Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2025/00002

 

 

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 150/ШШ2025/00002

******* аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: **хот, ** дүүрэг, **дугаар хороо, ** хотхон, ** дүгээр байр, **тоотод оршин суух хаягтай, **овогт **гийн **/РД:**/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух, **овогт **ийн **/РД:***/ холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, хариуцагч **, нарийн бичгийн дарга ** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг гаргуулах тухай Нэхэмжлэлийн үндэслэл: ** би хариуцагч **тэй 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 1 өдрийн 2 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд нь *** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг тавьсан. Зээлийн төлбөрийг хариуцагч Б**гийн данс руу **банкны **тоот данс руу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Зээлсэн 6,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч, өнөөдрийг хүртэл хариуцагч ** нь банкнаас зээл гарахаар өгнө гэх мэт ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж мөнгөө өгөхгүй байсаар байна. Иймд **ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч **нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яг 07 сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Бид хоёр хамгийн анх **уулзсан. Тэгээд нотариат орох болсон. Намайг барьцаа өг гэж хэлсэн. Тухайн үед машинаа барьцаалах боломжтой гэж хэлсэн. Одоо бол машин байхгүй байгаа. Би барьцаалан зээлдүүлэх гэрээ хийсэн. Миний юм 5 хоногийн хугацаанд болчихно гэж тооцоолж 2 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн. Хуульд бол 2 хувийн хүүг хууль бус гэж үзэж байна. Энэ бол мөнгө хүүлж байгаа том хэлбэр гэж бодож байна. Эхлээд надад нотариатаас гарч ирээд 2,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 3,600,000 төгрөгийг 2  хоногийн дараа над руу бөөн юм болж байж өгсөн. Ингээд хоёр хоногийн дараа 6,000,000 төгрөг болгож өгсөн. Нэг дэх өдөр миний хугацаа болсон. Тэр хугацаанаас хойш өгч чадахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би 8,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 6,000,000 төгрөг төлнө. Энэ 4-н сарын хугацаанд тэр мөнгө зээлсэн хүн нь над руу 94-тэй дугаараас залгасан. Төрсөн дүү нь байсан. Над  руу залгаад би эгчдээ мөнгө зээлсэн гэж хэлсэн. Гэр бүлээрээ нийлж мөнгө хүүлсэн гэж бодож байна. Намайг маш их дарамталсан. Машинтайгаа үхээсээ гэж хүртэл хараасан. Тийм учир энэ зүйлүүдийг үндэслээд 6,000,000 төгрөг өгнө. Би урьд нь 100,000 төгрөг, 200,000 төгрөгийг хэд хэдэн удаа өгсөн. Би авсан мөнгөө буюу 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ** нь хариуцагч **д холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлана.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 17-ны зээлийн гэрээ байгуулагдаж, ** нь 6,000,000 төгрөгийг 1 өдрийн 2 хувийн хүүтэй, 5 хоногийн хугацаатай зээлдүүлж, ** маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул **ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийн 3,700,000 төгрөгөөс татгалзаж 6,300,000 төгрөгийг хариуцагч **ээс гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,300,000 төгрөгийг хариуцагч **эс гаргуулан нэхэмжлэгч **д олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч **ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***эс 115,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА