг хэлж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулах, шаардлагатай бол дахин шинжээч томилох нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой байх тул хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзнэ.

Мөн Авто тээврийн үндэсний төв болон Мобиком корпорацид хүргүүлсэн Хан- Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргын албан тоотууд авагдсан бөгөөд дээрх албан бичгийн хариуг ирүүлээгүй байх бөгөөд энэ ажиллагааг нэг мөр дуусгаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай, мөн хавтаст хэргийн 111-112 дахь талд мөрдөгчийн санал, Хаан банкны хариу албан бичигт дурдагдсан гүйлгээ хийсэн тухай мэдээлэл авагдсан бөгөөд тухайн гүйлгээ хэрэгт хамааралтай эсэх, хамааралтай, ач холбогдолтой бол мөрдөн шалгах энэ ажиллагааг нэг мөр шалгаж тодруулах нь ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна гэж заасан бөгөөд яллагдагчийн хувийн байдлын талаар түүний төрсөн эх Л.Нарантуяа мэдүүлэхдээ “...Хүү нь 2008 онд төрсөн, одоо 16 настай, бид нартай хамт амьдардаг, ээжийнхээ нэрээр овоглодог...” /хх 67/ гэсэн, мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтод “...ам бүл 4...” /хх 137/ гэж тодорхойлсноос өөрөөр хэн хэнтэйгээ амьдардаг талаар тодорхойлоогүй байгаагаас үзэхэд яллагдагчийн хувийн байдалтай холбоотой баримтыг бүрэн цуглуулаагүй, гэр бүлийн байдал, гэрлэлтийн баталгаатай эсэх, хэн хэнтэйгээ амьдардаг, төрсөн эсхүл үрчилж авсан хүүхэдтэй бол тухайн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, бусад баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт хавсаргаагүй байна.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагаануудыг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтойн дээр яллагдагч М.Уын өмгөөлөгч С.Энхбатын гаргасан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч, яллагдагч М.Уд холбогдох эрүүгийн 2210021661412 дугаартай хэргийг Хан- Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач О.Бээж би хүүгээ алдсан эх хүний хувьд маш их гомдолтой байна. Шүүгч нь хүн амины хэргийн талаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан байна. Миний бие урьдчилсан хэлэлцүүлэг болох талаар ямар ч мэдээлэлгүй, шүүхээс болон хуулийн бусад байгууллагаас энэ талаар огт дуулгаагүй, мэдээлээгүй. Бүхэл бүтэн хүний амь хохирсон хэрэг байтал надад дуулгахгүйгээр хурал зарлаад, захирамж гаргачихсан байдаг. Хуулийн байгууллага үнэн зөвийг шийдэж, зохих этгээдэд хуулийн хариуцлагыг үнэнээр нь хүлээлгэнэ гэж найдаад хүлээгээд сууж байсан хөгшин би гэнэт ийм захирамжийг хүлээн аваад маш их гайхаж, цочирдож байна. Миний хүү эрүүл биетэй, саруул ухаантай, ээждээ хань болдог, ээждээ хайр халамжтай, үнэ цэнэтэй, залуу сайхан ээжийн хүү байсан. Хүний амь хохирсон байхад эхэд нь хурлын тов мэдэгдээгүй. Шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг нэн даруй шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь,

1. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасны дагуу эрхээ эдэлмээр байна. Анхан шатны шүүх надад урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхийн зэрэгцээ зөвхөн яллагдагч талын хүсэлтээр бүх асуудлыг шийдэж байгаа нь надад эргэлзээ төрүүлж байна.

2. Яллагдагчийн өмгөөлөгч С.Энхбатын хэрэгт дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь ямар ч үндэслэлгүй, яллагдагч талд цаг хугацаа хожих нөхцөл байдлыг бий болгох үүднээс гаргасан хүсэлт гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн үхэлд хүргэх шалтгаан нь тархины битүү гэмтэл гэж тодорхой тусгасан байх бөгөөд энэ гэмтэл нь нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас үүсэх боломжтойг дурдсан. Яллагдагч М.У нь миний хүүгийн толгой руу волейболын тамирчин гараараа далайж ирээд бөмбөгөө цохидог шиг айхтар хүчтэй цохиж байгаа нь камерын бичлэгээс харагддаг. Энэ хүнд даацын цохилтоос ямар ч хүн эрүүл, эсэн мэнд үлдэхгүй гэдэг нь камерын бичлэгээс харагдаж байгаа. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч нь М.Уын хүчтэй цохилтоос үүссэн гэмтлийг өмнө үүссэн гэх, олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх сорвитой хутган тайлбарлаж, хэргийг будлиантуулах зорилготой болжээ. Мөн прокуророос шинжээчид тавьсан асуултад шинжээч нь талийгаачид үүссэн тархины битүү гэмтэл нь нэг удаагийн хүчтэй цохилтоос үүссэн, уг цохилтын улмаас талийгаач нас барсан талаар тодорхой хариулсан байдаг юм. Тиймээс шинжээч дахин томилуулах ямар ч шаардлагагүй гэж үзэж байна.

3. Яллагдагч талын өмгөөлөгч С.Энхбат нь талийгаачийн хувийн байдлыг тогтоох, талийгаач согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон эсэхийг тогтоолгох хүсэлтэй гэжээ. Талийгаач О.Б нь Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу амьд явах эрхтэй, ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхагдахгүй амьдрах эрхтэй гэдэг үүднээс хүний эрхийг зөрчсөн хүсэлт гаргасан. Талийгаач О.Б нь гэртээ байсан, хүү минь гэрээсээ холдож хоногоор явдаггүй байсан. Эрүүлжүүлэх байранд ороогүй, хэрвээ орсон гэж бодоход төрийн хамгаалалтад байгаа хүн бусдад зодуулах боломжгүй шүү дээ.

4. Яллагдагч талын өмгөөлөгч С.Энхбат нь талийгаачийн эрүүл мэндийн талаар тодруулах хүсэлт гаргажээ. Миний хүү дөнгөж 40 настай, ямар нэгэн хууч өвчингүй, эрүүл саруул хүн байсан ба ковид ч тусаагүй дархлаа сайтай хүн байсан. Нас барсан хүний хувийн байдлыг тогтоох биш, харин гэмгүй мөрөөрөө явж байгаа хүний толгой руу волейболын тамирчин гараараа далайж ирээд бөмбөгөө цохидог шиг айхтар хүчтэй цохиж хүний амь хөнөөсөн яллагдагч М.Уын хувийн байдлыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж үү. Тиймээс хохирогчийн зүгээс шинжээчийг дахин томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. М.У нь хэргийг шийдвэрлэх хугацааг санаатайгаар удаашруулж, хэргийг дахин дахин сунжруулж, гадуур чөлөөтэй яваа гэмт хэрэгтэн, гэмт хэрэгтэнд хугацаа завшуулмааргүй байна. М.У нь эмэгтэй хүн, эх хүн байж зүгээр байсан хүнийг аймшигтай хүчтэй цохиж хүний амь хөнөөсөн гэм буруугаа ухамсарлахгүй, гэмшихгүй, гэм буруугаа хүлээхгүй, биднээс уучлалт гуйгаагүй.                                    Мөн учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн хүлээлгэж өгч, шударгаар гомдлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Оийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмч Ч.Эрдэмболор талийгаач О.Бцогцост шинжилгээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 2269 дүгээр “О.Ббиед тархины тал бөмбөлгийн цусан хураа, 2 тал бөмбөлгийн зулай, 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, 2 талт бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, тархины хаван, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуяны урд хэсэг, өвдөгний гадна хажуу, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт гаргажээ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой хэмээн дүгнэсэн байх бөгөөд шинжээч эмч Ч.Эрдэмболороос түний гаргасан 2269 дугаартай шинжээчийн дүгнэлттэй нь холбогдуулан мөрдөгчөөс авсан мэдүүлэгт талийгаачийн тархинд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Талийгаачийн тархинд хуучин гэмтэл байгаагүй, тархины судасны цүлхэн судас хагарсан байх боломжгүй, тухайн гэмтэл нь толгойн гадна талд гэмтэл шарх үүсгэхгүйгээр үүсэх боломжтой, тухайн гэмтэл нь мөргөх, өшиглөх, цохих үед үүсэх боломжтой, Тархины хатуу хальсан дор цус хуралт үүсэж, тархийг дарж ухаан алдах буюу гэмтлийн шинж өгөх хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Уг гэмтэл нь толгойн зүүн хэсэгт үйлчилсэн хүчний улмаас үүссэн байх боломжтой. Талийгаачийн тархинд их хэмжээний гэмтэл учирсан тул гэмтлийн шинж тэмдэг хэдхэн цагийн дотор илрэх боломжтой гэж талийгаачид учирсан гэмтэл, амь насаа алдахад хүргэсэн гэмтэл, гэмтэл учирсан цаг хугацаа, гэмтлээс үүдэн хүний биед илрэх шинж тэмдэг, түүний цаг хугацаа, гэмтлийн хэр хэмжээ зэргийг маш тодорхой дүгнэлт гаргаж мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагджээ. Талийгаач О.Б нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлэхдээ О.Бг хаана хэнтэй байсан, ямар учраас гэмтсэн талаарх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Авто тээврийн үндэсний төв, Хаан Банк зэрэг газруудад албан тоотууд явуулсан байх бөгөөд хэрэг шалгагдах хугацаанд Б нь хамгийн сүүлд ямар хүмүүстэй байсан, хэн гэгч этгээд түүнийг цохиж гэмтэл учруулсан нь нэгэнт тогтоогдож , дээрх албан тоотуудын хариу нь хэрэгт ач холбогдолгүй болсон нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байгаа болно. Яллагдагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Засаг даргын тодорхойлолт, түүний ээжийн өгсөн мэдүүлэг зэргээр яллагдагчийн хувийн байдал тогтоогдсон гэж үзэхээр байна. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2269 тоот шинжээчийн дүгнэлт, дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад “уур хүрч бачимдан О.Бтолгойн зүүн хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, М.Уын талийгаач О.Бтолгойн зүүн хэсэгт нэг удаа цохиж байгаа үеийн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/390 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт цугласан нотлох баримтуудын хүрээнд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч М.Уын өмгөөлөгч С.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин яллагдагчийн хувийн байдалтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой энэ хэрэгт дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлага байгаа. Миний хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болоод мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан уу гэх асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Хавтас хэргийн материалд ноцтой нэг баримт байдаг. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Алтансувд гээд эмчийн бичсэн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд амь хохирогч “зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацрын нум, баруун хоншоорын хөндийн хуучин хугаралтай” гээд гарсан. Уг ноцтой баримт хэрэгт авагдсан. Энэ талаар 2269 дугаартай дүгнэлтэд огт тусгагдаагүй. Энэ нь хэргийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байх тул заавал шалгаж тогтоох шаардлагатай. Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримт дутуу авагдсан байдаг. Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн мэс засал хийхтэй холбоотой 3-4 хуудас баримтууд байдаг. Эдгээр баримтууд шаардлага хангаагүй. Хэзээ хагалгаа эхэлсэн хэдий хугацаанд үргэлжилсэн талаар байдаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд оролцох эрх нь байгаа. Иймд захирамжийг хэвээр үлдээх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч М.Уыг бусдын амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлаж, прокурорт буцаах тухай захирамж гаргасан. Захирамжид “мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлийг дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар прокуророос өөрөөр нотлох баримтыг үнэлж байгаа тул шүүгчийн дүгнэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулаад хэргийг шийдвэрлэх боломжтой учраас эсэргүүцэл бичээгүй. Захирамжид заагдсан ажиллагааг хэрэгжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Давж заалдах шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон хавтас хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд М.Уд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд шаардлагатай бол шинжээч томилох, шүүх хуралдаанд оролцуулах, шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдлыг тодруулан шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Хэдийгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөвхөн энэ үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/390 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2023/ШЗ/390 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ