Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 450

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Лхагважин” ХХК /РД:2823616/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийн “Лхагважин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Лхагважин” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“....Монгол Улсын хуулийн этгээд болох “Лхагважин” ХХК нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Халиун нэртэй 7245 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12730Х тоот тусгай зөвшөөрлийг 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хууль ёсоор эзэмшиж байсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмыг ханган ажиллаж ирсэн. Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг, алдангийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.5-т заасан журмын дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлсөн. Улмаар төлбөр болон алданги төлсөн баримтыг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хамт тухайн өдөрт нь Кадастрын хэлтэст хүргүүлсэн ба Кадастрын хэлтэс төлбөр төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийсэн болно.

Гэтэл Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн манай компанийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр цуцалсан байна. Бид төлбөр төлсөн тухай баримтыг хавсарган энэхүү шийдвэрээ хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгөх хүсэлтийг Кадастрын хэлтсийн даргад гаргасан. Кадастрын хэлтсийн дарга нь бидний хүсэлтийг захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр болсон.

Уг зөвлөлийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон бөгөөд зөвлөлийн хурлаас “гомдлыг хүлээн авахаас татгалзсан” хариу гарсан гэсэн боловч зөвлөлийн дүгнэлт 2016 оны 04 дүгээр сард бэлэн болж, бид хуулбарыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан.

Зөвлөлийн дүгнэлт албан ёсоор баталгаажиж бидэнд ирээгүй байсан тул “Лхагважин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн. Гомдлын хариу албан бичигт “... Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар танай компанийн эзэмшиж буй 12730Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой гомдлыг хэлэлцсэн бөгөөд уг зөвлөлийн дүгнэлт гармагц танай компанид хариуг албан ёсоор мэдэгдэх болно” гэж тэмдэглэсэн байна.

Иймд хуулиар тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр болон алдангийг бүрэн төлсөн байхад “Лхагважин” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12730Х тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийн “Лхагважин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Нэг. Нэхэмжлэгч өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 12730Х дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасан журмын дагуу төлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын 12730Х дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх ёстой. Гэвч энэ хугацаандаа төлбөрийг төлж чадаагүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, мөн зүйлийн 34.7 “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 15.748.450 төгрөгийг, алданги 1.417.500 төгрөгийн хамт нэхэмжлэгч төлсөн. Тухайн өдрөө нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтаа хариуцагчид хүргүүлсэн бөгөөд хариуцагчийн эрх бүхий ажилтан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад 9 дэх жилийн төлбөрийг төлсөн болохыг бүртгэж, баталгаажуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болно.

Үүний учир бид хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн.

Хоёр. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан...” гэсэн үндэслэл дурджээ. Нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын 12730Х дугаартай тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан тухай гомдлыг хариуцагчид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25 тоот албан бичгээр гаргасан байдаг. Улмаар хариуцагчийн тусгай зөвшөөрлийн төлбөр хариуцсан мэргэжилтэн нь “төлбөр төлөгдсөн байхад андуурч танай тусгай зөвшөөрлийг цуцалсан учир удахгүй тусгай зөвшөөрөл чинь сэргээгдэнэ” хэмээн аман тайлбарыг удаа дараа гаргаж байсан. Түүнчлэн хариуцагч танай гомдлыг захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч тухайн зөвлөлийн хурал нь тодорхой бус шалтгааны улмаас болохгүй, хойшлогдсоор байгаад 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон. Хурал болсон боловч хурлын дүгнэлт нь албан ёсоор бичгээр хэлбэржиж гарахгүй удааширсаар байгаад 2016 оны 04 дүгээр сард бэлэн болж бидэнд дүгнэлтийн хуулбарыг өгсөн байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бидэнд ирүүлсэн бөгөөд уг гомдлын хариу албан бичигт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай дүгнэлт хийгээгүй ба Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх зөвлөлөөр “Лхагважин” ХХК-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн бөгөөд дүгнэлт нь гармагц хүргүүлэхээр болсныг мэдэгдсэн.

“Лхагважин” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд “Лхагважин” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хуулиар тогтоосон хугацаанд шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“... “Лхагважин” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-012730 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр “Лхагважин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших “Халиун” нэртэй 7240.29 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012730 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2160 дугаар шийдвэрээр “Лхагважин” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Лхагважин” ХХК нь ХВ-012730 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6/7503 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8498 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Лхагважин” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6/7503 тоот, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8498  тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж зааснаар ХҮ-012730 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Лхагважин” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийн “Лхагважин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэг.Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч “Лхагважин” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байхад андуурч цуцалсныг сэргээлгэхээр” хариуцагчид хандаж гаргасан хүсэлтийн дагуу Захиргааны журмаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр хүсэлтийг хангах боломжгүй талаар амаар хариу өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий акттай холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад хандаж гаргасан гомдолд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/1823 дугаар албан бичгээр өгсөн хариунд зөвлөлийн дүгнэлт бичгийн хэлбэрээр гараагүй байгаа талаар дурдагдсан байна. 

Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Хоёр. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч “Лхагважин” ХХК нь Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт орших Халиун нэртэй газарт 7245 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12730Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр анх авч, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлөлтийг хийж, сунгалтуудыг мөн хийлгэж ирсэн байх бөгөөд  Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 392 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр “Лхагважин” ХХК-ийн Төв аймгийн Угтаацайдам сумын Халиун гэх нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах ХY-012730 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд цуцлах” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл “Лхагважин” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсний алданги тооцон төлбөрийг төлөх эрхтэй байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын банк дахь хариуцагчийн Төрийн сангийн 900000712 тоот дансанд, ХY-012730 дугаар тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр болох 15,748,450 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1,417,500 төгрөгийг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас тогтоогдож байна.

Түүнчлэн төлбөр төлсөн талаар зохих баримтыг Ашигт малтмалын газарт хүргүүлсний дагуу хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 9 дэх жилийн төлбөрийг төлсөн тэмдэглэгээг хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад хийсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөөр байтал хариуцагчийн мэдээллийн санд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит жилийн төлбөр төлсөн мэдээлэл 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар орж ирээгүй байсны улмаас маргаан бүхий захиргааны акт гарсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд харин хариуцагчийн ажлын дотоод зохион байгуулалт муу байгаагаагаас шалтгаалж “Лхагважин” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзлээ. 

 Нөгөө талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дугаар  шийдвэрээрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа түүнээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хүлээн авсан /буцаан шилжүүлээгүй/ нь “Лхагважин” ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд алдангийн хамт төлсөн боловч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлсөн талаарх мэдээллийг өөрийн мэдээллийн санд оруулаагүй, улмаар маргаан бүхий захиргааны акт гарч ХҮ-012730 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн байх тул “Лхагважин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Лхагважин” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийн “Лхагважин” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ТӨМӨРБАТ