| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01830/И |
| Дугаар | 135/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2025/00003
2024 12 23 135/ШШ2025/00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01830/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** тоотод оршин суух ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* ******* ХХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл харуулаар, 2000-2005 он хүртэл ******* ******* ХХК-д харуулаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлтээ өгсөн байгаа. Үүнийгээ дэмжиж байна. Нэг байгууллага боловч нэр нь солигдсон юм. Миний ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байна. Шимтгэл төлсөн лавлагаа байгаа боловч нийгмийн даатгалаас шүүхээс ажилласан байдал тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд шүүхэд хандаж байна гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, архивын тодорхойлолт, фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс Л.*******аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгчийн захирамжаар нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Дархан-Уул аймгийн архивын тасгаас тодорхойлолт зэргийг гаргуулж, нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалууд архивд байхгүйгээс ажилласан байдал тогтоогдохгүй байгаа тул шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Г.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын архивын лавлагаа, гэрч Л.*******ын мэдүүлэг зэргээр хүсэлт гаргагч Г.******* нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* ******* ХХК-д, 2000 оны 12 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ************** ХХК-д тус тус харуулаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн архивын лавлагаагаар Г.*******гийн ажиллаж байсан ******* ******* ХХК нь 1998 оны 7 сараас 1999 оны 09 дүгээр сарын дуустал хугацаанд шимтгэл төлсөн байх бөгөөд хэрэгт авагдсан Г.*******гийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тушаалын тэмдэглэлээр ******* ******* ХХК-д харуулаар ажилд орсон огноо дээр 1995 оны 01 сарын 01, ажлаас гарсан огноо 1999 оны 10 сарын 01 гэж тэмдэглэсэн байна.
5. Шүүх хүний ажиллаж байсан байдал буюу үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоох ажиллагааг хийх учиртай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдал нь ажиллаж байсан байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д:"нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлэхээр тодорхойлжээ.
Иймд хүсэлт гаргагч Г.*******гийн ************** ХХК-д ажиллаж байсан байдлыг түүний нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн тушаалын огноогоор тооцох нь зүйтэй байна гэж үзсэн тул түүний шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
6. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* ******* ХХК-д, 2000 оны 12 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ************** ХХК-д тус тус харуулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ