Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 16

 

“Ц” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал,

газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Л.Атарцэцэг

                          Д.Мөнхтуяа

                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0574 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Д.Д,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Л.Б нар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0574 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Шоовдорын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0574 дүгээр магадлал гаргасныг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн магадлалын хянавал хэсэгт дурдсан үндэслэлүүд нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4. “Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2602 дугаар шийдвэрээр “Ц” ХК-д олгосон Сэлэнгэ аймгийн Орхон сумын Хөтөл-2 нэртэй 61 га хайгуулын талбайд 18798Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу олгогдсон талбай хамаарахгүй байж болох ч тухайн талбай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлын хүрээнд судалсан ордод хамаарч байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай, мөн нэхэмжлэгч маргаан бүхий талбайг давхцалтай талаар маргаж байгаатай холбогдуулж энэ талаар тодруулах шаардлагатай” гэжээ.

4.1. 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төсөл, хайгуулын ажлыг 1974-1975 онд багтаан дуусгах, ашигтай нь нотлогдсон үйлдвэрийг 1976-1980 онд барих арга хэмжээг авахуулна гэж тусгасан байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комиссын 294 дүгээр тогтоол 2.В-д Хөтөлийн шохойн чулууны орд газрын кондицийн төслийг боловсруулан шохойн үйлдвэрлэлд хэрэглэгдэх шохойн чулууны хэсэгчилсэн орд газрыг тогтоож, нөөцийг 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор батлуулсугай. /Хөтөл-1/.

4.2. 2009 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 07-01 Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд “...Хөтөлийн “Ц” ХК-д 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашигт малтмал хайх 13098Х тоот тусгай зөвшөөрөл олгосон байна. “Хөтөл-2” шохойн чулууны ордод 2008 онд хийсэн гүйцээх хайгуул /нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн нэхэмжлэлдээ дурдсан геологич С.Алтангэрэлийн удирдлагаар өөрийн зардлаар хийгдсэн хайгуул/-аар ордын үндсэн хэсгийн геологийн тогтцыг нарийвчлан үнэлэх”, 2014 онд дээрх шаардлагын дагуу Хөтөлийн “Ц” ХК нь “БЭЙЗМЕНТ” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар нэмэлт хайгуулын ажлыг хийж нөөцийг дахин тооцсон. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Нөөц бүртгэх тухай” Н/134 дүгээр тушаалын Нэг. “...Хөтөл-2 нэртэй МV-015249 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг геологийн албанд зөвшөөрсүгэй...”.

4.3. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд 1980 онд Хөтөл-1 ордын, 1989 онд Хөтөл-2 ордын нөөцийг тус тус тогтоосон байх бөгөөд 2008, 2015 онд Хөтөл-2 ордын нөөцийг “Ц” ХК нь өөрийн хөрөнгөөр, мөн хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр тогтоосон бөгөөд МV-015249 дүгээр тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд нөөцөө шинэчлэн баталсан баримтууд байдаг.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4-5188, 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 6-148 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч “Ц” ХК-д цуцлагдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд дараагийн сонгон шалгаруулалтад оролцож, тусгай зөвшөөрөл авах боломжтой талаар мэдэгдэж байсны учир шалтгаан, тус компанийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/508, 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 01/1403 дугаар албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг тэлэхээр гаргасан хүсэлтүүдэд хариу өгөөгүй атлаа маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд “Г х” ХХК-д өргөдлийн журмаар дээрх нөхцөл байдлыг үл харгалзан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг анхаарч дүгнэлт өгөхөөр байна. 2007, 2009 онуудад “Төрийн захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүд нь 2014 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнө гаргасан хүсэлтүүд бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь өргөдлөөр олгох талбай байхад “Ц” ХК-д сонгон шалгаруулалтаар олгоно уу” гэх хариу өгсөн гэж тайлбарлаж, давж заалдах шатны шүүх үүнийг хянавал хэсэгтээ магадалсан нь үндэслэлгүй байна.

6. Магадлалд дурдсан 2015 ны 01/1403 тоот “Ц” ХК-ийн албан бичигт “...одоогийн байдлаар бидний хүсч байгаа талбайд “Г х” ХХК-ийн ХА-019565, ХА-19980 дугаар өргөдлүүд бүртгэгдсэн байна. “...МV-015249 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайн гүний нөөцийг ашиглахын тулд урагш тэлэх зайлшгүй шаардлага үүсч буй тул...” гэж дурдсан байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч маргаан бүхий талбай өргөдлийн журмаар олгогдож байгааг 2015 онд мэдэж байсныг нотолдог бөгөөд шүүхэд нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

7. Үүнээс гадна Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолын хавсралтын өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлуудад хамаарч байгаа эсэхийг анхаарч дүгнэлт өгвөл зохино. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосон. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Г х” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026565 дугаарт бүртгэн өргөдлөөр гаргасан талбайн солбицолд Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шохойт нэртэй газарт орших 37,88 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж буй төрийн захиргааны эрх бүхий байгууллагын дээрх үйл ажиллагааг Давж заалдах шатны шүүх үгүйсгэж 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолын хавсралтын өргөдлөөр олгох боломжтой талбайн солбицлуудад хамаарч байгаа эсэхийг анхаарч дүгнэвэл зохино гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0574 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Нэхэмжлэгч “Ц” ХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа нэг үндэслэлийг “хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 19 дүгээр зүйлийн 19.12-т “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэснийг зөрчиж, маргаан бүхий актаар гуравдагч этгээд “Г х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус” гэж  маргажээ.

11. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулахад шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тал бүрээс нь үнэлж, дүгнэлгүйгээр зөвхөн “Нэхэмжлэгч “Ц” ХК нь анх улсын төсвийн зардлаар 1978 онд тогтоогдсон шохойн чулууны нөөцийг Хөтөл-2 нэртэй MV-015249 дүгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тул “Г х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019565 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоож, эрдсийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн “улсын нөөцийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон” гэх мэтгэлцээн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг хангалттай хэрэгжүүлээгүй байна.

12. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн “Ашигт малтмал, газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2602 дугаар шийдвэрээр “Ц” ХК-д олгосон Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Хөтөл-2” нэртэй 61 га хайгуулын талбайд 18798Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу олгогдсон талбай хамаарахгүй байж болох ч тухайн талбай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлын хүрээнд судалсан ордод хамаарч байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай” гэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайн хэмжээгээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн газар хязгаарлагдахгүй байж болох бөгөөд хэрэв маргаан бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн гэдэг нь тогтоогдвол хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгогдох учиртай.

13. Мөн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан тодруулах шаардлагатай бусад үндэслэлүүдэд, тухайлбал, нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй, түүнээс үүсэж болох үр дагавар, маргаан бүхий талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтын өргөдлөөр олгох боломжтой талбайд хамаарч буй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

14. Түүнчлэн, гуравдагч этгээд “Г х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019565 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайг өмнө нь нэхэмжлэгч, эсхүл өөр бусад этгээд тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 20 дугаар зүйлийн 20.1-д заасан “...тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага...сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэсэнд хамаарах байсан эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

15. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ