| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0173/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 23
2018 оны 01 сарын 29 өдөр 2018/ШЦТ/23 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0173/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Раажавын Сад холбогдох 1739002510023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1969 оны 08 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Сансарын 60 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Раажавын С /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.С нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт 33-05 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ын 21.7 “...хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.”, 21.8 “...хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт; в/ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Х.Очирын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр бид хоёрыг гэртээ байхад миний танил Ганзориг манай эхнэр рүү утсаар яриад Хэнтий аймгийн Батширээт суманд самар сайн гарсан гэнээ би зүүн хараагийн хоёр жолоочтой явах гэж байна. Намайг 20 гаран хүн олоод ир гэсэн. Ингээд эхнэр бид хоёр яаж авч явах юм бэ гэсэн. Тэгээд үнэ тохироод явахаар болсон. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны орой Хэнтий аймгийн Батширээт суманд очоод сумын төв дээр 2 истана маркийн машинаа үлдээгээд зил-131 маркийн автомашины тэвшин дээр суугаад шууд цааш самар байсан гэх газар руу хөдөлсөн. Тэгээд бид нар сууж явсан машинаа шаварнаас гаргаж 6-лаа машины тэвшин дээр суугаад хөдөлсөн. Бусад хүмүүс маань түрүүлээд явчихсан. Ингээд цааш явж байтал машиныг барьж явсан. С гэх хүн чулуу байтал анзааралгүй баруун талын дугуйгаараа чулуун дээгүүр гараад зүүн талын дугуй нь хөндийрөөд жолоочийн тал руугаа уначихсан. Тэгээд босох гэсэн чинь хөлөө даахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-13 хуудас/
Гэрч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...бид нарын явсан газар маш их шавартай намагтай байсан. Тэгээд бид нар уулын бэлээр хормойгоор нь явж эхэлсэн. Ингээд бид нар алхаад явж байтал хүн орилох чимээ гараад бид нарт зам зааж өгч байсан морьтой хүн машин чинь уначихлаа гэхээр нь гүйгээд очсон. Бид нарыг очиход зил-131 маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа уначихсан машины хажууд манай нөхөр хөлөө барьчихсан хэвтэж байсан.. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-16 хуудас/
Гэрч П.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл хазгай газраас гараад нэг огцом өгсөж доошоо тойрч эргээд явж байсан замдаа ордог хэсэг зам байсныг машин эвтэйхэн гараад явган алхаж явсан хүмүүс дээр түрүүлж очоод хүлээж байсан чинь бидний газарчилж явж байсан. Батширээтын Цоохороо гэдэг хүн ирээд та нарын араас явж байсан машин чулуун дээр хажуулдчихлаа гэхээр нь буцаад очсон.. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19 хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: ...“33-05 СЭҮ улсын дугаартай зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Р.С нь МУ-ын ЗХД-ын 21.7 “хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшины дээд эрмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө”, 21.8 “хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол, тээврийн хэрэгслийн хүн тээвэрлэхийг зориулаагүй хэсэгт ” в/ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.....” /ХХ-31 хуудас/
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Х.Очирын биед зүүн шилбэ, тахилзуур болон гадна хавчаар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон.
-Х.Очирын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /ХХ-25 хуудас/
Сэжигтэн Р.Сын мөрдөн байцаалтан өгсөн: “...Машин хажуу талаараа уначихаад би кабинаас гарч ирээд харахад Очир гэх залуу хөл нь хугарчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-39 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Р.С нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт 33-05 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ын 21.7 “...хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг /тэвшний ирмэгээс нам зассан суудалд/ суулгаж явахыг зөвшөөрнө.”, 21.8 “...хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт; в/ чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Х.Очирын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Х.Очирын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батчимэг, П.Шагдарсүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Р.Сын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Сын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Очирын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тохиролцсон талаар шүүхэд мэдэгдсэн ба шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул энэ талаар дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүдэгч Боржигон овогт Раажавын Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Р.Сад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Сад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ