Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 804

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.М-т холбогдох эрүүгийн 1706 0074 80284 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70-53 тоотод оршин суух,  Боржигин овогт Ч.М.

 

Ч.М нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” худалдааны төвд байрлах гар утасны засварын газарт гар утасны засвараас болж С.Эрдэнэмаамыг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч С.Эрдэнэмаам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гар утсаа засуулсан засварчин дээр очсон юм. Яагаад очсон гэхээр 1 сарын өмнө засуулсан гар утсаа барихгүй байж байгаад асааж барих гэтэл яригч нь эвдэрсэн байсан. Би гар утсаа өгч засуулахаас өмнө бол яригч нь зугээр байсан. Мөн яагаад 1 сар орчим орчим утсаа хэрэглэхгүй байсан гэхээр нүүрний кодтой кодыг нь гаргуулж чадахгүй байсаар байгаад гаргуулчихаад ярих гэтэл яригч нь болохгүй байна гэж хэлсэн чинь урдаас тэр засварчин уурлаад тэр үедээ ирэхгүй яасан юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд утас авч үзчихээд буцаагаад засварынхаа текэн дээр утас ширүүн тавихаар нь уурлаж маргалдсан юм. Тэгээд би текэн дээр нь байсан хар өнгийн дөрвөлжин зүйлийг нь гар утас засахгүй бол авлаа шүү гээд тэр зүйлийнх нь шинжнээс нь барьтал тэр юмаа засварчин нь барьж аваад над руу түлхэж шидсэн чинь миний зүүн гарын булчин хэсэгт цохиж миний гар хөхөрч ягаарсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Тэр засварчин өөрөө над руу дөрвөлжин хар юмаа авч шидчихээд намайг эвдсэн гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Гэрч Д.Оюунбатын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “Нэг хүүхэн тэр өдөр оройхон байх ирээд энэ гар утсыг засуулаад сар гаруй болсон гээд байсан. Би юу нь эвдэрснийг мэдэхгүй учраас тоохгүй байж байтал М тэр эмэгтэйд гар утсыг нь буцаагаад өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй М-ын гагнуурын аппаратыг ширээн дээрээс нь авч татаад М буцааж татаж байгаад татаж байсан гагнуурынх нь хар өнгийн төмөр аппаратны шинж нь тасарч тэр эмэгтэйн гарыг цохьсон. Тэр эмэгтэй их харьцаа муутай байсан” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Шинжээч эмч У.Бадралын: “дээрх гэмтлүүд нь баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Харин зүүн сарвууны 3, 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд гар, хөл, чулуу гэх мэт үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хамааруулж ойлгоно” гэсэн мэдүүлэг /хх-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8321 тоот:

1. С.Эрдэнэмаамын биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн сарвууны 3, 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гарах үр дагаврыг ойлгож байгаа. Мөн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” худалдааны төвд байрлах гар утасны засварын газарт гар утасны засвараас болж С.Эрдэнэмаамыг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №8321 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.М-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гурав: Бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.Эрдэнэмаам нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

  

1. Боржигин овогт Ч.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Ч.М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/

хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД