Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/353           

 

   2023           03           30                     2023/ДШМ/353                                  

 

С.Б, Г.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан, 

шүүгдэгч, хохирогч С.Б-н өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ......... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

1. .... овогт С-н Б, ..... оны ........ дугаар сарын ......-ний өдөр ... аймгийн .......... суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, ...... боловсролтой, .........  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... дүүргийн .........  хороо, .......... гудамж, ....... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/.

2. ...... овогт Г-н Г, ...... оны ....... дүгээр сарын .........-ны өдөр ......... төрсөн, ....... настай, эрэгтэй, ............ боловсролтой, .............. мэргэжилтэй, “А” ХХК-ийн борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн ........... хороо, ...........  гудамж, ..........  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД............./.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ........  дүүргийн .......... хороо, “Ш” төвийн 3 давхрын “И” нэртэй караоке цэнгээний газарт согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж Т.Стэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь “хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

Г.Г-н биед халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын 6 дугаар хавирганы хугарал, зүүн чихний дэлбэн, баруун тохой, баруун шуу, нуруу, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол,

Л.Б-н биед халдаж, эрүүл мэндэд нь “зүүн мөрний ар хэсэг, баруун ташаан дээд хэсэг, баруун гуяны дотор дээд ба ар дунд хэсэг, дотор, дунд, доод хэсэг, урд доод хэсэг, шилбэний ар дээд хэсэг, зүүн гуяны ар дунд, дотор дунд хэсэг, шилбэний гадна ба ар дээд хэсэгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун сарвууны ар, зүүн бугуйн гадна, дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан.

Шүүгдэгч Г.Гнь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ....  дүүргийн ...... хороо, Ш. төвийн 3 давхрын “И” караоке цэнгээний газарт согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж С.Б-тай маргалдан түүний биед халдаж, “зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун бугуй, сарвууны чигчий хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Г.Г-н үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-н Б-ыг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Г-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н эдлэх 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж,  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, шүүгдэгч Г.Г-н торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо:  “ ... Улсын яллагч нь шүүгдэгч Г.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч С.Б миний биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ялгамжтай байдлаар гаргасан. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж байгаа нь анхан шатны шүүхээс улсын яллагчийн гаргасан саналд хэрхэн ямар дүгнэлт өгч шүүгдэгч С.Б миний биед тус ялыг оногдуулсан нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалт гуйж, хохирогч С-д 13 сая төгрөг, хохирогч Г.Г, Б нарт 10 сая төгрөгийн хохирол төлж, хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан, мөн шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нараас уучлалт гуйж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн билээ. Би хувиараа бизнес эрхлэн амьдардаг. Миний бизнесийн ажил нэг газраа удаан хугацаагаар тогтож, суурин ажилладаггүй бөгөөд ажлын шугамаар Өмнөговь аймаг руу тогтмол, мөн гадаад улс руу явж ажилладаг. Дээрх зорчих эрхийг хязгаарлах ял нь миний эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаанд бодит сөрөг нөлөө буюу хохирол учруулахаар байгаа бөгөөд цаашлаад миний амьдралын эх үүсвэр болсон орлогыг тус хугацаагаар хязгаарлаж байна. Иймд шүүгдэгч С.Б миний биед оноосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх эсвэл ялаас чөлөөлөх зохицуулалттай. С.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч С-д 13 сая төгрөг, хохирогч Г.Г, Б нарт 10 сая төгрөгийн хохирол төлж, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Мөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журам, эрүүгийн хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх үндэслэл, нөхцөл байдал зэргийг бүрэн хангажээ. Гэтэл анхан шатны шүүхээс “шүүгдэгч С.Б нь хэдийгээр хохирол төлбөр төлсөн хэдий ч ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ” гэж үзсэн нь өөрөө Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг үгүйсгэсэн үйл ажиллагаа боллоо. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүх нөхцөлийг хангасан хүнд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар шийдвэрлэсэн. С.Б нь хувиараа бизнес эрхлэн амьдардаг бөгөөд ажлын шугамаар Өмнөговь аймаг руу тогтмол явдаг. Мөн ажлын шугамаар гадаад улс руу явж ажилладаг байна. Шүүгдэгч С.Б-д ял шийтгэл оногдуулах нь энэ хүний цаашдын ажил, амьдралд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл байдал байгаа бөгөөд гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж ялаас чөлөөлөх хууль зүйн бүрэн боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/...  дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дах заалтад өөрчлөлт оруулж, С.Б-г ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Б нь хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Прокуророос С.Б-д 1.500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан боловч шүүх тухайн хэргийн оролцогчдын мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн хэмжээнд үнэлж 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ..... дүүргийн ........ хороо, “Ш”төвийн 3 давхрын “И” нэртэй караоке цэнгээний газарт согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж Т.С-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, толгойн хэсэгт өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, хоёр өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,

Г.Г-н нүүр, толгой, цээж, нуруу руу өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын 6 дугаар хавирганы хугарал, зүүн чихний дэлбэн, баруун тохой, баруун шуу, нуруу, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол,

Л.Б-н үснээс зулгаах, нуруу нь цохих, түлхэж унагаах зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “зүүн мөрний ар хэсэг, баруун ташаан дээд хэсэг, баруун гуяны дотор дээд ба ар дунд хэсэг, дотор, дунд, доод хэсэг, урд доод хэсэг, шилбэний ар дээд хэсэг, зүүн гуяны ар дунд, дотор дунд хэсэг, шилбэний гадна ба ар дээд хэсэгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун сарвууны ар, зүүн бугуйн гадна, дунд хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Т.С-ийн “ ... 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим ажлын хамт олон болох Г түүний эхнэр Б нягтлан бодогч О нарын хамтаар ....... дүүргийн .............  хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй караокед орж үйлчлүүлж байгаад орой 22 цагийн орчимд тухайн газраас гарах гээд цахилгаан шатанд суугаад доош буух гэж байсан чинь Г надад хандаж “та малгайгаа орхисон байсан” гэж хэлээд бид нар сууж байсан караокены өрөө рүү орсон. Тэр үед цахилгаан шатыг доош буулгахгүйгээр хөлөөрөө саатуулж байсан чинь бид нартай цуг цахилгаан шатанд суусан ногоон өнгийн цамцтай Б гэх залуу уурлаад Г-ыг ирсэн чинь нүүрэн тус газар нь тараараа түлхсэн. Тэгтэл Г “чи юун сүртэй юм бэ? яагаад ингэж байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би дундуур нь ороод Гыг “боль” гэж хэлээд салгасан чинь Б гэх залуу Г бид 2 дээр ирээд ямар нэгэн шалтаг байхгүйгээр миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад гараараа хамраа дараад доош суутал миний толгойн тус газар өшиглөж миний зүүн нүд хавдсан. ... Тухайн маргаан үүсгэсэн залуу болох ногоон өнгийн цамцтай өөрийг нь Б гэх залуу миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Тухайн үйл явдлыг надтай хамт байсан Г, Б, О болон зөөгч залуу харсан ...” /хх 32-34/,

хохирогч Г.Г-н “ ... цахилгаан шатанд суух гэж байхад хаалга хаагдах гэж байхаар нь би хөлөөрөө тээглэсэн чинь тухайн цахилгаан шатанд байсан ногоон өнгийн цамцтай намхан биетэй эрэгтэй хүн намайг “суулгахгүй, чи цаашаа” гээд миний цээж рүү гараараа цохиж намайг холдуулсан. Тухайн залуу цахилгаан шатнаас бууж ирээд намайг заамдаад авахаар нь би “яаж байгаа юм бэ” гээд цахилгаан шатны хажууд заамдалцаад зогсож байсан. Захирал С “та нар яаж байгаан больцгоо” гэж хэлээд салгах гэж байсан чинь ногоон өнгийн цамцтай намхан биетэй залуу захирал С-ийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Хамраас нь цус гарахаар нь би захирлыг өмөөрсөн чинь тэнд байсан залуучууд намайг барьж аваад, ногоон өнгийн цамцтай залуу намайг цохиж зодоод байсан. ... С бид 2 тухайн залуучууд дээр очсон чинь ногоон өнгийн цамцтай залуу намайг хавсарч унагааж байгаад миний нүүр, толгой, цээж, нуруу руу өшиглөөд байсан ... би босож ирээд эхнэрийг түлхээд унагаасан учраас тухайн залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж хөл рүү нь жийж өшиглөсөн. ... “ /1хх 40-42/,

хохирогч Л.Б-н “... Г ирээд цахилгаан шатанд хөлөө тээглээд зогсоогоод орох гэсэн чинь Г-ыг ногоон өнгийн цамцтай залуу гараараа цээж рүү нь цохих шиг болсон. Цахилгаан шатны хаалга нээгдсэн чинь ногоон өнгийн цамцтай залуу шууд цахилгаан шатнаас буугаад нөхөр Г-ын өмсөж байсан хувцаснаас заамдаад зууралдаад байж байсан чинь С дундуур нь ороод салгах гэхэд тухайн ногоон цамцтай залуу С-ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Хамраас нь цус гараад хамраа дарахаар нь би дундуур нь ороод салгах гэсэн чинь миний үснээс зулгаагаад хана руу шидсэн. ... Би дундуур нь ороод дахиад салгах гэж байсан чинь миний нуруу руу цохиж миний үснээс татаж хойш газар унагаасан. ... Би нөхөр дээрээ дараад “болиоч ээ” гэж хэвтсэн чинь миний үснээс зулгаагаад хойшоо татаад шидсэн. Намайг газар унасан чинь С, О 2 гараад ирсэн байсан... /1хх 50-54/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгүүд нь:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 14553 дугаар “... Т.С-ийн биед хамрын ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт, баруун сарвууны долоовор хуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /хх 97-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14666 дугаар шинжээчийн “ Г.Г-н биед баруун талын 6-р хавирганы хугарал, зүүн чихний дэлбэн, баруун тохой, баруун шуу, нуруу, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, доод уруулын салстад язралт гэмтэл тогтоогдсон ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 111-112/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14737 дугаар шинжээчийн  “... Л.Б-н биед зүүн мөрний ар хэсэг, баруун ташаан дээд хэсэг, баруун гуяны дотор дээд ба ар дунд хэсэг, дотор, дунд, доод хэсэг, урд доод хэсэг, шилбэний ар дээд хэсэг, зүүн гуяны ар дунд, дотор дунд хэсэг, шилбэний гадна ба ар дээд хэсэгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун сарвууны ар, зүүн бугуйн гадна, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /1хх 102-103/ гэх дүгнэлтүүд,

           гэрч Б.О-н “... С, Б 2 түрүүлээд цахилгаан шатанд суусан чинь С-ийн өмсөж байсан малгай байхгүй байна гээд сууж байсан өрөө рүү орсон. Миний араас Г орж ирээд хамт хайсан чинь олоогүй. Тэгээд буцаад цахилгаан шат руу суух гэж байсан чинь цахилгаан шатан дотор С, Б болон танихгүй 2 залуугийн хамтаар зогсож байсан. Яг суух гэсэн хаалга хаагдахад Г хөлөөрөө тээглүүлсэн чинь ногоон өнгийн цамцтай намхан биетэй залуу Г-ыг заамдаад цээж рүү нь түлхсэн. ... Ногоон өнгийн цамцтай залуу С-г явган хүний шатан дээр хагас сууж байхад нь тийрээд өшиглөж унагаасан. С, Г нар шатны уруу өнхрөөд унасан. Б, Г дээр очоод салгах гэсэн чинь Б-н үснээс зулгаагаад хойшоо хана руу савсан...” /1хх 64-67/,

        гэрч Ц.Т-н “... 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчимд ... Б бид 2 цахилгаан шатанд ирсэн чинь цахилгаан шатан дотор үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн суусан байсан. Цахилгаан шатанд Я, Б бид 3 ороод суусан чинь дүүрсэн. Тэгтэл гаднаас үл таних эрэгтэй хүн суух гээд оролдоод өшиглөхөөр нь Б “чи багтахгүй” гээд цээж рүү нь гараараа түлхсэн чинь маргаан үүссэн. Б тухайн залуутай барьцалдаад цахилгаан шатнаас буусан. Тухайн цахилгаан шатан дотор сууж байсан өндөр биетэй үл таних залуугийн нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. Тэгтэл тухайн залуугийн хамраас нь цус гараад бид нар коридорт салгаад Баттулгыг авах гэж ирсэн Т гэдэг залуу Б-ыг аваад доош шатаар буусан. ...” /1хх 86-88/,

        яллагдагчаар С.Б-н “... 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой ... “И” нэртэй газраас 23 цаг өнгөрч байхад гараад цахилгаан шатанд Т, Я, Ө бид 4 суугаад доош буух гэсэн чинь цахилгаан шатанд С, Б гэх 2 хүн суусан байсан. Ингээд тухайн цахилгаан шат хаагдах гэж байсан чинь Г гэх залуу ирээд хөлөөрөө хаалга тээглэсэн. Хаалга буцаж онгойсон чинь дахиад Г хөлөөрөө өшиглөхөөр нь би “яаж байгаа юм багтахгүй хөгшөөн” гээд цээж рүү нь түлхсэн. ... цахилгаан шатнаас буугаад Г-тай барьцалдаж авсан. ...  би Г-т цохиулсан уурандаа С гэх залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. ... Би гадаа гараад Т-н хамтаар байж байсан чинь ... Г намайг харснаа “нөгөө залуу чинь энэ байна" гээд над дээр ирээд Г намайг цохисон. ...Тэгэхэд Г-ын эхнэр Б намайг салгах гээд зууралдаад байхаар нь өөрөөсөө холдуулахад газар унасан...” /1хх 130-133/ гэх мэдүүлгүүд,

         хохирогч Т.С, Г.Г нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 193-196/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Т.С, Л.Б, Г.Г нар бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

          Шүүгдэгч С.Б-с “...  надад оноосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас “... С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй зэргийг харгалзан түүнийг ялаас чөлөөлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь түүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхаас гадна тэрээр үл ялиг зүйлээр шалтаглан 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын “шүүгдэгч С.Б-г ялаас чөлөөлж өгөхийг” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн прокуророос Г.Г-г 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө .....  дүүргийн ....... хороо, “Ш”төвийн 3 давхрын “И” караоке цэнгээний газарт согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж С.Б-тай маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун бугуй, сарвууны чигчий хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, Г.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Шүүх хохирогчийн санаатай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, холбогдогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримтыг дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогч С.Б-н “... 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим би ганцаараа Хан-Уул дүүргийн ......  хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй караокед үйлчлүүлж байсан. Орой 23 цагийн үед ... тухайн үйлчлүүлж байсан өрөөнөөс гараад цахилгаан шатанд суугаад 3 давхраас доош буух гэж байсан чинь тухайн цахилгаан шатанд 2 залуу сууя гэж хэлэхээр нь “би энд багтахгүй байна” гэхэд дахиад орох гээд зүтгээд байхаар нь би түлхээд оруулахгүй гэж хэлсэн. Цагаан өнгийн цамцтай залуу намайг татаад цахилгаан шатнаас гаргаад бид 2 газар унасан. ... Тэгээд маргаан болоод өндөр бор өнгийн куртиктэй залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь намайг зөрүүлээд цохисон. ... Би гадаа гараад зогсож байсан чинь маргаан үүсгэсэн залуучууд 2 эмэгтэйн хамтаар гарч ирээд цагаан өнгийн цамцтай залуу над руу дайраад “энэ байна шүү дээ, ална” гээд хоёулаа над руу дайрсан. ...” /1хх 11-12/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 14799 дүгээр  “... С.Б-н биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун бугалга, сарвууны чигчий хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх 102- 103/ гэх дүгнэлт,

           гэрч Б.Я-н “... Б багтахгүй хөгшөөн гэж хэлэхэд дахиж хаалга өшиглөсөн чинь хаалга онгойж, хаалга өшиглөөд байсан залуу Б-г цохих шиг болсон. Б “яаж байна аа” гээд тухайн залуутай барьцалдаад надаас бусад нь бүгд цахилгаан шатнаас буусан. ...” /1хх 81-83/,

яллагдагчаар Г.Г-н “... С.Б гэдэг хүн тухайн караокены цахилгаан шатны хажууд захирал С-ийн биед халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Би “чи яагаад хүн цохиж байгаа юм бэ” гээд С-г өмөөрч тухайн С.Б гэдэг залуутай зууралдсан. ... Эхнэр ирээд намайг С.Б гэдэг залуугаас салгах гээд дийлэхгүй байсан. Эхнэрийг түлхээд автомашины зам руу унагаасан. Дээр нь тухайн караокены цахилгаан шатны хажууд үснээс нь зулгааж хананд савсан. Би С.Б-д хандаж “чи яагаад эмэгтэй хүнийг ингэж байгаа юм бэ?” гээд С.Б-тай зууралдаж ноцолдож 2-3 цохисон байх. ... Тухайн үйл явдлыг салгаж байсан. Надаас өөр хэн нэгэн хүн С.Б-д гар хүрсэн зүйл байхгүй.” /1хх 142-144/ гэх нотлох баримтуудаар Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө .... дүүргийн .....  хороо, “Ш”төвийн 3 давхрын “И” караоке цэнгээний газарт С.Б-тай эхнэр Л.Б-г нь цохиж, зодсоны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд язрал, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун бугуй, сарвууны чигчий хуруу, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг зөвтгөж болохгүй бөгөөд энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Л.Б-н “... би дундуур нь ороод салгах гэсэн чинь миний үснээс зулгаагаад хана руу шидсэн. ... дахиад салгах гэхэд миний нуруу руу цохиж, үснээс татаж хойш газар унагаасан. ... Би нөхөр дээрээ дараад “болиоч ээ” гээд хэвтсэн чинь миний үснээс зулгаагаад хойшоо татаад шидсэн. ...”,  хохирогч С.Б-н “... -Гын эхнэр Б намайг салгах гээд зууралдаад байхаар нь өөрөөсөө холдуулахад газар унасан ...” , хохирогч Т.С-ийн “... Г-ын эхнэр Б орилоод салгах гээд очсон чинь Б-г хэд хэдэн удаа өшиглөөд зам дагуу шидэж газар унагаасан ...”, гэрч Б.О “Б, Г дээр очоод салгах гэсэн чинь Б-ийн үснээс зулгаагаад хойшоо хана руу савсан ...”, шүүгдэгч Г.Г-н “... эхнэр ирээд намайг С.Б гэдэг залуугаас салгах гээд дийлэхгүй байсан. Эхнэрийг түлхээд автомашины зам руу унагаасан. Тухайн караокены цахилгаан шатны хажууд үснээс нь зулгааж хананд савсан. Би С.Б-д хандаж “чи яагаад эмэгтэй хүнийг ингэж байгаа юм бэ?” гээд С.Б-тай зууралдаж ноцолдож 2-3 цохисон байх ...” гэх мэдүүлгүүд авагджээ.

Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогч, шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө .. дүүргийн ....... хороо, “Ш”төвийн 3 давхрын “И” караоке цэнгээний газрын лифтэнд сууж, зорчих явцдаа Г.Г-тай маргалдаж, улмаар түүнтэй хамт явсан Т.С-гийн нүүрэн тус газар нь цохиж, зодох үед Л.Б тэднийг салгахаар дундуур нь ороход нуруу руу нь цохиж, үснээс зулгаагааж, хана руу савсан, мөн өөрийн нөхөр Г.Г-г “И” караоке цэнгээний газрын гадаа газарт унагаан зодож байсан үйлдлийг таслан зогсоохоор дээр нь дарж хэвтэхэд нь түүний үснээс дахин зулгааж, зодсон үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 дүгээр зүйлийн 3-т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. ...”  гэж хуульчилсан бөгөөд хохирогч, шүүгдэгч Г.Гнь С.Б-н дээрх хууль бус халдлага, довтолгооныг эхэлсэн тухайн цаг хугацаанд өөрийн эхнэр болох Л.Б-г хамгаалж, С.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохоор байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Гнь С.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон гол хүчин зүйл, шалтгаан нь өөрийн эхнэр Л.Б-н хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж, эрүүл мэндэд нь халдсан хууль бус үйлдлээс хамгаалаж таслан зогсоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарна.

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтыг зөв гэж үздэг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.

Иймд Г.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн Г.Г-т холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт хийсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн үндэслэлээр шүүгдэгч Г-н Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... шүүгдэгч ........ овогт Г-н Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

2 дахь заалтын “... шүүгдэгч Г.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.”,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Г.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.”,

6 дахь заалтын “ ... Г.Г-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.”  гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч, хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН