Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2150

 

“МУХБ” ХХК-ийн                                                             нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01863 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МЭИК” ХХК, “БГ”  ХХК, “БП” ХХК, “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 339 096 396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“МУХБ” ХХК-д холбогдох 2018-03 тоот барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 4 ширхэг хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч “МЭИК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

“МУХБ” ХХК-д холбогдох 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй  газрын хамт барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, О.Б, өмгөөлөгч Б.Ц, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУХБ” ХХК нь “БГ” ХХК-ийн охин компани болох “МЭИК” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор “МЭИК” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2018-02 дугаартай зээлийн гэрээг байгуулж, батлагдсан дүнгээр 36 505 050 000 төгрөг, нийт 7 270 588 525 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус зээлдэгчийн хамаарал бүхий бусад барьцаалуулагчтай хамтран дараах барьцааны, дансны орлого барьцаалах болон Батлан даалтын гэрээнүүдийг байгуулж, эд хөрөнгүүдийг барьцаалсан. Уг зээл төслийн зориулалттай тул зээлийг хэсэгчлэн олгож, зээлдэгч үндсэн төлбөрийг 2019 оноос cap бүр тэнцүү дүнгээр төлж эхлэхээр, зээлийн хүүг эхний олголтоос хойш cap бүр олгосон дүнгээс тооцон төлөхөөр, үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон. 2018 оны 3 сарын 09-ний өдөр зээлийн эхний хэсэгт 7 270 588 525 төгрөгийг олгосон. Гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу дараагийн шатны зээлийг авахад ажлын гүйцэтгэл, олгосон мөнгөний зарцуулалт зэргийг банкинд тайлагнаж, дараагийн шатны зээлийг авах тухай хүсэлтээ ирүүлснээр олгогдох ёстой. Гэвч олгосон зээлийн зарцуулалтыг нотлох анхан шатны баримтууд байхгүй. Төслийн ажлын барилгын гүйцэтгэлд зээл авснаас хойшхи хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь газар дээр нь очиж хийсэн хяналтаар баталгаажсан. Зээлийн зарцуулалттай холбоотой тайлан, баримт бичгүүд нь холбогдох баримт, бичгүүдээр нотлогдохгүй, санхүүгийн баримтын анхан шатны шаардлага хангахгүй. Банкинд ирүүлсэн тоног төхөөрөмж худалдан авах гэрээний дагуу ажил үйлчилгээ хийгдээгүй, бэлтгэн нийлүүлэгчийг өөрчлөгдөх болсон шалтгаан тодорхойгүй, ямар нэгэн тайлбар огт ирүүлээгүй байгаа тул тус тоног төхөөрөмж худалдан авах гэрээ нь хуурамч байж болзошгүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул гэрээний 6.1-д заасны дагуу манай зүгээс зээлдэгчийг зөрчлөө арилгах хүртэл зээл олголтыг түр зогсоосон. Мөн сар бүр олгосон зээлийн хэмжээгээр тооцон хүү төлөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс зээл олгохыг шаардаж, баримтаа ирүүлж байгаагүй.

Зээлдэгч энэ хугацаанд үндсэн зээл 712 802 796 төгрөг, хүү 1 041 381 529 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 022 төгрөг, нийт 1 754 252 348 төгрөг төлсөнд маргаангүй. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 6 882 245 094 төгрөгийн зөрчил үүсгэсэн. Иймд үндсэн зээл 6 557 785 728 төгрөг, хүү 764 382 691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16 927 976 төгрөг нийт 7 339 096 396 төгрөгийг хариуцагч “МЭИК” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хэрвээ хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээ болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МЭИК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУХБ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр батлагдсан дүнгээр 36 505 050 000 төгрөгийг жилийн 12,44 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцон, зээл, барьцааны гэрээнүүд болон батлан даалтын гэрээ, дансны орлого барьцаалах гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу банк 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл болох 36 505 050 000 төгрөгийг олгохоор гэрээний хавсралтад заасан боловч 7 270 588 525 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр олгож, үлдэх зээлийг олгохоос татгалзсан болно. Бид зээл авсанд маргахгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч тал гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрээнээс татгалзсан буюу гэрээг цуцалсан үзэж байна. Учир нь төслийг хэрэгжүүлэхэд нийт 36 505 050 000 төгрөгийн зээл бүрэн олгогдсоны үндсэн дээр хэрэгжих боломжтой. Гэтэл гэрээгээр тохиролцсон зээлийг бүрэн олгохоос татгалзсан нь төслийг цаашид үргэлжлүүлэхгүйгээр гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу банк 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 7 270 588 525 төгрөгийн зээлийг олгоод үлдэгдэл зээл олголтыг зогсоосон нь нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, үүргийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ. Харин яг хэзээнээс гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзсан гэдэг нь  гэрээний 5.5-д санхүүжилтийг улирал тутамд тухайн улирлын өмнөх сард олгохоор тохиролцсон гэдгээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл банкнаас 2018 оны 1 дүгээр улиралд эхний санхүүжилт буюу 7 270 588 525 төгрөгийг олгоод дараагийн санхүүжилтийг 2 дугаар улирлын өмнөх сард буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгох ёстой байтал олгохоос татгалзсан нь гэрээний 2.1.7-д заасны дагуу банк мөн өдрөөс гэрээг цуцалсан хугацаа гэж тодорхойлогдож байна. Иймд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсэхгүй. Энэ талаар Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлүүдэд тусгагдсан байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай зөвлөмжөөр зөвлөсөнтэй нийцэж байна. Эхний зээл олгосон 2018 оны 3 дугаар сарын 09-30-ны өдөр хүртэлх 21 хоногийн хугацаанд гэрээний дагуу хүүг тооцвол 52 037 494 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлсэн 7 270 588 525 төгрөг, хүү 52 037 494 төгрөгийг нэмж, төлсөн 1 754 252 348 төгрөгийг хасвал үлдэгдэл 5 568 373 671 төгрөг байх тул энэ мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “БГ” ХХК, “БП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БП” ХХК, “БГ” ХХК-ийн хувьд зээлийн гэрээний оролцогч биш, зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “БГ” ХХК-ийн хувьд банктай батлан даалтын гэрээ байгуулсан хэдий ч зөвхөн нөхөх хариуцлага хүлээнэ. Үндсэн зээлдэгч зээлийг төлөх тул зөвшөөрөхгүй. “БП” ХХК-ийн хувьд банк өөрөө зээлийг бүрэн олгоогүй гэрээг зөрчсөн. 36 тэрбум төгрөгийн зээл олгогдоно гэж ойлгож 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалахад тус компанийн хөрөнгүүдийг барьцаалсан байсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг зөвшөөрөхгүй. “МЭИК” ХХК-ийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. “БП” ХХК-ийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрх олгосон албан бичигт барьцаа хөрөнгөтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг “МЭИК” ХХК-д олгосон болно. “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шаардлагын тухайд дээрх 14 ширхэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий иргэд нэхэмжлэл гаргасан, уг захиргааны хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн энэ хөрөнгүүдийг эрүүгийн хэрэгт хураасан гэх тул шүүх нөхцөл байдлыг тодруулах эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “КБ” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 1 газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. “КБ” ХХК зээл аваагүй тул мөнгөн хөрөнгөөр барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэсгүй.

Гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203014771, Ү-2203014778, Ү-2203014775, Ү-2203014774, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203014770, Ү-2203014772, Ү-2203014776, Ү-2203014773, Ү-2203014777, Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “КБ” ХХК бүртгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар, Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д заасны дагуу банк худалдан борлуулах зорилготой болон банкны үндсэн үйл ажиллагаанд ашиглахаас бусад хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэдэг бөгөөд “КБ” ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэжээ. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг заасан. “КБ” ХХК-ийн дүрмийн 1.2 дахь хэсэгт банкны зорилгыг ...Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн энэ дүрмийн хүрээнд ашгийн төлөө банкны нийтлэг үйл ажиллагаа явуулах хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани байна гэж тодорхойлж, дүрмийн 3.2 дугаар зүйлд Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг, 3.3 дугаар зүйлд банк, түүний хараат болон охин компанийн Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тус тус нэрлэн заажээ. “МЭИК” ХХК эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох худалдах чиглэлээр бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд “КБ” ХХК-ийн хамаарал бүхий холбогдох этгээд байна. КБны төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор “КБ” ХХК-ийн өмчлөх бусад хөрөнгийн дансанд бүртгэлтэй дээр дурдсан нийт 14 ширхэг хөрөнгүүдийг өөрийн холбогдох этгээд болох “МЭИК” ХХК-ийн “МУХБ” ХХК-иас авах зээлийн гэрээний үүргийг хангахад барьцаалуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Учир нь зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт зээлийн зориулалтыг Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулахаар заасан байх бөгөөд энэ үйл ажиллагаа “КБ” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагаанд хамааралгүй. Иймд “МУХБ” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 2018-04 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдрийн 2018-05 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээний “КБ” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө, газрыг барьцаалсан хэсэг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Мөн КБны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолд 2018-05 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалуулсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 148005/0063 дугаартай 565 мкв газрыг барьцаалуулах тухай заагаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд 2018-04, 2018-05 тоот гэрээний “КБ” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг хөрөнгө, 1 эзэмшлийн газрыг барьцаалсан хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус банк ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг банк бөгөөд өөрийн өмчлөлийн аль ч хөрөнгийг хуулийн дагуу захиран зарцуулах боломжтой. Барьцааны 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөх эрх бусад эд хөрөнгөд бүртгэлтэй эсэхийг барьцаалагч мэдэх боломжгүй. Гэрээ байгуулах үед өмчлөгчөөр “КБ” ХХК бүртгэгдсэн байсан бөгөөд тухайн хөрөнгүүдэд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй гэсэн тодорхойлолтыг ирүүлж байсан. Газар эзэмших эрхийг барьцаалахдаа КБны ТУЗ-ын шийдвэр гаргуулаагүй гэсэн тухайд, тухайн хөрөнгийг барьцаалуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн мөн чанарыг тодорхойлсон эзэмших эрхтэй газар нь хамтдаа шилжих бөгөөд банкны эрх бүхий этгээд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “МЭИК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Банктай зээлийн гэрээ байгуулан 36 505 050 000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон. Гэтэл “МУХБ” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж, 7 270 588 525 төгрөгийг олгож, үлдэх зээлийг олгоогүй. Энэ үйлдлээ санхүүжилтийг буруу зарцуулсан, үе шаттайгаар олгох зээл байсан гэж тайлбарлаж байх боловч гэрээ, түүний хавсралт, эргэн төлөлтийн хуваарьт үе шаттайгаар олгоно гэсэн тохиролцоо байхгүй байдаг. Хэрвээ энэ талаар гэрээнд тусгаж ойлгуулж, хуваарь батлагдсан байсан нөхцөлд бидний зүгээс барьцааны гэрээг бодитой олгосон хэмжээнд нийцүүлэн байгуулах, үүргийн гүйцэтгэлд нэмж барьцаалах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх байсан. “БП” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэмж барьцаалах шаардлагагүй байсан болно. Гэтэл зээлдэгчийн хувийн байдал, төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангана гэсэн байдалд нь итгэж 52 041 051 099 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэмжээний барьцааны гэрээг байгуулсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018-03 тоот Барьцааны гэрээний зарим хэсэг болох “БП” ХХК-д холбогдох хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний хүчин төгөлдөр бус хэсгийн үр дагаврыг арилгаж, тус гэрээгээр барьцаалсан 6 ширхэг хөрөнгөнөөс Бишрэлт пропертиз ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “МЭИК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “МЭИК” ХХК-аас гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талууд зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хөрөнгө нь төслийн явц, хэрэгжилт, үр дүнтэй холбоотойгоор хэсэгчлэн олгогдох талаар уг гэрээний 9.2.2-т төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил үйлчилгээний гэрээ, гэрээний дагуух гүйцэтгэгчийн ажлын тайлан, гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлэн ирүүлснээр банк эдгээр баримт бичиг, холбогдох бусад нөхцөл шаардлага бүрэн хангагдсан эсэхийг хянан шалгасны үндсэн дээр зээлийг хэсэгчлэн олгоно, 5.2-т зээлийг хэсэгчлэн олгох тохиолдолд дараагийн олголтуудыг төслийн төлөвлөгөөний гүйцэтгэлд үндэслэн хүлээн авах эрх нээгдэнэ, 5.4-т зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн олгож байгаа тохиолдолд Зээлдэгч дор дурдсан баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр зээлийн дараагийн олголтыг хүлээн авах тухай хүсэлтээ банкинд ирүүлэх ба банк эдгээр баримт бичиг холбогдох бусад нөхцөл шаардлага бүрэн хангагдсан эсэхийг хянан шалгасны үндсэн дээр дараагийн олголтыг хийх буюу харилцах данснаас гүйлгээ хийх зөвшөөрөл олгоно гэж харилцан тохиролцсон.

Хариуцагч банкны зүгээс гэрээний үүргээ зөрчиж, үлдэгдэл зээлийг олгоогүй гэжээ. Төсөл хэрэгжүүлэгч болох зээлдэгч тал гэрээний үүргээ зөрчин хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас гадна зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ зохих хуваарийн дагуу төлөөгүй тул үлдэх санхүүжилтээ авч чадаагүй болно. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хэлцэл хийгч банк түүний хувийн ямар шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар зээлдэгч хэрхэн төөрөлдсөн талаараа сөрөг нэхэмжлэлдээ заагаагүй байна. “МУХБ” ХХК нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг банк гэдгээ өөрийн хуулиараа илэрхийлсэн, Зээлийн санхүүжилтийг төслийн үйл ажиллагаатай уялдуулан хэсэгчлэн олгодог гэдгээ мэдэгдсэн, Зээлдэгч төслөө хэрэгжүүлэхгүй, зээлээ хугацаанд нь төлөхгүй, төслийн хэрэгжилтээ тайлагнахгүй, зээлийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхой бус үед зээл олголтоо зогсооно гэдэг нь аль ч бизнес эрхлэгчид ойлгомжтой байхад төөрөлдөх гэсэн ойлголт байх боломжгүй.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч “МЭИК” ХХК, “БГ”  ХХК-иас 6 882 245 094 /зургаан тэрбум найман зуун наян хоёр сая хоёр зуун дөчин таван мянга ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 456 851 302 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлгүй тул “МУХБ” ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хоорондох 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018-03 тоот барьцааны гэрээний эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаанаас чөлөөлүүлэх тухай “МЭИК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар “МУХБ” ХХК, “МЭИК” ХХК, “КБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018-04 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г бүхэлд нь, мөн өдрийн Газар эзэмших эрх барьцаалах гэрээ-ний “КБ” ХХК-ийн эзэмшлийн газрыг барьцаалсан хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу барьцаалагдсан “КБ” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010534 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилгын зоорь болон 1, 2 дугаар давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 2246 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010541 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилгын 3 давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 570 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014771 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаар барилга 400 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 138 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

г/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014778 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 401 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 68 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

д/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014775 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 402 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 79 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

е/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014774 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 403 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 65 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

ё/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014780 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 404 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

з/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014781 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 405 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

ж/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014770 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 500 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 138 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

и/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014772 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 501 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 68 м.кв үл хөдлөх эд хөрөнгө,

й/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014776 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 502 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 79 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

к/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014773 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 503 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 65 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

л/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014777 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 504 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

м/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 505 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 95 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

н/Сүхбаатар дүүрэг, 3-р хороонд байрлах, нэгж талбарын 18643110911482 дугаар бүхий 866 мкв, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, “КБ” ХХК-ийн эзэмшлийн газар зэрэг хөрөнгийг “МУХБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “БП” ХХК-ийн өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав 1 гудамж, 5 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 6130 мкв, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028059 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 гудамж, 27 дугаар байр, 0 тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028028 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 гудамж, 29 байр хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

г/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028057 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 31 тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

“МЭИК” ХХК-ийн өмчлөлийн:

д/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018881 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж, 63 тоотод байрлах, оффисын зориулалттай, 2138,09 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

е/эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046736 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Найрамдлын зам гудамж, 73/2 хаягт байрлах, эмийн үйлдвэрийн зориулалттай, 2706 мкв, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө.

ё/Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1853/0118 дугаар бүхий 4795 мкв, үйлдвэрлэлийн зориулалттай, “МЭИК” ХХК-ийн эзэмшлийн газар,

ж/Сүхбаатар дүүрэг, 3-р хороонд байрлах, нэгж талбарын 8005/0058 дугаар бүхий 12859 мкв, аж ахуйн зориулалттай, “МЭИК” ХХК-ийн эзэмшлийн газар,

з/Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд шинээр худалдан авсан хатуу болон шингэн эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж,

и/”КБ” ХХК дахь зээлдэгч “МЭИК” ХХК-ийн төгрөгийн болон ам долларын данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 011 381 төгрөг, хариуцагчаас төлсөн 15 219 958 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 87 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “МЭИК” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 60 879 680 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч “МЭИК” ХХК, “БГ”  ХХК нараас 34 693 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хэдийгээр үйл баримтад зөв дүгнэлт хийж, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн ч, уг үнэлэлтээ үндэслэн шийдвэр гаргахдаа “Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзэх тул” гэсэн буруу дүгнэлт хийн, алдаа гарган манай нэмэгдүүлсэн шаардлагыг хангалгүй орхин хэргийг хянан шийдвэрлэлээ. “МУХБ” нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа зээлийн гэрээг цуцалж байгаа гэж илэрхийлээгүй, гагцхүү шүүхийн албан ёсны шийдвэрээр зээлийн гэрээг дуусгавар болгуулж, өөрт учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах тухай огт дурдаагүй, шүүхээр шийдвэр гаргуулан зээлийн гэрээгээ дуусгавар болгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бол манай зүгээс тавьсан нэмэгдүүлсэн шаардлагын талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт мэтгэлцэх ажиллагааг явуулаагүй болно. Ингэснээр анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр хэлэлцээгүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй асуудлаар шийдвэр гаргаж хууль зөрчсөн гэж үзэж болохоор байна. МУХБнаас гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг анхан шатны шүүх зөв тодорхойлж, хууль зүйн зөв дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Хариуцагч тал болон манай банк хооронд Иргэний хуулийн 451, 452 болон 453 дугаар зүйлүүдэд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь уг гэрээгээ зөрчин төслөө холбогдох техник, эдийн засгийн үндэслэлдээ заасны дагуу хэрэгжүүлээгүй, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаа нотолж чадаагүй, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ гэрээнд заасны дагуу цаг хугацаандаа төлөөгүй нөхцөл байдал бий болсон тул МУХБны зүгээс хуульд болон зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл байдал бий болсон юм. Нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан, зээлийн хугацаа гэрээнд зааснаар 5 жил бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дуусгавар болно. Хариуцагч тал маргаж байгаа үндэслэлдээ “Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой.”... банк 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 7 270 588 525 төгрөгийн зээлийг олгоод үлдэгдэл зээл олголтыг зогсоосон нь нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үүргийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ” гэжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах хугацааг гэрээнээс татгалзах санал гаргаагүй буюу зээлдэгч тал тогтоох ёстой, талуудын хооронд энэхүү гэрээнээс татгалзах хугацааг тогтоосон ямар ч яриа хэлэлцээ хэлцэл явагдаагүй бөгөөд талууд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хоорондоо харилцан эвлэрэх тухай яриа хэлцлийг явуулж байсан нь зээлийн гэрээ цуцлагдаагүй болохыг илэрхийлнэ.

Нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж үзэж байгаа бол тэр нь Иргэний болон бусад хуулийн аль зүйл, заалтаар зохицуулагдсан талаар хууль зүйн дүгнэлтээ өгөөгүй болно. Тэгээд ч Хөгжлийн банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг цуцлах гэсэн утга санааг ердөө ч тусгаагүй болно. Ингэснээр Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 заалтыг хангаагүй, шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. “МУХБ” нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-22, 24-26, 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 -453 дугаар зүйлүүдэд заасны дагуу зээлдэгчээс гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зээлийн төлбөрөө төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  “МЭИК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь хариуцагч үүргийн зөрчлийн талаар шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн зүйл огт байхгүй бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохирсон зээлийн бүрэн олгоогүй бөгөөд зээлийн гэрээгээр талуудын тохиролцооны үндсэн асуудлуудыг тохирсон болохоос зээлийг хэзээ хэдийд ямар хэмжээгээр хэсэгчлэн олгох, түүнийг ямар хуваариар хэрхэн эргэн төлөх талаар тохиролцсон зүйл огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээгээр үндсэн нөхцөлөө тохироод зээлийг эргэн төлөх хуваарийг зээлийн гэрээний хавсралтаар баталсан учраас талуудын тухайн тохиролцсон хуваарийн хугацаа, хэмжээг зөрчсөн тохиолдолд үүргийн зөрчлийн талаар яригдах нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас дээрх зээлийн гэрээгээр 36 505 050 000 төгрөгийг хариуцагчид олгохоор тохиролцож эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан болохоос нэхэмжлэгчээс олгосон 7 270 588 525.58 төгрөгийг эргэн төлөх талаар баталсан хуваарь, тохирсон тохиролцоо огт байхгүй юм. Иймд хариуцагчаас төлсөн 1 754 252 348.87 төгрөгийн 1 702 214 854.55 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 52 037 494.32 төгрөгийг зээлийн хүүнд суутгах нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал үүрэг гүйцэтгүүлэгч тал гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрээнээс татгалзсан буюу гэрээг цуцалсан гэж үзэж байна. Үүрэг гүйцэтгүүлэгч талаас нэгэнт зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийг бүрэн олгохоос татгалзсан нь төслийг цаашид үргэлжлүүлэхгүйгээр гэрээг цуцалж гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах хүсэл зоригоо илэрхийлсэн явдал гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэсэн байх боловч мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоогдсон нотолгооны хүрээнд буюу зээлийн үлдэгдэл санхүүжилт олгогдоогүй гэдгээр үзэж байна.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгах хүсэл зориг адилхан агуулагддаг бөгөөд гэрээг цуцлах гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир шаардах эрх мөн дуусгавар болно. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу “МУХБ” 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 7 270 588 525.58 төгрөгийн зээлийг олгоод үлдэгдэл зээл олголтыг зогсоосон нь банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үүргийн харилцааг дуусгавар болгож шаардах эрх мөн адил дуусгавар болсон явдал юм.

Харин банк яг хэзээнээс нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзсан бэ гэдгийг зээлийн гэрээний 5.5-д зааснаар зээлийн олголтын эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг улирал тутам тухайн улирлын өмнөх сард олгохоор тохиролцсон гэдгээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл банкнаас дараагийн санхүүжилтийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны дотор олгох ёстой байтал олгохоос татгалзсан нь гэрээний 2.1.7-д заасны дагуу банк зээлийн олголтыг зогсоож, нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан хугацаа тодорхойлогдож байна. Энэ нь талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үүргийн харилцаа дуусгавар болж, шаардах эрх мөн дуусгавар болсон гэж үзэх тул хүү, нэмэгдүүлсэн хүүг энэ хугацаанаас хойш шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна.

Иймд МУХБны шаардах эрхийн хэмжээ дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд олгогдсон зээлийн хэмжээ: 7 270 588 525.58 төгрөг, зээлдэгчээс төлсөн нийт зээлийн төлбөрийн хэмжээ: 1 754 252 348.87 төгрөг, зээлийн олгогдсон хугацаа 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр, үүргийн харилцаа буюу шаардах эрх дуусгавар болсон хугацаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хоног 21 хоног, зээлийн гэрээний дагуу авсан зээлд ногдох нэг өдрийн хүү 2 477 975.92 төгрөг, нийт төлөх ёстой зээлийн хүү нэг өдрийн хүү * 21 хоног = 52 037 494.32 төгрөг, нийт төлөх ёстой нэмэгдүүлсэн хүү байхгүй байна.

Нийт төлсөн төлбөрөөс үндсэн хүүгийн хэмжээг хасаад үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлээс хасахаар одоо төлөх ёстой үлдэгдэл төлбөр буюу гүйцэтгэх ёстой үүргийн хэмжээ тодорхойлогдоно. Томьёолбол: 1 754 252 348.87-52 037 494.32 = 1 702 214 854.55

7 270 588 525.58 /үндсэн зээл/ - 1 702 214 854.55 = 5 568 373 671.03 төгрөг нь зээлийн гэрээнд заасны дагуу банк дараагийн зээл олголтыг олгоогүй явдал нь нэг талын хүсэл зоригоо илэрхийлж гэрээний хүчин төгөлдөр хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дуусгавар болсон тул одоо төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөр болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч, барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгийн талаар болон улсын тэмдэгтийн хураамжийн талаар буруу шийдвэрлэсэн  байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь “МЭИК” ХХК, “БП” ХХК, “БГ” ХХК, “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 339 096 396 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “МЭИК” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 5 568 373 671 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, 2018-03 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, “БП”  ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт тус тус бүртгэлтэй 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203014771, Ү-2203014778, Ү-2203014775, Ү-2203014774, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203014770, Ү-2203014772, Ү-2203014776, Ү-2203014773, Ү-2203014777, Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй 14 ширхэг үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18641310911482 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 866 мкв эзэмшлийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

1.Зээлийн болон батлан даалтын гэрээний талаар

1.1. “МУХБ” ХХК нь “МЭИК” ХХК-ийн “Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр З-ЭИК-ЗҮ2018-02 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 36 505 050 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 12,44 хувийн хүүтэй зээлдүүлэх болон нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийн талаар, түүнчлэн зээлийг хэсэгчлэн олгохдоо зээлийн хүүгийн төлбөрийг эхний олголтоос хойш сар бүр төлөх, дараагийн олголтуудыг төслийн төлөвлөгөөний гүйцэтгэлд үндэслэн хүлээн авах эрх нээгдэх, нөхцөл шаардлага бүрэн хангагдсан эсэхийг хянан шалгасны үндсэн дээр зээлийг хэсэгчлэн олгох нөхцлүүдийг тус тус  тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болохыг зөв дүгнэсэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд 7 270 588 525 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцсон, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, уг зээлээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 1 754 252 348 төгрөг төлж байсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, зээлийн гэрээний 9.2.2, 9.2.3, 9.2.4-т тус тус зааснаар “МУХБ” ХХК нь “МЭИК” ХХК-д олгосон зээлийн ашиглалтыг шалгахад  зээлдэгч нь  зээлийн гэрээний 8.1.3, 8.1.4, 8.1.6, 8.2.3, 8.2.4, 8.3.6, 9.2.4-т тус тус заасан эмийн үйлдвэрийн зөвшөөрөл, стандарын баримт бичиг, зээлийн зарцуулалтын тайлан зэрэг баримт бичгийг ирүүлээгүй, нийт олгосон зээлийн 100 хувь нь санхүүгийн баримтаар  нотлогдоогүй, зээл авснаас хойш үйлдвэрийн барилгын ажил хийгдээгүй, төслөө хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож, үлдэгдэл эх үүсвэрийг буцаан дуудах санал дүгнэлт гаргасан болох нь 2019 оны 9 сарын 6-ны өдрийн зээлийн хяналт шалгалтын тайланд тусгагджээ. /2хх-ийн 177-181/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь тус байгууллагын албан бичгүүдээр тогтоогдож, хариуцагч нь дээрх байдлаар үүргээ зөрчсөн тул “...зээлийг бүрэн олгох үүргээ зээлдүүлэгч зөрчсөн, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээг цуцалсан, олгосон зээлийн хэмжээгээр хүүг бууруулан тооцох...” “...одоо төлөх ёстой зээлийн үлдэгдэл 5 568 373 671.03 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах...” гэсэн хариуцагчийн татгалзал тайлбар,  давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусахаар боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй явдал нь зээл олголтыг зогсоох, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхийг үүсгэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлэхийг сануулж нэмэлт хугацаа тогтоож, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

1.2. “МУХБ” нь “МЭИК” ХХК болон “БГ” ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2018-08 тоот батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр “МЭИК” ХХК зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 36.505.050.000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү болон уг зээлийн гэрээтэй холбоотой бусад үүргийг биелүүлээгүй тохиолдолд батлан даагч “БГ” ХХК өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон байна.

 

Батлан даалтын 2018-08 тоот гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч “МЭИК” ХХК үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд хамтран оролцсон тул  нэхэмжлэгч “МУХБ” нь батлан даагчаас үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх батлан даагчаас зээлийн үүргийг хамтран гаргуулахаар шийдвэрлэсэнд зохигчид хэн аль нь гомдол гаргаагүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон гэрээг цуцалсан гэж үзэж,  үндсэн зээлийн үлдэгдэл 6 557 785 728 төгрөг, хүү 321 845 343 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 614 021 төгрөг, нийт 6 882 245 094 төгрөгийг хариуцагч “МЭИК” ХХК болон “БГ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс  үлдэх 456 851 302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч анх 6 882 245 094 төгрөгийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлснээр  шүүх 7 339 096 396 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцсэн, нэхэмжлэгч шаардлагаа дэмжсэн, хариуцагч уг шаардлагын хүрээнд тайлбараа гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул нэмэгдүүлсэн шаардлагын талаар хэлэлцээгүй гэсэн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

2.Барьцааны гэрээний талаар

 

2.1. “МУХБ” ХХК-тай “МЭИК” ХХК болон “БП” ХХК нар харилцан тохиролцож 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 2018-03 тоот барьцааны гэрээгээр, “БП” ХХК-ийн өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав 1 гудамж, 5 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 6130 мкв, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028059 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 гудамж, 27 дугаар байр, 0 тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028028 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав 1 гудамж, 29 байр хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

г/эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028057 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж 31 тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 3585 мкв, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгө,

“МЭИК” ХХК-ийн өмчлөлийн:

д/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018881 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж, 63 тоотод байрлах, оффисын зориулалттай, 2138,09 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

е/эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046736 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт 18104, Найрамдлын зам гудамж, 73/2 хаягт байрлах, эмийн үйлдвэрийн зориулалттай, 2706 мкв, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хөрөнгийг тус тус барьцаалсан байна.  

 

Дээрх 2018-03 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон, уг гэрээний эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028031, Ү-2206028059, Ү-2206028028, Ү-2206028057 дугаарт бүртгэлтэй хөрөнгүүдийг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, барьцаанаас чөлөөлөх  үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ нотлоогүй  тул  хариуцагч “МЭИК” ХХК-ийн энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар зохигчид хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч дээрх барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн.

 

2.2 “МУХБ” ХХК-тай “МЭИК” ХХК болон “КБ” ХХК нар харилцан тохиролцож мөн өдөр байгуулсан, 2018-04 тоот барьцааны гэрээгээр, “КБ” ХХК-ийн өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010534 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилгын зоорь болон 1, 2 дугаар давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 2246 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010541 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилгын 3 давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 570 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014771 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаар барилга 400 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 138 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

г/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014778 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 401 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 68 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

д/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014775 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 402 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 79 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

е/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014774 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 403 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 65 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

ё/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014780 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 404 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

з/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014781 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 405 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

ж/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014770 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 500 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 138 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

и/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014772 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 501 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 68 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

й/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014776 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 502 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 79 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

к/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014773 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 503 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 65 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

л/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014777 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 504 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 98 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

м/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014779 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 28/6 дугаартай барилга 505 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 95 мкв үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.  

 

Дээрх 2018-04 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан байх боловч хариуцагч “КБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас барьцааны гэрээний холбогдох хэсгийг эс зөвшөөрч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар 2018-04 тоот барьцааны гэрээ болон газар эзэмших эрх барьцаалсан 2018-05 тоот барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Анхан шатны шүүх 2018-04, 2018-05 тоот барьцааны гэрээний “КБ” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон хэлцэл агуулгын хувьд хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй боловч энэ талаар зохигчид хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул “КБ” ХХК дах банкны эрх хүлээн авагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг  хэвээр үлдээв. 

 

2.3. “МУХБ” ХХК-тай “МЭИК” ХХК болон “КБ” ХХК нар харилцан тохиролцож мөн өдөр байгуулсан, 2018-05 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр,

а/Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1853/0118 дугаар бүхий 4795 мкв, үйлдвэрлэлийн зориулалттай, “МЭИК” ХХК-ийн эзэмшлийн газар,

б/Сүхбаатар дүүрэг, 3-р хороонд байрлах, нэгж талбарын 8005/0058 дугаар бүхий 12859 мкв, аж ахуйн зориулалттай, “МЭИК” ХХК-ийн эзэмшлийн газар,

в/Сүхбаатар дүүрэг, 3-р хороонд байрлах, нэгж талбарын 18643110911482 дугаар бүхий 866 мкв, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, “КБ” ХХК-ийн эзэмшлийн газрыг тус тус барьцаалжээ. Эдгээр барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, Нийслэлийн газрын албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул анхан шатны шүүх барьцаалагдсан “КБ” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18643110911482 дугаартай  газраас бусад  эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаа явуулах этгээдийг шүүхээс томилсон нь үндэслэлтэй байна.

 

2.4. “МУХБ” ХХК болон “МЭИК” ХХК-ийн хооронд 2018 оны 01 сарын 12-ны өдөр байгуулсан 2018-06 тоот Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээгээр Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд шинээр худалдан авах хатуу болон шингэн эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж барьцаалсан байх боловч уг төсөл бодитой хэрэгжээгүй, хөрөнгө бий болоогүй байхад шүүх барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагад хамааруулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 163 дугаар зүйлд болон 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцээгүй байх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж уг барьцаатай холбоотой хэсгийг хасч  шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцүүлэх нь зүйтэй.

 

2.5. “МУХБ” ХХК-тай “МЭИК” ХХК болон “КБ” ХХК нар харилцан тохиролцож мөн өдөр байгуулсан 2018-07 тоот “КБ” ХХК дахь зээлдэгчийн төгрөгийн болон ам долларын дансыг барьцаалах тухай Дансны орлого барьцаалах тухай гэрээг  байгуулсан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу байх тул залруулж өөрчлөв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үздэг.

Анхан шатны шүүх хариуцагч “МЭИК” ХХК-ийн гаргасан барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 15 219 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 60 879 680 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нийцсэн.

Гэтэл шүүх дээрхтэй адил төрлийн маргаан буюу хариуцагч “КБ” ХХК дах Банкны эрх хүлээн авагчаас гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болхыг тогтоолгох тухай маргаанд улсын тэмдэгтийн хураамжгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч “КБ” ХХК дах Банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч түүний гаргасан сөрөг нэхэмжлэл хангагдсан тохиолдолд  нэхэмжлэгч “МУХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн 5 дах заалтад өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...з/ Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд шинээр худалдан авсан хатуу болон шингэн эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж...” гэснийг хасч, мөн заалтын , “...и/ “КБ” ХХК дахь зээлдэгч “МЭИК” ХХК-ийн төгрөгийн болон ам долларын данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “ ...зэрэг барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “КБ” ХХК дахь зээлдэгч “МЭИК” ХХК-ийн төгрөгийн болон ам.долларын данс дахь мөнгөн хөрөнгө  барьцаалагдсан болохыг дурдсугай” гэж,

5 дах заалтын “...60 879 680 төгрөг гаргуулж...” гэсний дараа “... нэхэмжлэгч “МУХБ” ХХК-иас 57 059 966 төгрөг гаргуулж тус тус...” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн төлсөн 2 442 206 төгрөгийг, хариуцагч “МЭИК” ХХК-ийн  төлсөн 6 796 069 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3  дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ