| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01371/И |
| Дугаар | 320/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00045
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00045 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж ,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Ч овогт Х-гийн О-т холбогдох,
Зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/01371/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х...р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.О- нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ"-г байгуулж, түүнд 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Х.О- нь зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 5,000,000 төгрөгийг Х.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х тайлбартаа: Миний бие Э.Х нь Хөвсгөл аймгийн Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Х.О- нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х...р нь хариуцагч Х.О-т холбогдуулан зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.О- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг төлж барагдуулсан тухай хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х..../төсвийн байгууллага/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч Х.О-аас нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөвсгөл аймгийн Х-ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.О-т холбогдох зээлийн төлбөр 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.О- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,000,000 (таван сая) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН