| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2025/00011/И |
| Дугаар | 320/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00044
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00044 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж ,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Хөвсгөл аймгийн Х-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Н-ын Т-өд холбогдох,
Зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2025/00011/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Т- нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй сангийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Т- нь зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй сангийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 3,000,000 төгрөгийг Н.Т-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Т- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Н-ын Т- нь Хөвсгөл аймгийн Х-ын Орон нутгийн хөгжлийн сангаас 3,000,000 төгрөгийг 2017 онд зээлж авсан нь үнэн.
Нэхэмжпэлд дурдсан 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариу тайлбарт төлөлтийн баримтыг хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х тайлбартаа: Миний бие Э.Х нь Хөвсгөл аймгийн Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т-өд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Н.Т- нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х... нь хариуцагч Н.Т-өд холбогдуулан зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан тухай хариу тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х-н /төсвийн байгууллага/ гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул хариуцагч Н.Т-өөс нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Т-өд холбогдох зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Т- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Т-өөс улсын тэмдэгтийн хураамж 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН