| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/01480/и |
| Дугаар | 02263 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 02263
Н.Р-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Р-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Р-ээс үндсэн зээлд 39 800 000 төгрөг, хүү 16 397 594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 574 169 төгрөг, нийт 57 771 763 төгрөгийг гаргуулж “Хатан суудал инвест ББСБ”-д олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн захиалгаар “В” ХХК нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг нийт 50 331 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Гэвч Хөрөнгө үнэлгээний тайлангийн 5-т Хөрөнгийн үнэлгээ, 5.В-д Зах зээлийн жишиг үнийн хандлагаар, №27-д ҮХХ-ын үнэлгээ 50 331 000 төгрөг гэжээ. Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтэд зааснаар жишиг №1-т 48.90 м.кв, жишиг №2-т 34.00 м.кв болон жишиг №3-т 37.26 м.кв талбай бүхий нийт гурав ширхэг орон сууцыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Мөн тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтийн №27-д дээрх гурван ширхэг орон сууцны үнэлгээг хэлцлийн үнэ 70 000 000 төгрөг, 55 000 000 төгрөг, 74 000 000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь үндэслэл муутай бөгөөд өмчлөгчийн эрх, ашгийг хохироохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан зарын утасны дугаар болох 99697428, 89031224, 88085014 гэх дугаар руу утсаар холбогдон үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан эсэх, хэлцэл хийгдсэн эсэхийг тодруулж, худалдан борлуулагдаагүй талаарх мэдээллийг авсан болно. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухайн үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт, хэлцэл хийгдсэн бол тухай хэлцлийн талаарх баримт бичиг нь Хөрөнгө үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс томилсон хөрөнгийн үнэлгээний “В” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайландаа худалдах, худалдан авах гэрээ буюу хэлцэл хийгээгүй хөрөнгийг хэлцэл хийсэн гэж үнэлгээ гарган Улаанбаатар хотын төвд байрлах үнэ цэнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байгаа нь өмчлөгчийн эрх, ашгийг хөндөж, хохироохоор байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг зөрчин бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн нь хууль бус байна. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27А дугаар байр 28 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Р-ээс 58 288 772 төгрөгийг гаргуулж “Х ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19250756 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-148/24221 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Н.Р-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27А дугаар байрны 28 тоотод байрлах эрхийн улсын Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй 32.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19250756/1 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19250756/02 тоот тогтоолоор хурааж, Н.Р-ийн 99994540 дугаарын утсаар тус ажиллагааг танилцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Н.Р-ийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27А байрны 28 тоот хаяг болон одоо оршин суух тус дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 70 тоот хаягуудаар тус тус 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19392 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, дахин утсаар мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч Н.Р- үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/311 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “В” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 50 331 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 он 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-148/22907 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Баянгол дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 27А дугаар байрны 28 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Дарви овогт Нямдоржийн Раднаасэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2020 оны Үнэлгээний олон улсын стандартын 104-30.1-д заавал худалдан авагч болон борлуулагч нарын хооронд үүссэн харилцааг ойлгохоор заасан байна. Тэгвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид үнийг төлөх, хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нь заавал бодитоор борлуулагдсан үнэ байх шаардлагагүй гэсэн атлаа худалдагчийн зах зээлд санал болгож байгаа үнэ гэж хоёр утгатай тайлбар хийж байгаа нь учир дутагдалтай байна.
Мөн нэхэмжлэгч тал нь шүүхэд уг үнэлгээний тайланд худалдах, худалдан авах гэрээ хавсрагдаагүй, бодитоор худалдан борлуулагдсан орон сууцнуудыг харьцуулан үнэлгээ хийсэн нь тодорхойгүй талаар маргаж байхад үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээчин болох “В” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчнийг шүүх хуралдаанд оролцуулж худалдан борлуулсан орон сууцны үнийг харьцуулсан эсэх талаар асууж тодруулаагүй нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Н.Р- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Р-ээс 57 771 763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 134 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. /хх45-46/
Нэхэмжлэгч Н.Р- нь дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 102/ГХ2019/00296 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19250756 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 44,47/
Барьцааны зүйл болох Баянгол дүүрэг 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27А дугаар байрны 28 тоотод байршилтай 32.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19250756/1 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19250756/02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч Н.Р-эд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19392 дугаар албан бичгийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба үнийн саналаа ирүүлээгүй, харин төлбөр авагч “Х ББСБ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. Иймд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/311 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.
/хх64-69/
Шинжээч тогтоолд заасан 1 өрөө орон сууцыг нийт 50 331 000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/22907 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэж тэмдэглэл үйлджээ. /хх89-91/ Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн үнэлгээг хүчингүй болгуулах орон сууцыг худалдааны хэлцлийн бодит үнээр үнэлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно. Учир нь тогтоолд заасан 2 өрөө орон сууцыг 50 331 000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж шинжээч тогтоохдоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3, 4 дүгээр хороололд буюу тухайн бүсчлэлд байрлах 2008, 2008, 2019 онд тус тус ашиглалтад орсон 3 орон сууцыг худалдан борлуулахаар 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зарын /www.remax.mn, www.unegui.mn/ сайтад тавигдсан үнийн саналыг үндэслэл болгон үнийн тохируулгыг тодорхой үзүүлэлтүүдээр хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.
Мөн шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.ОТГОНЦЭЦЭГ