Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00043

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00043

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т оршин суух, О Э-ийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, В-ийн А-д холбогдох,

Гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,948,333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/01364/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.М- нь Х аймгийн *** сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм.

Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202* оны 0 дугаар сарын 00-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоосон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Х аймгийн *** сумын И багийн иргэн В. А-д илүү олгосон тэтгэвэр болох 1.948.333 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.А- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 1,948,333 төгрөгийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч В.А-д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,948,333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.А- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,948,333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,123 (дөчин зургаан мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А-ас 23,061.5 (хорин гурван мянга жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 23,061.5 (хорин гурван мянга жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.М-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч В.А-д холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,948,333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч В.А- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,948,333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг нэхэмжлэгч Э.М-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,123 (дөчин зургаан мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.А-ас 23,061.5 (хорин гурван мянга жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 23,061.5 (хорин гурван мянга жаран нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН