Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Б.Бямбадорж, түүний өмгөөлөгч С.Сансартуяа /ҮД:2065/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх /ҮД:1970/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1706023000276 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Техникч Эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороо Баян Монгол хороолол 403-36 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: ( яллах дүгнэлтэнд бичигдсэнээр )

 

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн байранд төрсөн дүү Б.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож улмаар Б.Бямбадоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ОХУ-д амьдарч сурч байсан учраас өөрийн төрсөн ах Б.Б-д өөрийн хүсэлтээр “Бөхөд” ХХК-ийн үйл ажиллагааг даалгаж үлдээсэн ба би өөрөө ирж очин байдаг байсан. Намайг байхгүй хооронд төрсөн ах Б.Б нь “Бөхөд” ХХК-ийн нэр дээр аж ахуй нэгж байгуулж өөрөө 40 хувь, миний нэр дээр 60 хувийг оруулж, 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аж ахуй нэгж байгуулсан байсныг сүүлд 2002 оны үед мэдсэн. ...Б.Б 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний өмнөөс хуурамч гарын үсэг зурж, бичиг баримт үйлдэж, “Бөхөд” ХХК-ийг өөрийнхөө нэр дээр 100 хувь шилжүүлж авсан байсан. ...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Бөхөд” ХХК-ийн байранд очиж Б.Б-тай уулзахад “энэ миний компани, би байгуулсан, зарж үрэх байсан ч миний дур” гэж над руу дайрч давшиж хэл амаар доромжлон, машины түлхүүр атгаж байгаад нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Яг энэ үед бидний дэргэд өөр хүн байгаагүй ба гадаа байсан ах Баянбат, эхнэр Цэдэнсодном хоёрыг дуудаж харуулсан... Би гомдолтой байна, эмчилгээний зардал баримт байгаа, авчирч өгнө...” гэжээ. /хх-11-12, 57/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Цэдэнсодном мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн үед нөхрийн хамт “Бөхөд” ХХК дээр очсон ба Бямбадорж “Б ахтайгаа уулзана” гээд контор уруу орсон. Би гадаа хүнтэй уулзах гээд машин дотроо сууж байтал 5-10 минутын дараа Бямбадорж над руу залгаад “контор уруу ороод ир” гэхээр нь Б ахын өрөө рүү ортол Бямбадоржийн нүүр нь зүсэгдсэн байдалтай байсан ба нүүр болон хувцасны энгэр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байж байсан... гэжээ. /хх-19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баянбат мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай дүү Бямбадорж над руу утсаар яриад “Бөхөд” ХХК-ийн байранд “хүрээд ир” гэхээр нь би яваад очтол Баясгалан Бямбадоржийн нүүрийг яраад, өөх махыг нь унжуулаад хаячихсан байсан ба өрөө нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тухайн үед намайг очиход Бямбадорж ганцаараа өрөөндөө сууж байсан. Тэгээд миний араас гаднаас Баясгаланг орж ирэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэхэд “чам шиг тэнэг юм дуугүй байж бай” гэж хэлсэн... гэжээ. /хх-22-23/,

 

Мөрдөн байцаалтад Б.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бямбадорж араас гарч ирээд миний цээж рүү цохиж, бид барилцаж аваад Бямбадорж намайг нүүрсний хогон дээр унагахаар нь би “хүмүүс хараад байна оръё” гээд контор уруу орж маргаан үргэлжилсэн ба Бямбадорж намайг эхэлж цохиод хавсарч унагаад боохоор нь би "чамайг цохилоо шүү” гэж хэлсэн. Тэгтэл Бямбадорж надад “энэ өрөөнөөс та бид хоёрын хэн нэг нь амьд гарна, би таныг ална" гэхээр нь би бөгжтэй гараараа Бямбадоржийн нүүр лүү цохьсон. Бямбадорж нэг биш удаа над руу дайрч байсан. ...Би өөрийнхөө биеийг хамгаалж, боолтонд орчихоод “цохилоо” гэж хэлж байгаад бөгжтэй гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон...” гэжээ. /хх-63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №12578 тоот дүгнэлтэнд:

  1. Б.Бямбадоржийн биед дух, хамарт зулгаралт, зүүн нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэжээ. /хх-26/,

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н: “...Миний дүү бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын эхэнд уулзалдаад “компанийн дулаан, халаалт эхэлнэ. 9 дүгээр сарын сүүлээр Арабын нэгдсэн улсын Эмират улсаас их хэмжээний мөнгө орж ирнэ, тэгэхээр уурын зуух, халаалтанд санаа зовох зүйлгүй” гэсэн. Энэ компанийн цэвэр ашгийг 60%-ийг эхнэр нь ирж авдаг. Сард нэг ирээд орлогыг аваад явдаг байсан. Энэ хүний ийм байдлыг харгалзан миний уур их хүрдэг байсан. Ийм учраас “халаалт ирэх гээд байна, бүх сан муудсан байна, энийг засахад хөрөнгө их хэрэгтэй байна” гэхэд Бямбадорж “та харин компанийн бичиг баримтыг яаралтай янзалж өг” гэсэн. Тэгээд энэ хүний хэлсэн бүх баримтыг бүрдүүлж өгтөл 10 дугаар сард ирээд намайг ганц хатуу үг хэлээд гартал араас гүйж ирээд маргалдаад хашаан дотор цохиод, дороо хийгээд намайг цохиод байсан. Тэгээд би “энд зодолдоод яах вэ, контор оръё” гээд ороод би “чи ерөөсөө болохгүй байна” гэж хэлтэл Бямбадорж шууд босч ирээд намайг шууд дэгээдээд, боосон. Тэгээд “энэ контороос чи бид 2-ын хэн нэгэн нь амьд гарна” гэж хэлсэн. Тэгээд би амь тэмцэхийн эрхэнд би хумсаараа маажсан. Хэрвээ би цохиогүй байсан бол энд өнөөдөр хүн амины хэргийн талаар ярих байсан байх. Тухайн үед миний чихнээс их цус гарсан байсан. Тийм зүйл л болсон. Эцсийн мөчид би өөрийгөө л хамгаалсан гэж хэлмээр байна…” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбадоржийн: “…Би айлын хамгийн бага нь байгаа юм. Би 5-р ангиасаа эхлээд аавтайгаа амьдардаг байсан, Би багаасаа спортлог байсан ба надад хувиа хичээсэн зан бол байхгүй. Энэ нь миний бахархал байгаа юм. Миний зарчим бол “ганцаараа биш бүгдээрээ хийе” гэж бодоод ах дүүгээ дуудан ирүүлдэг байсан. Өнөөдөр хүртэл энэ хүн миний буянаар амьдардаг. 2000 онд гайгүй ажилд яваад орон сууц худалдан аваад бүх ах дүүгээ дуудаад ажилтай болгосон. Цагдаагийн академийн өөдөөс харсан байшинг худалдан аваад бүгдийг нь янзлаад, би өөрөө Орост байдаг болохоор ахыгаа томилоод үлдээсэн. Би ахдаа хэлэхдээ “ажил даалгаад та алдаж ч болно” гэж хэлдэг байсан. Тухайн ажлыг би өөрөө хийдэг ч байсан. Тэр үед засварын ажил хийж байгаад явснаас хойш аж ахуй нэгж байгуулаад 40%-ийг надад, 60%-ийг өөр дээрээ бүртгүүлсэн байсан. Тэгээд би 2006 онд компанийг 100 % өөрийн нэр дээр шилжүүлж байгаад Оросоос ирээд газар аваад ирээдүйд хэзээ нэгэн цагт мөрөөдлийнхөө байшингаа барина гэж бодож байсан. 2012 онд засгийн газрын хуралдаанаар уурын зуухыг дулааны станц болгоно гэсэн шийдвэр гарсан. Тэгээд би төлөвлөлтөө хийлгээд геологийн шинжилгээ, дулаан, цахилгаан, бүгдийг би ганцаараа хийсэн. Энэнээс гарч байгаа бүх зардлыг би өөрөө төлсөн. Тэгээд 9 дүгээр сард Арабууд гэрээ хийж байгаад хөрөнгө оруулалт хийхийн тулд “нэг хүнтэй харьцана гэсэн асуудал тавьсан учраас компанийн гэрчилгээг миний нэр дээр бүгдийг нь шилжүүлчих” гэж хэлэхэд надад үгний зөрүү байхгүй салаавч өгсөн. Тэгээд энэ бүх маргаан эхэлсэн. Би ч их шоконд ороод байж байтал портер машины түлхүүрээ салаандаа хийгээд, яг нүдэн дундуур цохисон. Тэгээд барьцалдаж аваад, 5-10 минут болоод би эхнэрээ дуудаад хэлсэн. Энэ хүн их аймаар адгийн хүн болгож намайг ярьсан. Надад нэхэх зүйл бол байхгүй. Миний нүдний хараа муудаад байгаа. Би ажлаа хийгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд явж байгаа, нүүр ам их эвгүй харагдаад байгаа. Тэгээд янзлуулах бодолтой байна..." гэсэн мэдүүлэг,

 

Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх нь шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтдээ: “...Энэ бичлэг нь хэргийн болсон үйл явдлын талаарх гадна камерын бичсэн бичлэг байгаа юм. Энэ талаар мөрдөгчид хэлэхэд “си дин дээр хуулбарлаад аваад ир” гэсэн боловч камерын бичлэгээс си дин дээр хуулбарлаж болохгүй байсан. Энэ хугацаанд цаг хугацаа алдсан. Дараа нь камерын бичлэгийг утсан дээрээ татаж авч байгаад си дин дээр хуулбарлаж авахад болж байсан. Прокурорт си ди бичлэгийг өгөхөөр хүсэлт өгье гэсэн боловч нэгэнт хавтаст хэрэг шүүх рүү шилжих тогтоол гарсан учраас таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл, 33.3 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү...” гэжээ. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах санал гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөхөд” ХХК-ийн байранд төрсөн дүү Б.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцаа буюу хувийн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр төрсөн дүү Б.Бямбадоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

-Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбадоржийн мэдүүлэгт: “...Би Б-д “компанийн гэрчилгээг миний нэр дээр бүгдийг нь шилжүүлчих” гэж хэлэхэд надад үгийн зөрүү байхгүй салаавч өгсөн. Тэгээд энэ бүх маргаан эхэлсэн. Би ч их шоконд ороод байж байтал портерийн түлхүүрээ гарынхаа салаандаа хийгээд, яг нүдэн дундуур цохисон. Тэгээд барьцалдаж аваад, 5-10 минут болоод би эхнэрээ дуудаад хэлсэн… Надад нэхэх зүйл бол байхгүй. Миний нүдний хараа муудаад байгаа. Би ажлаа хийгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд явж байгаа, нүүр ам их эвгүй харагдаад байгаа. Тэгээд янзлуулах бодолтой байна...” гэжээ. /хх-11-12, 57/,

 

-Мөрдөн байцаалтад өгсөн гэрч С.Цэдэнсодномын мэдүүлэгт: “...Би гадаа хүнтэй уулзах гээд машин дотроо сууж байтал 5-10 минутын дараа Бямбадорж над руу залгаад “контор уруу ороод ир” гэхээр нь Б ахын өрөө рүү ортол Бямбадоржийн нүүр нь зүсэгдсэн байдалтай байсан ба нүүр, хувцасны энгэр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон байж байсан... гэжээ. /хх-19-20/,

 

-Мөрдөн байцаалтад гэрч Б.Баянбат мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай дүү Бямбадорж над руу утсаар яриад “Бөхөд” ХХК-ийн байранд хүрээд ир” гэхээр нь би яваад очтол Б Бямбадоржийн нүүрийг яраад, өөх махыг нь унжуулаад хаячихсан байсан ба өрөө нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Тухайн үед намайг очиход Бямбадорж ганцаараа өрөөндөө сууж байсан. Тэгээд миний араас гаднаас Б-г орж ирэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэхэд “чам шиг тэнэг юм дуугүй байж бай” гэж хэлсэн... гэжээ. /хх-22-23/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12578 тоот: “...Б.Бямбадоржийн биед дух, хамарт зулгаралт, зүүн нүдний алимны доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-26/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэцүүлэгт “...Бямбадорж шууд босч ирээд намайг шууд дэгээдээд, боосон. Тэгээд “энэ контороос чи бид 2-ын хэн нэгэн нь амьд гарна” гэж хэлсэн. Тэгээд би амь тэмцэхийн эрхэнд хумсаараа маажсан. Хэрвээ би цохиогүй байсан бол энд өнөөдөр хүн амины хэргийн талаар ярих байсан байх. Тухайн үед миний чихнээс их цус гарсан байсан. Эцсийн мөчид би өөрийгөө л хамгаалсан...” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн чихнээс цус гарсан, боолтонд орсон, аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-г төрсөн дүү Б.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож улмаар Б.Бямбадоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн байх ба “өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь: Б.Бямбадорж, Б.Б нарын төрсөн ах, дүүсийн хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулан “Бөхөд” ХХК-ийн дүрмийн санг 60 хувь буюу 6 сая төгрөгт ноогдох хувьцааг үнэ төлбөргүйгээр ах Б.Б-д шилжүүлсэн байна. Мөн өдрөө компанийн үүсгэн байгуулагчийн хурлаар Б.Бямбадоржийг үүсгэн байгуулагчаас хасч, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ. Хохирогч Б.Бямбадорж нь уг хэлцлийг “хууль бус, намайг хууран мэхэлж, гарын үсэг хуурамчаар үйлдэн компанийг шилжүүлэн авсан гэж цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар гомдол гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.Бямбадоржийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед “өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор” бусдыг зодсон гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г төрсөн дүү Б.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцаа буюу хувийн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр төрсөн дүү Б.Бямбадоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлөн өөрчилж зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5-р зүйлийн 1.1, 1.4-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлөхөө илэрхийлсэн учраас улсын яллагчийн гаргасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1706023000276 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч эмчилгээний зардалд эм тариа 62.870 төгрөг, бензин шатахуунд 58.700 төгрөг, “Skin house” арьс гоо заслын эмнэлэгт лазерийн эмчилгээнд 330.000 төгрөг, нийт 451.570 төгрөгийн баримт шүүхэд гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 451.570 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бямбадоржид олгох нь зүйтэй. Харин “Skin house” арьс гоо заслын эмнэлэгт лазерийн эмчилгээ хийлгэх 2.870.000 төгрөгийн зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлөн өөрчилж зүйлчилсүгэй.
  2. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-с 451.570 / дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуун дал / төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бямбадоржид олгож, хохирогч нь цаашид гарах  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД