Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 597

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч А.Нямсүрэн,  

        шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Жамбалын Нямдоржид холбогдох эрүүгийн 201725031261 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн ЖН, 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол 20 дугаар байрны 106 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УС70111510.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

         Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улз биллъярдын газарт Б.Одмандахыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Одмандахын мэдүүлэг бол зөрүүтэй байгаа. Хэрэг болох үед Одмандах их хэмжээний согтолттой байсан. Тэр орой Одмандах намайг билъярд тоглож байхдаа өдөөд байсан. Тухайн үед би түүнийг цохисон зүйл бол байхгүй, хэрүүл маргаан үүсэх үед миний хувьд зайлсхийх ёстой байсан байна. Ингэж чадаагүйдээ харамсаж байна. Болсон явдлыг гэрчлэх зарим хүмүүсийг асуугаагүйд гомдолтой байгаа. Гэвч шүүх миний энэ хүсэлтийг хүлээн аваагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Б.Одмандах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 8-ны орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улз снукер биллъярдын төвд ганцаараа биллъярд тоглох гэж очсон байдаг. Ингээд уг төвд сандал дээр сууж байхад зүс мэдэх, уг клубд тоглодог Нямдорж гэх хүн хажуугийн ширээн дээр тоглож байгаад хожигдоод бооцооны мөнгөний асуудал үүсч байгаа бололтой байсан. Тэгснээ намайг миний бооцооны мөнгийг төл чи надад урьд бооцооны мөнгө төлөх өртэй байсан гэхээр нь би чамд ямар нэгэн өр төлбөр байхгүй талаар хэлэхэд миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохиод хажуу тийш болоход дагз хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Уг цохилтын улмаас миний нүд хөхөрсөн гэмтэл учирсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Намайг л бооцооны мөнгө төл гээд байсан би түүнд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй байхад л тийм зүйл яриад байсан. Энэ шалтгаанаас болж намайг цохиж гэмтээх болсон. Нямдорж нь миний биеийн зүүн нүдэнд 2 удаа цохисон ба дагз руу бас цохиж улмаар миний нүдэнд хөхөрсөн гэмтэл учирсан. ...Анх цагдаагийн байгууллагад тайлбар өгөхдөө Мөнгөншагай, Мэндээ, Амараа, зөөгч Одмаа нар харсан гэж хэлсэн боловч уг маргааныг Мөнгөншагай, Амараа, Одмаа нар харсан эсэхийг мэдэхгүй байна. Уг биллъярдын газар нь ВИП өрөөтэй бөгөөд дээрхи хүмүүс уг өрөөнд тоглож байсан байх тийм болохоор уг маргааныг яг хараагүй байх. Би Нямдоржийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй харин зууралдсан асуудал байгаа. Түүнээс түүний биед цохиж зодож гэмтэл учруулсан зүйл болоогүй. Би гомдолтой байна...” гэжээ /хх-13-15/.

Гэрч Б.Батхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улз нэртэй биллъярдын газарт үйлчлүүлж байсан. Ер нь уг тоглоомын газарт байнга үйлчлүүлдэг клубийн гишүүн хүмүүс орж ирдэг юм. Тэгээд Одмандахыг зодсон гээд байгаа Нямдорж болон Одмандах нар биллъярд тоглож байсан. Тэр үед Одмандах архи уучихсан харагдаж байсан. Тухайн үед би биллъярд тоглож байсан юм гэтэл гэнэт Одмандах, Нямдорж нар зууралдаад зодолдоод эхэлсэн юм. Ингээд намайг харахад харилцан зодоон болоод байсан. Тэр хооронд нэг нэгийгээ хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би хажуугаар нь орж тэр хоёрын зодооныг салгасан юм. Яг ямар шалтгааны улмаас маргалдах болсон талаар би мэдэхгүй байна. Одмандах мэдээж өөрийгөө цохиогүй нь тодорхой Одмандах, Нямдорж хоёр хоёулаа харилцан зодолдсон тэгэхээр Нямдорж дээрхи гэмтлийг гараараа цохиж учруулсан. Тухайн зодоон болсны дараа Одмандахын зүүн нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан...” гэжээ /хх-17/.

Гэрч Т.Алтанцаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одоо сар өдрийг нь мартсан байна тухайн өдөр уг биллъярдын газарт миний бие тоглож байсан. Харин нөгөө талын ширээн дээр хэдэн хүмүүс бас л биллъярд тоглож байсан. Тэгтэл гэнэтхэн хоёр нөхөр л ноцолдоод зууралдаад авчихсан байсан ингээд хартал Одмандах, Нямдорж хоёр хоорондоо барилцсан байдалтай зогсож байсан уг үйл явдлыг харсан Батхүү нь очиж ноцолдооныг хоёр тийш болгосон байдаг. Би өөр зүйл хараагүй. Маргаан хоёр тийш болоход Одмандахын нүдэнд гэмтэл учирсан харагдаж байсан бодвол Нямдорж нь цохиж гэмтээсэн юм байлгүй тэр хоёроос өөр хүн хоорондоо маргалдаагүй юм...” гэжээ /хх-18/.

Гэрч М.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улз нэртэй биллъярдын газарт үйлчлүүлж байсан юм. Одоо хэдэн цагт болсон үйл явдал болсон цагийг нь мартсан байна. Миний санаж байгаагаар Алтанцаг, Батхүү, Нямдорж, Одмандах нар байсан санагдаж байна. Ингээд тухайн газарт Одмандахыг буйдан дээр сууж байх үед Нямдорж нь очоод ямар нэгэн шалтгаан байхгүйгээр очоод л шууд нүдний ойролцоо нь цохиод авсан. Тэгснээ Одмандах цохиулчхаад сууж байснаа босож ирээд барьцалдаад авахаар нь бид нар дундуур нь ороод хоёр тийш салгасан. Тухайн үед яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар үнэхээр мэдээгүй өмнө тэр хоёрын дунд ямар маргаан байсан болохыг мэдэхгүй байна...” гэжээ /хх-21-22/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн ¹7641 дүгээр актын:

“1.    Б.Одмандахын биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/. 

Шүүгдэгч Ж.Нийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34-35/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Ж.Н нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улз биллъярдын газарт Б.Одмандахыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.Одмандахын мэдүүлэг, гэрч нарын  мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ…” гэж заасан байх тул прокуророос мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчид ашигтай байдлаар хууль буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Ж.Нийг Б.Одмандахтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг тогтоож, мөн хуулийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэх үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Одмандах нь мэдүүлэхдээ “…Нямдорж нь миний биеийн зүүн нүдэнд 2 удаа цохисон ба дагз руу бас цохиж улмаар миний нүдэнд хөхөрсөн гэмтэл учирсан. Би гомдолтой байна…” гэх боловч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Түүнчлэн хохирогч нь шүүх хуралдаанд хуралдааны тов мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар “хэрэг болох үед тухайн биллъярдын газрын зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан С.Одмаа гэгчийг асуугаагүй. Харин тус газрын ажилтан боловч хэрэг болох өдөр ажиллаагүй Б.Батчимэг гэгчийг асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, болсон явдлыг нүдээр харсан гэрчийг асууж байцаах нь зүйтэй гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх байдлыг шалгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй байна. Үүнээс гадна Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэсээр байхад мэдүүлэг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх боловч, энэ байдлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой, дээрх үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шаардлаггүй гэж үзэв.

Мөн шүүх хуралдаанд гэрч Б.Батхүү, Б.Батчимэг нарыг оролцуулахаар дуудаж, хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирэх боломжгүй талаараа мэдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэрч нар ирээгүй учраас гэм буруугийн шүүх хуралдааныг хийж, гэрч нарыг оролцуулах саналаасаа татгалзсан болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Сартуул овгийн Жамбалын Нямдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Ж.Нид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН