Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/399

 

2023              04               13                                      2022/ДШМ/399

                          

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                      Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн Б-н Н, .......... оны .......... дугаар сарын ..........ны өдөр .............. төрсөн, .......... настай, эрэгтэй, ............боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............ дүүргийн ................ хороо, ................... гудамжны .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Л.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэр, .............. хотхоны .................... тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, “Эссэ” тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 749.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-н Н-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/2877 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 05 сар 07 хоногийн хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 12 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 5 жил 2 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ .... Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж, хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Анхан шатны шүүх болон мөрдөн шалгах шатанд хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг төгс үйлдсэнээр зүйлчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т “... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн ...” хэмээн тогтоосон. Бодит байдал дээр миний бие дээрх гэмт хэргийг дуусгавар болгоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үйлдсэн. Хэдийгээр би зорчих эрхийг хязгаарлах ялтай байсан нь үнэн боловч шууд төгс үйлдэгдсэн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилсэн нь зайлшгүй олон жилийн хорих ял нэмж оногдуулах боломжийг нээж, миний эрх зүйн байдал тодорхой хэмжээгээр дордох үндэслэл болсон ба тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр яллагдах боломжийг хаасан гэж үзэж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэхдээ зөвхөн өмнө нь ял эдэлж байсан байдлыг судалснаас биш хуульд зааснаар бүх талаас нь судлаагүй, шаардлагатай зүйлийг асууж тодруулаагүй, хэт яллах талыг баримталсан харагддаг. ...Миний эрүүл мэндийн эдгээр байдлуудыг харгалзан хуулийн доод хэмжээний ял оногдуулж, өмнөх ялтай нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Б.Н нь хохирогчийнхоос эд зүйл аваад тухайн үедээ шууд эд зүйлийг буцаагаад өгсөн. Энэ утгаараа завдалтаар зүйлчилж өгнө үү гэх гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Л.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэр, ............ хотхоны .............. тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, “Эссэ” тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Л.Б-н “... 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад, Баруун 4 замд байрлах “Болор мэлмий” эмнэлгээс бага хүү Э-г аваад буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ түрүүлж ороод том өрөө рүү орсон чинь гэрийн хамаг юм сүйтгээд хаячихсан байсан. ... гайхаад хэдэн секунд балмагдаад зогсож байтал нүдний буланд нэг юм хөдлөх шиг болоод хартал хөшигний ард нэг хүн зогсож байсан. Тэгээд би гүйж очоод хөшгөө нээгээд хоёулаа барилцаж аваад би татаж унагаасан. Тэгээд би орилоход хоёр хүүхэд араас гүйгээд ороод ирсэн. ... Тэгээд миний бүх юмнуудыг гаргаж өгсөн. ... цагдаад хандсан ...” /хх-ийн 11/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

яллагдагчаар Б.Н-ийн “... Санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй ...” /хх-ийн 101/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн БЗД2-22-1843 дугаартай “... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 749.250 төгрөгөөр үнэлэгдэв ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Б.Н-ээс “... миний бие тус гэмт хэргийг дуусгавар болгоогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн. ... Мөн миний эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Иймд ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдэх үе шат гэж гэмт санаа бодлоо илэрхийлэхээс эхэлж, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэхээр бэлтгэх, гэмт хэрэг үйлдэж эхлэх, үйлдэж дуусгах /төгсгөх/ гэсэн хэд хэдэн тодорхой дэс дараатайгаар хэрэгжүүлж буй гэмт үйл ажиллагааны үйл явц юм.

Гэмт хэрэгт завдах гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн гэм буруутай этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлж эхэлсэн боловч хүссэн хор уршиг нь учраагүй байхыг хэлнэ.

Тодруулбал, завдалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай хохирол, хор уршиг буй болоогүй буюу эсхүл гэмт хэрэг төгс үйлдэгдэхэд зайлшгүй шаардагдах бүх үйлдэл бүрэн гүйцэд хийгдээгүй байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдана.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Л.Б-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянзүрх дүүргийн .......... хорооны нутаг дэвсгэр, ................ хотхоны .............. тоотын цонхоор хууль бусаар нэвтрэн орж “ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, эссэ тамхи” зэрэг эд зүйлийг хулгайлж байх явцад хохирогч Л.Б гэртээ орж ирснээр түүний хууль бус үйлдлийг таслан зогсоосон болох нь хохирогч Л.Б-н өгсөн “нүдний буланд нэг юм хөдлөх шиг болоод хартал хөшигний ард нэг хүн зогсож байсан. Би гүйж очоод хөшгөө нээгээд хоёулаа барилцаж аваад би татаж унагаасан.  ... Тэгээд миний бүх юмнуудыг гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Н нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “ээмэг бөгжний хослол 1 ширхэг, мөнгөн эдлэлийн цуглуулга, мөнгөн зоос, эссэ тамхи” зэрэг эд хөрөнгийг авахаар гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлсэн боловч түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт үйлдлээ туйлд нь хүргэж чадаагүй, таслан зогсоогдсон байхад анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Н-ийн “гэмт хэрэг үйлдэхээр завдалт хийсэн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/152, А/366 тушаалаар батлагдсан Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтын 2.1-д “Баривчлагдсан этгээд, дор дурдсан өвчнөөр хүнд өвчилж эд эрхтэний эргэшгүй өөрчлөлт орсон үед ялаас чөлөөлөх өвчнөөр өвдсөн гэж үзнэ”, 2.4-т “Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан өвчнийг дараах шинжилгээ оношилгоогоор баталгаажуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар “Эрүүл мэндийн тодорхойлолт”-д шүүгдэгч Б.Н-ийн биед хийгдсэн шинжилгээгээр буюу цээжний рентген зурагаар “2 уушигны дээд дэлбэнгийн оройн сегментэд фиброз бүхий өөрчлөлтүүдтэй, уушигны зураглал дотор, дунд зоноор олширсон, 2 талын уг өргөн, фиброз өөрчлөлтүүдтэй, зүрхний байрлал ташуу, гол судасны багц өргөн бус, ходоодны архаг үрэвсэл В хэлбэр оноштой” /хх161/ гэж дүгнэсэн баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Н-ийн эрүүл мэндийн байдал нь дээрх өвчний жагсаалтад хамаарахгүй байх тул шүүгдэгчийн “миний эрүүл мэндийн байдал маш хүнд байна. ... доод хэмжээний ял оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/....... дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 44 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “шүүгдэгч .......... овогт Б-н Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Нийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/2877 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Н-д оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Н-ийн гаргасан “гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

  ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН