| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01053/И |
| Дугаар | 155/ШШ2025/00009 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2025/00009
| 2024 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2025/00009 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01053/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ж,
Хариуцагч: Х хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж (цахим),
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Б.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ж .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Т гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Ц нь барилгын материал тэдгээрийн дагалдах хэрэгсэлд булан, барилгын турбо зэрэг барилгын ажилд шаардлагатай материалуудыг иргэн аж, ахуй нэгжид түрээслэдэг. Энэ бизнесийг Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн инженер Д.Э , захирал Л.Т нар мэднэ. 2021 оны 5 дугаар сард Д.Э надтай ирж уулзаад Х аймагт 8 давхар орон сууц барих гэж байгаа, би Х компанид инженерээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Барилгын туслах материал болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл нь гадна дотно булан, шатны турба зэргээс бүрддэг. Бид гэрээ хийхээр болж 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 8 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээг Х компанийн ерөнхий инженер Д.Э тай байгуулсан. Гэрээний хугацаа 2 сар бөгөөд нийт төлбөр нь 17,184,000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бараа материалыг эргэн авч ирж өгөхөөр болж, гэрээг байгуулах үед бараа материалыг Д.Э ад хүлээлгэн өгсөн. Түрээслэсэн зүйлсээ ачих зардлыг Х компани өөрөө хариуцахаар тохирсон. Тухайн үед Л.Т барилгын ажил дуусаагүй учраас түрээсийн эд зүйлийн хугацааг сунгамаар байна гэсэн учраас 2021 оны 10 дугаар сар хүртэл сунгаж түрээслэсэн. Эд зүйлсийн түрээсийн хугацаа 3 сараар сунгагдсан учраас төлбөр нь 24,370,000 төгрөг болсон. Нийтдээ түрээсийн төлбөрт 41,554,000 авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Х компанид түрээслэсэн эд зүйлсийн үнийг төлөхийг захирал Л.Т тай утсаар ярьж хэлж байсан. 2021 оны гэрээний төлбөр 41,554,000 төгрөгийг төлөлгүй яах вэ гэж 2022 онд Л.Т болон түүний аав хэлж байсан. Гэсэн ч 2022 он ковидын үе байсан учраас өөрийн дураар Х аймаг явж гэрээний төлбөрийг шаардах боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа Д.Э ад гэрээний түрээсийн төлбөр төлөхийг Л.Т гаас шаардаж өгөөч гэж хэлсэн. Гэтэл Д.Э , Л.Т нар шүүхийн маргаантай байгаа. Би шууд энэ хүнтэй харилцаад таны энэ өр төлбөрийг авч чадахгүй гэдэг зүйл ярьсан. Үүнээс үүдэлтэй Х хязгаарлагдмал хариуцлагатай компанитай холбоо барих боломжгүй болсон. Х компани түрээслэсэн эд зүйлсийг ашиглаж барилгаа дуусгасан боловч төлөх ёстой 41,554,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Миний явуулсан пум гэх мэт эд зүйлсийг ашиглаж Х хязгаарлагдмал хариуцлагатай компани 8 давхар байшин барьсан. Нийт түрээсийн гэрээний төлбөр 41,554,000 төгрөг болсон. Анх явуулсан зүйлсээс 40 ширхэг эд зүйл дутуу ирсэн. Үүний төлбөр 3,220,000 төгрөг болж байгаа. Х эх хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, анх түрээслэсэн зүйлсээс 49 ширхэг дутуу ирсэн. Үүнд: 50-ын пум 30 ширхэг, 40-ийн пум 7 ширхэг, 2, 4 гадна булан 10 ширхэг, 15x15 дотор булан 2 ширхэг байсан бөгөөд эдгээрийн төлбөр 3,220,000 төгрөг болж байгаа. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна. Гэрээний хугацааг эд зүйлсийг 2021 оны 10 дугаар сарын 10 өдөр буюу эд зүйлсийг хүлээн өгсөн өдрөөр тооцсон. Өөрөөр хэлбэл үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцно. Анх шүүхэд 2024 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан учраас энэ хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Д.Э ыг тухайн үед Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажлыг хөөцөлдөж байсан, тухайн компанийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан зэргийг мэдэж байсан болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн гэж итгээд гэрээ байгуулсан. Тэгээд ч түрээслэсэн эд зүйлсийг Д.Э хүлээн авч, буцааж Х ХХК ачуулж, хүлээлгэж өгсөн. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйгээс зарлагын падаан гэх баримтаар хүлээж авсан. Түрээсийн гэрээний хугацааг албан ёсоор бичгийн баримт үйлдэж сунгаагүй. Энэ нь мөн л итгэлцэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргээс шалтгаалсан. Хэрэгт А хязгаарлагдмал хариуцлагатай компанийн даснаас 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ц.Ц ын дансанд Х ХХК пум сапудны түрээс гэсэн утгаар 17,000,000 төгрөгийн орлого орж ирсэнтэй маргах зүйлгүй. Энэ төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцъё гэж бодож байсан боловч хариуцагч манай байгууллага төлөөгүй гэж маргаж байгаа учраас хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна... гэв.
Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Л.Т нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар албан тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Б.М ыг томилсон бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие Б.М нь нэхэмжлэгч Ц.Ц ын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, мөн дутуу эд зүйлийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Үүнд:
Нэхэмжлэлд ...2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг Х Эх ХХК-ийн ерөнхий инженер Д.Э тай байгуулсан... гэх боловч хариуцагч Х Эх ХХК-ийн зүгээс Д.Э гэх хүнд тус компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрхийг огт олгоогүй болно.
Тодруулбал, Х Эх ХХК-д компанид барилгын пум, сапуд, тэдгээрийн дагалдах хэрэгслийг түрээслэн авах бодит хэрэгцээ шаардлага байхгүй байсан бөгөөд Д.Э нь Х Эх ХХК-ийн нэрийг барьж өөрийн амин хувийн хэрэгцээнд тус түрээслэсэн барилгын туслах материалыг ашигласан байна.
Хэдий Х Эх ХХК нь тухайн цаг хугацаанд Х аймгийн М сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ч ХХК-ийн баруун талд өөрсдийн эзэмшлийн газартаа худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалттай Е хотхоныг барьж, бүтээн байгуулалт хийж байсан нь үнэн боловч тус газартай хаяа зэрэгцэн А ХХК мөн орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байсан.
А ХХК-ийн захирал нь Х ХХК-ийн ерөнхий инженер гэгдэх Д.Э юм.
Тэрээр өөрийн компанийн барилгын ажилд тус пум, сапудыг ашиглаж байсан бөгөөд Х Эх ХХК-ийн зүгээс 2-3 удаа Д.Э захирлаас түр хугацаагаар гуйж авч ашиглаж байсан нь үнэн боловч бараа материалын үнийн зөрүүнд нийцүүлэн тооцоог тухайн цаг үед нь хийсэн юм.
Мөн нэхэмжлэлд ...Х Эх ХХК өөрөө тээврээ хариуцахаар тохиролцсон... гэх зүйлийг дурдсан нь огт үндэслэлгүй, тус ХХК-ийн зүгээс пум, сапудын тээврийн хөлсийг хэн нэгэнд төлж байсан удаа байхгүй.
Нэхэмжлэгч Ц.Ц нь нэхэмжлэлдээ ...Захирал Л.Т тай утсаар холбогдож байсан...хэсэг хугацааны дараа Л.Т , Д.Э нар нь хоорондоо маргалдаад Тамирмаагийн аав өөд болсон гэх сураг гарч Д.Э нь ч Х Эх ХХК-д ажлаа хийхгүй болсон гэж надад хэлсэн... гэсэнд дараах тайлбарыг өгье.
Д.Э нь Х Эх ХХК-ийн захирал Л.Т гийн авга ах буюу талийгаач аавынх нь дүү болох хүн юм.
Тэрээр Л.Т захирлын аавын бие муудсан цагаас эхлэн ааш зангаа хувирган газрын маргаан дэгдээж, хууль шүүхийн байгууллагаар зарга үүсгэх болсон нь үнэн.
Дээр дурьдсанчлан уг маргаанаас улбаалан Х Эх ХХК-ийг аливаа байдлаар хохироох гэсэн олон оролдлогуудын нэг нь тус ХХК-ийн нэрийг барьж, бусадтай гэрээ байгуулан төлбөрийг гаргуулах гэсэн санаа нь энэ юм.
Гэвч Х Эх ХХК нь олон жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлж, аливаа иргэн, хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулахдаа бизнесийн ёс зүй хийгээд албан бичиг хэрэг хөтлөлтийн стандартыг чанд сахиж, компанийн тамга тэмдгийг цаг ямагт хэрэглэж заншсан болно.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Барилгын туслах материал түрээслэх гэрээнд Х Эх ХХК-ийн тамга тэмдэг огт дарагдаагүй байгааг шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэж байна.
Иймд Ц.Ц ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дугаар 08 Барилгын туслах материал түрээслэх гэрээ, түүний хавсралт, Б.М , Ц.Т нарын тодорхойлолт, 2021 оны 5 дугаар сарын 03, 2021 оны 10 дугаар сарын 10, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдийн Зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Бүртгэлийн дугаар 1499 Итгэмжлэл, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШЗ2024/03325 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Эмнэлгийн магадлагаа зэрэг баримтуудыг,
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариу тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар албан бичгээр олгосон Итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 66, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаар албан бичиг, Л.Т гийн Амбулаториор эмчлүүлэгчийн карт, Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ББКД-67-05/22 дугаар дүгнэлт, Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 901 дүгээр албан бичиг, Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 635 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг,
гэрч Д.Э нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, А ХХК-ийн Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, А хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зарлагын баримт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №БАЗГ-2021/19 Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2021.07.07 123049, 2021.07.07 123228, 2021.10.8 2711 гэсэн тайлбартай 3 ширхэг, тайлбаргүй 1 ширхэг А-4 цаасан дээр өнгөтөөр хэвлэсэн зураг зэргийг тус тус шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж ын хүсэлтээр Б.М , Ц.Т , Д.Э нарыг гэрчээр асууж, А хязгаарлагдмал хариуцлагатай компанийн DELL маркын нөөтбүүкэнд хадгалагдаж байгаа зурагт үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Нэхэмжлэгч Ц.Ц нь барилгын материал тэдгээрийн дагалдах хэрэгсэлд булан, барилгын турбо зэрэг барилгын ажилд шаардлагатай материалуудыг иргэн аж, ахуй нэгжид түрээслэдэг. Энэ бизнесийг Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн инженер Д.Э , захирал Л.Т нар мэднэ. 2021 оны 5 дугаар сард Д.Э надтай ирж уулзаад Х аймагт 8 давхар орон сууц барих гэж байгаа, би Х компанид инженерээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн. Барилгын туслах материал болон тэдгээрийн дагалдах хэрэгсэл нь гадна дотно булан, шатны турба зэргээс бүрддэг. Бид гэрээ хийхээр болж 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 8 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг Х компанийн ерөнхий инженер Д.Э тай байгуулсан. Гэрээний хугацаа 2 сар бөгөөд нийт төлбөр нь 17,184,000 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эд зүйлсийг буцаан авч ирж өгөхөөр болж, гэрээг байгуулах үед эд зүйлсийг Д.Э ад хүлээлгэн өгсөн. Түрээслэсэн зүйлсээ ачих зардлыг Х компани өөрөө хариуцахаар тохирсон. Тухайн үед Л.Т барилгын ажил дуусаагүй учраас түрээсийн эд зүйлсийг түрээслэх хугацааг сунгамаар байна гэсэн учраас 2021 оны 10 дугаар сар хүртэл сунгаж түрээслэсэн. Эд зүйлсийн түрээсийн хугацаа 3 сараар сунгагдсан учраас төлбөр нь 24,370,000 төгрөг болсон. Нийтдээ түрээсийн төлбөрт 41,554,000 авах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Х компанид түрээслэсэн эд зүйлсийн үнийг төлөхийг захирал Л.Т тай утсаар ярьж хэлж байсан. 2021 оны гэрээний төлбөр 41,554,000 төгрөгийг төлөлгүй яах вэ гэж 2022 онд Л.Т болон түүний аав хэлж байсан. Гэсэн ч 2022 он ковидын үе байсан учраас өөрийн дураар Х аймаг явж гэрээний төлбөрийг шаардах боломжгүй байсан. Хэсэг хугацааны дараа Д.Э ад гэрээний түрээсийн төлбөр төлөхийг Л.Т гаас шаардаж өгөөч гэж хэлсэн. Гэтэл Д.Э , Л.Т нар шүүхийн маргаантай байгаа. Би шууд энэ хүнтэй харилцаад таны энэ өр төлбөрийг авч чадахгүй гэдэг зүйл ярьсан. Үүнээс үүдэлтэй Х хязгаарлагдмал хариуцлагатай компанитай холбоо барих боломжгүй болсон. Х компани түрээслэсэн эд зүйлсийг ашиглаж барилгаа дуусгасан боловч төлөх ёстой 41,554,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Миний явуулсан пум гэх мэт эд зүйлсийг ашиглаж Х хязгаарлагдмал хариуцлагатай компани 8 давхар байшин барьсан. Анх явуулсан зүйлсээс 40 ширхэг эд зүйл дутуу ирсэн. Үүний төлбөр 3,220,000 төгрөг болж байгаа. Х эх хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, анх түрээслэсэн зүйлсээс 49 ширхэг дутуу ирсэн. Үүнд: 50-ын пум 30 ширхэг, 40-ийн пум 7 ширхэг, 2, 4 гадна булан 10 ширхэг, 15x15 дотор булан 2 ширхэг байсан бөгөөд эдгээрийн төлбөр 3,220,000 төгрөг болж байгаа. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна. Гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 10 өдөр буюу эд зүйлсийг хүлээлгэн өгсөн өдрөөр тооцсон. Өөрөөр хэлбэл үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцно. Анх шүүхэд 2024 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан учраас энэ хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Д.Э ыг тухайн үед Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажлыг хөөцөлдөж байсан, тухайн компанийн Ерөнхий инженерээр ажиллаж байсан зэргийг мэдэж байсан болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн гэж итгээд гэрээ байгуулсан. Тэгээд ч түрээслэсэн эд зүйлсийг Д.Э хүлээн авч, буцааж Х ХХК ачуулж, хүлээлгэж өгсөн. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйгээс зарлагын падаан гэх баримтаар хүлээж авсан. Түрээсийн гэрээний хугацааг албан ёсоор бичгийн баримт үйлдэж сунгаагүй. Энэ нь мөн л итгэлцэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргээс шалтгаалсан... гэв.
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмгөөлөгч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй, сая шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа барилгын туслах материал түрээслэх гэрээнд ойлгомжгүй зүйлүүд байдаг. Тус гэрээг байгуулсан Д.Э гэх хүн Х компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал байсаар байна. Мөн уг гэрээний хугацаа сунгагдсан юм уу, сунгагдаагүй юм уу, гэрээний хугацааг яаж тооцсон, гэрээний зүйл нь газар, пум, сапут юм уу? гэдэг нь тодорхойгүй, гэрээний үнийг хэрхэн тооцож байгаа, сараар нь тооцож байгаа юм уу, 2 сараар багцалж тооцож байгаа юм уу, өдрөөр нь тооцож байгаа юм уу? гэдэг гэрээний үнэ тодорхойгүй. Пум, сапутыг хүлээж авсан, буулгасан гэдэг талаар тодорхойгүй байсан. Энэ талаар гэрчүүдээс мэдүүлэг авсан боловч гэрчүүдийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Пум, сапут хүлээж авсан асуудалтай холбогдуулаад зарлагын баримт гэдэг баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн байдаг. Энэ баримт нь өөрсдөө материал хүлээж авч байгаа атлаа зөвхөн өөрсдийнх нь гарын үсэгтэй мөн зарлагын баримт гэсэн ойлгомжгүй баримт байгаа нь шаардлага хангахгүй. Үүнийгээ санхүүгийн мэдлэггүйн улмаас ийм баримт үйлдсэн гэж ярьж байна. Анхнаасаа яагаад гэрээний хавсралт болон хугацаа сунгахтай холбоотой асуудлыг бичгээр баримтжуулж баталгаажуулж яваагүй юм бэ? гэдэг асуудалд хууль мэдэхгүй гэх асуудлыг ярьж байна. Иргэний хуулийн 3.7 дугаар зүйлд хууль мэдэхгүй буруу ойлгосноороо тухайн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх эсхүл хууль хэрэглэхэд саад болохгүй гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримт үндэслэлээ нотлох үүрэг нэхэмжлэгч талд өөрт нь байгаа. Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна гэж харж байна. Мөн төлөөлөх эрхтэй эсэх асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс холбогдох хууль тогтоомжийг судалсан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг тус тус удирдлага болгон тайлбараа хэлье. Нотлох баримт шинжлэн судлах шатанд болон нэхэмжлэгч талаас асуулт асуухдаа гэрээний 6.1.1.3-т хуулийн этгээдтэй танайх гэрээ байгуулж байгаа бол энэ талаар төлөөлж байгаа этгээдийн итгэмжлэл байгаа юм уу, гүйцэтгэх захирлынх нь талаар холбогдох мэдээлэл байгаа юу? гэдэг талаар гэрээнд заавал тусгана гэж заасан байна. Тэгэхээр энэ баримт бичгийг нягтлалгүйгээр гэрээ байгуулчихаад одоо бид нар Д.Э ыг Х компанийг төлөөлж байсан эсэхийг мэдэхгүй байсан гэж үзэх нь өрөөсгөл юм. Д.Э гэх хүн нь хариуцагч талын тайлбарт дурьдсанчлан А компанийн захирлаар давхар ажилладаг. Энэ талаар өөрөө ч гэрчийн мэдүүлэгтээ хэлдэг. А нь Х компанитай адилхан ажил үйлчилгээ явуулдаг, мөн пум, сапут авч хэрэглэдэг, хэрэглэж байсан байгууллага. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрсдийн дансаараа пум, сапут хэрэглэсний төлбөрийг төлчихсөн. Ингэж төлөхдөө дараа нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг зөвтгүүлэхийн тулд Х гэдэг компаниас шилжүүлж байгаа мэтээр гүйлгээний утгаа бичиж, шүүх эрх мэдлийн байгууллагыг өнөөдөр төөрөгдөлд оруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж байгааг шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн ажилтны үндсэн үүрэгт 42.2 дугаар хэсгийн 2.4-т ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн давхар ажил үйлчилгээ эрхлэхгүй байх гэж заасан. 2.5-д ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах, 2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүндэтгэлтэй хандах зэргээр зааж өгсөн. Хариуцагч талаас Д.Э гэдэг хүнийг Х компанийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж байсан гэдэг дээр маргадаггүй. Хамгийн гол нь тэр үед энэ хүнд тийм эрх олгогдоогүй байсан. Энэ хүн төлөөлөх эрхтэй юм уу, гэдэг нь хэд хэдэн зүйлээр тодорхойлогддог. Итгэмжлэл, компанийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог. Гэтэл өнөөдөр энэ хүнд олгосон итгэмжлэл байхгүй. Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлага Л.Т өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн дүрмээр тодорхойлогдож байгаа. Мөн Л.Т гийн зүгээс хэзээ ч манайх энэ пум, сапутыг авах хэрэгцээ шаардлага байгаагүй. А компанийн захирал Д.Э өөрийн хувийн хэрэгцээнд компанийн үйл ажиллагаанд энэ асуудлыг авч хэрэглэчихээд дараа нь энэ асуудлыг ярьж байна гэдгийг хэлж байгаа. Иргэний хуулийн 34.2-т компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж заасан. Компанийн тухай хуулийн гүйцэтгэх удирдлагын эрх буюу 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж байгаа. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа гэж компанийн өдөр тутмын тогтмол байгуулдаг гэрээ хэлцэл, ажиллагаа, шийдвэр, удирдлага, дотоод зохион байгуулалтаар компанийн дүрэмд заасан зорилго, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг хамааруулна гэж заасан. Гүйцэтгэх захирал нь өөр этгээдээр тодорхой үүрэг гүйцэтгүүлэхдээ итгэмжлэл олгож болно гэж заасан. Тэгэхээр итгэмжлэлийг өнөөдөр Д.Э гэж хүнд олгосон асуудал байхгүй. Үүнийг тодруулж дахин хэлэхийг хүсэж байна. Мөн иргэний хуулийн 68 дугаар зүйлд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэдэг ойлголт байдаг. 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж байгаа. Л.Т гэдэг хүн үүнийг зөвшөөрсөн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт энэ талаар итгэмжлэл болон компанийн дүрэмд энэ хүнд олгосон зөвшөөрөл байхгүй. Энэ асуудлыг мэдэж байгаа тохиолдолд 68.4-т заасан төлөөлөх эрхтэй гэдгээ нотолж чадаагүй бол хэлцэл хийхээс татгалзах эрх нь Ц.Ц гэж иргэнд байжээ. Энэ эрхээ энэ хүн яагаад тухайн үед нь хэрэгжүүлээгүй юм. Гэрээний заалтаар бол төлөөлөх эрхтэй гэдгийг өөрсдөө шаардаж авах үүрэгтэй, энэ үүргээ тодруулж заасан атлаа хэрэгжүүлээгүй байна. 69 дүгээр зүйлийн 69.1-д төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан. 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж байна гэтэл үүнийг мэдээлээгүй. Гэрээний зүйл нь тодорхойгүй, хугацаа нь тодорхойгүй, үнэ нь тодорхойгүй нөхцөлд гэрээний стандарт нөхцөл бүрэн дүүрэн хангагдаагүй гэрээ хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх шаардлага нь Иргэний хуулийн 202 дугаар зүйл дээр зааж өгсөн. Хугацаа сунгасан талаар ярьж тайлбарлаж байгаа боловч хаана, хэн сунгаж байгаа, ямар байдлаар сунгаж байгаа, гэрээг нь харахаар заавал бичгээр сунгах саналаар хүргүүлнэ гэдэг заалттай байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байгааг шүүх анхаарч үзээсэй. Мөн нотлох баримт шинжлэн судлахад гэрээний заалтууд бүрэн дүүрэн хангагдаагүй нөхцөл байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 03-ны хооронд байгаа. Гэрээний төлбөрийг 7 дугаар сарын 03-ны өдөр бэлнээр болон дансаар төлнө гэсэн нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйл дээр хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг зааж өгсөн. 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааж өгсөн. Уг гэрээний 3 жил өнгөрчихсөн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гээд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг 7 дугаар сараас эхлээд тооцохоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь дээрх 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд тухайн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нөгөө талаас гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус шаардаж байгаа мөнгийг ямар байдлаар 41,000,000 төгрөг болгож байгаагаа нотолж тайлбарлаж чадсангүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х хязгаарлагдмал компанийн дүрэм, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр Лхагвасүрэнгийн Тамирмаа нь Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал байх ба тэрээр итгэмжлэлгүйгээр тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн компани Х аймгийн М суманд Е нэртэй хотхоны А-1 блок үйлчилгээний төвтэй 29 айлын, 7 дулаан зогсоолтой барилгын ажлыг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Талууд дээрх үйл баримттай маргаагүй, харин Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий инженерээр Д.Э ажиллаж байсан ба гүйцэтгэх захирал Л.Т нь Д.Э эрх олгосноор тэрээр тухайн компанийг төлөөлж Ц.Ц тай Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан, тус гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэгтэй маргасан.
Хэрэгт авагдсан Д.Э ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэрээр Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх боловч Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 901 дүгээр албан бичгээр Ерөнхий инженерээр ажиллаж байсан болох нь үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан ба Барилгын туслах материал түрээслэх гэрээний үндсэн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл байхаар тус гэрээний 2.1-д заажээ.
Гэрээний хугацааг сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хэдий ч 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээслэсэн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн учир гэрээний үүргийг тухайн өдрөөс шаардах эрх үүссэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн Д.Э ад компанийг төлөөлж, гэрээ байгуулах эрх олгогдсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нь нотлогдоогүй.
Тодруулбал Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Л.Т нь Д.Э ыг хуулийн этгээдийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгосон баримт хэргийн материалд авагдаагүй учир нэхэмжлэгч Ц.Ц , хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах дүрэм болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Ц , Д.Э нарын хооронд Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлага 44,774,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 381,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас түрээсийн гэрээний үүрэгт 41,554,000 төгрөг, дутуу эд зүйлсийн үнэ 3,220,000 төгрөг, нийт 44,774,000 (дөчин дөрвөн сая долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА