Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Г.Ж/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянзүрх овгийн Ганхүүгийн Жамсранжавд холбогдох эрүүгийн 1711006370239 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Г.Ж, 1985 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, 108 констракшн ХХК-д улирлаар өрлөгчин ажил хийдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-321 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЕ85090714.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Жнь 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 бааранд тус баарны жижүүр ажилтай хохирогч Ш.Очирбатыг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Хохирогч Ш.Очирбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-ийн автобусны буудлын баруун талд байрлах Тэлмэн Импекс ХХК-ны үйл ажиллагаа явуулдаг 17 баарны байранд жижүүрийн үүргээ гүйцэтгээд явж байхад цагаан футболктой, халзан толгойтой, 30 гаран насны, 175 см орчим өндөр нуруутай туранхай залуу бааранд үйлчлүүлж байгаад гарч ирээд коридорт хүмүүстэй маргалдаад коридорын шил хагалчих гээд байхаар нь би очоод боль гэсэн чинь, чи муу юу юм бэ гээд миний баруун нүд рүү баруун гараараа 2 удаа цохихоор нь би тонгойсон чинь хөлөөрөө уруул хэсэг рүү өшиглөчхөөд гараад17-ийн автобусны буудлаас таксинд суугаад хотын төв чиглэлтэй явсан...” гэжээ /хх-12-13/.

   Гэрч О.Энхзул мэдүүлэхдээ: “...Би манаач Ш.Очирбатыг зодуулах үед
хажууд нь байгаагүй. Дараа нь энэ асуудлын талаар мэдсэн. Тухайн үед манай
баарны хамгаалагч Отгонбаатар /91917605/ байсан байх. Би баарны коридорт
байрлах камерын бичлэгээ үзэхэд ...зодсон гэх халзан толгойтой залуу нь гарч явж
байгаа бичигдсэн байгаа. Батаа ахаас халзан толгойтой залууд цохиулсан гэж
сонссон...” гэжээ /хх-16/.  

Гэрч Д.Отгонбаатар мэдүүлэхдээ: “... Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар автобусны буудалд байрлах 17 баарны зохион байгуулагчаар ажилладаг. Ш.Очирбат нь баарны манаач хийдэг юм. 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө буюу 2017 оны 9 дүгээр сарын 8-ны 02-03 цагийн хооронд 4 залуу хоорондоо баарны 1 давхрын коридорт муудалцаад хоорондоо зодолдохоор нь би камер харж байгаад доошоо бууж ирсэн. Тэр үед манаач Очирбат надтай зөрж гаднаас орж ирсэн. Би муудалцаж байсан залуучуудыг салгаад хаалгаар гаргаад буцаад иртэл нөгөө 2 залуугийн нэг нь Очирбат манаачийг өшиглөхөөр нь очоод салгахад Очирбатын нүднээс цус гарчихсан, доошоо тонгойгоод сууж байсан. Очирбат ах ярихдаа эхлээд цохиод өшиглөсөн гэж надад хэлсэн. Би бол Очирбат ахыг цохихыг нь хараагүй, өшиглөж байхыг нь хараад шууд гарсан…” гэжээ /хх17-18/

Гэрч М.Мөнхтуяаг мэдүүлэхдээ: “...манай нөхөр тэр хүмүүст гарсан хүрсэн зүйл байхгүй. Харин миний бөгсрүү алгадсан хүн манай нөхрийг нэг удаа мөрлөсөн. Тухайн үед хамраас нь цус гарсан боловч гэмтэл нь гайгүй байсан. Тэгээд тэр баарны ажилчид манай нөхөр дээр очоод байж байхад манай нөхөр одоо энэ хохирогч гээд байгаа хүнийг миний бөгс рүү алгадсан хүнтэй андуураад цохисон юм…” гэжээ /хх-22-23/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11453 дугаар дүгнэлтэд: 

“1. Ш.Очирбатын биед баруун талын нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн далд хугарал, дээд эрүүний үүдэн зүүн 1, 2-р шүд, баруун 1-р шүдний бага зэргийн сулрал, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний алимны салст, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-26-27/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36-37/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, хохирлын баримтууд /хх-48-52/, хохирогч Ш.Очирбат нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн материал танилцаад “…Жамсранжаваас хохирлын 400.000 төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэх зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Жнь 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 бааранд тус баарны жижүүр ажилтай хохирогч Ш.Очирбатыг ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Жамсранжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Жамсранжавд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. 

Хохирогч Ш.Очирбат нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн материал танилцаад “…Жамсранжаваас хохирлын 400.000 төгрөгийг хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхий цагаан цэнхэр хосолсон өнгийн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баянзүрх овгийн Ганхүүгийн Жамсранжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жамсранжавыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий цагаан, цэнхэр хосолсон өнгийн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жамсранжавд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН