Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар  2023/ДШМ/322                 

 

   2023            03          23                       2023/ДШМ/322                                                                                                                     

Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

        Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Г.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2008026251945 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

      Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тэсо ХХК-ийн хашаанд байрлах хохирогч С.Дийн гэрээс түүний “Note2” загварын 1 ширхэг, “LG Q-10” загварын 1 ширхэг, хохирогч Д.Дгийн “Samsung S6 edge plus” загварын 1 ширхэг, хохирогч Т.Сийн “Samsung A8” загварын 1 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.Дд 340,000 төгрөгийн, хохирогч Д.Дд 200,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 280,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Гийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гоос 820,000 төгрөг гаргуулан хохирогч С.Дд 340,000 төгрөг, хохирогч Д.Дд 200,000 төгрөг, хохирогч Т.Ст 280,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 820,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан. Миний хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанаас өмнө бүх хохирлоо төлнө, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдэж хийсэн үйлдэлдээ, бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж байна ...”  гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гт үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тэсо ХХК-ийн хашаанд байрлах хохирогч С.Дийн гэрт хохирогч Д.Д, Т.С, С.Д нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт хонож, маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өглөө нь хохирогч С.Дийн эзэмшлийн “Note2” загварын 1 ширхэг, “LG Q-10” загварын 1 ширхэг, хохирогч Д.Дгийн “Samsung S6 edge plus” загварын 1 ширхэг, хохирогч Т.Сийн “Samsung A8” загварын 1 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч С.Дд 340,000 төгрөгийн, хохирогч Д.Дд 200,000 төгрөгийн, хохирогч Т.Ст 280,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч С.Дийн “... Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Тэсо” ХХК-ийн хашаанд байх гэртээ очоод хамт 1 шил архийг хувааж ууцгаасан. Тэгээд Г.Г газар ор засаж өгөөд бүгд унаад өгсөн. Өглөө 08 цагийн үед би сэртэл Г.Г байхгүй байсан ба бидний гар утсыг бүгдийг нь аваад явсан байсан ...” /хх 31-34/,

хохирогч Д.Дгийн “... 12 цагийн үед бид нар харих гээд караокеноос гарахад аавтай ярилцаж байсан залуу “би нэг шил архи авчихлаа, бүгдээрээ манайд очиж ууя” гэсэн. Манай аав зөвшөөрөөд тухайн залуугийн гэрт очиход нэг настай ах унтаж байсан. Бид нар хүн байна гээд манай аавын гэрт очиж архиа уухаар явцгаасан. ... архиныхаа тал хүртэл нь ууж байгаад манай ажлын эгч бид хоёр өглөө ажилтай болохоор унтацгаасан. Аав тэр залуутай архиа уугаад үлдсэн. Маргааш өглөө нь 7 цагт би ажилдаа явах гээд босоход аав сэрүүн байсан. Би ажлын эгчийгээ сэрээчхээд утсаа хайгаад олоогүй ба аав, ажлын эгчийн утас бас байхгүй байсан...” /хх 36-37/,

хохирогч Т.Сийн “... удалгүй караоке тарахад өөрийгөө Г.Г гэж танилцуулсан залуу 0,75 литрийн нэг шил архи аваад “манайд очъё” гэснээр бид хилчинд байх түүний гэрт нь очсон. ... гэрт нь очиж архинаасаа амсчхаад үлдсэн архийг нь аваад ... С.Д ахынд очсон. Д.Д бид хоёр гэрт очоод унтсан. ... өглөө нь босоход С.Д ах сэрчихсэн сууж байсан. Харин нөгөө Г.Г гэх залуу байхгүй байсан. Би утсаараа ярих гээд Samsung А8 загварын гар утсаа хайж үзэхэд алга болсон байсан. Мөн С.Д ахын 2 гар утас, Д.Дгийн 1 гар утсаа хайгаад олдоогүй. Би С.Д ахаас тодруулж асуухад ахыг сэрэхээс өмнө гараад явчихсан байсан гэж хэлсэн...” /хх 42-43/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 77, 2851, 2931 дугаартай “хохирогч С.Дийн эзэмшлийн “Note2”, “LG Q-10” загварын гар утсыг 340.000 төгрөг, хохирогч Д.Дгийн эзэмшлийн “Samsung S6 edge plus” загварын гар утсыг 200.000 төгрөг, хохирогч Т.Сийн эзэмшлийн “Samsung A8” загварын гар утсыг 200.000 төгрөг” хэмээн үнэлсэн тайлангууд /хх 56-57, 61-62, 66-67/;

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 71-77/;

Яллагдагчаар Г.Гийн “... Би хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын 4 ширхэг гар утсыг авч яваад Хархорин зах дээр үл таних хүнд зарсан ...” /хх 157/ гэх мэдүүлэг;

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-26/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Г.Гоос “хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

          Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” бол өршөөлийн хуульд хамруулахаар, 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

          Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

          Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ... дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасанд шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

         Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас түүний 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 сар 22 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гийг албан ёсны хаяг болох Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалтыг оруулж, шүүгдэгч Г.Гийн “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Шүүгдэгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 8 /найм/ хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

     2. Шүүгдэгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гийг албан ёсны хаяг болох Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүний 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэнд тооцож, нэн даруй сулласугай.          

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.             

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН