Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00041

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00041

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2024/01395/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Г.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох махны үнэ 9,369,040 (есөн сая гурван зуун жаран есөн мянга дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Г.Н нь А сумын малчин иргэн бөгөөд энэ оны намар мөнгөний хэрэгцээ гарсан учир өөрийн амины хэдэн бог малыг борлуулж, мөнгө болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байх махны үйлдвэрлэлийн хувь хүн, компаниудтай уулзаж яваад тус сумын 8 дугаар багт байх У ХХК-ийн байранд очсон.

Тус компанийн захирал болон нягтлан гэх хүмүүстэй нь уулзаж, мал зарах гэсэн юм, мөнгийг нь одоо өгнө биз дээ... гэж асуухад ...ямааны мөнгө чинь өнөөдөр юм уу, маргаашдаа багтаад орчихно, харин хонины мөнгө 7 хоногийн дотор орох байхаа... гэж хэлсэн.

Нэгэнт тус компанийн үйл ажиллагаанд итгэж байсан учир 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 137 толгой малыг тэдэнд тооцооны хуудсыг үндэслэн хүлээлгэн өгсөн. Үүнд:

1. Хонь: 84 (1 тонн 356 кг, 800 грамм х 6800 төг=9,226,240 төгрөг, сүүл (47.6 кг х 3000=142,800 төгрөг),

2. Ямаа: 53 (929 кг х 6500 төг=6,038,500 төгрөг) болсон юм.

Гэвч У ХХК нь анх ярьж тохирсон хугацаандаа махны мөнгийг өгөлгүй удааж, иргэн намайг ихээхэн чирэгдүүлсэн.

Тодруулбал, дээр дурдсан үнийн дүнгээс ямааны үнэ болох 6,038,500 төгрөгийг У ХХК-ийн нэр бүхий хүмүүсээс удаа дараа шаардаж байж 2024 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр арай гэж авсан.

Одоо тус компаниас хонины махны үнэ болох 9,369,040 төгрөгийг гаргуулан авахаар шаардаж байгаа бөгөөд тус компанийн эрх бүхий хүмүүс амаар тайлбарлахдаа ...цаашаа махыг чинь зарсан боловч мөнгө нь орж ирэхгүй байна... гэдэг байсан.

Харин эцэс сүүлдээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш утсаа бүр авахаа байсан нь иргэн намайг хуурч мэхлэж буй өөдгүй явдал юм.

Иймд махны үнэ 9,369,040 төгрөгийг У ХХК-аас гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Б 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд: Миний бие Ж овогтой Б нь 2018 оны 8 дугаар эхлэн У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хуулийн этгээдэд өөрчлөлт орж, ажлаас чөлөөлөгдсөн.

Иргэн Г.Н аас 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд 84 хонь, 53 ямаа худалдаж авсан бөгөөд нийт 14,722,500 төгрөг болсон. 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6,038,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4,947,000 төгрөг олгосон бөгөөд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сард багтаан олгох болно. гэх ирүүлсэн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.Н 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Н нь У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Б ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 4,947,000 төгрөг авсан одоо үлдэгдэл 4,000,000 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх хүсэлтэй байна. гэх тайлбарыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан махны үнэ 9,369,040 (есөн сая гурван зуун жаран есөн мянга дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 8,947,000 (найман сая есөн зуун дөчин долоон мянга) төгрөг болгон багасгаж, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сард багтааж 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор зохигч эвлэрч тус тусын тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул улсын тэмдэгтийн хураамж 164,855 төгрөгийн 50 хувь болох 82,427.5 төгрөгийг хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компаниас, 50 хувь болох 82,427.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Н ад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Н ын нэхэмжлэлтэй, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох махны үнэ 9,369,040 (есөн сая гурван зуун жаран есөн мянга дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 8,947,000 (найман сая есөн зуун дөчин долоон мянга) төгрөг болгон багасгаж, хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сард багтааж 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч У хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 82,427.5 (наян хоёр мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 82,427.5 (наян хоёр мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Н ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА