Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/314

 

 

 

 

О.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Чанцалням,

шүүгдэгч О.С-,

хохирогч “Г” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өмгөөлөгч Т.Баярбат,   

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.С-д холбогдох 2208034412002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

Шүүгдэгч О.С- нь “З” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 6,464,800 төгрөгийн хохирол учруулсан, “Г” ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 32,323,795 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.С-гаас 5,964,800 төгрөг гаргуулж “З" ХХК-д, 32,023,795 төгрөг гаргуулж, “Тан хийц” ХК-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Сгийн бусдад учруулсан хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

   Хохирогч “Г” ХК-ийн өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг нотлох баримтаар хэмжээнд тогтоогдсон бөгөөд үүнд бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

2. Албан тушаалаа ашиглан бусдад хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон байхад хэргийн зүйлчлэлийг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бус уг зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх байсан гэж үзэж байна.

3. Шүүгдэгч О.С-гийн гэм бурууд тохирсон ял оногдуулаагүй ял хөнгөдсөн байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч О.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “Г” ХК-д хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй туршилтын хугацаандаа ажиллаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Чанцалням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч О.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан албан тушаалын байдлаа ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал, нийгмийн хор аюул зэргийг харгалзан үзэж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирол төлбөр барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.С-д холбогдох 2208034412002 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч О.С- нь:

1. “З” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаандаа нийт 6,464,800 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж хохироосон болох нь:

“З” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/035 дугаартай О.С-г Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон тушаал (хх 143),

хохирогч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эын “...2021 оны 11 дүгээр сарын 8-нд ажилд орсон О.С- нь нягтлангаар ажиллаж байх хугацаандаа компанийн мөнгийг ах дүү хамаатан садангийн данс руу шилжүүлсэн болох нь гүйлгээгээ шалгаж байх хугацаандаа мэдсэн. О.С- нь Г гэх хүний данс руу шалны урьдчилгаа мөнгө, хаалганы мөнгө, андуурсан гүйлгээ гэж шилжүүлсэн байсан. Эдгээр мөнгө шилжүүлсэн асуудал нь дансны хуулгаар баталгаажиж байгаа. О.С- данснаас мөнгө шилжүүлэхдээ захирлаас зөвшөөрөл авч байгаад мөнгө төгрөгийг баримт үйлдэж шилжүүлэх ёстой. Дээрх тохиолдолд өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлсэн. ...” (хх 135-136), гэрч М.Жавзмаагийн “...Захирлууд намайг О.С-гийн ажил болохгүй байна, чи шалгаад өгөөч гэхээр нь би 2021 оны 11 дүгээр64 сарын 15-аас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох ажил гүйлгээг шалгаж, хуулга болон баримтуудад тулгалт хийхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г гэх хүн рүү Төрийн банкны сангийн материал гэсэн утгатай 524,800 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн Г гэх хүн рүү 118 дугаар сургууль гэсэн утгатай 590,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г гэх хүн рүү Төрийн банкны шалны ажил гэх утгатай 5,000,000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн данс руу О.С- “андуурсан гүйлгээ” 350,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 6,464,800 төгрөгийг шилжүүлсэн байсан...” (хх 138) гэх мэдүүлгүүд,

6,464,800 төгрөгийн мөнгийг О.С- данс руу нь шилжүүлсэн талаарх гэрч Ч.Гийн “...О.С- бид 2 багын найзууд байгаа юм. ...С нь ажлын хөлсөнд надад 10,000,000 төгрөгийн ажил гүйцэтгээд надад 5,000,000 гаран төгрөг дутуу өгсөн. ...Би өөрийн цалин хөлсөө нэхэмжилсэн, тэгэхэд надад өгсөн мөнгө...” гэсэн мэдүүлэг (хх 140), гэрч Ч.Гийн Хаан банкны 5057117122 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх 159-162),

О.С-гийн эзэмшлийн Хаан банкны 5057086645 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх 62-63), ажлын байрны тодорхойлолт (хх 226-228),

О.С-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оноос хойш, гэр бүлийн санхүү, мөнгөний асуудал ихээхэн хэцүүхэн яваад байсан бөгөөд хүмүүсээс мөнгө төгрөг зээлээд өрөнд орсон байсан. Тэгээд аргагүйн эрхэнд “З” ХХК-иас өөрийнхөө эзэмшлийн дансаар болон найз Гийн эзэмшлийн дансаар мөнгө авсан ... өрөндөө өгч байна гэж хэлээд Гийн данс руу шилжүүлсэн..., 500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх 159-162) зэргээр,

2. “Г” ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 32,323,795 төгрөгийг өөртөө авч хохирол учруулсан болох нь: 

“Г” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаартай “О.С-г Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал (хх 4),

хохирогч “Г” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оын “...Манай компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллах өргөдөл өгсөн С нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллахдаа манай компанийн Голомт банкны 2905119190, Хаан банкны 5122037516 гэсэн данснуудаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 25,722,695 төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байсан. Мөн Хаан банкны 5122037516 тоот данснаас нийт 270 сая төгрөгийг бэлнээр аваад харилцагч руу 263,398,900 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 6,601,100 төгрөгийг буцаагаад дансанд нь хийгээрэй гээд Сд өгөхөд хийгээгүй өөртөө авсан байсан. Ийм маягаар манай компанид нийт 32,323,795 төгрөгийн хохирол учруулсан. 5005781129 дугаар данстай Нацагдорж овогтой Баасандуламын данс руу 21,538,695 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр, Ч.Г гэх хүний 5057117122 тоот данс руу 3,324,000 төгрөгийг, өөрийнхөө Голомт банкны 1105116319 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 860,000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан....” гэсэн мэдүүлэг (хх 14-16),

О.С- данс руу нь мөнгө хийгээд авсан болох талаар мэдүүлсэн гэрч Н.Баасандуламын “...2022 оны 01 дүгээр сарын үед байхаа С над руу яриад 500,000 төгрөг зээлээч гэхээр нь тухайн үед мөнгөтэй байж таараад зээлсэн. Тэрнээс хойш ганц нэг удаа холбогдож мөнгөө асуухад одоогоор боломжгүй байна гээд байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр С над руу утсаар яриад ах нь чамаас зээлсэн мөнгөтэйгөө хамт мөнгө хийе чи надад бэлнээр аваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгсэн над руу 20,553,645 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд би тэр өдөр нь бэлнээр 20 сая төгрөгийг Баянхошууны Жанцан дээр байдаг Хаан банкнаас аваад өгч байсан. Харин С зээлсэн мөнгөө удаасанд уучлаарай гээд 53,000 төгрөг илүү өгсөн. ...Эхлээд С миний 5005781129 тоот данс руу 985,050 төгрөгийг шилжүүлээд миний өрийг өгөөд үлдэгдэл мөнгөө авсан. Харин дараа нь дахин миний данс руу мөнгө шилжүүлье аваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд тухайн 20,500,000 төгрөгийг нь авч өгсөн. Бид хоёрт хамтарч хийдэг ажил, үйлчилгээ байхгүй. Гуйхаар нь л зөвшөөрсөн...” (хх 15-16), гэрч Ч.Гийн “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С над руу 3,324,000 төгрөг шилжүүлээд араас нь өөрөө залгаад хөгшөөн энэ мөнгийг өрөндөө өгч байгаа шүү гэснээ удалгүй яриад надад яаралтай мөнгөний хэрэг болчихлоо наад мөнгөө надад өгчих гэхээр нь Сгийн өөрийн данс болох 5057086645 гэсэн данс руу 3,300,000 төгрөг хийсэн. ...” (хх 26) гэх мэдүүлгүүд,

“Г” ХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5122037516 тоот, Голомт банкны 2905119190 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга (хх 29-36),

“Г” ХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5122037516 тоот, Голомт банкны 2905119190 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх 37-39),

О.С-гийн Хаан банкны 5057086645 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх 62-64),

гэрч Ч.Гийн эзэмшлийн Хаан банкны 5057117122 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх 81-84),

гэрч Н.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5005781129 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх 85-90),                      

О.С-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би сүүлийн үед бага зэрэг өр зээлд ороод тэр нэхэгдээд байхаар нь өөрийн ажиллаж байсан “Г” ХК-ийн Хаан банк болон Голомт банкны данснуудаас 2022 оны 8 дугаар сарын 10-ны үеэс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд өөрийн танил болох Б гэх эмэгтэйн 5005781129 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 21,538,695 төгрөгийг, мөн өөрийн найз болох Г гэх эрэгтэйн 5057117122 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 3,324,000 төгрөгийг, мөн өөрийн Голомт банкны 1105116319 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 460.000 төгрөгийг, мөн өөрийн Хаан банкны 5057086645 тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...”(хх 110) гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч О.С-гийн тус тус нягтлан бодогчоор ажиллаж байгаа байдлаа ашиглан “З” ХХК-аас 6,464,800 төгрөг, “Г” ХК-аас 32,323,795 төгрөгийг авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүх шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 720 цагаар оногдуулсан нь шүүгдэгчийн хоёр удаагийн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, О.С-гийн үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.С- нь “Г” ХК, “З” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийн  20.1.3-т заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах” эрхийг эдлэж,   

20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”,

20.2.6-д заасан “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” үүргийг хүлээж байжээ.

Энэ нягтлан бодогчоор ажилладгийн хувьд хийгддэг гүйгээг хийхдээ тус тус ажил олгогчийнхоо мөнгийг завшсан байх тул анхан шатны шүүхийн хийсэн “...ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн дагуу компаниас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна.

Давхардуулан түүний үйлдлийг “...албан тушаалын байдлаа ашиглаж;...” гэж хүндрүүлэх үндэслэлгүй байх тул хохирогч “Г” ХК-ийн өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Г” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өмгөөлөгч Т.Баярбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ