Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00248

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ............ оршин суух хаягтай Б овогт Д Бгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хүсэлтдээ: “...Миний бие Д.Б нь 1969 онд төрсөн. Бага наснаасаа эхийн хамт мал маллаж байсан. Иймд намайг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэж өгнө үү.

Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлээс Д Бд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээн олгож, түүний зургийг нааж зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж баталгаажуулж, ажлын тухай мэдээлэлд 1987 оны 8 дугаар сараас 01-ний өдөр 10 дугаар анги төгсөөд илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажилчнаар авч ажиллуулав. Ажилласан хоног авсан хөлсийг 1987 оны 8 дугаар сараас 1989 оны 5 дугаар сарыг дуустал, 1989 оны 08 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичиж, тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

МХЗЭ-ийн гишүүний 1985 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д Бд нээж олгож, МХЗЭ-ийн гишүүний татвар төлж байсан талаар тэмдэглэсэн дэвтэр,

1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Д.Бд Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг

1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооноос Д.Бд олгосон баярын бичиг,

1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б.Э нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн зөвлөлөөс Д.Бд олгосон аваргын диплом,

1990 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн МХЗЭ-ийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн Д.Бд олгосон баярын бичиг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Бд эрэгтэй, РД:............, ..................................... төрсөн, ..................хэсэгт хоньчин ажилтай, ажилд орсон 1987 он, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Б , ..................... төрсөн, ................... хэсэгт .................. ажилтай, 1988 оны 03 дугаар сарын 03-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Д Бг Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ