Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2259

 

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02348 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Г-ийн хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Э-тай зээлийн гэрээ байгуулан, 50 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээгээр сар бүрийн 15-ны өдөр зээлийн хүүг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499244031 тоот дансанд төлөх, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусахад бүрэн төлөх нөхцөлтэй байгуулсан. Зээл авахын тулд би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 818 дугаар байрны 8 тоот хаягт байрлалтай, 81.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ хийсэн. Гэрээний үүргийн дагуу өөрийн Хаан банкны төгрөгийн 5028198209 дугаар дансаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 70 800 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан. Гэтэл Б.Э нь Б.Э утсаар байнга шаардаад байсан тул 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж, би өөрийн барьцаанд тавьсан орон сууцыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Уг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний үнийн дүнг 30 000 000 төгрөгөөр хийсэн. Ингээд байраа алдах байх гээд хүнээс мөнгө төгрөг зээлээд, зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан юм. Миний бие зээлдүүлэгч Б.Эрдэнэбаяраас удаа дараа үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлж өгөхийг шаардахад чи төлбөрөө төлөөгүй одоо үлдэгдэл 80 000 000 төгрөг дутуу гэх үндэслэлээр шилжүүлж өгөхгүй өнөөг хүрсэн. Иймд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г-тэй 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058424 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 818 дугаар байр, 8 тоот хаягт байрлах 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно. Барьцаа хөрөнгийн үнэлгээг бид 100 000 000 төгрөг гэж харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, холбогдохгүй байсан тул барьцаа хөрөнгийг судлан үзэхэд анх надад үзүүлсэн үл хөдлөх хөрөнгө биш өөр хөрөнгө байсан. Үл хөдлөх хөрөнгө нь баригдаж дуусаагүй байсан тул үнэлгээг харилцан тохиролцоод 30 000 000 төгрөгөөр тооцохоор болсон. Үндсэн зээл 50 000 000 төгрөг, 5 сарын зээлийн хүү 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг хасаж 45 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гээд зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон. Харин нэхэмжлэгч Ж.Г нь өөрөө үл хөдлөх хөрөнгөө буцаан шилжүүлж авах хүсэлтэй байна гээд буцаан шилжүүлбэл 81 000 000 төгрөгт тооцон худалдан авахаар үнэлгээг тохиролцсон боловч өнөөдрийг болтол аваагүй. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бид хоёр харилцан тооцоо нийлсэн бөгөөд 45 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 5 сарын хугацаанд хүү тооцоход 22 500 000 төгрөг, 20 хоногийн хүүнд 3 000 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөгийн хүү төлөөд үндсэн төлбөр нийлээд 70 500 000 төгрөг болж зээл дууссан гэж харилцан тохиролцсон болно. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан хууль ёсны юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан Б.Э, Ж.Г нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г -ээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 307.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэж шаардлагыг бүхэлд нь ханган хүчин төгөлдөр бус байх хэдцэлд тооцож шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. Б.Э би Ж.Г-тэй 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийи Ү-2206058424 дугаартай, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 818 дугаар байр, 8 тоот хаягт байрлах 81 кв.м талбайтай амнны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Ж.Г анх барьцаалсан хөрөнгийг биш өөр хөрөнгийг барьцааны хөрөнгө гэж Монгол Хаус хотхоны амины орон сууцыг үзүүлсэн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нь бүрэн ашиглалтанд орсон байсан ба зээлийн гэрээний шаардлагыг хангах хөрөнгө байна гэж би итгэсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээг бид ашиглалтанд орсон барилга байсан тул 100 000 000 төгрөг гэж харилцан тохиролцож барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, холбогдохгүй байсан тул барьцаа хөрөнгийг судлан үзэхэд анх надад үзүүлсэн үл хөдлөх хөрөнгийг биш өөр барилга үзүүлэн залилж зээлж авсан байсан. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээтэй хэдий ч дуусаагүй барилгыг намайг хуурч өндөр үнэлэн зээлийн барьцаанд тавьсан байгааг мэдэж уулзахад таны зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй боллоо, дуусаагүй барилгаа харилцан тохиролцож үнэлээд танд зараад үлдэгдэл төлбөрөө зээлийн гэрээнд тохиролцсон нөхцөлөөрөө төлөөд явъя гэсэн учраас үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө нь баригдаж дуусаагүй байсан тул үнэлгээг харилцан тохиролцоод 30 000 000 төгрөгөөр тооцохоор болсон. Ж.Г нь надад худалдсан орон сууцаа буцаан худалдан авах хүсэлтэй байна, та надад хуурамчаар бичиг бичээд өг, зээлийн гэрээ байгуулсан болмоор байна, би тэр бичгийг үзүүлж байгаад хүнээс мөнгө аваад таны 30 000 000 төгрөгийг хүүтэй нь төлье гэсэн хүсэлт тавьсан тул 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн хэлцэл, 0218 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэргийн бодит байдал ийм байтал намайг анхнаасаа барьцаанд авах байдлаар өөртөө өмчлөх эрхийг шилжүүлэн авсан мэтээр дүгнэлт гарган шийдвэрлэсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.Э-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.Э-т холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2020/07617 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хх-74-75/

 

Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлох бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийнэ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлосон байх бөгөөд тус өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан боловч хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ