| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0524/З |
| Дугаар | 128/ШШ2024/0647 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т дриллинг” ХХК/РД:*******/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******,
Нэхэмжлэгч: “А” ХХК/РД:50/, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О, Г.Н
Хариуцагч: “Э” ХК/ РД:5/, итгэмжлэгдсэн төлөөлөгч:С.М, Д.Б, Д.О
Хариуцагч: “Э” ХК-ийн ЭТТХК/2 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.Б, Д.О
Гуравдагч этгээд: “Э” ХХК РД:2/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, У.Х
Нэхэмжлэлийн шаардлага/“Т дриллинг” ХХК/: ““Э ХК-ийн ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Багц№1-т “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, тендерийн үэнлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/791 дугаартай бичгээр ирүүлсэн “T*******” ХХК-ийг хассан шийдвэр, дээрх хууль бус шийдвэрүүдийн үндсэн дээр байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1229 тоот Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээ хийхийг даалгах”
Нэхэмжлэлийн шаардлага/“А” ХХК/: ““Э” ХК-иас зарласан далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-д “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, “А” ХХК-ийн тендерээс татгалзсан 01/790 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, “Э” ХК болон “Э” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн №ЭТТ-2024/1229 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т дриллинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.Б, Д.О, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын тухайд:
1.1. “Э” ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” Багц№1, Багц№2 тендер шалгаруулалт зарласан.
1.2. “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/791 дүгээр албан бичгээр “Т дриллинг” ХХК-д “... ЭТТХК/2 дугаартай далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ЭТТХК/2-01 дугаартай Багц №1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг хангахгүй байна. Дээрх тендер шалгаруулалтын Багц №1 “Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-д “Э” ХХК нь 20,790,000,000 төгрөгийн үнийн саналаар 1-д эрэмбэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон” гэж,
1.3. “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/790 дугаар албан бичгээр “А” ХХК-д “ЭТТХК/2 дугаартай далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ЭТТХК/2-01 дугаартай Багц №1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээллийг захиалагчийн шаардсанаар ирүүлээгүй тул шаардлага хангахгүй гэж үзсэн. Дээрх тендер шалгаруулалтын Багц №1 “Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-д “Э” ХХК нь 20,790,000,000 төгрөгийн үнийн саналаар 1-д эрэмбэлэгдэн гэрээ байгуулах эрх олгосон гэх мэдэгдлийг хүргүүлсэн” гэж,
1.4. “Э” ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 01/789 дүгээр албан бичгээр ““Э” ХК-иас зарласан ЭТТХК/2 дугаартай далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ЭТТХК/2-01 дугаартай Багц №1 “Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг үндэслэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна” гэж “Э” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.
1.5. “Т дриллинг” ХХК-иас гаргасан гомдолд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4438 тоот албан бичгээр “...харилцагч банкны дансны үлдэгдэл, харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлээгүй байх тул ... татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... “Э” ХХК-ийн талаарх гомдол үндэслэлгүй...” гэх агуулгатай хариуг өгсөн.
1.6. “А” ХХК-иас гаргасан гомдолд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4437 тоот албан бичгээр “...өрмийн багийн ахлагчид санал болгосон Н.Г, Г.Га нарын их дээд сургууль төгссөн дипломын мэдээлэл худалдан авах ажиллагааны системд татагдан ирээгүй тул ТШЗ 19.2-т заасан шаардлага хангаагүй тул тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ... “Э” ХХК-ийн талаарх гомдол үндэслэлгүй...” гэх агуулгатай хариуг өгсөн.
1.7. “Т дриллинг” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ““Э” ХК-ийн ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох”- тендер шалгаруулалтын Багц№1-т “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 01/791 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр ирүүлсэн T******* ХХК-ийг хассан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
1.8. “А” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ““Э” ХК-аас зарласан далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-д “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ... “А” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, ”Э” ХК-ийн өдрийн №01/790 шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан.
1.9. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/5674 дүгээ захирамжаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХК, “Э” ХК-ийн ЭТТХК/2 дугаартай Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох 128/2024/0570/З индексийн дугаартай захиргааны хэргийг “Топ даймонд дриллинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХК-д холбогдох 128/2024/0524/З индексийн дугаартай захиргааны захиргааны хэрэгт нэгтгэсэн.
1.10. Нэхэмжлэгч “А” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, “Топ даймонд дриллинг” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Э” ХК, “Э” ХХК-ийн хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Таван толгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх(багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Т дриллинг” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Э” ХК-иас зарласан ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” тендерт Багц№1, Багц№2-т тус тус оролцсон бөгөөд Захиалагчийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/791 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ЭТТХК/2-01 дугаартай Багц№1 “Далд уурхайн хайгуулын сонгох 63,000 тууш метр өрөмдлөгийн ажил”-ийн тендер шалгаруулалтад оролцогч манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлагыг хангаагүй болохыг мэдэгдсэн. Тендерт оролцогч манай компанийн зүгээс захиалагчийн дээрх шийдвэр нь дараах байдлаар хуульд нийцээгүй буюу бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Тендер шалгаруулалтад оролцогч манай компанийн зүгээс захиалагчийн дээрх шийдвэр гаргах ажиллагаа нь дараах байдлаар үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй тухайд:
1.1. Захиалагчийн тодорхойлсон Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, 18.2-т заасан “...Түргэн хөрвөн хөрөнгийн хэмжээг нийт дүнг аль нэгээр нийлбэрээр тодорхойлно. Үүнд: -Тендерт оролцогчийн харилцах банкны дансны үлдэгдэл, - Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ.” гэсэн Захиалагчийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.2-т заасныг зөрчиж хуульд заагаагүй баримтыг оролцогчоос нэмэлтээр шаардан тухайн шаардлагыг дагуу тендерээс хассан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Оролцогчийн санхүүгийн чадавхыг нотлох баримт” бичгийг тухайлан нэр заан тодорхойлсон. Мөн зүйлийн 16.3-т “...16.2-т заасан аль шаардлагатайг ирүүлэхээр ТШББичигт заана” гэж заасан. Гэтэл захиалагч тал ТЗШ-18.2-Т хуулиар тодорхойлоогүй баримтыг буюу “дансны үлдэгдэл”, “зээлийн тодорхойлолт” гэх баримтыг нэмж шаардсан бөгөөд тухайн хуулийн зөрчилтэй шаардлагаар тендерийн баримт бичгийг үнэлэх ажиллагааг хийсэн.
Захиалагч тал ТЗШ-18.2-т заасан шаардлагыг тогтоохдоо хууль зөрчсөн бол дараах байдлаар дахин нотлогддог. Сангийн сайдын А/259 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн жишгийн ТШЗ 18.2-т “хуулийн 16.2, 16.4-т заасан дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Жишээлбэл:...” гэж тухайлан хуулийн зохицуулалтыг анхааруулан дурдсан байдаг.
Харин оролцогч болох манай компанийн зүгээс санхүүгийн чадавхыг тодорхойлсон хуульд заасан баримтыг гаргаж өгсөн буюу тухайн ТШЗ-ын 18.1-т заасан 30 хувь болон 20 хувийн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.
1.2. Манай компани нь ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” тендерт Багц№2-т мөн оролцсон бөгөөд захиалагчийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/792 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тухайн Манай компанийг 3-т эрэмбэлэгдсэн тухай мэдэгдсэн. Манай компани нь Багц№1 болон Багц№2-т захиалагчаас тавьсан шаардлагын дагуу ижил төрлийн ТББичгийг бүрдүүлсэн байхад Багц№2-т ТББичиг нь шаардлага хангасан гэж үзэн эрэмбэлэн жагсаасан атлаа Багц№1-т шаардлага хангаагүй гэж баримтуудыг зөрүүтэй байдлаар үнэлж, дүгнэсэн нь тендер шалгаруулалт нь илт үндэслэлгүй гэж үзэж байна.
2.ЭТТХК/2-01 дугаартай “Багц№1 “Далд уурхайн хайгуулын сонгох 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-д шалгарсан “Э” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь захиалагчийн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага хангаагүй байгаа тухайд:
a. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах” гэж, захиалагчийн шаардлагын ТШЗ 23.1-т “..хүчинтэй байх хугацааг ажлын 30-аас багагүй өдөр байхаар маягт 1-д заана.” гэж тус тус шаардлага тавьсан байхад “Э” ХХК-ийн захиалагчид ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01- 03/90 дугаар албан бичигт буюу Маягт№1-т тендерийн хүчинтэй хугацааг “... 30 хоног” гэж хуанлийн 30 хоногоор хүчинтэй байхаар тусгаж хуулийн болон ТББичигт заасан шаардлагыг зөрчсөн байна.
b. Мөн Захиалагчийн шаардлага болох ТЗШ 16.1.2.4,-д заасан “...” гэсэн байхад тухайн шаардлагын хүрээнд мэдэгдлийг огт ирүүлээгүй байна. Харин 2024 оны 04 дүгээр сарын 17-ны 01-03/74 албан тоотоор захиалагчийн шаардлага буюу ТББаримтын (21, 22 хуудас) “тендерт шалгарсан оролцогчид тавигдах шаардлага”-ын 7.1 болон тухайн 7 дугаар зүйлд заасан нөхцөлүүдээр зөрүүтэй мэдэгдэл гаргасан байх тул ТББичигт заасан шаардлагыг хангаагүй байна.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Э ХК болон “Э” ХХК нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ЭТТ-2024/1229 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх Багц-1 гэрээ”-г байгуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчийн зүгээс шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан бүхий захиргааны актыг үндэслэн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлэн гаргаж байгаа болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх үндэслэлээр захиалагч Э ХК-ийн гаргасан шийдвэрүүд хууль бус болохыг тогтоож Э ХК-ийн ЭТТХК/2 дугаартай Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох”- тендер шалгаруулалтын Багц№1-т “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, “Э” ХХК -тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №ЭТТ-2024/1229 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх Багц-1 гэрээ”-г болон 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 01/791 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”-ээр ирүүлсэн T******* ХХК-ийг хассан шийдвэр, тус тус хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв.
2.2.Нэхэмжлэгч “Топ даймонд дриллинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа тендерийн баримт бичгийн 18.1, 18.2-т буюу захиалагчийн баталсан энэ заавар хувилбараар бидэнд татгалзсан мэдэгдэл буюу манай компани тухайн тендер шалгаруулалтаас хассан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж маргаж байгаа. Шалгараагүй тухай тайлбар дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн. 16.5-д оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна гэж байгаа юм. Нэг ёсондоо энэ шаардлагыг хангаагүй байна гэж үзээд татгалзаад байгаа юм. Хуульд санхүүгийн чадавхын шаардлага гэж тухайлан тодорхойлсон байна. Харилцагч банкны мэдэгдлийг санхүүгийн чадвараар өгч болно. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаар санхүүгийн чадахыг тодорхойлж болно. Үүний дараа мөн 3 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын орлогоор хуульд тодорхойлсон. Үүний дагуу тендерийн баримт бичиг захиалагч боловсруулж баталсан. Энэ тендерийн баримт бичгийг яаж боловсруулж баталсан гэхээр тухайн тендерийн баримт бичиг мэдээж хуульд нийцсэн байх ёстой. Асуултын эхэнд хэлсэн тендерийн баримт бичиг гэж юуг ойлгоод байгаа юм бэ гэхээр Тендерийн тухай хуулийн 4.1.17-д захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно. Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж захиалагч батална. Нэг ёсондоо хуульд заасан шаардлагын хүрээнд эрх бүхий этгээд буюу Сангийн яам, Сангийн сайдаас баталсан аргачлал, зааврын дагуу тухайн батлагдсан хэм хэмжээний актаар тодорхойлогдсон. Энэхүү хүрээнд захиалагч тендерийн шаардлага, тендерийн баримт бичгийг боловсруулж батлах үүрэгтэй. Хуульд заасан эрх мэдлийн хүрээнд Сангийн сайдын А/259 дүгээр тушаалын хавсралтаар баталсан тендер шалгаруулалттай холбоотой жишиг баримт бичигт 18.1, 18.2 гэдгийг заасан. 18.1-д санхүүгийн чадавхын шаардлага гэж санхүүгийн чадавхыг хуулийн 16.2-т байгаа санхүүгийн чадавхын шаардлага гэдгийг юу гэж ойлгох юм энэ жишиг бичиг баримт дээр юуг тусгах ёстой юм бэ гэдгийг заасан. Борлуулалтын орлогын хэмжээ бол 17.3-д заасны дагуу хэдэн хувиас багагүй байна. Борлуулалтын орлогын хэмжээ, түргэн хөрөнгөтэй холбогдох шаардлага, өр төлбөртэй холбогдох шаардлага, бусад шаардлага гэсэн нөхцөлүүдийг тодорхойлсон. Энэ нөхцөлүүдэд тогтоосон ямар хэмжүүрээр шалгаж, нягталж үзэх юм бэ гэдэг нь Сангийн яам, хуулийн 16.2, 16.4-д заасан дараах баримт бичгээс сонгож шаардана. 16.2-т байгаа 3 нөхцөлд 3 жилийн тайлан, 3 жилийн борлуулалтын орлого, банкны мэдэгдлүүдээс сонгож шаардана. Түүнээс бүгдийг нь шаардахгүй, эс үгүй бол өөр зүйлийг шаардахгүй гэж тодорхойлсон. Жишээлбэл, үнэлгээнд харгалзах санхүүгийн тайлангийн хугацаа сүүлийн 1 жилийнх байх юм уу, 2 жилийнх юм байх уу, хуульд үүсгэн байгуулснаас хойш 3 жил гэсэн байгаа. Харилцагч банкны мэдэгдэл дээр Монгол Улсын хуулийн этгээд, банк санхүүгийн байгууллага тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх талаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан лавлагааг манай зүгээс өгсөн. 2 жил, 1 жил, 6 сар хүртэлх хэмжээнд борлуулалтын орлогоос хамаараад санхүүгийн чадавхыг тодорхойлох боломжтой. Үүний дараа санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй. Оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт бол өөр этгээдэд хамаарч байгаа болохоор манай тохиолдолд хамаарал байхгүй. Энэ дурдаад байгаа нөхцөлүүдээс сонгоод өөрийн шаардлагыг тавина гэж Сангийн яамнаас дурдаад хуулийн 16.2-т заасныг барьсан байхад хариуцагчийн зүгээс 18.1, 18.2 гэсэн баримтууд дээр түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг яаж тооцохоо дурдсан.
Нэгт, тендерт оролцогчийн харилцах банкны дансны үлдэгдэл, харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт. Үүнийг манай зүгээс юу гэж үзэж байна гэхээр хуулийн 16.2-т банкны мэдэгдэл гэж байгаа. Банкны мэдэгдэл гэж юуг ойлгодог гэвэл хуульд тухайлан заагаагүй, Сангийн яамны журам дээр ч тухайлан заагаагүй. Магадгүй банкны мэдэгдэл гэж Банкны тухай хуулиас харах юм бол данс эзэмшигч гэсэн тодорхойлолт нь банкны мэдэгдэлдээ орох боломжтой. Энэ тохиолдолд банкны мэдэгдлээ манайх өгөөгүй, үүнийг хүлээн зөвшөөрье. Манай зүгээс ямар хүсэлт өгсөн гэхээр манай сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого нь та бүхний шаардлагаа тавиад байгаа 30 хувьд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг тендерт шалгуулахдаа үнэлээд өгөөч гэж Үнэлгээнд хороонд хүсэлт тавьсан. Үнэлгээний хороо энэ талаар огт дурдаагүй. Үнэлгээний хорооны хурлын дүгнэлт дээр манай баримтыг шалгаад эдгээр баримтуудыг ирүүлсэн гэж дүгнэсэн. Дүгнэхдээ бидний хүсэлтийг хэлэлцэн шийдээгүй буюу үнэлэх ажиллагааг хийгээгүй, борлуулалтын орлогоос буюу түргэн хөрөнгөө бидний борлуулалтын орлогоос дүгнээд үзээч, үнэлээд өгөөч гэсэн нөхцөл шаардлагыг хариуцагчийн зүгээс анхаарч үзэлгүй хуульд байхгүй шаардлага буюу харилцах банкны дансны үлдэгдэл хуульд болоод Сангийн яамны журамд харилцах банкны дансны үлдэгдэл гэсэн шаардлага тавих эрхийг захиалагчид олгоогүй. Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, Сангийн яамны жишиг дээр авч болох зээлийг тодорхойлж авна гэсэн эрхийг захиалагч өөрт олгоогүй эрхийн хүрээнд шаардлага тавьж шаардлагын хүрээнд манай компанийг хассан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс шүүх Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нөхцөл байдал, санхүүгийн чадавхыг яаж тодорхойлох юм бэ гэдэг хүрээнд захиалагчийн гаргасан шийдвэр нь хуулийн дагуу байна уу, үгүй юу гэдэгт дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна. Үүнтэй холбоотой баримтуудыг тухайлан дурдсан. Нэхэмжлэлийн шаардлага хоёрдох үндэслэлийн тухайд шалгарсан этгээд буюу Э ХХК-ийн тухай тайлбар хэлэхэд магадгүй А ХХК хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул шалгарч болох юм. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Манай компанийн зүгээс үнийн санал өгсөн, үүн дээр хөнгөлөлтийн үнэ өгсөн. Ийм үнийн дүнгээр хөнгөлнө, ингэж хөнгөлөх юм бол Э ХХК болон манай компанийн тендерийн тухайн ажлыг хийж гүйцэтгэх үнийн дүн яг ижил хэмжээнд очиж байгаа юм. Энэ утгаар манайх шалгарсан этгээдтэй холбоотой асуудлыг баримтын хүрээнд шалган үзээд манайх шалгарах боломжтой байсан гэж үзсэн. Хуульд заагаагүй баримтын хүрээнд санхүүгийн чадавхыг үнэлээд хассан гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 30 хоног гэдэг ойлголтыг тайлбарласан. Хариуцагчийн тайлбарын зүгээс 30 хоногийг цахим дээр байгаа маягтын дагуу буюу 31 хоногоор үзсэн. Э ХХК-ийн ирүүлсэн баримт дээр 30 хоног гэсэн байсан. Гэхдээ зөрүүтэй байвал цахим баримтыг үндэслэнэ гэж тайлбарлаад байгаа юм. Цахим систем дэх мэдээлэл, цахим бичиг баримт гэдэг нь ямар ойлголт гэдэг зүйл гарна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д цахим мэдээлэл, цахим бичиг баримттай холбоотой зохицуулалт байгаа. Архив, бичиг хэргийн тухай хуульд мөн энэ цахимтай холбоотой баримт гэж юуг ойлгох юм гэдэг ойлголт байгаа. Үүнтэй холбоотойгоор цахим систем гэж Худалдан авах ажиллагааны тухай хуульд цахим систем гэж оролцогч нарыг цаасан баримт бүрдүүлэхтэй холбоотой мэдээллийг боловсруулах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан цахим систем байна. Сангийн яам буюу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвийн үйл ажиллагаанд хандана гэсэн ойлголт байгаа юм. Хариуцагчийн тайлбарт Э ХХК-ийн маягтын дагуу ирүүлсэн мэдээлэл дээр 30 хоног гэсэн байна. Гэхдээ цахим системийн мэдээлэл дээрээс хараад ажлын 30 хоног гэсэн тул ажлын 30 хонгоор авч байгаа юм гэж тайлбарласан. 21.1.3-д тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх, үүсгэсэн маягтын дагуу илгээх гэж байгаа юм. Маягт гэдэг нь өөр ойлголт болж байгаа юм. Системийн мэдээллийг ямар тохиолдолд баримтлах вэ гэхээр магадгүй Т дриллинг ХХК-ийн ирүүлсэн нийгмийн даатгал төлдөг ажилчдын тоо, бусад компанийн ирүүлсэн ажилчдын тоог нийгмийн даатгал төлдөг эсэх цахим мэдээлэл буюу ХУР системтэй зөрөх юм бол цахимаар илгээсэн мэдээлэл төрөөс буюу төрд байгаа иргэний болон компанийн мэдээлэлтэй зөрөх юм бол энэ мэдээллийг авна гэж байгаа юм. Бидний өгсөн 30 хоног нь бид өөрсдөө дүгнээд баталгаат хугацааг 30 хүртэл хоногоор гаргаж болох юм байна гэж дүгнээд үүний дагуу маягт 1 дээр ажлын 30 хоног гэж тендерийн баримт бичигт хавсралтаар дурдсан. Ажлын 30-аас доошгүй хоногоор баталгаа гаргана гэсэн зааврын хүрээнд ажлын 30 хоногоос доошгүй гэдэг нь тодорхой баримт дээр бусад компани гаргасан. Гэтэл Э ХХК-ийн зүгээс 30 хоног гэдэг зүйл байна. Зааварчилгааны хавсралтад дурдсан маягтаас өөр байдлаар хаалтад 30 гэсэн тоог бичсэн байгаа юм. Магадгүй хуульд 30 хоног гэж заасан бол бид ажлын 30 хоног гэж баталгаа гаргасан. Гэтэл хуульд ажлын 30 хоног байгаа тохиолдолд ажлын 30 хоног нь илүү шүү дээ. Энэ хоногоос ажлын 30 хоног нь тухайн ажлын хоногоор тооцох юм бол магадгүй 50 гаруй хоног болно. Тийм зөрүүтэй байдал өөрөө хууль хэрэглээний хувьд захиалагчийн тавьсан шаардлагад нийцэхгүй, магадгүй энэ баталгааны хугацаа нь тендерийн үйл ажиллагаа, түүний баталгаатай холбоотой үйл явц болохоор магадгүй дараагийн асуудлуудаар зохицуулагдах хэдий ч зохицуулагдах хэмжээнд дараагийн маргаантай асуудлыг үүсгэх боломжтой. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Гэрээ байгуулах эрхийн тухай түрүүн дурдсан. Гэрээ хүчингүй болгох шаардлагын тухай магадгүй шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гарлаа гэхэд тухайн гэрээ хүчингүй болоогүй тохиолдолд шүүхээс хэдэн удаа ч гэрээг байгуулсан эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох нь өөрөө эрх зүйн хувьд ач холбогдолгүй буюу нэхэмжлэгчдийн хувьд хууль зүйн хамгаалалт болж өгч чадахгүй. Хууль зүйн хамгаалалт болж өгөхийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний дагуу тухайн шаардлагын хүрээнд бий болсон гэрээ байгуулсан үйл ажиллагааг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...1. Тендерт шалгарсан “Э” ХХК-ийн илгээсэн тендер нь шаардлага хангаагүй тухай.
1.1.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.7 болон 21.2-т заасан шаардлагыг хангаагүй тухай:
Тендер шалгаруулалтын зааварчилгаа (цаашид “ТШЗ” гэх)-ны 13.2-т “Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ", 13.2.7-д “ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв” болон 21.2-т “Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм. нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэг болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан. Гэвч тендерт шалгарсан “Э” ХХК нь эрх бүхий байгууллагаар батлуулсан ажлын төсвийг тендерийн материалд ирүүлээгүй, хүргүүлсэн ажлын төсөв нь ямар норм нормативыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байх тул тендерийн иж бүрдэл дутуу буюу ТШЗ-ны 13.2.7, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Энэ талаар бид Сангийн яаманд хүргүүлсэн гомдолдоо дурдсан боловч “гомдол хянасан тухай” албан бичгийн 2 дахь хэсэгт “...өгөгдлийн хүснэгтэд ажлын төсвийн задаргаа ирүүлэх талаар шалгуурыг заагаагүй тул “Э” ХХК нь эрх бүхий байгууллагаар батлуулсан ажлын төсвийг тендерийн материалд ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна” гэх тайлбарыг тусгаж, ТШЗ-ны 13.2.7, 21.2-т заасан шаардлагыг харгалзаж үзэлгүй, захиалагчийн шийдвэрийг огт үндэслэлгүйгээр зөвтгөсөн байна.
1.2.Ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагыг хангаагүй тухай:
ТШЗ-ны ажлын даалгавар хэсгийн 4.18-д гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр 2-3 худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, ашиглалтад бэлтгэж бүрэн тоноглож захиалагч талд хүлээ өгнө” гэж заасан. Мөн Захиалагч нь 2024 oны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/527 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагын дагуу гүйцэтгэгч ... “Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах гэрчилгээ”-тэй компаниар худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлнэ” гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд, тус тендер шалгаруулалтад оролцогч өөрийн “Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах гэрчилгээ”-г ирүүлэх эсхүл тус гэрчилгээтэй компанийг туслан гүйцэтгэгчээр оруулснаар дээрх шаардлагыг хангана. “Э” ХХК-ийн тендерийн материалд цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах гэрчилгээ эсхүл холбогдох ажлыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн мэдээлэл, баримт бичиг байхгүй байгаа нь тус компанийг ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.
1.3.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1-т заасан шаардлагыг хангаагүй тухай:
Захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/527 дугаартай “Тодруулгын хариу хүргүүлэх тухай” албан бичигт Тендерийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1-ийг “Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад 2-оос доошгүй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх. Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл бүрэн хийж гүйцэтгэж дууссан ажлын захиалагчийн тодорхойлолт ирүүлэх /Ижил төстэй ажилд хайгуулын өрөмдлөг гүйцэтгэсэн туршлагыг тооцно/’ гэж өөрчилсөн. “Э” ХХК нь 2017 оноос эхлэн 2024 он хүртэлх хугацааны нийт 49 гэрээний хуулбарыг тендерт илгээсэн ба үүнээс 20 гэрээ нь 2021, 2022, 2023 оных байна.
Дээр дурдсанчлан захиалагчаас ижил төстэй ажил гэдэгт “хайгуулын өрөмдлөг гүйцэтгэсэн туршлагыг тооцно” гэж заасан байхад тус компанийн сүүлийн 3 жилийн 20 гэрээний 8 гэрээ нь уурхайн “тэсэлгээний" өрөмдлөг гүйцэтгэх ажилд, 1 гэрээ нь “Туннель байгууламжийн талбайн геотехникийн өрөмдлөг”-т хамаарах бөгөөд тэсэлгээний болон барилга байгууламжийн геотехникийн өрөмдлөг нь ижил төстэй ажилд тооцогдохгүй болно. Түүнчлэн бид тус компанийн ирүүлсэн Маягт №4 буюу Ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг түүнд хавсаргасан гэрээнүүдтэй тулгаж шалгахад Маягт №4-ийн 28, 31 32-т заасан гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг, 26, 29, 34, 39, 40, 41,42, 43, 44, 45-т заасан гэрээнүүдийн гэрээ дүгнэсэн актыг хавсаргаагүй болно.
Улмаар тус компани нь сүүлийн 3 жилийн 11 гэрээнд гэрээ дүгнэсэн акт огт ирүүлээгүй. Гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүйн улмаас гэрээт ажил бүрэн хийгдэж дууссан эсэхийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн тус компани нь 2021-2023 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажилд холбогдох захиалагчийн тодорхойлолтыг “С” ХХК, “Б” ХХК, “И” ХХК авч ирүүлсэн боловч “М” ХХК, “Б” ХХК-ийн захиалагчийн тодорхойлолт байхгүй байна.
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримтууд буюу Маягт №4-т тусгасан зарим гэрээ, тэдгээрийн гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн дүгнэлт байхгүй байгаа нь Хуулийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасанд нийцэхгүйн зэрэгцээ мөн зүйлийн 26.10.3-т “мэдэгдлийг үнэн зөв гаргаагүй” гэх шалтгаанаар тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзах үндэслэл бүрдсэн байна.
1.4.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-т заасан шаардлагыг хангаагүй тухай:
“Э” ХХК-ийн www.tender.qov.mn-д байршуулсан ELG-3 файлын 66-72 дугаар хуудсанд тус компанийн Youngjin YJ900EMV өрмийн машины англи хэл дээрх техникийн үзүүлэлт бүхий танилцуулга орсон байх бөгөөд тус танилцуулгын монгол хэл дээрх орчуулга тендерийн материалд байхгүй байгаа нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-т “оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ" гэж заасанд нийцээгүй байна. Улмаар тухайн компанийн тоног төхөөрөмжийн хүчин чадал тендерийн баримт бичигт заасан шалгууртай нийцэх эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байхад шалгуур хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй.
1.5. Тендерийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.2-т заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох баримт шаардлага хангаагүй тухай:
Өрмийн машин бүр өөр өөрийн дахин давтагдашгүй сериал дугаартай, уг дугаараар тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн техник мөн эсэх нь тодорхойлогддог. Мөн өрмийн машин тус бүрийг үйлдвэрлэгчийн сертификат дагалддаг. Э ХХК нь тус тендерт нийт 6 ширхэг өөрийн өмчлөлийн өрмийн машин санал болгосноос Sandvik DE740 өрмийн машины №12 дугаартай “Өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ” болон Youngjin 900YJ EMV өрмийн машинуудын №01, №02, №03, №04. №05 дугаартай “Өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ”-нүүдэд тус тус өрмийн машинуудыг хооронд нь ялгах серийн дугаар эсхүл үйлдвэрлэгчээс олгосон дахин давтагдашгүй регистр бичигдээгүй байгаагийн улмаас тус гэрчилгээнүүдийг өөр өөр өрмийн машинд хамаарах эсэхийг мэдэх боломжгүй байна. Үүнээс гадна Швед улсад үйлдвэрлэдэг Sandvik DE740 өрмийн машиныг дээрх гэрчилгээнд Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гэсэн байгаа нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзэх нөхцөл байдал үүсгэж байна. Үнэлгээний хороо нь дээрх зөрүүтэй нотлох баримтыг шалгахдаа Хуулийн 5.1-д заасан “хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй байна.
Сангийн яамнаас дээрх үндэслэлтэй холбоотойгоор хариу албан бичгийн 6 дахь хэсэгт “ТШЗ-ны 19.2-т “өрмийн машины үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулга ирүүлнэ” гэсний дагуу үнэлгээнд харгалзаж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн зөвтгөжээ. Гэвч бид хүргүүлсэн гомдолдоо “Э” ХХК-ийг өрмийн машинуудын танилцуулгыг хүргүүлсэн эсэх талаар бус тухайн өрмийн машинуудыг хооронд нь ялгах сериал болон регистрийн дугаар байхгүй буюу үнэхээр танилцуулга илгээсэн өрөмдөгч машинууд нь техникийн мэдээлэлд тусгагдсан тоогоор байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна гэх үндэслэлээр гомдолдоо тусгасан байдаг.
Түүнчлэн Швед улсад үйлдвэрлэдэг Sandvik DE740 өрмийн машиныг дээрх гэрчилгээнд Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гэсэн байгаа нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзэх нөхцөл байдал үүсгэж байгаа талаар огт үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт тусгаагүйг дурдах нь зүйтэй.
1.6.Тендерийн бүрдүүлбэрийг хангаагүй тухай.
ТШЗ-ны 13.2.1, 14.1-д тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлэгт байх маягтууд нь тендерийн бүрдэл байхаар, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-аар “Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг V бүлгийн Маягт №7-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, оролцогч нь нууцлах баримт бичиг байхгүй байсан ч тендерийн бүрдэл болсон маягтад “нууцлах баримт бичиг байхгүй” талаар заавал бичиж илгээх, ийнхүү илгээгээгүй тохиолдолд тендерийг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээрх маягт байхгүй байгаагаас сонирхогч этгээд “Э” ХХК-ийн ил болсон баримтыг үзэхэд аливаа нууцалсан баримт бичиг байгаа эсэхийг мэдэх боломжгүй нөхцөлд хүрнэ. Энэ нь тендер шалгаруулалтын ил тод байдалд нөлөөлөх юм.
2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн илгээсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр нь үндэслэлгүй тухайд:
Захиалагч нь өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.1-т өрмийн эсхүл геологийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан 1 өрөмдлөгийн багийн удирдагчтай байхаар заасны дагуу бид компанийн ерөнхий геологич албан тушаалтай Н.Гыг өрөмдлөгийн багийн үндсэн удирдагчаар болон компанийн геологич албан тушаалтай Г.Гыг талбайн менежерээр санал болгож, тэдгээрийн их сургуулийн диплом болон мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан болохыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг Маягт №2 буюу хүний нөөцийн мэдээлэлд хавсарган илгээсэн. Тус ажилд санал болгосон 2 геологич аль аль нь өрөмдлөгийн багийн удирдагчид тавигдсан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тус албан тушаалд ажиллах бүрэн боломжтой юм.
Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1.3-т заасны дагуу Н.Гын диплом e-mongolia- д байршсан эсэхийг шалгахад “2011 оноос өмнө их, дээд сургууль төгссөн иргэний дээд боловсролын мэдээлэл Төрийн үйлчилгээний нэгдсэн системд байршаагүй болно" гэх тайлбар гарч ирсэн бөгөөд энэ тухай тайлбарыг мөн Маягт №2-т хавсаргасан.
Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой ... мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг шаардахгүй” гэж заасан. Тус хуулийн зохицуулалт нь боломжтой тохиолдолд тендерийн материалыг цахимаар шалгах эрхийг олгосон. Харин аливаа хуулиар боломжтой баримтыг заавал цахимаар шалгахыг үүрэг болгоогүй, нөгөө талаас 2011 оноос өмнөх боловсролын дипломыг заавал цахимд бүртгүүлэх талаар үүрэг болгосон хэм хэмжээ байхгүй. Мөн Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар ... -ыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж заасны дагуу захиалагч нь зохих шаардлага хангасан тендерийг бэлтгэж ирүүлэхэд шаардагдах бүх мэдээлэл, шалгуур, заавар зэргийг нарийвчлан тендерийн баримт бичигт тусгахаар байна. Гэтэл захиалагч нь тендер шалгаруулалтын зааварчилгаа болон өгөгдлийн хүснэгтэд 2011 оноос өмнө олгогдсон их, дээд сургуулийн дипломыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж зайлшгүй байршуулах, дээрх шалтгааны улмаас холбогдох ажилтнуудын диплом e-mongolia-д байршаагүй байвал тендерээс татгалзах эсэх болон байршаагүй тохиолдолд дипломын хуулбарыг хүргүүлж болох эсэх тухай заагаагүй.
Түүнчлэн Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т туршлагын талаарх мэдээллийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээллээр нотолж болно гэж заасан ба ингэхдээ тэдгээр мэдээллүүд зөвхөн цахимаар байхаар заагаагүй буюу тендерт оролцогчийн аливаа баримт бичгийн үнэн зөв хуулбарыг тендерт хавсарган илгээх эрхийг хязгаарлаагүй болно.
Геологич Н.Гын дээд боловсролын диплом e-mongolia-д байршаагүй асуудал нь 2011 оноос өмнө их, дээд сургууль төгссөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, Төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сан хөтөлж, бүрдүүлэх ажиллагааны улмаас үүссэн асуудал юм. Түүнчлэн манай компани 1 өрөмдлөгийн багийн удирдагчийн орон тоонд захиалагчийн шаардлагыг хангасан 2 геологич санал болгосон. Геологич Г.Гын их сургуулийн диплом Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн санд байршсан болон мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага өрөмдлөгийн багийн удирдагчид тавигдах шаардлагыг хангасан.
Захиалагч нь манай компанийн тус ажилд санал болгосон ажиллах хүч Хуулийн 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын шаардлагыг хангасан эсэхийг бодитоор үнэлэхгүй, тендерийн баримт бичиг, мэдээллийг хүргүүлсэн хэлбэрийн шаардлагаар манай тендерээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Захиалагч нь тодруулга авах боломжтой байсан тухайд
Манай компани нь тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг маягт №1-ээр захиалагчид олгосон. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж, Хуулийн “Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно” тус тус заасны дагуу Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх явцад холбогдох этгээдээс тодруулга авах бүрэн эрхтэй болно. Үүний дагуу захиалагч нь Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад холбогдох байгууллагаас Н.Г өрөмдлөгийн багийн удирдагчид тавигдсан боловсролын шаардлагыг хангах эсэхийг тодруулах боломжтой байсан. Төрийн худалдан авах ажиллагаа нь хэмнэлттэй байх зарчимд үндэслэдэг бөгөөд хамгийн бага үнийн саналтай оролцогчийн материалыг тодруулга авах замаар үнэн зөв эсэхийг шалгах бүрэн боломжтой болно.
4. Захиалагчийн 01/790 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр нь хууль бус захиргааны акт болох тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “Захиалагч нь үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрхтэй тухай, 28 дугаар зүйлийн 28.1-д “гэрээ байгуулах эрх олгох, тендерээс татгалзах зэрэг шийдвэр гаргах эрхтэй” тухай тус тус заасан байна. Эндээс үзвэл, захиалагч Э ХК нь өөрийн байгуулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хянасны үндсэн тухайн шийдвэрийг хууль ёсны гэж үзэж, манай компанид хуулийн 28.1.3-т заасан шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, захиалагч Э компани нь тендерийн хорооны хууль бус шийдвэрт үндэслэн хуулийн 28.1.3-т заасан бие даасан шийдвэр буюу захиргааны актыг гаргасан байна. Иймд энэхүү захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Дээрх байдлаар Э ХК-ийн зарласан ЭТТХК/2 дугаартай “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтын Багц №1-т илгээсэн тендерүүдийг үнэлсэн Тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагчийн шийдвэрүүд нь огт үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ЭТТХК/2 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-д “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр болон “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №01/790 шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын Багц №1-д “А” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү.
...Гэвч маргаан бүхий захиргааны акт буюу Үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хууль бус эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад захиалагч болох “Э” ХК нь тендерт шалгарсан гэх “Э” ХХК-тай “Далд уурхай хайгуулын өрөмдлөг хийх” гэрээг байгуулсан байна. ЭТТХК/2 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь “Э” ХХК-ийн илгээсэн тендер нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны хэд хэдэн шаардлага хангаагүй байхад үл харгалзан “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль бус захиргааны акт болох талаар дурдсан. Нэгэнт тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны дээрх шийдвэр нь хууль бус захиргааны акт болохын хувьд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул хууль бус шийдвэрүүдэд үндэслэгдэн байгуулагдсан №ЭТТ-2024/1229 “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ” гэрээг ч мөн адил хүчингүй болгох нь зүйтэй билээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд:
28.1.Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:
28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”; гэж заасан. Гэвч тендерт шалгарсан гэх “Э” ХХК-ийн илгээсэн тендер нь хуульд заасан хамгийн сайн гэх шаардлагад нийцээгүй байхад эрх олгож, гэрээ байгуулсан нь хуулийн дээрх хэм хэмжээг зөрчсөн явдал юм. Түүнчлэн хуулийн 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” бол гэрээ байгуулж болохгүй нөхцөл байдалд хамаарч байна.
Үүнтэй холбоотойгоор “Э” ХК болон “Э” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн №ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1, 30.3.2 дах хэсгийг зөрчиж, хууль бус шийдвэрүүдийн үндсэн дээр байгуулагдсан тул уг гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3 дах хэсэгт тус тус заасны “Э” ХК-аас зарласан Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-д “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, “Э” ХК-ийн 2024.05.09-ний өдрийн №01/790 шийдвэр болон дээрх хууль бус шийдвэрүүдийн үндсэн дээр байгуулагдсан 2024.06.26-ний өдрийн ЭТТ-2024/1229 тоот Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу мөн тендерийн Багц №1-д “А” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
2.4. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“А ХХК-ийн хувьд 2012 оноос хойш энэ өрөмдлөгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж, Австрали өрөмдлөгийн технологийг Монголд суурьшуулж ажиллаж байгаа компани. Үйл ажиллагааны хүрээнд Э ХК-аас зарласан тендерт оролцсон. Оролцохдоо хамгийн бага үнийн саналыг өгсөн. Худалдан авах ажиллагааны тухай буюу Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар хамгийн бага үнийн саналтай бол хамгийн сайн гэж үзэхээр материалыг явуулсан. Энэ материалаас хууль бусаар хариуцагч татгалзаж, өөр шаардлага хангаагүй компанитай гэрээ байгуулах эрх олгосон учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой тайлбарласан.
Э ХХК-ийн төсөвтэй холбоотой шаардлагатай хариуцагч юу гэж маргадаг гэхээр бид тендерийн өгөгдлийн хүснэгт дээр үүнийг заагаагүй учраас шаардахгүй гэж маргадаг. Гэтэл Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 259 дугаартай тушаалаар баталсан тендерийн жишиг баримт бичиг байгаа. Энэ жишиг баримтын хүрээнд тендерийн баримт бичиг боловсруулагдах ёстой гэдэг нь Тендерийн хуулиараа тодорхой харагддаг. Энэ баримт бичгээр өгөгдлийн хүснэгтээр тодруулж болох зүйл, болохгүй зүйлийг тодруулаад бичсэн. 21.1, 21.2-д өгөгдлийн хүснэгтээр тодруулах шаардлагагүйгээр төсвийг авах ёстой. Төсвийг яагаад авах ёстой гэвэл ажил гүйцэтгэхэд үнэ дагаад чанар яригдаж байгаа буюу чанарыг төсвөөр нотлох үүрэгтэй. Үүнтэй уялдуулаад тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.7 дээр 21-д заасан ажлын төсөв нь тендерийн иж бүрдэл буюу салгаж болохгүй нэг хэсэг байна гэж заасан. Гэтэл энэ тендерийн ажлын төсөв байхгүй байхад шаардлага хангасан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Ажлын даалгаврын 4.18-д 2-3 цооногийг гаргана гэж заасан. Тухайн компани цооног өрөмдөх зөвшөөрөлгүй бол цооног өрөмдөх зөвшөөрөлтэй компанийг оролцуулах шаардлагатай байхад шаардлага хангаагүй этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон. Мөн тендерийн өгөгдлийн хүснэгтэд 5 ширхэг шаардлага хангасан өрмийн машин байна гэж заасан. Гэтэл Э ХХК-ийн 2, 3 өрөм нь мэдэгдэхгүй, сериал дугаар байхгүй. Нийт хүчин чадлын шаардлага нь монгол хэл дээр биш буюу тендер шалгаруулалт энэ өгөгдлийн хүснэгтийн 12.1-д заасан шаардлагыг хангаагүй. Энэ шаардлагуудыг хангаагүй бол тендерээс татгалзана гэж яриад байдаг. Гэтэл Тендерийн тухай хуулийн 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлага хангасан тендер гэж үзнэ гэж тодорхой заасан байхад шаардлага хангаж байна гэдэг нь үндэслэлгүй байна.
Цахим Монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Архивын тухай хуулиар аливаа мэдээллийг цахимаар хадгалахыг дэмжиж байгаа юу, дэмжиж байгаа. Гэхдээ хэзээ ч эх хувиас илүү үнэлэгдэнэ гэдэг зохицуулалт байхгүй. Эх хувь нь байхад зөвхөн цахимыг үнэлнэ гэдэг шаардлага бол огт байхгүй. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасанчлан шалгасан уу. Шалгасан зүйл байхгүй байсан. Энэ үүргийн дагуу бид боломжит хугацаандаа хүсэлтээ гаргасан. Жишээлбэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Архивын тухай хууль, Боловсрол сайдын баталсан журам дээр иргэн хүсэлтээ гаргаад ХУР системд оруулна гэсэн зүйл огт байхгүй. Анхнаасаа цахимд байх боломжгүй мэдээллийг цахимаар шаардаж байгаа нь өөрөө хууль бус гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэхдээ бид боломжит хугацаанд гаргасан. Тухайн үед тендер шалгаруулалтад үнэлэхэд энэ асуудал ороогүй. Яагаад энэ хүсэлтийг иргэнээс аваад хэдий хугацаанд шийдэх юм гэдэг зохицуулалт байхгүй буюу төрийн захиргааны байгууллага хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдээд явж байгаа. Иргэнээс авах тухай огт байхгүй буюу төрийн байгууллагууд хоорондоо яаж цахимд шилжүүлэх вэ гэдэг зүйл байгаа болохоос биш иргэн энэ мэдээллийг цахимд шилжүүлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй. Бид боломжит эх хувиар нь гаргаад өгсөн. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Тендерийн тухай хуулиар ч аль болох хэмнэлттэй ажиллах үүрэг төрийн аль ч байгууллага төрийн өмчит компанид үүрэг болгосон. Хамгийн бага санал өгсөн компанийг хуульд заагаагүй, үндэслэлгүй шаардлагын үндсэн дээр хасаж байгаа нь өөрөө хууль бус. Тендерийн материалд өгч байгаа дипломын үнэн зөвийг бид өөрсдөө хариуцаж байгаа. Ямар нэгэн байдлаар өгч байгаа материалын үнэн зөвийг хариуцаад явж байгаа. Төрийн компанийн төлөөлөгч хэр нь хувийн хэвшлийн компанийн өмгөөлөгч мэт тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй байна. Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан шаардлага Э ХХК хангаагүй. Тиймээс мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендерт татгалзана гэдэг үндэслэлээр татгалзах үүрэгтэй байсан тул Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Манай компаниас Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн боловч хууль бусаар татгалзсан нь үндэслэлгүй. Тиймээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. Мөн Э ХХК-д эрх олгосон шийдвэрийн дагуу байгуулагдсан гэрээ нь нэгэнт хууль бус тул хүчингүй болсноор бидний эрх ашиг хангагдана гэж үзэж байна.” гэв.
2.5. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Тендер шалгаруулалт буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар ямар тендерийг шалгаруулах юм бэ гэдгийг заасан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д хамгийн сайн гэж үнэлсэн тендерийг шалгаруулж гэрээ байгуулна. Хамгийн сайн тендер гэдгийн нэгдүгээрт, хамгийн бага үнийн санал өгсөн хоёрдугаарт, техникийн болон чадавхын шаардлагыг хангаж, холбогдох туршлагатай гэж заасан. Нэхэмжлэгч А ХХК-ийн хувьд хамгийн бага үнийн санал гаргасан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Э ХХК-аас 70 гаруй сая төгрөгийн ялгаатай үнийн санал өгсөн. Нэхэмжлэгч А ХХК-аас татгалзсан хуулийн үндэслэл нь өөрөө чадавхын шаардлага буюу 17 дугаар зүйлд заасан шаардлага байгаа. А ХХК чадавхын шаардлагыг хангаагүй гэхээр хангалттай хангасан. Яагаад гэвэл өрмийн багийн удирдагч Н.Г холбогдох шаардлага буюу ажилласан жилийн туршлага, дээд боловсролын диплом, боловсролын зэргээр хангасан байгаа. Тендерийг хэрхэн үнэлж байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ялгамжтай тайлбар өгөөд байна. Жишээлбэл, Э ХХК монгол хэл дээр баримтаа бүрдүүлж ирүүлэх ёстой байтал орчуулгыг ирүүлээгүй, англи хэл дээр ирүүлсэн. Гэтэл Монгол хэлээр ирүүлэх шаардлага тавигдсан. Гэтэл энэ англи хэл дээрх танилцуулгыг вебсайтаар ороод шалгасан шаардлага хангаж байна гэдэг тайлбарыг өгдөг. Тендер үнэлээд байгаа аргачлалын дагуу А ХХК дипломыг илгээсэн. Имонголиа-д байрласан эсэхийг шалгаарай гэсний дагуу шалгасан. Диплом шаардлагыг хангаад байхад татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс буюу Үнэлгээний хорооны зүгээс 2 өөр компанийн ирүүлж байгаа тендерийг 2 ялгамжтай байдлаар үнэлж байгаа. Нэгэнт шаардлага хангасан, илэрхий байхад үнэлэхгүй гэдэг нь үндэслэлгүй. Э ХХК шалгаруулж байгаа хэр нь А ХХК илгээсэн тендер дээр заавал бидний шаардсан байдлаар ирүүлээгүй. Тиймээс чадавхын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө н.Г гэдэг хүний диплом нь ХУР системд байршаагүй гэдэг болохоос биш ямар нэгэн байдлаар А ХХК энэ тендерийн хүрээнд тавигдаж байгаа чадавхын шаардлагыг хангаагүй гэсэн үг бол биш байгаа юм. Цахим үндэстэн гэдэг үндэсний хөтөлбөрийн зорилго нь иргэдэд төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх талаар юм. Гэтэл н.Г гэдэг хүний диплом ХУР системээр дамжуулан шалгахад байсан хэр нь бид цаасаар өгсөн бол энэ өөр хэрэг. Энэ талаар шалгаарай гээд тендерийн өгөгдлийн хүснэгт дээр заасан байсан. Үүний дагуу шалгасан, шалгаад бид арга хэмжээг авсан. Нөгөө талаараа тендерийн өгөгдлийн хүснэгт дээр ХУР системээр дамжуулж шалгасан хэлбэрийг л үнэлнэ шүү гэж тодорхой зааж, дипломыг үнэлэхгүй гэж тодорхой заасан бол өөр хэрэг, зүгээр шалгана уу гэж бичсэн, бид шалгасан, хариу арга хэмжээ авсан л асуудал байгаа юм. Хариуцагчийн зүгээс тайлбарлаад байгаа үндэслэл болгож байгаа хуулийн үндэслэл буюу чадавхын шаардлага хангаагүй бол биш, шаардлага хангасан. Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан буюу хамгийн бага үнийн санал өгсөн, чадавхын шаардлагыг хангасан тодорхой туршлагатай компани буюу хамгийн сайн үнэлэгдсэн тендер материал байгаа юм. Түүнчлэн төсөв яагаад хийлгээгүй гэдэг асуудал дээр Э ХХК-аас тендер шалгаруулалтын зааварчилгааны 21-д заасан баримт бичгийн дагуу Э ХХК яг ямар баримт бичиг ирүүлсэн гэхээр тодорхой хариулт өгөхгүй. Гэтэл энэ тендерийн багц 1-д орж байгаа бусад компани буюу Т дриллинг ХХК, А ХХК-ууд яг адилхан ойлгоод эрх бүхий байгууллагаас баталсан норм нормативын дагуу төсөв боловсруулаад илгээсэн. Гэтэл Э ХХК зүгээр ирүүлсэн үнийн санал нь энэ төсөв гэж зогсож байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичиг дээрээ заасан шалгуураа өөрсдөө дагаж мөрдөхгүй байгаа буюу ялгамжтай байдлаар тендерийг үнэлээд Э ХХК-ийг хууль бусаар эрх олгосон байна гэж үзэж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал
3.1. Хариуцагч “Э” ХК-иас “Т дриллинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
... нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Э ХК-ийн Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/22240101101 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10:30 цагт нээсэн бөгөөд Багц №1-д “А” ХХК, “Э” ХХК, Н ХХК, “Т дриллинг” XXК-ууд материал ирүүлсэн.
Koмпанийн үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээг хийсэн.
“А” ХХК, “Т дриллинг” ХХК-уудын ирүүлсэн тендер нь Төрийн болог орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хангаагүй тул татгалзаж, “Т дриллинг” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/791 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, “Э” ХХК, Н ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлж. 1 дүгээрт эрэмбэлэгдсэн “Э” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/789 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон болно.
Тендер шалгаруулалтын баримт бичиг /цаашид ТШББ гэх/-ийн ТШЗ 18.1, 18.2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ багц тус бүхийн батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй байна. /4,410,000,000 төгрөг/ тодруулгаар өөрчилсөн”, Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд:
-Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл,
-Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Харилцагч банкны судлан үзэж зээл олгох боломжтой тухай тодорхойлолтыг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй”/ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь тендерийн материалдаа түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримтыг ирүүлээгүй ба тус компанийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №24/60 тоот бичигт “Борлуулалтын хэмжээ, ашиг”-ийн лавлагаанаас шалгах тухай мэдэгдэл ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасанчлан ТШББ нь захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичиг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг хянан үздэг.
Нэхэмжлэгч компани ТШББ-т заасны дагуу материалаа бүрдүүлж ирүүлээгүй атлаа нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ТШББ-ийн ТШЗ 18.1, 18.2-т заасан шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчиж, хуульд заагаагүй баримтыг оролцогчоос нэмэлтээр шаардан тухайн шаардлагын дагуу тендерээс хассан...” гэж захиалагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасны дагуу ирүүлэх шаардлагатай баримт бичгүүдийг ТШББ-т заасан бөгөөд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 6.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичигт хуулийн 16.2.1-д үндэслэн “харилцагч банкны мэдэгдэл" ирүүлэхийг шаардсан бол дараах баримт бичгийг хянан үзнэ:”, 6.1.1-д “зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс цахимаар ирүүлсэн лавлагаа (тодорхойлолт)”, 6.1.2-т “банкны данс, түүний үлдэгдлийн мэдээллийг харилцагч банкны лавлагаа (тодорхойлолт)” гэж заасан байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй юм.
Мөн, нэхэмжлэгч нь Багц №2-т материал ирүүлэхдээ “хуульд заагаагүй баримтыг оролцогчоос нэмэлтээр шаардсан” гэх баримтаа хавсаргаж өгсөн атлаа Багц №1, Багц №2- т оролцохдоо ижил төрлийн баримт бүрдүүлсэн байхад зөрүүтэй дүгнэсэн гэж худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй “Э” ХХК нь шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
А. ТШЗ-ны 23.1-т “тендерийн хүчинтэй байх хугацааг ажлын 30-аас багагүй өдөр байхаар маягт №1-т заана” гэж заасан бөгөөд “Э” ХХК нь цахимаар илгээсэн Маягт №1- д “... [ажлын 30 ба түүнээс дээш өдрийн тоо] 30...” гэж ирүүлсэн тул уг шаардлагыг хангаж байсан.
Б. ТШЗ 16.1.2.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг бичгээр гарган баталгаажуулж ирүүлнэ” гэж заасан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-03/90 дугаартай албан бичгийн 2.1-д, мөн цахимаар илгээсэн Маягт №1-ийн 2.1- д ’ хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй...” талаар гэрчилсэн байна.
“Э” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01-03/74 дүгээр албан бичиг нь ажлын даалгаврын 7 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж ажиллахаа илэрхийлсэн мэдэгдэл байхад нэхэмжлэгч нь зөрүү ойлгож, үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгасан байна.
3. Нэхэмжлэгч “Т дриллинг” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4438 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн болно.
... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Захиалагчаас “А” ХХК, “Т дриллинг” ХХК-уудын ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хангаагүй тул татгалзаж, “Э” ХХК, Н ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлж, 1 дүгээрт эрэмбэлэгдсэн “Э” ХХК-д хүргүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/789 дүгээр албан бичгийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан болно.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ дурдсан нөхцөл байдал буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.3.2-д заасан нөхцөл байдал гэрээ байгуулах үед үүсээгүй тул дээрх хуулийн заалтуудыг зөрчиж гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзэж, “Э” ХХК-д 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/789 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүргүүлсэн бөгөөд хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болох “Э” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас дээшгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Э ХК болон тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.Б, С.М нараас “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Э ХК-ийн “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 дугаартай тендер сонгон шалгаруулалт”-ыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10:30 цагт нээсэн бөгөөд Багц №1-д “А” ХХК, “Э” ХХК, Н ХХК, “Т дриллинг” ХХК-ууд материал ирүүлсэн.
Компанийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээг хийж, үнэлгээний тайлан, зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн.
Захиалагчаас “А” ХХК, “Т дриллинг” ХХК-иудын ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хангаагүй тул татгалзаж, “А” ХХК-д 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/790 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, “Э” ХХК, Н ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлж, 1 дүгээрт эрэмбэлэгдсэн “Э” ХХК-д 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/789 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон болно.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй “Э” ХХК нь шаардлага хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
1.1.Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 13.2.7, 21.2-т заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Захиалагч нь тендерт оролцогч болон тендерт тавих шалгуур үзүүлэлт, мэдээллийг тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгадаг бөгөөд ТШЗ-ны холбогдох зүйл, заалттай уялдуулан тохирох мэдээллийг тусгаж тендерийн өгөгдлийн хүснэгтийг боловсруулдаг. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болдог.
Энэхүү тендер шалгаруулалтын баримт бичиг /ТШББ/-ийн тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-Д ажлын төсвийн задаргаа ирүүлэх талаар шалгуурыг заагаагүй байна.
1.2.Ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Ажлын даалгаврын 4.18-д “Гүйцэтгэгч компани нь өөрийн хөрөнгөөр 2-3 худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, ашиглалтад бэлтгэж бүрэн тоноглож захиалагч талд хүлээ өгнө” гэж заасан. Тендерт оролцохыг сонирхогч этгээдээс тодруулга ирүүлсний дагуу захиалагчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/527 дугаар албан бичгийн 6-д “...Ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагын дагуу гүйцэтгэгч тал бүрэн хариуцах ба гэрээний хэрэгжилтийн явцад “Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах гэрчилээ”-тэй компаниар худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлнэ” гэж тодруулсан бөгөөд тухайн гэрчилгээг ирүүлэх талаар шалгуур заагаагүй.
1.3.ТӨХ-ийн ТШЗ-ны 19.1-т заасан шаардлагыг хангаагүй тухайд:
Захиалагчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/527 дугаар албан бичгийн 4-д ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудад 2-оос доошгүй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл бүрэн хийж гүйцэтгэж дууссан ажлын захиалагчийн тодорхойлолт ирүүлэх /Ижил төстэй ажилд хайгуулын өрөмдлөг гүйцэтгэсэн туршлагыг тооцно/” гэж тодруулсан.
“Э” ХХК нь дээрх шаардлагыг хангаж байсан тул М ХХК, Б ХХК-ийн захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн эсэхийг үнэлгээнд харгалзаж үзээгүй.
1.4.ТШЗ-ны 12.1 -т заасан шаардлагыг хангаагүй тухайд:
ТӨХ-ийн ТШЗ 19.2-н 2.3-т “Өрмийн машины үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулга ирүүлнэ. /Танилцуулгад үндэслэн ажлын даалгаварт шаардсан өрмийн машины хүчин чадлыг тооцох ба ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэгчийн веб сайт дээрх мэдээллийг үндэслэн хүчин чадлыг шаардлагад нийцэж буй эсэхийг нягтална гэж заасан учир “Э” ХХК-ийн санал болгосон Youngjin YJ900EMV өрмийн машины англи хэл дээрх техникийн үзүүлэлт бүхий танилцуулга ирүүлсэн тул шаардлага хангахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
1.5.ТӨХ-ийн ТШЗ-ны 19.2-т заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох баримт шаардлага хангаагүй тухайд
ТӨХ-ийн ТШЗ-ны 19.2-т “2.1.Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтын дагуу бөглөж ирүүлнэ. 2.2.Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд авч үзэхгүй. (Тоног төхөөрөмж, машин механизмын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан илгээх зааварчилгааг хэрэглэгчийн хөтөч хэсэгт орж танилцана уу), 2.3. Өрмийн машины үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулга ирүүлнэ. /Танилцуулгад үндэслэн ажлын даалгаварт шаардсан өрмийн машины хүчин чадлыг тооцох ба ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэгчийн веб сайт дээрх мэдээллийг үндэслэн хүчин чадлыг шаардлагад нийцэж буй эсэхийг нягтална. 2.4 Дээрх хүснэгтэд заасан, ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн машин механизмуудыг 3-аас доошгүй нь тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай. 2.5 Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ. Түрээсийн гэрээг тендер зарласан өдрөөс хойш зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад асуудлыг тодорхой тусгасан байх” гэж заасан.
Ажлын даалгаврын 5-д “5.1. Гүйцэтгэгч тал нь 5 /тав/ өрмийн машинтай байх бөгөөд өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш метр. NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метр өрөмдөх хүчин чадалтай, холбогдох тоног төхөөрөмжтэй байна. Кернийн дээж нь гулуузан дээжтэй байх бөгөөд 3 өрөмдлөгийн машин нь өөрийн эзэмшлийн, 2 өрмийн машин нь түрээсээр байж болно. 5.2. Өрөмдлөгийн хүчин чадлын үзүүлэлтийг техник үйлдвэрлэгчээс заасан техникийн дээд, доод хязгаарын үзүүлэлтээр тооцно. 5.3.Техникийн тоног төхөөрөмж, үйлчилгээ үзүүлэх бусаг багаж хэрэгслийн бүрэн байдлыг Захиалагч тал ажил эхлэх болон гэрээний хугацаанд ажиллана.” гэж тус тус заасан байна.
“Э” ХХК-ийн санал болгосон өрмийн машинууд дээрх шаардлагыг хангаж байгаа бөгөөд өрөмдлөгийн холбооны “Өрөмдлөгийн төхөөрөмжийн гэрчилгээ”-нд үйлдвэрлэсэн улс зөрүүтэй бичигдсэн, өрмийн машинуудыг хооронд нь ялгах серийн дугаар үйлдвэрлэгчээс олгосон дахин давтагдашгүй регистр бичигдээгүй гэх үндэслэлээр тендерийг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
1.6.Тендерийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
“Э” ХХК-аас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-03/90 дүгээр албан бичгээр “8.Тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч, тендерийг нууцлах аливаа үүргээс захиалагчийг бүрэн чөлөөлж байна.” гэж мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэгчийн “...сонирхогч этгээд “Э” ХХК-ийн ил болсон баримтыг үзэхэд аливаа нууцалсан баримт бичиг байгаа эсэхийг мэдэх боломжгүй нөхцөлд хүрнэ. Энэ нь тендер шалгаруулалтын ил тод байдалд нөлөөлөх юм” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч компанийн тендер шаардлага хангаагүй тухайд:
ТШББ-ийн ТӨХ-ийн ТШЗ 19.1-т албан тушаалын нэршлийг өрмийн багийн удирдагч гэж тодорхой зааж өгсөн ба ТШЗ 19.2-ын 1.2-т “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. (Хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn- ээр дамжуулан илгээх зааварчилгааг хэрэглэгчийн хөтөч хэсэгт орж танилцана уу.)”, 1.3-т “Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/- д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу.) гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч компанийн хүний нөөцөд санал болгосон өрмийн багийн удирдагч Н.Гын сургууль төгссөн дипломыг ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгахад ирүүлээгүй байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 24/074 дүгээр албан бичгээр “...2011 оноос өмнө их дээд сургууль төгссөн иргэний дээд боловсролын мэдээлэл Төрийн үйлчилгээний нэгдсэн системд байршаагүй 2011 оноос олгогдсон дипломын хуулбарыг Маягт №2-т хавсарган хүргүүлж байна.” гэсэн тайлбар ирүүлсэн.
Мөн нэхэмжлэгч компани ТӨХ-д заасны дагуу материалаа бүрдүүлж ирүүлээгүй атлаа нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Г.Гыг талбайн менежерээр санал болгосон... өрөмдлөгийн багийн удирдагчид тавигдсан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ... тус албан тушаалд ажиллах боломжтой...” гэж тайлбарласан байна.
Захиалагчийн баталсан ТШББ-ийн ТӨХ-д талбайн менежер гэх албан тушаал заагаагүй бөгөөд талбайн менежерийг өрөмдлөгийн багийн удирдагч хийж чадна гэж үзэж дүйцүүлэн тооцох боломж ч байхгүй.
Түүнчлэн, талбайн удирдагч гэх Г.Гын их сургууль төгссөнийг нотлох дипломын мэдээлэл Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн санд байршаагүй байхад нэхэмжлэлдээ “...Г.Гын их сургуулийн диплом Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн санд байршсан...” гэж худал тайлбар гаргасан байна.
ТӨХ-д “Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу )” гэж тодорхой заасан байхад нэхэмжлэгч нь “...2011 оноос өмнө олгогдсон их дээд сургуулийн дипломыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандан зайлшгүй байршуулах, дээрх шалтгааны улмаас холбогдох ажилтнуудын диплом e-mongolia-д байршаагүй байвал тендерээс татгалзах эсэх болон байршаагүй тохиолдолд дипломын хуулбарыг хүргүүлж болох эсэх тухай заагаагүй...” гэж ТӨХ-д заасны дагуу материалаа бүрдүүлж ирүүлээгүй алдаагаа зөвтгөж, захиалагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нөгөөтээгүүр, ТӨХ-д өрөмдөгчийн сургууль төгссөнийг нотлох мэдээллийг шаардаагүй хэдий ч нэхэмжлэгчээс санал болгосон өрөмдөгч Д.Аын 2004 онд ШУТИС төгссөн гэх цахим лавлагааг нэхэмжлэгч нь ХУР системээс байснаас үзвэл “...2011 оноос өмнө их дээд сургууль төгссөн иргэний дээд боловсролын мэдээлэл Төрийн үйлчилгээний нэгдсэн системд байршаагүй..., ...2011 оноос дипломын хуулбарыг Маягт №2-т хавсарган хүргүүлж байна.” гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.
Хэрэв нэхэмжлэгч компани ТӨХ-ийн ТШЗ 19.2-т заасан шаардлагыг ойлгоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу тендер нээхээс өмнө тодруулга авах бүрэн боломжтой байсан. Тендер нээхээс өмнө тодруулга авахыг хориглож, хязгаарлаагүй болно.
Харин захиалагчийг тодруулга аваагүй гэх үндэслэлийн тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан.
Нэхэмжлэгчээс санал болгосон өрмийн багийн удирдагч Н.Гын суралцаж төгссөн диплом тендер нээсэн өдрөөр Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн санд байгаагүй гэх үйл баримт өөрчлөгдөхгүй, цахимд байршуулаагүй талаар компани албан бичгээр мэдэгдсэн байдаг тул захиалагчаас тендертэй холбоотой тодруулга авах нөхцөл үүсээгүй болно.
3. Нэхэмжлэгч “А” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4437 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн.
... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Захиалагчаас “А” ХХК, “Т дриллинг” ХХК-уудын ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хангаагүй тул татгалзаж, “Э” ХХК, Н ХХК-ийн ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу эрэмбэлж, 1 дүгээрт эрэмбэлэгдсэн “Э” ХХК-д хүргүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 09- ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай" 01/789 дүгээр албан бичгийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тодорхой дурдаагүй байх хэдий ч Захиалагчийн зүгээс хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болох “Э” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгч компаниуд аль аль нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн заалтуудыг хууль зөрчсөн, буруу байсан гэдэг байдлаар тайлбарлаад байна. Хэрвээ тендерийн өгөгдлийн хүснэгтийн заалттай маргах байсан бол тендер нээхээс өмнө оролцогч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58.1-д заасны дагуу оролцох эрхийг нь хязгаарлаж, шударга өрсөлдөх эрхийг хязгаарлаж байна гэдэг үндэслэлээр гомдол гаргаад тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах замаар тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг зөвшөөрөхгүй гомдол гаргаад явах боломжтой. Одоо шүүх дээр тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч оролцож орж ирээд дараа нь шийдвэр гарсны дараа тендерийн өргөдлийн хүснэгтэд заасан баримтууд нь өөрөө болохгүй байсан, хууль зөрчсөнб гэдэг байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК-ийн дипломын тухайд тендерийн өгөгдлийн хүснэгүүдэд нэгэнт хүчинтэй баталгаажсан материалын дагуу баримтууд ирүүлсэн, ирүүлсэн баримтад заасан шаардлага дээр дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй гэж бичсэн байгаа. Шаардлагагүй гэж нэгэнт захиалагчаас хэлсэн байхад өөр баримт шалгавал хууль зөрчсөн хэрэг болно. Үүнээс гадна цахимаар баримтуудыг шалгах бөгөөд байгаа эсэхийг урьдчилж шалгаарай гэдэг нь өөрөө өмнө нь ийм маргаан үүсэж байсан учраас энэ эрсдэлээс хамгаалахын тулд урьдчилж сануулаад байгаа хэлбэр. Хэрвээ 2011 оноос өмнө төгссөн хүмүүсийн диплом байхгүй байна гэдэг байдлаар тайлбар өгч байсан бол үүнээс өмнө тодруулга авах бүрэн боломж байсан, тодруулах эрхийг хязгаарлаагүй. Захиалагчийн зүгээс тодруулга авах асуудлын тухайд гэвэл Тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д хязгаарласан байгаа. Тендерт оролцогчийн ирүүлсэн баримт бичгийг шаардлагад нийцүүлэх зорилгоор тодруулга авахгүй гэсэн хууль зүйн заалт байгаа. Т дриллинг ХХК-ийн тухайд түргэн хөрвөх хөрөнгийн талаар маш их ярилаа. Тендерийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д харилцагч банкны дансны мэдээлэл гэж заасан. Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар баталсан тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, заавар байгаа. Энэ илэрхий үйл баримт энэ зааврын 6.1 дээр хэрвээ харилцагч банкны мэдэгдлийг үндэслэсэн бол энэ баримтыг ирүүлэхээр шаардсан бол дараах нотлох баримт бичгүүдийг ирүүлнэ. Энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Т дриллинг ХХК баримтуудаа ирүүлээгүй. Манай тендерийн өгөгдлийн хүснэгт хууль зөрчөөд гарсан зүйл байхгүй. Сангийн сайдын журамд үндэслэж гарсан. Энэ журам дээр харилцагч банкны мэдэгдлийг шаардаж байгаа тохиолдолд энэ 3 баримтыг энэ баримтуудад үндэслэнэ гэж заасан. Багц 2 дээр энэ баримтын дагуу ирүүлж болоод байдаг, Багц 1 дээр ирүүлнэ гэхээр хууль зөрчсөн, шаардах ёсгүй баримтыг шаардсан гэж тайлбарлаад байгааг хариуцагчийн зүгээс ойлгохгүй байна. Э ХХК-ийн тухайд гэвэл тендерийн хүчинтэй хугацааны хувьд Тендерийн хуулийн 21.1.3, 21.3-д заасан байгаа. Цахим маягтыг цахимаар ирүүлнэ. Цахим маягт болон бусад баримтууд нь хоорондоо зөрсөн тохиолдолд цахимыг нь үнэлнэ гэсэн. Цахим дээр ажлын 30 хоног гэж бичсэн байгаа учраас Үнэлгээний хорооны зүгээс ажлын 30 хоногийн дотор гэж ирүүлээгүй байна гэж татгалзах үндэслэл болохгүй. А ХХК-ийн хэд хэдэн үндэслэл байгаа. Энэ үндэслэлүүд нь ихэнхдээ тендерийн өгөгдлийн хүснэгт, нөхцөлүүдтэй холбоотой. Тендерийн өгөгдлийн хүснэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ шаардлагууд бол ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа.
Тендерийн өгөгдлийн хүснэгтэд төсвийн задаргааг ирүүлэх талаар шаардаагүй. Үнийн саналаа л ирүүлсэн. А ХХК-ийн ирүүлсэн төсвийн задаргааг харахад барилгын төсөв харагдаад байдаг. Ийм задаргаа ирүүлсэн бол тендерийн сонгон шалгаруулалтад ямар ч ач холбогдолгүй.
Ажлын даалгаврын тухайд, Ажлын даалгаврын 4.10-ыг тодруулгаар хангалттай хэлсэн. Энэ зөвхөн гэрээний хэрэгжилтийн явцад хамааралтай ажил. Шалгарсан компани өөрөө энэ ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэнэ. Хийлгэх үедээ тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллагаар хийлгүүлнэ гэдэг агуулгыг өгсөн. Э ХХК-ийн гаргасан 3 дахь үндэслэлийн тухайд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага дээр 2-оос доошгүй ижил төстэй ажлыг шалгуур үзүүлэлтэд заасан байгаа. 2-оос доошгүй баримтыг Э ХХК-аас ирүүлсэн байсан. Илүү олон ижил төстэй ажлын туршлага явуулсан ч үнэлгээний хороо бүгдийг нь шалгах шаардлагагүй гэж үзэж байгаа. Дөрөвдөх асуудлын тухайд өрмийн машины үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий танилцуулгыг ерөнхийд нь ирүүлээгүй, сайтаас шалгана гэж заасан. Сайт болон танилцуулга дээрх мэдээлэл зөрөөгүй, сайт руу нь орж харсан төлөвлөгөө таарч байгаа. Тавдугаар үндэслэлийн тухайд өрмийн гэрчилгээний талаар шаардлага тавиагүй. Сериал номер байх ёстой талаар үнэлгээний хороо, захиалагчаас тендерийн баримт бичиг дээр шаардлага тавиагүй учраас сериал дугаар заавал байх ёстой гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Зургаа дахь үндэслэлийн тухайд, нууцалсан баримт байгаагүй учраас нууцалсан баримтын жагсаалтыг маягт 7-д заасны дагуу хүргүүлж ирүүлэх шаардлагагүй гэж Үнэлгээний хорооны зүгээс үзсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Тендерийг төсөвт нийт өртгөөр нь задлахыг зохицуулсан зүйл байхгүй. 63 мянган тууш метр өрөмдлөг хийх ажлыг 22 тэрбум 50 сая төгрөгөөр хийэ гэж байгаа. Энэ үнийн дүнгээс хэдэн төгрөгийг ашиг алдагдал гаргаж хийх нь оролцогч компанийн өөрийн эрсдэл болж байна. Нийт төсөвт өртгөөр тендер зарлахыг хориглоогүй. Энэ арга замыг захиалагч өөрөө сонгож, задаргааг шаардалгүй тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах арга замаар өгөгдлийн баримт бичигт тусгасан байхад заавал үүнийг сонгох байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хүний нөөцийн асуудал дээр Үнэлгээний хорооны өөрийн дүгнэлт гаргах арга замыг сонгож ХУР системээр шалгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т цахимаар авах боломжтой баримтыг цаасаар шаардахгүй гэж хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээд өөрсдийн үнэлэх арга замыг тодорхойлоод байхад зөрчиж бид цаасан материалыг авч үнэлбэл мөн л гомдол гарна. Өгөгдлийн хүснэгт дээр байгаа үг үсэг, цэг, таслал дарааллын дагуу баримтыг шалгаж байгаа. Захиалагч энэ тендер сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэн боловсруулсан өгөгдлийн хүснэгтийн дагуу сонгон шалгуулсан тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:
4.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа:
“Т дриллинг ХХК-ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн энэ 16 дугаар зүйлд дүгнэлт өгөх шаардлага үүсэж байна гэж үзэж байгаа юм. Энэ 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах, нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно гэдэг захиалагчийн үндсэн эрх байгаа. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах заалт үүнийг хумьсан 3 баримтыг л шаардаж болно гэдэг байдлаар хумьсан заалт ерөөсөө биш юм. 16.2 дахь заалтыг уншаад үзвэл оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно гэж байгаа юм. Оролцогчид боломж олгосон заалт болохоос биш 16.2.1, 16.2.2, 16.2.3-д заасан баримт бичгээр 16.1-д заасан шаардах болно гэдэг эрхийг хязгаарлаж байгаа ойлголт ерөөсөө биш. Ийм байдлаар Т дриллинг ХХК-ийн тайлбарлаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. 16.5 дахь заалтаар оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна гэдэг энэ 16.1 дэх заалтыг баталгаажуулсан хуулийн заалтууд байгаа. Эдгээр хуулийн заалтуудаар хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээд тендер шалгаруулалтын зааварчилгаа дээр 18.1, 18.2 дээр санхүүгийн чадавхын шаардлагыг тогтоогоод уг шаардлагыг хангахыг тендерт оролцогч нараас шаардаж байгаа, түүнд нь дүгнэлт хийж байгаа. Энэ дүгнэлт бол үндэслэлтэй гэж хэлэх гэж байна. А ХХК-ийн хувьд мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т хуульд өөрөөр зааваргүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ гэдэг хуулийн заалт байгаа. Сангийн сайдын А/259 дугаартай журам байгаа. Журмын 4.1-д мөн адил цахим системээр зохион байгуулна гэж заасан байгаа. Хууль, журмаараа ч зохицуулсан. Энэ хууль журмын дагуу захиалагчаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг явуулж байгаа юм. Тендер шалгаруулалттай холбоотой тодруулга авч болох уу, үгүй юу гэдэг асуудлыг А ХХК нэхэмжлэлийн үндэслэл дээр бичсэн. Энэ хуулийн 25.1, 25.3-т зааснаар бусад оролцогчийн өрсөлдөөн сөргөөр нөлөөлөхгүй бол гэдэг зүйлийг зааж өгсөн. Цаасан баримт ирсэн тохиолдолд бүртгэсэн, эсвэл энэ талаар тодруулга авах бол ХУР системээс өөр байдлаар баримт бүрдүүлсэн тохиолдолд Э ХХК-ийн эрх ашиг шууд хөндөгдөнө. Сөргөөр нөлөөлнө. Манай компани шалгарахгүй байх үндэслэл бүрдэнэ гэсэн үг юм. А ХХК шалгарах боломж нь энэ асуудлаар үүсэж байгаа юм. Тендер шалгаруулалтын баримт бичиг дээр шаардсан тохиолдолд хууль зүйн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 23.2.1 дэх заалтаар хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэдэг гэмт хэргийг заагаад диплом гэдэг зүйлийг оруулсан. Дипломыг нотариатаар батлуулсан, хувиараа тендерийн баримт бичиг, цаасан өгөөд байхад яагаад цахимаас илүү үнэлэхгүй байгаа юм юм гэдэг ойлголт хамаарна гэж байна. Дипломыг хуурамчаар авдаг, хуурамч дипломоо цаашаа нотариатаар батлуулах байдлаар ашигладаг. Энэ нь олон жилийн дараа үр дүнгээ үзүүлж байгаа нийгэмд тогтсон гэмт хэргүүд байгаа юм. ХУР системд төрийн байгууллагууд цахимаар холбогдсоны ач холбогдол нь энэ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа ойлголт, илүү баталгаатай болно гэж үзэж байгаа юм. Бүх зүйл цахим болж байгаа л гэж ойлгож байгаа. Нэгэнт цахим гэдэг зүйлийг дэмжиж байгаа тохиолдолд цахимаар явуулах тендерийн ажиллагааг буцаад цаасаар баталгаажуулах юм бол буцаад ухарсан л асуудал болно. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар 2 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Т дриллинг” ХХК-иас “Э” ХК, тус компанийн ЭТТХК/2 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан
1.1. “Э” ХК-иас “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2. ... “Т дриллинг” ХХК-ийн тендерээс татгалзсан 01/791 шийдвэрийг хүчингүй болгох,
1.3. Тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах,
1.4. “Э” ХК болон “Э” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах,
2. “А” ХХК-иас “Э” ХК, тус компанийн ЭТТХК/2 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан,
2.1. “Э” ХК-иас “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,
2.2. ... “А” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг даалгах,
2.3. “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/790 шийдвэрийг хүчингүй болгуулах
2.4. ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ,
- “Э” ХХК-ийн материалууд нь хууль тогтоомжийн шаардлага хангаагүй байхад шалгаруулсан/төсөв ирүүлээгүй, худаг өрөмдөх шаардлага хангаагүй, ижил төстэй ажлын 2023 2024 гэрээнүүдийн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, захиалагчийн тодорхойлолт байхгүй, бичиг баримтууд, тодруулбал өрмийн машины техникийн үзүүлэлт нь орчуулгын шаардлага хангахгүй, тухайн өрмийн машинд олгогддог сериал дугаар байхгүй нь ТШЗ-19.2 заалтын 1.6-д шаардлагад нийцэхгүй, тендер нь бүрдүүлбэр хангаагүй/ нь хууль бус,
- “А” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан /өрөмдлөгийн багийг геологич Н.Г, Г.Га нарын хэн аль нь удирдах боломжтойгоор санал болгосон байхад дипломыг холбогдох байгууллагаас шалгаагүй, тендерийн баримт бичигт дурдаагүй атлаа дурдаагүй үндэслэлээр татгалзсан, дипломын бүртгэгдсэн эсэхийг захиалагч тодруулга авах боломжтой байхад тодруулга аваагүй, захиалагч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй,
- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах үүргээ хэрэгжүүлээгүй,
- “Т” ХХК-ийн тендерээс хуулийн 16.2-т заасныг зөрчиж хуульд байхгүй шаардлагыг үндэслэж татгалзсан /банкны мэдэгдэл, санхүүгийн тайлан, борлуулалтын мэдээлэл шаардахыг хуульд заасан байхад харилцагч банкны дансны үлдэгдэл, зээлийн тодорхойлолт ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй/,
- “Э” ХХК-иас ажил гүйцэтгэх хугацаа нь хуулийн шаардлага хангахгүй, ажлын 30 хоногоор бус 30 хоногоор тогтоосон байгааг анхаараагүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
4. “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/30 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ЭТТХК/2-01 дугаартай Багц №1 “Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг хийхэд, тус тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон нэр бүхий компаниудаас 1-д “Э” ХХК, 2-т “Н” ХХК эрэмбэлэгдэж, нэхэмжлэгч компаниудын илгээсэн тендерээс татгалзаж, “Э” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
5. “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн
6. “Т дриллинг” ХХК, “А” ХХК-иудаас тендер шалгаруулалтын дүнг эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11/4437, 11/4438 дугаар албан бичгүүдээр “...танай байгууллагыг тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ...”, “Э”” ХХК-ийн тухайд гаргасан гомдол үндэслэлгүй” гэх агуулга бүхий хариуг тус тус өгсөн.
7. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Э” ХК, “Э” ХХК-ийн хооронд ЭТТ-2024/1229 тоот “Таван толгойн ордын далд уурхайн хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх(багц 1) гэрээ” байгуулжээ.
8. Хариуцагчаас СД-нд хуулбарлан ирүүлсэн “Э”, “Т дриллинг” ХХК, “А” ХХК-иудын тендерийн баримт бичигт маргааны үйл баримтад хамаарах дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
8.1. “Э” ХХК-ийн сүүлийн 5 жилийн хугацаанд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан гэрээний жагсаалт, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнүүд, Богдхан төмөр замын цогцолбор төсөл, “Э” ХК, гэрээ дүгнэсэн акт, “Э*******” ХХК, “С*******” ХХК, “Б*******” ХХК, “И*******” ХХК, “Ц*******” ХХК, “Х*******” ХХК, “Ө” ХХК-иудын тодорхойлолтууд,
8.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн “Далд уурхайн хайгуулын 63000 тууш метр өрөмдлөг хийх ажлын төсөв” авагдсан, “Э” ХХК-ийн хувьд төсөв авагдаагүй,
8.3. “Т дриллинг” ХХК-ийн түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг худалдан авах ажиллагааны цахим системийн борлуулалтын хэмжээ, ашгийн лавлагаан дээрх хэмжээгээр ханга үнэлүүлэх тухай 24/60 тоот, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг хүлээн зөвшөөрөх тухай 24/43 тоот, ажлын даалгаврын 7.1-д заасан хангаж ажиллах тухай 24/52 тоот, 7.6-д заасныг хангаж ажиллах тухай 24/53 тоот, 8-д заасныг хангаж ажиллах тухай 24/54 тоот албан бичгүүд авагдсан, “Э” ХХК-ийн 01-03/74 дугаартай “...тендерт шалгарсан оролцогчид тавих шаардлагын 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7 болон 7.8 дахь бүх шаардлагыг хангаж ажиллах болно” гэх мэдэгдэл, “А” ХХК-ийн 24/072 тоот мэдэгдэл,
8.4. Монгол улсын өрөмдлөгийн холбооноос “Э” ХХК-д олгосон Sandvik DE740, YJ900 EMV маркийн өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн улсын бүртгэлийн №12, №01, №02, №03, №04, №05 дугаар бүхий гэрчилгээнүүд, Sandvik DE740 төхөөрөмжийн танилцуулга англи хэлээр, уг төхөөрөмжийн хүчин чадал англи болон монгол хэлээр,
8.5. Монгол улсын өрөмдлөгийн холбооноос “Т дриллинг” ХХК-д олгосон YJ900 EMV маркийн өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн улсын бүртгэлийн №313, №314, Hanjin D&B30 multi маркийн өрөмдлөгийн төхөөрөмжийн улсын бүртгэлийн №122, Chungwon D-900 маркийн өрөмдлөгийн төхөөрөмжийн улсын бүртгэлийн №121, SH-9000MP маркийн өрөмдлөгийн төхөөрөмжийн улсын бүртгэлийн №315 дугаар бүхий гэрчилгээнүүд, дээрх төхөөрөмжүүдийн хүчин чадал англи болон монгол хэлээр,
8.6. Монгол улсын өрөмдлөгийн холбооноос “А” ХХК-д олгосон Cortech CSD3000 нэртэй өрөмдлөгийн машины улсын бүртгэлийн 240104, 240108, Cortech CSD1800 нэртэй өрөмдлөгийн машины улсын бүртгэлийн 240103, 240107, 240109 дугаар бүхий гэрчилгээнүүд, дээрх төхөөрөмжүүдийн танилцуулга, хүчин чадал англи болон монгол хэлээр,
8.7. “А” ХХК-ийн 24/074 тоот “...2011 оноос өмнө их, дээд сургууль төгссөн иргэний дээд боловсролын мэдээлэл төрийн үйлчилгээний нэгдсэн системд байршаагүй болно. Иймд ... санал болгосон ажилтнуудын 2011 оноос өмнө олгогдсон дипломын хуулбарыг Маягт -2-т хавсарган хүргүүлж байна” гэх тайлбар, Нэргүйн Гын D200204166 дугаартай геологийн бакалаврын зэргийн диплом
8.8. “А” ХХК-ийн маягт 7-ын дагуу гаргасан нууцалсан баримт бичгийн мэдээллийн жагсаалт.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:”, 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах”, 21.1.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх”, 21.3-т “Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.
10. ЭТТХК/2 дугаар бүхий далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.1-д “Тендер нь хуулийн 21.1-д нийцүүлж бэлтгэсэн ажил гүйцэтгэх техникийн болон үнийн санал байна” гээд 13.2-т оролцогчоос бэлтгэж ирүүлэх баримтуудыг жагсаасны дотор 13.2.1-д “ТШЗ-ны 14-т заасны дагуу бэлтгэсэн маягтууд”, 13.2.5-д “тендерт оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 17, 18, 19-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг”, 13.2.7-д “ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв”, 13.2.8-д “ТШЗ-ны 21.7-д заасан тохиолдолд холбогдох тайлбар”, 14.1-т “Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ”, 17.1-д “Захиалагч ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлага тогтооход хуулийн 15 дугаар зүйлийг баримтална”, 18.1-т “Хуулийн 16.5-д зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан санхүүгийн чадавхын шаардлага хангасан байна”, 19.1-т “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна”, 21.4-т “ТШЗ-ны 21.2-т заасан төсвийн нийт нийлбэр нь арифметик алдаагүй боловч V бүлгийн маягт 1-д заасан үнээс зөрүүтэй бол төсвийн нийт нийлбэрийг санал болгосон үнэ гэж үзнэ”, 21.7-д “Хуулийн 21.5-д заасан тохиолдолд тендер шалгаруулалтын оролцогчийн тендерийн үнэ төсөвт өртгийн 80 хувиас доош бол уг үнэ нь ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ” гэжээ.
11. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудын дагуу захиалагч байгууллага нь тендерт тавигдах шаардлага, шалгуур, бүрдүүлэх баримт бичгийг урьдчилан тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой заах, тендерт оролцогч нь уг баримт бичигт тавигдсан шаардлагын хүрээнд баримт бичгээ бүрдүүлэх үүрэгтэй байх ба оролцогч нь баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах үүрэгтэй байна.
12. “Э” ХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн тодруулгыг хэлэлцэж, тус компанийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/527 дугаартай албан бичгээр хүргүүлсэн тодруулгад “борлуулалтын орлого болон түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагыг “сүүлийн 3 жилд 2-оос доошгүй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл захиалагчийн тодорхойлолт”-оор, хүний нөөцийн мэдээллийг ТШЗ 19.2-т зааснаар ирүүлэх ...” зэргээр тендер шалгаруулалтын баримт бичгийг тодруулжээ.
13. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс тодруулга авах хүсэлт гаргаагүй боловч дээрх тодруулгыг хүлээж авсан, мэдсэн тухайдаа маргаагүй.
14. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарын “хуульд зааснаас давсан шаардлагыг биелүүлээгүй гэж татгалзсан нь хууль бус”, “ажилтны дипломын эх хувийг хүргүүлсээр байхад цахим мэдээллийг үндэслэж татгалзсан нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй.
Тодруулбал,
14.1. “Т дриллинг” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийн тухайд:
14.1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1. “харилцагч банкны мэдэгдэл”; 16.2.2. “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан”; 16.2.3. “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл”, 16.3-т “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна” гэж заажээ.
14.1.2. Сангийн сайдын 2023 оны А/258 дугаар тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг” болон Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн 18-д “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт”, 18.1-д “Хуулийн 16.5-д зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан санхүүгийн чадавхын шаардлага хангасан байна”, 18.2-т “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана”, 18.3-т “Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкны мэдэгдлээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Захиалагч энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй” гэж заажээ.
14.1.3. Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн “II.БҮЛЭГ ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ”-ийн ТЗШ 18.1-д “Санхүүгийн чадавхын шаардлага: Шаардана. 1. Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувь болон түүнээс багагүй байна. 2. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй байна” гэж, ТЗШ 18.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: ...2. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд:
• Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл;
• Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Харилцагч банкны судлан үзэж зээл олгох боломжтой тухай тодорхойлолтыг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй/” гэж заажээ.
14.1.4. Хуулийн холбогдох зохицуулалт болон тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах жишиг баримт бичигт заасанчлан оролцогчийн санхүүгийн чадавхыг үнэлэх баримтыг тендерийн баримт бичигт урьдчилан тодорхойлох эрх хэмжээ захиалагчид хадгалагдаж байх ба энэ нь санхүүгийн чадавхыг тодорхойлох баримт бичгүүдийн зөвхөн 1-ийг сонгож тендерийн баримт бичигт заах үүргийг захиалагчид үүсгэхгүй.
14.1.5. Маргааны тохиолдолд захиалагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавх нь борлуулалтын орлогын болон түргэн хөрвөх хөрөнгийн тендер шалгаруулалтын баримт бичиг заасан хэмжээг зэрэг хангасан байхыг шаардсан байхад нэхэмжлэгч “Т” ХХК нь санхүүгийн чадавхыг тодорхойлох зөвхөн нэг шаардлагыг хангасан баримтыг хүргүүлж, уг баримтаар үнэлгээ хийхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.
14.1.6. Хэрэвзээ нэхэмжлэгч тендер шалгаруулалтын баримт бичиг нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзсэн бол тендерийг нээхээс өмнө захиалагчаас тодруулга хүсэх замаар тайлбарлуулах, эсхүл эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр байсан байхад нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
14.1.7 Иймд нэхэмжлэлийн “хуульд байхгүй шаардлагыг татгалзлын үндэслэл болгосон” гэх үндэслэлээр “Т” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
14.2. “А” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийн тухайд :
14.2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2.3-т “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заасан.
14.2.2. Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн II БҮЛЭГ. ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ-ийн 19.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: 1.1. “Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтын дагуу ирүүлнэ. 1.2. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. (Хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан илгээх зааварчилгааг хэрэглэгчийн хөтөч хэсэгт орж танилцана уу.) 1.3. Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу.)”
14.2.3. “А” ХХК-иас ажлыг гүйцэтгэх өрмийн багийн ахлагчаар Н.Гыг санал болгосон байх ба Н.Г нь Монгол Улсын их сургуулийг 2002 оны 06 дугаар сарын 14-ны өдөр “геологич” мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн болох нь МУИС-ын цахим хуудсанд бүртгэгдсэн байна /https://portal.num.edu.mn/files/tugsugch/diplom/2002.pdf/.
14.2.4. Харин түүний дээд боловсролын мэдээлэл төрийн үйлчилгээний Хур системд тендерийг нээх хугацаанд бүртгэгдээгүй байсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч талаас бүртгэгдсэн талаарх лавлагааг шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн.
14.2.5. Мөн шүүх хуралдааны явцад ЭТТХК/2-01 тоот тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын эрхээр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нэвтэрч шалгахад Н.Гын боловсролын мэдээлэл татагдахгүй “лавлагаа хоосон” төлөвтэй/тендер шалгаруулалтын явцын буюу тухайн үеийн байдлаар системд хадгалагдсан байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан/ харагдаж байв.
14.2.6. Энэ тохиолдолд захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт тусгайлан заасан нөхцөлийг хэрэгжүүлж “А” ХХК-ийн тендерээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
14.2.7. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын баримт бичигт шаардаагүй баримтыг нэмэлтээр ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй боловч шаардаагүй материалыг ирүүлсэн нь түүнийг үнэлэх үүргийг хариуцагчид үүсгэхгүй, харин шаардсан баримтыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хавсралтаар ирүүлсэн энэ дипломыг үнэлэх нь бусад оролцогчдоос маргах үндэслэлийг бий болгох тул бид тендер шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заасан баримт бичгийг үнэлэх хэлбэрийг хангаж ажилласан” гэх агуулга бүхий тайлбар илүү үндэслэлтэй байна.
14.2.8 Хэдийгээр дээд боловсролын дипломыг төрийн үйлчилгээний цахим системд бүртгэх үүрэг нь хувь иргэнд ногдоогүй, Боловсролын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарч байх боловч энэ нь захиалагч байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримтыг тендерт хүргүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.
15. “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийн тухайд:
15.1. Энэхүү шийдвэрийн 9 дэх хэсэгт дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9 дэх заалтууд, 10 дахь хэсэгт дурдсан ЭТТХК/2 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагууд, хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн “Э” ХХК-ийн тендерээс үзвэл, нэхэмжлэгч нарын “... хариуцагч нь хамгийн сайн тендерийг шалгаруулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал,
15.1.1. ЭТТХК/2 дугаар бүхий далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.7-д “ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв”, 14.1-т “Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ” 21.2-т “Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ” гэж зааснаас үзвэл, захиалагч нь өрөмдлөгийн ажлын төсөв шаардсан гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төсвийн задаргаа шаардаагүй” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын “тендерийн баримт бичгийн бүрдэл хангаагүй тендерийг шалгаруулсан” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
15.2. Мөн энэхүү шийдвэрийн 8.1, 8.4-т дурдсан баримтууд болон тендер шалгаруулалтын баримт бичгийн III. БҮЛЭГ. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ хэсгийн 5.1-д “Гүйцэтгэгч тал нь 5 /тав/ өрмийн машинтай байх бөгөөд өрмийн машин тус бүр нь HQ диаметрээр 800 метр болон түүнээс дээш метр, NQ диаметрээр 1200 метр болон түүнээс дээш метр өрөмдөх хүчин чадалтай, холбогдох тоног төхөөрөмжтэй байна. Кернийн дээж нь гулуузан дээжтэй байх бөгөөд 3 өрөмдлөгийн машин нь өөрийн эзэмшлийн, 2 өрмийн машин нь түрээсээр байж болно”, 5.2-т “Өрөмдлөгийн хүчин чадлын үзүүлэлтийг техник үйлдвэрлэгчээс заасан техникийн дээд, доод хязгаарын үзүүлэлтээр тооцно” гэсэн шаардлагыг тавьснаас үзвэл, нэхэмжлэгч талын “ижил төстэй ажлын 2023 2024 гэрээнүүдийн гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, захиалагчийн тодорхойлолт байхгүй, өрмийн машины техникийн шаардлага нь орчуулгагүй, тухайн өрмийн машинд олгогддог сериал дугаар байхгүй нь ТШЗ-19.2 заалтын 1.6-д шаардлагад нийцэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
15.3. Өөрөөр хэлбэл, захиалагчаас тендер шалгаруулалтын баримт бичигт өрөмдлөгийн төхөөрөмжийн тоо болон хүчин чадлыг илэрхийлэх баримтыг шаардсан, гуравдагч этгээд нь уг шаардлагыг хангасан гэж үзэхээр байхын зэрэгцээ Монголын өрөмдлөгийн холбооноос гуравдагч этгээдийн өрөмдөх төхөөрөмжүүдэд өөр өөр бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээнүүд олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан “сериал дугаар байхгүй тул бүгд нэг төхөөрөмж эсэхийг тодорхойгүй” гэж үзэхгүй.
15.4. “Э” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 01-03/90 тоот албан бичгээр хүргүүлсэн үнийн саналын 5-д тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног гэжээ.
15.5. Харин төрийн худалдан авах ажиллагааны системд илгээсэн Маягт 1-д уг хугацаа нь ажлын 30 хоног байна.
15.6. Хэдийгээр дээрх ажлын 30 хоног гэх хугацаа нь худалдан авах ажиллагааны цахим системд автоматаар үүсгэгдсэн боловч тендерт оролцогчоос уг маягтыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан нь захиалагчаас тогтоосон тендерийн хүчинтэй хугацааг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохыг хуульд урьдчилан зохицуулсан байх тул албан бичигт тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног гэж бичсэн нь баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
15.7. Тендерийн үнэлгээний хорооны 2 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу захиалагч компаниас гаргасан 01/527 тоот тодруулгын 6-д “Тендерийн баримт бичгийн Ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагын дагуу гэрээний хэрэгжилтийн явцад цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах гэрчилгээтэй компаниар худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлнэ” гэж тодруулсан аль хуулийн этгээд тендерт шалгарснаас үл хамаарахаар байх тул нэхэмжлэгч талын “ажлын даалгаврын 4.18-д заасан шаардлагыг хангасан баримт хүргүүлээгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
16. Дээрх 15 дахь хэсэгт дурдсанаас үзвэл, хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
17. Гэвч нэхэмжлэлийн “Э” ХК-иас “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарын хувьд сэргэх эрх, хууль ёсны эрх ашиг байхгүй байна.
18. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухай маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д гэж зааснаар “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” эрх хэмжээтэй.
19. Тухайн тохиолдолд хариуцагч тендерийн үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага хангаагүй хуулийн этгээдийг тендерт шалгаруулсан, гэрээ байгуулах эрх олгосон болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн илгээсэн тендерээс татгалзсан мөн захиалагчийн шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарын хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
20. Өөрөөр хэлбэл, “Т дриллинг” ХХК, “А” ХХК-иудын тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэхээргүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн тендерийг дахин үнэлэх хууль зүйн үндэслэл бий болохгүй тул “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1”-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, “Э” ХК болон “Э” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээний улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
21. Иймд “Т дриллинг” ХХК, “А” ХХК-иудаас “Э” ХК, тус компанийн ЭТТХК/2 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.3, 21.3, 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т дриллинг” ХХК-иас “Э” ХК, тус компанийн ЭТТХК/2 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Т дриллинг” ХХК-ийн тендерээс татгалзсан 01/791 шийдвэрийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах, “Э” ХК болон “Э” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “А” ХХК-иас мөн хариуцагч нарт холбогдуулан гаргасан “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/2-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг даалгах, “Э” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/790 шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭТТ-2024/1229 тоот “Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч тус бүрд 35,100 төгрөгийг олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ