| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00230/И |
| Дугаар | 141/ШШ2024/00244 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүү оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............... багт оршин суугч Ш овогт Д Оийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1969 онд төрсөн бөгөөд эцэг эхийн асрамжид амьдарч байгаад 1977 онд Рашаант багийн сургуульд 3-р анги төгсөж сургуулиас гарч 1984 оноос эхлэн Булнай сумын Сүхбаатар ч нэгдэлд үхэрчин, саальчин зэрэг ажлыг 1991 оныг дуустал ажилласан боловч тэр үеийн Сүхбаатар ч нэгдлийн архив шатсаны улмаас ямар ч баримт материал олдохгүй болсон. Иймд намайг Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатар ч нэгдэлд малчнаар 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учраас намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.О нь Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн а/2003 дугаартай “...1984-1991 онд ............ сумын ...................маллаж байсан гэх Д.О /Ц./-гийн цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1986 онд 536 төгрөг, 3-10 сар...” гэсэн архивын лавлагаа,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Оийн, РД:........., ..............., ............................... төрсөн, .......................... ажилтай, эрхэлж эхэлсэн он 1986, 1988 оны 10 дугаар сарын 23-ны бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д О эмэгтэй, ................ төрсөн, ........................ малчин, 1986 оны 06 дугаар сарын 04-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд гэрэл зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Оийн Г, ..............., .....................өдөр төрсөн, эх Д О Сүхбаатарч нэгдлийн малчин, 1988 оны 05 дугаар сарын 08-нд бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Оийн Г, эрэгтэй, 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эх Д О Наран компанид саальчин ногоочин, 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
Гэрч Л.З. “...Би 1969 оноос 1992 оныг хүртэл Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байхдаа Оийн ээж С Д гэдэг хүнийг мөн Оийг таньдаг болсон. О нь Д өргөж авсан хүүхэд нь байгаа юм. Л.О нь ээжийгээ дагаж мал дээр гарч мал маллаж үхэр саадаг байсан. Тухай үед саальдаа их сайн хүүхэд байсан. Тийм учраас ээжийгээ дагаж багаасаа буюу 13-14 настайдаа малчнаар ажиллаж байсан. Гэхдээ тухайн үед нэгдэл 16 насанд хүрсэн хүүхдүүдийг авч ажиллуулдаг байсан учраас Д.О нь хэдий багаасаа саальчнаар ажиллаж байсан ч 16 насанд хүрээд өөрийн гэсэн хөдөлмөрийн хөлсөө тооцуулан хөдөлмөрийн дэвтэр нээлгэн 1985 оноос 1991 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. Тухай үеийн хөдөлмөрийн дэвтрээ яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэр үед суурийн ахлагч дээр хөдөлмөрийн хөлсийг тооцож явдаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгч Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт Д Оийг ........................... 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ