Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00607

 

 

2024 12 02 156/ШШ2024/00607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2024/00670/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, Ваарай овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******,

Гуравдагч этгээд *******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч Н.******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Сарантуулыг төрүүлсэн бөгөөд охин Н.Сарантуулыг төрүүлэхэд би нөхөргүй, мөн амьдралын боломжгүй байсан тул аав, ээж дээрээ үрчлүүлсэн. Одоо үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Охин Н.Сарантуул одоо 16 настай, 11 дүгээр ангид суралцдаг, охин маань надтай хамт амьдардаг. Одоо би тогтсон амьдралтай болсон учраас охин Н.Сарантуулыг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна гэв.

2. Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин Н.******* нь төрсөн гэртээ охин Н.Сарантуулыг төрүүлсэн учраас төрсний гэрчилгээ авахдаа миний нэрээр авч, үрчлэлт албан ёсоор тогтоогдсон. Одоо Н.*******гийн нас явсан, гурван хүүхэд төрүүлсэн учраас охин Н.Сарантуулыг оруулаад дөрвөн хүүхэдтэй болно, иймд тэтгэвэрт гарахад амар гэж бодоод би охиноо өөрийнхөө нэр дээр ав гэж ятгаж байгаад шүүхэд хандсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Н.******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэрээр үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* сумын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаартай тодорхойлолт (хх-ийн 4 тал),

2. Хүсэлт гаргагч Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 4 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ...Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж хуульчилсан ба хүсэлт гаргагч Н.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар үрчлэлтийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Н.******* нь гурван хүүхэдтэй, үрчлүүлсэн охин Н.Сарантуулыг оруулаад дөрвөн хүүхэдтэй болж, ирээдүйд тэтгэвэрт гарахад хэрэгтэй гэх зорилгоор үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй нь хууль болон шударга ёс, нийтээр хүлээсэн зан суртахуунд нийцэхгүй байна. 

Иймд хүсэлт гаргагч Н.*******гийн 2008 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин ******* 2008 оны 12 дугаар сарын 09ий өдөр *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.*******гийн 2008 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин ******* 2008 оны 12 дугаар сарын 09ий өдөр *******, ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаарнэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА