| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0628/э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 114.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Ю.Ч,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Юрагийн Чинбатад холбогдох эрүүгийн 1711000190154 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ю.Ч, 1968 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эцгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол 54 дүгээр байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1195 тоотод оршин сууж байгаа гэх,
Нийслэлийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ЧК68022911.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ю.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3 дугаар гудамжны 588 тоотод иргэн Д.Золзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, чулуугаар цохиж, олон удаа зүсч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ю.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажил хийж байгаад ажиллаа тараад ажлын нэг залуутай төрсөн өдөр тэмдэглэж 2-3 пиво уусан. Золзаяа намайг нэг шил архи авчих хуваагаад ууя гээд байхаар нь би архи авсан. Золзаяа шатнаас унасан. Надаас салахгүй байхаар нь гаранд нь цохисон. Намайг хутга барьсан байсан гэж байна. Би амьдралдаа ч хутга халаасалж явж үзээгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны орой 21 цагийн цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт улаан худаг явдаг жалганы хажуугаар найз Дэлгэрмаагийн хамт хүүхдийн хувцас гудамжинд зараад байж байсан. Тухайн үед Дэлгэрмаа бид хоёр найзынхаа төрсөн өдрийг урьд өдөр нь тэмдэглэчхээд жоохон шартсан байдалтай байхаар нь Дэлгэрмаагийн зээгийнх нь шинээр авсан хувцсыг зарж архи уух санаатай гудамжинд явж байхдаа нэг залуутай тааралдсан юм. Би явж байтал Дэлгэрмаа жалганы ойролцоо байсан нэг залуутай юм яриад зогсоод байсан. Тэр залуутай хамт дэлгүүр орж 0.75 литрийн Монгол стандарт архи аваад манай гэрт очиж гурвуулаа уусан. Тэр залуу өөрийгөө Чинбат гэж байсан. Архи ууж дуусаад Дэлгэрмаа гэр рүүгээ харих болоод манай хашаанаас гарахад Чинбат цуг гарсан. Удалгүй Дэлгэрмаа буцаад манай гэр рүү орж ирээд нөгөө Чинбат чинь намайг дагаад манайх руу цуг явна гээд байна гэхээр нь байшингаас гарч Дэлгэрмааг өмөөрч маргалдсан. Чинбат намайг довжоон дээрээс түлхээд унагачихсан. Тэгээд над руу том чулуу авч шидсэн. Хаанаас юм бүү мэд дэлгэдэг хутга гаргаж ирснээ миний зүүн гарын шууны хэсэгт зүссэн. Миний гарыг 6 удаа зүссэн. Тэгээд манай хөрш айлын урамшуулалт эргүүлийн Энхтуяа эгч намайг зодож байхыг хараад цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэгтэл Чинбат хутгаа хашаа давуулаад шидчихсэн. Цагдаа нар ирээд хутгыг хайсан боловч олоогүй...” гэжээ /хх-15-16/,
Гэрч Д.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: “...Миний араас Чинбат дагаж орж ирсэн. Ороод ирэхээр нь Золзаяа чи манай найзынх руу явж яах гээд байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед би Золзаяагийн гэрт сууж байсан. Золзаяа гэрийн гадаа Чинбаттай маргалдаад Золзаяа орилоод байхаар нь гараад хартал Золзаяа байшингийн довжоон дээрээс унасан байдалтай, хөрш айлын хүмүүс хашаанд нь орж ирсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэжээ /хх18-19/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8429 дүгээр дүгнэлтэд:
“1. Д.Золзаяагийн биед зүүн долоовор хурууны гуравдугаар шивнүүрийн хөндлөн ил хугарал, зүүн хөмсөгний гадна үзүүрт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-29/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-40-48/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх боломжтой байна гэж үзлээ.
Учир нь хохирогч Д.Золзаяа нь “...Тэгээд над руу том чулуу авч шидсэн. Хаанаас юм бүү мэд дэлгэдэг хутга гаргаж ирснээ миний зүүн гарын шууны хэсэгт зүссэн. Миний гарыг 6 удаа зүссэн...” мэдүүлсэн боловч шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8429 дүгээр дүгнэлтээр хохирогчид зүүн долоовор хурууны гуравдугаар шивнүүрийн хөндлөн ил хугарал, зүүн хөмсөгний гадна үзүүрт шарх гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоосон бөгөөд зүүн гарын шууны хэсэгт зүсэгдсэн гэх шарх гэмтэл тогтоогдоогүй байна. Түүнчлэн Д.Дэлгэрмаа нь гэрч, хохирогчоор мэдүүлэхдээ “...Чинбатыг хутга гаргаж ирсэн эсэхийг би хараагүй ээ, тэр талаар огт мэдэхгүй…”/хх-18-19/, “…Чинбатад хутга байхыг би хараагүй...”/хх-21-22/ гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогчийн мэдүүлэг нь нотлогдох тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ю.Ч нь хохирогчийг онц харгис хэрцгийгээр, чулуугаар цохиж, олон удаа хутгаар зүсч гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг үндэслэн хохирогчийн “хутгаар намайг олон удаа зүссэн” гэх мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй болно.
Шүүгдэгч Ю.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3 дугаар гудамжны 588 тоотод иргэн Д.Золзаяагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ю.Чыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь Д.Золзаяа нь “...Надад учирсан хохирлыг нөхөн төлсөн, би шинээр Эл жи /LG/ брэндийн Q8 гар утас авсан байгаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Юрагийн Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Чыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Чад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН