Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00021

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00021

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг ХХҮГ 

Хариуцагч: А.Б

Зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай 155/2024/01391/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,500,000 төгрөг.

Гэрээг байгуулсан огноо: 2020.10.19. Гэрээг дуусгавар болох огноо: 2023.10.19. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 1,500,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдаж эхэлсэн огноо: 2023.10.20.

Иргэн А.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч А.Б нь зээлийн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 1,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 500,000 төгрөгийг А.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.(хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2.  Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч **************** газрын нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2020 онд 3,000,000 төгрөгийн зээл авсан. Өрх толгойлсон эмэгтэй гээд төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэж ойлгож байсан учраас зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн байсан. Энэ хугацаанд Халамж, үйлчилгээний газраар зөндөө орж гарч явсан. Надад ийм тооцоо үлдсэн талаар хэн ч мэдэгдэж байгаагүй, би ч зээлээ төлсөн гэж бодож явсан.

Иймд одоо нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэхь тал)

3.  Нэхэмжлэгч ХХҮГ шүүхэд гаргасан шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн А.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамрагдаж, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж, түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч А.Б нь зээлийн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 1,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ техникийн алдаа гаргаж орон гээж 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч А.Бгаас нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)

4.  Хариуцагч А.Б шүүхэд гаргасан шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: А.Б би **************** газрын нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Өмнө нь уулзаж энэ талаар мэдэгдээгүй байж шүүхэд дахин дахин өргөдөл бичиж, намайг удаа дараа нааш цааш явуулж байгааг гайхаж, ялгаварлаж байгаа сэтгэгдэл төрүүлж байна. Анх надад 50 хувь хөнгөлөлттэй зээл гэж ойлгуулсан учраас би 1,500,000 төгрөг төлсөн байсан. Би 7 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Намайг хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулна гээд манайд олгодог байсан хүнсний талоныг хүртэл зогсоосон. Халамжийн ажилчид бол шалгалт шүүлэг ирлээ, амь авраарай, туслаарай, таны бичлэгийг хийж зураг хөрөг авна гээд сүйд болдог хэрнээ надад энэ зээлийн төлбөрийн талаар огт дурдаж байгаагүй. Би төлөх ёстой юм бол төлж барагдуулъя. Зээлийн төлбөрт нийт 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГ нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б ...Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2020 онд 3,000,000 төгрөгийн зээл авсан. Өрх толгойлсон эмэгтэй гээд төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэж ойлгож байсан учраас зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн байсан. Анх надад 50 хувь хөнгөлөлттэй зээл гэж ойлгуулсан учраас би 1,500,000 төгрөг төлсөн байсан...Би төлөх ёстой юм бол төлж барагдуулъя. Зээлийн төлбөрт нийт 1,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийн 50 хувь болох 19,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **************** газраас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч А.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 19,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА