Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0432/З |
Дугаар | 128/ШШ2024/0712 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0712
2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2024/0712 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Э******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******
Хариуцагч:Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С*******, Б.О*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нарын хоорондын ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Б.О*******, Ж.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С*******, Б.О******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
1. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, хариуг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч эс зөвшөөрсөн тул шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тухайн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б*******өөс 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр нийт 100%-ийн хувьцаагаа О.Тт шилжүүлж ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад татварын байцаагч нар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2-т заасан эрх зөрчсөн
3. Тухайн 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр хувьцаагаа шилжүүлж байгаа тохиолдолд компанийн зүгээс болонгуут эрх борлуулалт үйлдсэний орлогод 30%-аар татвар ноогдоно. Үүнийг төлөөгүй байна. Мөн үүнд холбогдох торгууль, алданги нийт 113,500,000 /нэг зуун арван гурван сая, таван зуун мянга/ төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон байгаа.
4. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг нь баталж хүчингүй болгосон. Н.Б*******, ямар нэгэн орлого олоогүй тул татвар ногдуулсан актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК Ашигт малтмал, газрын тосны газраас 021246 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тухайн компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б*******өөс 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр нийт 100%-ийн хувьцаагаа О.Тт шилжүүлэхээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн компанийг шилжүүлсэн байдаг. Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр О.Т тухайн компанийн захирал болж 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон. Үүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. Гэтэл татварын байцаагч нар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Уг акт нь тухайн 2019 онд Худалдах, худалдан авах гэрээг хийж компанийн хувьцааг шилжүүлэх үед /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.2-т заасан эрх зөрчсөн байна. Тухайн 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр хувьцаагаа шилжүүлж байгаа тохиолдолд компанийн зүгээс болонгуут эрх борлуулалт үйлдсэний орлогод 30%-аар татвар ноогдоно. Үүнийг төлөөгүй байна. Мөн үүнд холбогдох торгууль, алданги нийт 112,500,000 /нэг зуун арван хоёр сая, таван зуун мянга/ төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон байгаа. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э******* ХХК-ийн хувьцааг хоорондоо шилжүүлсэн. Ө.Б*******, О.Т нар гэрээгээр тохирсон үүргээ энэ хугацаанд хангалттай биелүүлээгүй. 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөө шилжүүлж өгөөгүй гэж маргаантай байгаа. Мөн үйл ажиллагаа явуулаагүй. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүгээр Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг нь баталж хүчингүй болгож гэрээ байгуулагдахаас өмнөх эрх зүйн хэлбэрт хэн, хэн нь шилжиж очно гэсэн шийдвэрийг гаргасан. Хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчлэлийн тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээрээ ногдуулж хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Тэгэхээр энэ тохиолдолд Ө.Б*******, О.Т хоёр 2019 оны 04 сараас өмнөх нөхцөл байдал руу шилжчихсэн. н.Б*******өөс ямар нэгэн орлого олоогүй. Тухайн татварын актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч Ж.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК 741.08 гектар талбай бүхий бул ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр******* нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. Компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б******* нь О.Тт уг компанийг шилжүүлсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгөөр үнэлсэн гэрээ хийгдсэн байдаг. Татварын ерөнхий хуулиар орлого хүлээн зөвшөөрнө гэдэг нь гэрээ хэрэгжсэнээр орлогыг хүлээн зөвшөөрдөг. Гэрээ хэрэгжиж улсын бүртгэлд бүртгэлүүд нь бүрэн хийгдсэн байгаа. Төлбөрийн нөхцөлийг тухайн үед О.Т нь Ө.Б*******өд бүрэн өгч барагдуулсан талаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд дурдсан байна. Ярилцлага дээр О.Т бэлэн мөнгөөр төлбөрөө хийж барагдуулсан гэх тайлбарыг өгсөн. Ө.Б*******ийг орлого олоогүй гэх үндэслэл байхгүй. О.Тт оногдоод байгаа хариуцлага нь суутган авч, төсөвт төлөөгүй гэдгээр хариуцлага тооцсон байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.7, 17.9, мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулна. 2016, 2019 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн татварын хувь хэмжээ 30, 10 гэсэн зөрүүтэй хэмжээ байгаа. Татвар төлөгч мэдсэнээс зайлсхийж байж гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Тийм учраас татварын албанд хандсан. Дараагаар нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Хоёр татвар төлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны 01 тоот компанийн хувьцааг Худалдах, худалдан авах гэрээгээр 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн бэлэн мөнгөөр гэрээ хийгдсэн байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр татварын улсын байцаагч Б.О*******, Ж.С******* нар ярилцлага авахад төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар тайлбарласан. Шүүхийн шийдвэрээр гэрээ яагаад буцаагдсан талаар сонирхолтой байна. 2019-2024 он хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг О.Т төлж байсан. О.Тийн төлсөн төлбөрийн баримтаар нотлогдоно. дүүргийн Иргэний хэргийн шүүх нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргасан уу гэж миний зүгээс үзэж байна. Яагаад гэвэл шүүгчийн захирамжид ...О.Тийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцлаа. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Э******* ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг бүрэн шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ гэсэн хэсгийг уншаад нотлох баримт үзэхгүйгээр зөвхөн тайлбарыг үндэслэж захирамж гаргасан юм болов гэж бодож байна. Уг хяналт шалгалт Үндэсний аудитын газрын Татварын ерөнхий газарт хийгдсэн аудитын 01 дүгнэлтээр нэр дурдсан компаниудын ашигт малтмалын хувьцаа эзэмшигчийг өөрчлөх замаар компанийн хувьцааг шилжүүлж, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн талаар дүгнэлт гаргасан байдаг. Уг аудитын дүгнэлтийг үндэслээд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Хяналт шалгалт арга зүйн газар, Эрдэс баялгийн татварын газрууд нэгдсэн тусгай удирдамж гаргасны дагуу улсын байцаагч нарт татварын хяналт шалгалт хийх тусгай томилолт хийгдсэний дагуу хяналт шалгалт хийгдсэн. Энэ хяналт шалгалт хийгдээгүй бол энэ хоёр хүний худалдах, худалдан авах гэрээ цуцлагдахгүй байсан. Эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зөрчил олон компаниудад байгаа. Татварын албанд ар, араасаа шалгагдаж байгаа гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний Б нөхцөл хүчингүй болсон. Гэхдээ гэрээний нөхцөл, худалдан авагч нь 2.3.1 дэх заалтад заасан нөхцөлд бүрэн биелэгдсэн тохиолдолд компанийн хувьцааг эзэмших эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхтэй болохыг гэрээндээ өөрсдөө дурдаад гэрээ хийсэн байгаа. Гэрээний 2.3.1-д тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр хувьцааны төлбөрийн 72% болох 180.000.000 /нэг зуун наян сая/ төгрөгийг төлөх нөхцөлтэй байна. Тэгэхээр яг энэ нөхцөл биелсэн болоод тухайн 2 хүн хоорондоо улсын бүртгэлд бүртгүүлж, өөрчлөлт хийгдсэн гэж үзэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Э******* ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гадаад худалдаа эрхлэх үндсэн чиглэлтэйгээр байгуулагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ашигт малтмал ашиглалт эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгүүлсэн байна.
2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С*******, Б.О******* нар Э******* ХХК-ийн 2019-2022 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар 250,000,000.00 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн үнийн дүн бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсний орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчил илрүүлж, 75,000,000 /далан таван сая/ төгрөгийн нөхөн татвар, 22,500,000 /хорин хоёр сая таван зуу/ төгрөгийн торгууль, 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн алданги нийт 112,500,00.00 /нэг зуун арван хоёр сая, таван зуун мянга/ төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргагчаас ...хүчингүй болсон хуулийг үндэслэн манай компанид татвар ногдуулж, хариуцлага тооцож байгаа нь хууль бус, компани ямар нэгэн ашиг орлого олоогүй байхад татвар ногдуулсан нь хуульд нийцээгүй... гэж, хариуцагч нараас ...тус компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч О.Т нь компанийн хувьцааг иргэн Ө.Б*******өөс 100 хувь шилжүүлэн авч, эцсийн өмчлөгчийг өөрчлөх замаар 250,000,000.00 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн үнийн дүн бүхий компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ татвар суутган төсөвт төлөөгүй зөрчил үйлдсэн ... гэж тайлбарлан маргасан байна.
3. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээг үндэслэн Э******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Ө.Б*******өөс О.Тт шилжсэн үйл баримттай талууд маргаагүй байна.
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1-т Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, 8.1.2-д эрх борлуулсны орлого, 8.2.2-д хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого, 17 дугаар зүйлийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21 дүгээр зүйлийн 21.5-д Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Э******* ХХК-ийн эцсийн эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлэх замаар эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогоос суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байжээ.
5. 2006 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг 2019 онд шинэчлэн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр заасан, мөн Э******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх тул нэхэмжлэгчийн ...хүчингүй болсон хуулийг үндэслэн татвар ногдуулж, хариуцлага тооцсон... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
6. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 75,000,000,00 /далан таван сая/ төгрөгийн нөхөн татварт 22,500,000,00 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгууль, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж зааснаар 75,000,000.00 /далан таван сая/ төгрөгийн нөхөн татварт 15,000,000.00 /арван таван сая/ төгрөгийн алданги тооцсон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын акт нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна.
7. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийслэлийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/00 дугаартай захирамжаар Ө.Б*******ийн нэхэмжлэлтэй О.Тт холбогдох компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Э******* ХХК-ийн 187,713 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
8. Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот Э******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн хувьцаа худалдах, худалдан авах 01 тоот гэрээг үндэслэн Э******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Б*******өөс О.Тт шилжсэн гэх үндэслэлээр төлбөр ногдуулсан байх бөгөөд дээрх шүүгчийн захирамжаар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актын үндэслэл болсон гэрээ хэрэгжиж, Ө.Б*******ийг орлого олсон гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий актыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
9. Учир нь Татварын ерөнхий хуулийн 5.1-т Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.3-д шударга байх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8.1-т Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, 8.2.2-д хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого гэж зааснаас үзвэл олсон орлогод татвар ногдуулах нь татвар ногдуулах үйл ажиллагаанд баримтлах шударга байх зарчимд нийцэхээр байна.
10. Өөрөөр хэлбэл ЭЖ эрдэнэ майнинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ө.Б******* нь тус компанийн хувьцааг О.Тт 100 хувь шилжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олох гэсэн боловч үр дүнд хүрээгүй буюу орлого олоогүй болохыг шүүгчийн захирамжаар тогтоож, Э******* ХХК-ийн хувьцааг буцаан олгосон байх тул түүнийг эрх борлуулж орлого олсон гэж үзэж, түүний олоогүй орлогод 30 хувиар татвар ногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-35240000001 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С*******, Б.О******* нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн НА-3524000001 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ