| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/00253/И |
| Дугаар | 141/ШШ2024/00250 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүү оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх ............... оршин суух хаягтай З овогт Б.Д ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1989 онд Архангай аймгийн ТМС-г төгсөж ирээд 1989 оны 07 дугаар сараас эхлэн Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Таваар бригадад ногоочноор ажиллаж байсан. Иймд намайг Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Таваар бригадад ногоочноор 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Д нь Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Таваар бригадад ногоочноор 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:
Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай “...Аймгийн Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн удирдах газрын томилолтуудыг үндэслэн тушаах нь: 1989 онд ХАА-ын ТМС төгсөж, тус нэгдэлд томилолтоор ирсэн доорхи нэр бүхий хүмүүсийг 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дурдсан ажилд авч ажиллуулсугай. Үүнд: ...6. Б.Д ногоочноор...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай “...Доорх нэр бүхий хүмүүсийг 1990 онд ногоочноор 5 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллуулах. Үүнд: ...4. Д...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай “...дараах хүмүүсийг ажилд авах, чөлөөлөх нь зүйтэй гэж үзээд тушаах нь: ...3. Ногоочин Б.Дгийн декретийн амралтын хугацаанд Д.Б 10 дугаар сарын 01-ний өдрөөс ногооны бригадад ажилчнаар ...тус тус ажиллуулсугай...” гэсэн ажилд авах чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай “...г/. Б.Дд 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 60 төгрөгийн тэтгэмжийг фондноос тооцож олгохыг нэгдлийн ерөнхий ня-бод зөвшөөрсүгэй...” гэсэн нярай хүүхдээ асрах эхчүүдэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Архангай дахь ХАА-н сургуулиас 1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Дд нээн олгож, түүний зургийг нааж зургийн баруун доод өнцгийг оруулж тэмдэг дарж баталгаажуулж, ажлын тухай мэдээлэлд ...1989 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн ногоочноор авч ажиллуулав, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэгдлийн ногоочны ажлаас чөлөөлж Идэр бригадад түрээсийн малчнаар ажиллуулав...” гэж бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар З овогт Б Дг Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Таваар бригадад ногоочноор 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ