Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/332

 

 

 

 

Э.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч Д.Бурмаа,

хохирогч Б.Бийн өмгөөлөгч Б.Ганболд,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Пт холбогдох 2208000002030 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены гадаа иргэн Б.Бийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, хохирогчид 905000 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Б.Б нь зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зүгээс хохирогчийн биед учруулсан хохирол болон үүссэн хор уршигтай нийцэхгүй байна.

Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн 2022-11-16-ны өдрийн 15718 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/-д "5. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэсэн байдаг.

Тухайн журмын 2.4.1-д “Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан" байхыг шалгуур болгосон байна.

Гэтэл гэмт хэргийн улмаас хохирогч 2022-11-16-ны өдөр мэс засалд ороход хүрсэн /хх-ийн 84-87-р хуудас/ ба ийнхүү гэмтэл учирснаас хойш 13 долоо хоног өнгөрсөн атал биеийн эрүүл мэндийн хувьд эдгэрээгүй байгаагаар барахгүй дахин хагалгаанд орох нөхцөл, шаардлага бий болоод байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3. “Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

  1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан;
  2. ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан" гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл."Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”-ийн 1-т “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан байна.

Иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлээгүй талаар:

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах" эрхтэй.

Хохирогчийн талаас эмчилгээний зардалтай холбоотой баримтууд 3,599,950 төгрөг болсоноос гадна цаашид гаргах эмчилгээний зардал нэхэмжлэх шаардлагатай байгааг мэдүүлсэн байна. /хх-ийн 64-74 дүгээр хуудас/

Мөн хуулийн 36.3 дугаар зүйл “Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх”-ийн 3-т “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогуй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно." гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс Э.Пыг 905,000 төгрөгийг хохирогчид өгсөн гэж дурдаж, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хохирогчид иргэний нэхэмжлэлийн төлбөрийг бүрэн төлүүлж, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэмж нэхэмжлэх эрхтэйг тогтоон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний мөрдөн байцаалтын шатнаас ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 124 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүх үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, амьдрал ахуйг харгалзан тохирсон ял оногдуулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл байх ёсгүй, хүндэвтэр зэргийн гэмтэл байх ёстой гээд хүндэвтэр гэмтлийн хуулийн заалтуудыг бичсэн байна. Шинжээч эмчийн 15718 дугаар дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн  хөнгөн зэрэг хамаарна гэж дүгнэлт гаргасан. Шинээч Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг үндэслэж үндэслэлтэй, зөв дүгнэлт гаргасан. Хохирогчийн нүдийг нарийн мэргэжлийн эмчид 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлсэн байдаг. Нүдний эмч Мөнх-Эрдэнэ “нүдний ухархайн дотор ханын хугарал гэсэн болохоос нүдний булчин гэмтээгүй” гэсэн тодорхойлолт байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн чадвар хэдэн хувиар алдсан гэдгийг эд эрхтэн гэмтсэн болгоноор гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох гээд тодорхой заасан. Энэ журмын 4.1-ийн 33.1-т нүдний бүлчин гэмтээгүй тохиолдолд 10 хувь алдагдан гэж байгаа. Хохирогчийн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар хэсгийн хугарал гэсэн гэмтэл тогтоогдсон. Хамар ясны хугарал тогтоогдож амьсгал саатаагүй нөхцөлд 5-10 хувь алдагдана гэж заасан. Тэгэхээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь хөнгөн зэргийн гэмтлийн шалгуур шинжид хамаарч байна. Хохирогч зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал сэргээх мэс засал хийлгэж, 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн. Хохирогч шүүх хуралдаанд хамрын мурийлт засуулах хагалгаанд орно гэж ярьж байсан ба тухайн үед хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагдсан байдал тогтоогдоогүй. Энэ талаарх баримт байхгүй.  Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудад 2.736.156 төгрөгийг ЭМД-аас төлөгдсөн байсныг шүүх хасаж тооцсон нь үндэслэлтэй. ЭМД-аас төлөгдсөн мөнгийг хувь хүн төлөх албагүй. Энэ мөнгийг прокурор төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсад эргүүлж төлөх ёстой. Тийм учраас шүүх ЭМД-аас төлөгдсөн төлбөрийг хасаж тооцож, бусад баримтыг үндэслэж 904.440 төгрөгийн хохирол гэж тогтоож, 5 хоногийн завсарлага авч 905.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн. Шүүгдэгч Э.П 0-5 насны 3 бага насны хүүхэдтэй, эхнэр нь төрөөд 7 хонож байхад шүүх хуралдаан болсон. Э.П малчин учраас мал нь төллөөд, ямаа самнаж хэдэн төгрөг ольё гээд хөдөө явсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хохирлыг зөв тооцсон. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлынг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн өмгөөлөгч гомдолдоо шинжээчийн дүгнэлт болон хохирол нэхэмжилсэн 2 асуудал дурдсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15718 дугаар дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд гарч байгаа учраас үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг хүндэвтэр гэмтэл байх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт хохирол, төлбөрийг дурдаж өгсөн. Цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж өгсөн учраас нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Анхан шатны шүүхэд 5 хоногийн завсарлага авч, шүүгдэгч 905.000 төгрөгийг  хэрэгт авагдсан нотлох баримтын дүнгээр төлсөн. Тийм учраас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.Пт холбогдох 2208000002030 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

Э.П нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены гадаа иргэн Б.Бийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

хохирогч Б.Бийн: “... “888” нэртэй бааранд П, миний хамаатан У, Пын хоёр ах бид баарнаас гараад би Птой маргалдаад намайг цохихоор нь би тонгорч унагаад дараад байж байхад нэг нь миний зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгээд би юм санахгүй байж байгаад ухаан ороход нөгөө танилцсан хоёр залуу байж байсан нэг ах ирээд чи наад цусаа угаагаад цагдаа дуудаач гэж байсан. Тэгээд цагдаа ирээд хамт байсан хоёр залууг надтай хамт суулгаад явж байгаад намайг буу эмнэлэгт үзүүл гээд буулгаад тухайн хоёр залууг аваад явсан. ...эхлээд П манай хамаатны дүү болох У хоёр маргалдахаар нь би Уыг өмөөрөөд Птой маргалдсан. П бол намайг ямар ч байсан цохиж зодсон. ...” /хх 4-12/,

гэрч С.Уын “...2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 03-04 цагийн үед тухайн караоке хаах гээд бид 4 тухайн караокеноос гараад зогсож байгаад би Пын шилэн хүзүүн дээр нь гараа тавьтал П уурлаад яагаад гараа мөрөн дээр тавиад байна гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Б намайг өмөөрөөд Птой маргалдаад хоорондоо барьцалдаж аваад Б Пыг газар унагахад П босож ирээд Бийн нүүр рүү нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөж, гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан...” /хх 16-18/,

гэрч Г.Гэрэлт-Одын “...Тэр үед Бийн биед учирсан гэмтлийг П учруулсан. Бийг Поос өөр хүн цохиж зодоогүй...” /хх 20-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15718 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Б.Бийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, зүүн чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй болно. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /х.х-25-26/,

Э.Пын яллагдагчаар мэдүүлсэн: “...шөнө 04 цагийн үед караоке хаах болоод бид 4 караокеноос гараад гадна нь зогсож байтал У над дээр ирээд миний мөрөн дээр гараа тавихаар нь би Ут уурлаад яагаад гараа мөрөн дээр гараа тавиад байгаа юм бэ гэтэл У миний нүүр рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Уын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь Б хамаатны дүү болох Уыгаа өмөөрөөд над руу дайраад байхаар нь Б бид хоёр зууралдаад барьцалдаж аваад Б намайг газар унагахаар нь би босож ирээд Бийн нүүр рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөөд, нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 58-59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Э.Пын хохирогч Б.Бийг зодож биед нь “хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацар, зүүн чих, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх торгох ялыг сонгон шүүгдэгч Э.Пт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Түүнчлэн, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, хохирогчид учирсан хохирлын тооцоог үндэслэлтэй хийж, хохирлын асуудлыг хууль зүйн үндэслэлтэйгээр хэргийн бодит байдалд нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан хохирогч Б.Бид учирсан гэмтлийн зэрэг буруу гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан “...гэмтэл учирснаас хойш 13 долоо хоног өнгөрсөн атал биеийн эрүүл мэндийн хувьд эдгэрээгүй байгаагаар барахгүй дахин хагалгаанд орох нөхцөл, шаардлагатай...” гэсэн үндэслэл нь хохирогч Б.Бийн биед учирсан гэмтэл буюу хохирлыг нөхөн сэргээх хор уршигтай холбоотой ажиллагаа байна. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж тодорхой заасан байна.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүхээс Э.Пыг 905,000 төгрөгийг хохирогчид өгсөн гэж дурдаж, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн хохирлын талаарх хэсгийг ойлгомжгүй заасныг тодорхой болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хохирогч Б.Б нь шүүгдэгч Э.Пын учруулсан хохиролтой холбоотойгоор 3,599,950 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэнийг анхан шатны шүүх:

баримтаар тогтоогдсон 905,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн /хх 111/ гэж үзсэн нь үндэслэлтэй,

харин Э.Пын учруулсан гэмтэлтэй хохиролтой холбоотой гэж нэхэмжилсэн бусад хохирлыг тус гэмт хэрэгтэй холбоотой гэдгээ нотлон нэхэмжлэх хохирогчийн эрхийг бусдад төлөх төлбөргүй гэж хааж, гагцхүү цаашид гаргах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нотлох баримтаа гарган 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй эмчилгээний зардлаа болон цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.  

Мөн Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заана. ...” гэж тухайн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг заасанг  тодорхой заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, заасан хэмжээний дотор Э.Пт оногдуулахдаа ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл /Торгох ял/-ийн 1 гэж, 2 дахь хэсэгт заасныг журамласан нь ойлгомжгүй, шаардлагагүй заалт байна.  

Иймд дээр дурдсантай холбоотой зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолын.

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарвууд овогт Эрдэнэбаатарын Пт 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарвууд овогт Эрдэнэбаатарын Пт 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хохирогчид 905000 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлбөргүй болохыг...” гэсэн хэсгийг “...хохирогчид 905,000 төгрөг төлсөн  болохыг...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Б.Б нь зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Поос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан хохирлыг зөв тогтоогоогүй талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ