| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 201625013036 |
| Дугаар | 2023/ДШМ/315 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 145.2., 147.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/315
Т.Т, Д.Ннарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор К.Чимгээ,
шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Т.Т, Д.Ннарт холбогдох эрүүгийн 201625013036 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. тоотод оршин суух, урьд:
Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 90 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 29 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар дагуу өршөөн хэлтрүүлсэн;
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т, Д.Ннар нь бусадтай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг нь дээрэмдэж, хохирогч Т.Э, Б.М, Б.Б, Э.М, Я.М нарт нийт 8,452,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Т нь бусадтай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр хохирогч Ё.Д, Б.Б, Т.О, Х.А, Ч.Э, Б.А, Г.Б нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу 7,634,940 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Т-г бүлэглэн, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар цагдан хоригдсон 650 хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Тгийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д 400,000 төгрөгийг, хохирогч Т.Э-д 300,000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 300,000 төгрөгийг тус тус олгож, 3,677,720 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1,003,400 төгрөгийг, хохирогч Т.Э-д 23,340 төгрөгийг, хохирогч Б.Б-д 388,500 төгрөгийг, хохирогч Ё.Д-д 297.500 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Г.Б-д 109,980 төгрөгийг, хохирогч Т.О 215,000 төгрөгийг, хохирогч Х.А-д 990,000 төгрөгийг, хохирогч Ч.Э-д 250,000 төгрөгийг, хохирогч Б.А-д 400,000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Н-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
хохирогч Э.М, Я.М, Б.Бнарт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 онд энэ гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлын талаар нуун дарагдуулсан зүйл байхгүй, гэм буруугийн талаар маргадаггүй. Би холбогдсон гэмт хэрэгтэй маш их гэмшиж явдаг. Миний бие 2015 оноос хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон зүйл байхгүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсаар байгаа. Миний ар гэрийн байдал болон гэм буруугаа ойлгон ухаарч, хохирол төлж барагдуулж байгаа байдлыг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Ндавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж хохирогч М, Б, Э нарт нийт 2,415,240 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.
Миний эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр жирэмсэн учир ажил эрхлэх боломжгүй байдалд байна. Би “Э” ХХК-д 2015-2019 он хүртэл ажилласан бөгөөд 2019 оноос 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Э” ХХК-д үйлдвэрийн инженерийн ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо ар гэр маань орлого олох хүнгүй хүнд байдалд байна. Иймд ар гэр, үр хүүхдүүдийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг нэг удаа хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Нийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн хэргийн зүйлчлэл гэм буруугийн байдалтай огтоос маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны байдал зэргийг харгалзаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэвч анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломж байсаар байтал түүнийг хэрэглээгүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруудаа шүүгдэгч дүгнэлт хийж буй байдал, учирсан хохирол, хор уршигийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 5 хүүхэдтэй/, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нарын гомдол саналгүй зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл буюу Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж ял оногдуулаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.
Миний үйлчлүүлэгч Д.Ннь бага залуу насандаа /2013 онд бусдын зүй бус нөлөөнд автаж хөтлөгдөх явцдаа бусдын өмчлөх эрхийг зөрчсөн харамсал дүүрэн хэрэг үйлдсэн ч өөрийн гэм буруутай үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн үлмаас бий болсон хохирол, хор уршгаа арилгасан байдал, түүний хувийн байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэх байдлаар өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж оногдуулсан ялыг багасгах байдлаар тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх тул хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийх байдлаар шийдвэрлэж өгнө үү.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Шүүгдэгч Т.Т өмнөх хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад гэм буруу дээрээ маргаж байсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж оролцсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж байсан. Шүүгдэгч нар өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Давж заалдах гомдлуудад дурдагдсанаар анхан шатны шүүхээс шүүгдэгч нар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Т.Т, Д.Ннар нь Н.Н-тай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй Т.Э-ыг хутга барин айлган сүрдүүлэн довтолж 970,000 төгрөгийн эд зүйлсийг нь авсан,
2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-ийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 4,210,000 төгрөгийн эд зүйлсийг нь авсан,
Т.Т, Д.Ннар нь бүлэглэн 2013 оны 02 дугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй Б.Б-ний эд зүйлийг авахаар хутга барин айлган сүрдүүлж, 1,377,000 төгрөгийн эд зйүлийг нь авсан,
Т.Т, Д.Ннар нь О.О-тэй бүлэглэн 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр насанд хүрээгүй Э.Мын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж 1,865,000 төгрөгийн эд зүйлийг нь авсан,
Т.Т нь С.П-той бүлэглэн 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Я.М-жийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтож 190,000 төгрөгийн гар утсыг нь авсан болох нь:
хутгаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэн эд зүйлсийг нь авсан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Т.Э-н /1хх 91-94/, насанд хүрээгүй хохирогч Б.Б /1хх 141-145/,
хүч хэрэглэн эд зүйлсийг нь авсан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Э.М/1хх 164/, хохирогч Б.М /1хх 104-107/, Я.М /1 хх 175-176/,
хохирогч нарын мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Б.Г /1хх 180-181/,
эд зүйлийн үнэлгээ /1хх 95, 109, 165, 146, 177/,
эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 8-10, 13, 16/ зэрэг,
2. Шүүгдэгч Т.Т нь бусадтай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн үйлдлээр хохирогч Ё.Д, Б.Б, Т.О, Х.А, Ч.Э, Б.А, Г.Б нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу 7.634.940 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
эд зүйлсээ хулгайд алдсан талаарх хохирогч Ё.Д /1хх 209, 3хх 121/, Б.Б/2хх 21/, Г.Б /2хх 117/, Ц.Г /2хх 223-224/, Х.А /4хх 16-17/, Ч.Э/4хх 37-39/, Т.О /3хх 232-233/, Б.А /5хх 95/,
гэрч И.А-ын мэдүүлэг /1хх 180-181/,
хохирогч нарын хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /1 хх 21, 210/, 2 хх 24, 119-120, 225, 3 хх 235-236, 4 хх 18, 19, 63, 5 хх 96/,
эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 115, 116, 2-р хх 23/,
хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 8-14, 193-200, 2 хх 44-46, 103-108, 4 хх 23-26, 75-79, 5 хх 84-90/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхийн:
шүүгдэгч Т.Тгийн бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хутгаар хохирогчийг айлган сүрдүүлж бусдын эд зүйлсийг авсан, 3 удаагийн үйлдлээр хүч хэрэглэн довтолж бусдын эд зүйлийг авч, нэр бүхий 5 хохирогч /насанд хүрээгүй 3 хохирогч/-д нийт 8,452,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн 147.2 дахь хэсэгт заасан “...Энэ хэргийг бүлэглэж, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй,
шүүгдэгч Д.Нийн бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр хутгаар хохирогчийг айлган сүрдүүлж бусдын эд зүйлсийг авсан, нэг удаагийн үйлдлээр хүч хэрэглэн довтолж бусдын эд зүйлийг авч, нэр бүхий 3 хохирогч /насанд хүрээгүй 2 хохирогч/-д нийт 6,577,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн 147.2 дахь хэсэгт заасан “...Энэ хэргийг бүлэглэж, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй,
шүүгдэгч Т.Тгийн бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр хохирогч нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг буюу 7,634,940 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн 145.2 дахь хэсэгт заасан “...Энэ гэмт хэргийг бүлэглэж, ...орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээс өмнө үйлдсэн үйлдлийг тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн ...хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зааснаар эрх зүйн байдлыг нь дордуулаагүй 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.Тгийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж,
шүүгдэгч Т.Т, Д.Ннарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр жилийн хорих ялыг өршөөн хассан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн байдал болон хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч нарт учирсан хохирлын тооцоог үндэслэлтэй хийж, хохирлын асуудлыг хууль зүйн үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэжээ.
Хэдийгээр шүүгдэгч Т.Т, Д.Ннар гэмт хэргүүдийг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байгаа боловч тэдний үйлдлийг эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр зүйлчилж, шийдвэрлэсэн.
Тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх ёстой.
Иймд Т.Т, Д.Ннарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарт хүч хэрэглэж, хутгаар насанд хүрээгүй хүүхдүүдийг айлгаж эд зүйлсийг нь авч байсан нөхцөл байдалд, тус үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн хэр хэмжээ зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь хүнд биш байх ба Д.Нид оногдуулсан 5 жилийн, Т.Тд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “...таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн оногдуулж болох ялын доод хэмжээгээр байх тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Түүнчлэн, шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэж оногдуулсан ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь, хууль буцаан хэрэглэх зарчим нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт аль эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг нь хэрэглэх эсэхийг тодорхойлдог болохоос хоёр хуулийн ашигтай зүйлүүдийг хольж хэрэглэх тухай зарчим биш бөгөөд шүүгдэгч Д.Нийн үйлдсэн “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул тус хуулийг хэрэглэсэн ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглээгүй болно.
Шүүгдэгч Т.Т, Д.Ннар нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш энэхүү давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 68 хоног цагдан хоригдсоныг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т, шүүгдэгч Д.Н, шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, Д.Ннарын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ