| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0514/З |
| Дугаар | 128/ШШ2024/0665 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ТӨҮГ /РД:*******/,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл,
Гуравдагч этгээд:гийн Э*******т ,
Гуравдагч этгээд: Тгийн Т /РД:ЧП/,
Гуравдагч этгээд: Лын М /РД:РЖ/,
Гуравдагч этгээд: Огийн Э /РД:ФМ/ нарын хоорондын өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах,
1. 3. Холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг
хариуцагчид даалгах гэж тус тус тодорхойлсон.
Хоёр:Маргааны үйл баримтын тухайд:
2.1.2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар гуравдагч этгээд Д.Э*******т, Т.Т, Л.М, О.Э нарт “дений хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж” нэртэй шинэ бүтээлийн №******* дугаар патентыг олгожээ.
2.2.Дээрх патентын дагуу Д.Э*******т, Т.Т, Л.М, О.Э нар нь нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-т холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд патент ашигласны төлбөр болгож 11,771,100,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
2.3.Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-аас Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Т******* тоот “Патентыг хүчингүй болгох тухай” албан бичгийг хүргүүлжээ.
2.4.Дээрх албан бичгийн хариуд Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны 26 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авч, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан маргаан шийдвэрлэх журмын 3.8-д заасны дагуу ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгджээ.
2.5.Нэхэмжлэгч “Э” ТӨҮГ-аас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр П.Э*******т, Т.Т, Л.М, О.Э нарын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүхийн маргааныг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн талаар мэдэгджээ.
2.6.Уг шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 6 дугаар сарын -ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн
ажиллах журамд заасан хугацаанд хүсэлт (гомдол)-ийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "Э" ТӨҮГ нь өөрийн нэр бүхий ажилтнуудын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн үйлдлийн улмаас хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар дурдаж, Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.1, 49.1.3, 49.1.4 дэх заалтуудыг үндэслэн патентыг хүчингүй болгох хүсэлт (гомдол)-ийг гаргасан. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр тус үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 3.8 дахь хэсэгт зааснаар ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн. (баримтыг хуулбарласан хавсаргасан.) Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс тус үйлдвэрийн газраас гаргасан хүсэлт (гомдол)-ийг шийдвэрлэх холбогдох хууль, журамд заасан хугацааг тоолох нөхцөл бүрдсэн. Тодруулбал:
Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-т "Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргаж шаардлагатай бол гомдол гаргагчийн зөвшөөрлийн гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно", "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 3.8-т "Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ", 3.9-д “Хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно" гэж тус тус заасан үндсэн боломжит хугацааг оролцуулан 120 хоногийн хугацаанд тус Маргааныг шийдвэрлэх хууль, журмын зохицуулалттай. Энэхүү хууль, журамд заасан хугацааг тооцоолбол Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.4 дэх хэсэгт тус тус зааснаар нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдаж, гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг тогтоол хэлбэрээр гаргах ёстой. Гэвч энэхүү хугацаа нь Оюуны өмчийн тухай хуульд зааснаар үндсэн 90 хоног, үүн дээр гомдол гаргагчийн зөвшөөрлөөр 30 хоног нэмэлтээр сунгах боломжтой. Гомдол (хүсэлт) гаргагч "Э” ТӨҮГ болон түүний төлөөлөгчдөөс маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх талаар удаа дараа (2 удаа) хүсэлт гаргаснаас өөрөөр хугацаа сунгах зөвшөөрлийг олгоогүй болно. Гэтэл Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр хууль, журамд заасан шийдвэр (тогтоол) гаргах хугацаа (үндсэн болон нэмэлт) дууссанаас хойш 8 хоногийн дараа түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан талаар бидэнд мэдэгдэж байгаа нь холбогдох хуулиар тогтоосон хугацаанд шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг харуулна. 2.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд: Энэхүү шийдвэр нь бүхэлдээ дээр дурдсан хууль, журмын шаардлагын хүрээнд гараагүй, хугацаа дууссаны дараа үндэслэлгүйгээр гаргасан шийдвэр бөгөөд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь маргаан бүхий асуудлыг хүлээж авснаас хойш 128 хоногийн хугацаанд ямарваа нэгэн ажиллагаа хийгээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй атлаа маргаан шийдвэрлэх хугацаа дууссаны дараагаар ийнхүү түдгэлзүүлье гэдэг шийдвэрийг гаргаад байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: 2.1. Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.4, 25.6-д заасныг зөрчиж, хугацаа дууссаны дараагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Зүй нь маргаан хянан шийдвэрлэх хугацаанд тус албан бичигт дурдсан түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргах байсан гэж үзэж байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус үйлдвэрийн газрын ажилтнууд болох Д.Э*******т, Л.М, Т.Т, О.Э нарын нэхэмжлэлтэй патент эзэмшигч нарын ******* дугаартай патентыг "Э” ТӨҮГ-аас ашиглаж, нэмэлт орлого буюу патентын үр шимийг хүртсэнээс үүдсэн үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны төлбөрт 11,771,100,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно.
Тухайн патентын үр шим, түүнийг хүртсэнээс үүссэн нөхөн төлбөрийн асуудал нь хууль ёсны өмчлөгчийн эдлэх эрхэд хамаарна. "Э” ТӨҮГ нь патент эзэмшлийн асуудлаар маргаантай бөгөөд хууль тогтоомж (Патентын тухай хууль), холбогдох журмыг зөрчиж патент авсан, ажилтнуудын үйлдлийг хууль бус гэж үзэж Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандсан.
Дээрх шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөнөөс гадна агуулгын хувьд уялдаа холбоогүй шийдвэр гэж үзэхээр байна. Цаашид энэхүү патент эзэмшлээс үүдэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд энэ удаад 11,7 тэрбум төгрөг, цаашид хэдэн төгрөгийн эрсдэл үүсэхийг таашгүй юм. "Э" ТӨҮГ нь хоногт 102 мянган тонн хүдэр боловсруулж, 11 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 5.3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг Монгол Улсын томоохон үйлдвэрийн газрын хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад Оюуны өмч, тэр дундаа патентын асуудал чухал нөлөөтэй байдаг. Иймд тус үйлдвэрийн газрын ажилтнуудын хууль зөрчсөн энэхүү асуудлыг хуулийн дагуу шалгуулж, эцэслэн шийдвэрлээгүйгээс үүдэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэхийг үгүйсгэхээргүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
Тус үйлдвэрийн газрын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, цаашид ч зөрчигдөж болзошгүй эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан болно.
Холбогдох хууль тогтоомж, журам (Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам)-д нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т "Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ", 25.4-т "Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэж, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 5.1-т "Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана", 5.1.1-т "патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлтэй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох", 5.1.2-т "патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдвол шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох" гэж тус тус заасан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч нь Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс маргааныг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гарахыг урьдчилан мэдэх боломжгүй, тухайн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй учир хууль, журамд зааснаар гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл патент олгосон шийдвэрийг хүчингүй болгох, гомдол үндэслэлгүй бол шийдвэрийг хэвээр үлдээсэн талаарх тогтоолыг гаргахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа болно.
Энэхүү асуудлыг Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс шийдвэрлэж холбогдох шийдвэрийг гаргасны дараагаар тухайн шийдвэр "Э" ТӨҮГ-ыг сонирхол болон хуульд нийцсэн үнэн зөв гарсан эсэхээс хамаарч тус үйлдвэрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар энэхүү маргаан бүхий асуудлыг нэг мөр шийдвэрлэж, патентыг хэвээр үлдэх, эсхүл патентыг хүчингүй болгохоос хамааран тус үйлдвэрийн газрын зүгээс Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.2-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргаж байгаа эс үйлдэхүйгээ хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх журам дээр түдгэлзүүлнэ гэсэн үг үсэг байдаг. Акттай холбоотой асуудлаар гэж байдаг. Түдгэлзүүлж байгаа бол учир шалтгаантай байх ёстой. Түдгэлзүүлнэ гэсэн үг үсэг байлаа гээд түдгэлзүүлж болохгүй. Түдгэлзүүлэх үндэслэл нь юу вэ?, учир шалтгаан нь юу вэ?. Өөрөөр хэлбэл патентын асуудлыг, эзэмшлийн асуудлыг хэнийх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхгүйгээр патентаас үүсэлтэй ашиг орлого олсон, үр шим хүртсэн гэдэг асуудлыг ярих боломжгүй. Иймд патент нь хэний эзэмшил зөв юм, патент өөрөө хууль ёсны дагуу олгогдсон юм уу?, олгогдож байгаа 2017 оны тушаал үндэслэлтэй юу?, буруу олгогдсон уу, үгүй юу? гэдгийг тогтоосны үндсэн дээр патентаас үүдэлтэй ашиг сонирхлыг ярьж мэтгэлцэх боломжтой гэж үзэж байгаа. Иймд Оюуны өмчийн газрыг Оюуны өмчийн тухай хууль, Патентын тухай хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Маргааныг эцэслэн шийдвэрлэж өгөөч гэж байгаа. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан. Яаж шийдвэрлэнэ гэдгийг зааж өгөхгүй байгаа. Хууль журамд заасан шийдвэрээ гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Магадгүй хүчингүй болгож болно, болгохгүй байж болно. Тэр талаар шийдвэр гаргаад өгөөч гэж хүсэж байгаа” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж үйлдвэрийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Түдгэлзүүлэх шийдвэр гаргахдаа тус зөвлөлийн ажиллах журмын заалтыг зөрчсөн. 3.14-т маргаан шийдвэрлэх ажиллагааг энэ журмын 2.17.8-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн шалтгаан арилахад ажиллагааг сэргээн явуулах тухай зөвлөлийн даргын шийдвэр гаргах бөгөөд энэ өдрөөс эхэлж хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тооцно гэсэн заалт байгаа. Гэтэл эс үйлдэхүй гаргаж аж үйлдвэрийн өмчийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөл хугацааг дуусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхэд хугацаа байхгүй байна” гэв.
3.4.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Аж үйлдвэрийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд "Э” ТӨҮГ- аас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны ******* дугаартай тушаалаар Д.Э*******т, Т, Л.М, О.Э нарт олгогдсон ******* дугаартай патентыг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг гаргасан. Тухайн гомдолдоо "Э" ТӨҮГ нь манай компанид хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулан ажиллаж байсан иргэн Д.Э*******т, Т.Т, Л.М нар лабораторийн туршилтын хугацаанд ажил олгогчид мэдэгдэлгүйгээр шинэ бүтээлийн патентын мэдүүлгийг өөрсдийн нэрээр Оюуны өмчийн газарт патент эзэмших эрхийг гаргуулан авсан гэх асуудлыг дурдсан. Гэтэл иргэн Д.Э*******т, Т.Т, Л.М, О.Э нар нь 2023.05.22-ны өдөр "Э" ТӨҮГ-т холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд патент эзэмшигчдийн патентыг ашиглаж "Э" ТӨҮГ-ын олсон нэмэлт орлого буюу патентын үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны төлбөрт 15 хувь буюу 11,771,100,000 төгрөгийг "Э" ТӨҮГ-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, тус асуудалд иргэний хэрэг үүсгэсэн байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны ******* дугаартай тушаалаар "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын баталсан бөгөөд тус журмын 1.2-т "Энэ журам нь эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд үйлчлэхгүй." гэж, мөн журмын 2.17.6-д "маргааныг хуралдаанаар хэлэлцүүлэх хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзвэл хуралдааны товыг тогтоох;"-оор заасан бөгөөд журмын 2.17.8-д гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч болон холбогдох бусад этгээд хүнд өвчний учир эмчлүүлж байгаа, эрэн сурвалжлах шаардлага бий болсон, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх;"-ээр заасан. Мөн Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Аж үйлдвэрийн өмчийн эрхэд шинэ бүтээл; ашигтай загвар; бүтээгдэхүүний загвар; барааны тэмдэг; газар зүйн заалт хамаарна, мөн хуулийн 7.2.Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ., 7.3-т "Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-д заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно." Э" ТӨҮГ-ийн (РД:*******) нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хуралдаанд үндэслэлээ нотлох баримтын хүрээнд тайлбарлаж мэтгэлцэх болно” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн О.Э, Т.Т, Д.Э*******, Л.М нарт олгогдсон патент нь 2017 оных байдаг. Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар тогтоолыг нийтэлснээс хойш 1 жилийн дотор тухайн патенттай холбоотой гомдлыг Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргах ёстой. Үүний дагуу гомдол гаргах хугацаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Аж үйлдвэрийн өмчийн даргын албан бичигтэй нэхэмжлэгч тал танилцсан байх. Э ТӨҮГ 10 сард гомдол гаргасан байдаг. Түүнээс хойш ажиллагаа хийгээгүй гэж хэлээд байна. Ажиллагаа тодорхой хэмжээнд хийсэн. Хариуцагч болон гуравдагч этгээдэд мэдэгдэж тухайн асуудлаар маргаан явагдаж байгаа талаар лавлагаа авсан. Лавлагаа авсны үндсэн дээр Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн журамд заасны дагуу иргэн, эрүүгийн шатанд хэлэлцэж байгаа бол тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж. Асуудал шийдвэрлэгдсэний дараа хугацааг нь үргэлжлүүлэн тоолж шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэр гаргасан байгаа. Нэхэмжлэгч талаас 120 хоногийн талаар ярьж байна. Аж үйлдвэрийн өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөл 120 хоногт багтааж түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учир нэхэмжлэгч талын ярьж байгаа зүйл буруу гэж үзэж байна.” гэв.
3.6.Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хуралдаанд үндэслэлээ нотлох баримтын хүрээнд тайлбарлаж, мэтгэлцэх болно” гэсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхэд хэлэлцэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Маргаан бүхий Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дөрийн дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
1.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
1.2.Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2.17.8-д “гомдол, эсэргүүцэл, хүсэлт гаргагч болон холбогдох бусад этгээд хүн өвчний учир эмчлүүлж байгаа, эрэн сурвалжлах шаардлага бий болсон, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” гэж заасан.
1.3.Хариуцагч Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс нэхэмжлэгч талд дээрх журмын заалтыг баримтлан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.
1.4. Харин Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд гуравдагч этгээд нараас нэхэмжлэлээ гаргахдаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн ******* дугаар тушаалаар олгосон “дений хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж” нэртэй шинэ бүтээлийн №******* дугаар патентыг ашиглаж олсон нэхэмжлэгчийн орлого 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны төлбөрт 11,771,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан.
1.5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оюуны өмчтэй холбоотой маргааны харьяаллын тухай зааж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 109.1.4-д “Монгол Улсын эрх бүхий байгууллага патент, барааны тэмдэг болон бусад оюуны өмчтэй холбоотой эрхийг бүртгэсэн, бүртгэхээр өргөдлийг хүлээн авсантай холбоотой маргаан” гэж заасан.
1.6.Дээрх хуулийн заалтад заасны дагуу оюуны өмчийн эрхийг бүртгэсэн, бүртгэхээр өргөдөл хүлээн авсан тухай гуравдагч этгээд нар нь маргаагүй бөгөөд зөвхөн патент ашигласны төлбөр болох 11,771,100,000 төгрөгийг гаргуулахаар “Э” ТӨҮГ-т холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн.
1.7.Дээрхээс дүгнэхэд Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас гаргасан маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 2.17.8-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй, гуравдагч этгээд Д.Э*******т, Т.Т, Л.М, О.Э нарын нэхэмжлэлээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн иргэний хэрэг нь дээрх журмын заалтад заасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байх бөгөөд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...үндэслэл бүхий байх...” зарчимд нийцээгүй байна.
1.8.Тухайлбал Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж заажээ.
1.9.Иймд маргаан бүхий Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
2.1.Нэхэмжлэгч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас гуравдагч этгээд нарын ******* дугаартай патентыг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандаж, гомдлыг хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөлийн гишүүн Э.*******ийн саналаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
2.2.Түүнчлэн Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно”, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.8-д “Маргаан хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ”, 3.9-д “...Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
2.3.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ““эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан.
2.4.Нэхэмжлэгчээс хариуцагчид гомдол гаргаж, маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүний санал гарч, нэхэмжлэгчид мэдэгдсэн өдрөөс маргааныг түдгэлзүүлж шийдвэрлэх хүртэлх хугацааг тоолж үзвэл маргааныг хянан шийдвэрлэх боломжид 120 хоног нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусахаар байна.
2.5.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай мэдэгдсэн бөгөөд хариуцагч маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.6. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана...” гэж заасны дагуу энэ талаарх хүсэлтээ гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд илэрхийлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж шийдвэрлэсэн талаар дурдах нь зүйтэй.
2.7.Иймд шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3.12-т заасны дагуу нэхэмжлэгч “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3.1, 1.3.4, 1.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5, 25.4, 25.6-д тус тус заасныг баримтлан Оюуны өмчийн газрын дэргэдэх аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн тухай хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллаж журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмчийн газрын дэргэдэх аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА