Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00251

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................ оршин суугч А овогт Э Бгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1969 онд төрсөн. Завхан аймгийн Их-Уул суманд мал маллаж байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд орсон, гарсан тушаалын дагуу архивын лавлагаа олдохгүй байгаа. Иймд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Мод боловсруулах комбинатын рамын цехэд ажилчнаар 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Хан хөвч” ХХК-д ялгагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Э.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Э.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Мод боловсруулах комбинатын рамын цехэд ажилчнаар 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Хан хөвч” ХХК-д яллагчаар 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Хөнгөн үйлдвэрийн яамны боловсон хүчин нийгмийн хөгжлийн газраас 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э Бд нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд ...1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургуулиас төгссөн тул Тосонцэнгэл мод боловсруулах комбинатад томилон ажиллуулав, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗХУ-н техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн тул мод боловсруулах комбинатад Р-75 рам цехэд ажилчнаар ажиллуулав, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан хөвч компани зүсмэлийн үйлдвэрлэх цехэд ялгагчаар ажиллуулав. 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орон тооны цомтголд орсон тул яллагчийн ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь мэдээлэл,

Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэл мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 179 дугаартай “...Улсын арслан Лхагваагийн Нэрэмжит үндэсний бөхийн тэмцээн Завхан аймагт болох тул Э.Бг 11 дүгээр сарын 20-иос 26-ны өдрийг хүртэл чөлөөлж тэмцээнд оролцуулсугай...” гэсэн тамирчид ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тосонцэнгэл мод боловсруулах комбинатын даргын 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай “... “...үйлдвэр аж ахуйн газрын захиргааны санал, ажилчд албан хаагчдын өөрсдийн хүсэлтийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг удирдлага болгон тушаах нь: 1. Ажилчид албан хаагчдын 1992 оны ээлжийн амралтыг 1992 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн тус тус эдлүүлсүгэй. Тушаалын хавсралтын 11 дугаарт Э Б пропуск 1261, албан тушаал зүсмэлд ялгагч амрах хоног 21, ажилласан жил-2, жинхэнэ амрах хоног 21...” гэсэн ээлжийн амралт эдлүүлэх тухай тушаалын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Э Б эрэгтэй, РД:. ...... төрсөн, Мод боловсруулах комбинатад зүсмэлийн зовудад цахилгаанчин ажилтай, ажилд орсон 1989 он, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Ч У, нөхөр Э Б, 75 рамд машинист ажилчин, . гэрлэсэн, 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн “...Тосонцэнгэл сумын “Хан хөвч” ХХК нь 1992 оны 07 дугаар сарын 06-нд .....регистрийн дугаартайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Э.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А овогт Э.Бг Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Мод боловсруулах комбинатын рамын цехэд ажилчнаар 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Хан хөвч” ХХК-д ялгагчаар 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ