Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК /РД:***/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ж***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э***

нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж*** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, иргэдийн төлөөлөгч Э.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалаар маргаан бүхий 11,1 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.

1.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч *** ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын *** 9.1 га газар дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар 2га газрыг нэмж олгон нийт 11,1 га газрыг *** тоот газар ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглаж байна.

Манай компани газар ашиглах эрхийн хугацаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 жилээр сунгуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд нийцсэн шийдвэрүүд гарж газрын эрхийн хугацаа хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар манай компанийн газрын ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгон шийдвэрлэсэн болохыг 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдлээ. Үүнтэй хамт яамны сайдын тушаалыг бидэнд ирүүлээгүй. Уг албан бичигт: Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08-р сарын 31-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тушаал гарсан болохыг дурдсан байна.

Манай компанийн газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь заалт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасан болох нь дараах үйл баримтуудаар нотлогдож байна.

Манай компани Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын *** байрлах 11.1 га газрынхаа ашиглах эрхийг авсныхаа дараагаар Налайх дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад удаа дараа хүсэлтүүдийг гаргаж улмаар /Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам /Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ын 3.4-т зааснаар гэрчилгээ олгогдсоноос хойш 3 сарын дотор байгуулах гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ байгуулахгүй эс үйлдэхүйг гаргасаар байгаад 2 жилийн дараа/ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай *** дугаар гэрээг ***-ны өдөр байгуулж, газрыг зориулалтын дагуу ашиглах эрх нэгдсэн. Гэрээ байгуулснаар өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх, хашаа барих үйл ажиллагаа явуулах эрх нээгддэг. Үүний дараагаар *** ХХК-иар *** зочид буудал амралтын цогцолборын эскиз зургийг төлбөр төлж гаргуулж, төсөл батлуулсан. Түүний дараагаар төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авч, техникийн нөхцөлүүдийг *** ХК-иас авч төслийн хүрээнд дэд бүтцийг бүрэн шийдсэн. Мөн усны асуудлыг шийдвэрлэж мэргэжлийн компанид төлбөр төлж худаг гаргуулсан.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг *** ХХК-иар гүйцэтгүүлж, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулсан. Компанийн *** зочид буудал амралтын цогцолборын барилгын зураг төсөл, инженер-геологийн судалгааны дүгнэлтийг батлуулсан. Мөн төсөл хэрэгжүүлэх талбайн газрын доор усны нөөц, Геофизикийн хайгуулын үр дүн ба Гидрогеологийн өрөмдлөгийн ажлын төслийг компаниар гүйцэтгүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх талбайг зураг төслийн дагуу ойн төгөл бий болгох, Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ойн төгөл байгуулах ажлыг мэргэжлийн Мод үржүүлэг, ойжуулалтын *** XXK-тай 5 жилийн хугацаатайгаар ойжуулалтын ажлыг хийлгүүлэхээр иж бүрэн төлөвлөгөө гаргуулж, зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Дээрх төлөвлөгөөний дагуу мод үржүүлгийн компаниудтай гэрээ байгуулж гацуур, гүйлс бүйлс, интоор, цагаан хус, хуш, хар мод, өрөл, монос, Шинэс, голт бор, хайлаас, улиас, хус, нарс, агч улаан, агч шар, долоогоно, үхрийн нүд зэрэг түргэн ургах чадвартай модлог ургамал моднуудыг сонгож, суулгацыг суулгаж ажиллаж байна. Түүнчлэн зүлэгжүүлэлтийн компаниар төслийн талбайн ургамлын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үр цацах, зүлэгжүүлэх ажлыг *** ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байна. Төслийг нийт талбайг хүрээсэн нэхэмжлэлд хавсралт байдлаар гарган өгсөн газарт хашаалсан ажлын зураг, гэрээ зэргийг нотлох баримтаар гаргуулан өгсөн болно. Иймд манай компани дээрх ажлуудыг хийх бүрт их хэмжээний төсөв мөнгийг гаргаж хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа нь төслийн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж үзэх үндэслэлд үл нийцнэ.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т ... Мөн зүйл, хэсэгт заасан ... зopиулалтын дaгуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно... гэжээ. Гэтэл манай компанийн хувьд төслийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, улмаар төслөө хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэн шийдэж, барилга байгууламжийг барьж, хашаалан үйл ажиллагаа явуулж байгаа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт хамаарахгүй байна. Бид энэхүү ашиглалтын эрхтэй газраа ямар нэгэн зориулалтын бусаар ашигласан, зориулалтын бүс төлөвлөгөө төслийг батлуулсан зүйл үгүй бөгөөд анх авсан зориулалтаар нь ашиглаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж байгаа гэж холбогдоход манай компанийн зүгээс шаардлагатай бүхий л баримтуудыг гаргаж өгч, үйл ажиллагаа явуулж байгааг тайлбарлаж, гомдол гаргахад газрын эрхийг цуцалсан болохыг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөр огноослон албан бичгээр мэдэгдэл ирүүлээд байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримтлалгүйгээр, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байхад зориулалтын дагуу ашиглахгүй байна гэж үзэж манай компанийн үйл ажиллагааг зогсоож, газар ашиглах эрхийг цуцалж, хохироож байгаа нь хуульд үл нийцнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ... Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана..., мөн зүйлийн 14.4-т ...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана..." гэж заасныг үндэслэн яамны дээд шатны байгууллага байхгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн энэхүү шийдвэр гарахтай холбогдуулж яаманд шаардлагатай бүхий л баримт, үйл ажиллагаа явуулсан байхыг нотолж, гомдол, тайлбар гаргаад байхад цуцалсан тул ийнхүү шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0282 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компани шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс *** ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Маргаан бүхий акт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гаргасан шийдвэр болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар албан бичгийг үндэслэл болгоод хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тус хэргийг хянаж үзээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлт үндэслэл бүхий байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн газарт хийсэн үзлэгээр нотлогддог. Харин тушаах хэсэгтээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж дурдан дээрх үндэслэлээр манай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, хянан үзээд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтуудыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудал, бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Мөн хэсэгт анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасанд нийцээгүй байна гэж магадлал гарсан.

*** ХХК 2021 оныг дуустал төлбөрөө төлсөн. 2022 оны төлбөрийг төлөөгүй байсан шалтгааны тухайд, газрын төлбөр төлөх боломжийг хааж боогдуулсан буюу газрын төлбөр төлөх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа. Шийдвэр гаргахдаа газрын төлбөр төлөх үүргийн урьдчилсан нөхцөлүүдийг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл газрын төлбөр тогтоосон талуудын хооронд байгуулагдах гэрээний эрх, үүрэг, захиргааны байгууллагын үүрэг зэргийг гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг тогтоосон бөгөөд 34.1-д энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзвэл газар ашиглах, эзэмших гэрээ байгуулах асуудал нь зөвхөн ашиглагч байгууллагын асуудал биш. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, хариуцсан хамгаалалтын захиргааны үүрэг юм. Нэхэмжлэгчийн газар ашигласан төлбөрийн хэмжээг хуулиар шууд тогтоох боломжгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгаж өгнө гэж хуульчилсан. Гэтэл газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа нь нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Хоёр дахь асуудал нь захиргааны байгууллагын санаатай болон санамсаргүй эс үйлдэхүй. *** дүгээр тушаалын үндэслэл болсон баримт нь хэрэгт авагдаагүй байсан. Тухайн тушаалд Тусгай хамгаалалттай газар нутаг, газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийн *** ХХК-д холбогдох хэсэг байгаагүй. Тус хурлаас гарсан шийдвэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дугаар албан бичигт үндэслэсэн гэж байгаа. Бид *** дугаар албан бичиг үйлдэгдэхдээ сонсох ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж байгаа. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд өгсөн тайлбар болох 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигтээ тухайн компанийн гэрээг бид удаа дараа хүлээж авахыг шаардсан боловч гэрээгээ ирж аваагүй гэж ойлгомжгүй, утгагүй тайлбар өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас санаатай болон санамсаргүй байдлаар манай компанийн гэрээг хойшлуулж, орхигдуулж, дарагдуулсны улмаас бид гэрээгээ байгуулж чадаагүй. Гэрээ байгуулах үйл явцын тухайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гэрээний драфтыг бэлддэг. Гэрээний драфтыг ашиглагч, эзэмшигч компаниар батлуулаад, өөрсдөдөө бариад үлдчихдэг асуудал практикт байдаг. Үүнийг бид эс үйлдэхүй гэж харж байгаа. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас нотлох баримт гаргуулахаар 2 удаа шүүхээс албан бичиг хүргүүлсээр байхад дээрх үйлдлээ хаацайлах зорилгоор тухайн албан бичгийн хариуг ирүүлээгүй. Шүүхийн процесс явагдсаны дараа ирүүлсэн. Энэ үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан баримтаас харж болно. Тодруулбал Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот албан бичгээр нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд илгээсэн боловч ямар нэг тодорхой хариу өгөхгүйгээр шүүх хурал болсон. Дараа нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай газар эзэмших тухай гэрээ байгуулах эсэх, тийм бол 2024 оны 3 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ үү гэх агуулга бүхий албан бичиг явуулахад мөн хариу ирүүлэхгүй удаасан.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирсэн саналыг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу. Харин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааг хууль бусаар явуулсан. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой байтал Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааг хэлбэрийн төдий хийж, түүнийгээ бид сонсох ажиллагааг яамны албан ёсны цахим хуудсаар 2023 оны 8 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд явуулсан гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр 2023 оны 08 дугаар сарын 18-25-ны өдрийн хооронд буюу ажлын 5 хоногийн хугацаатай зарласан. Компаниудын оролцоог бүрэн хангаагүй. Мөн яамны албан ёсны цахим сайтад биш фэйсбүүк хуудастаа байршуулсан. Над руу утсаар холбогдоод танайх байгаль орчны үнэлгээ хийлгэх үү гэж асуухад нь хийлгэхгүй, хугацаа болоогүй гэхэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны фэйсбүүк хуудаст байршуулсан цуцлагдах магадлалтай компаниудын жагсаалтад танай компани байна гэж хэлэхэд нь энэ талаар мэдсэн. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж, хэлсэн хугацаанд нь бүх нотлох баримтыг тайлбарын хамт сонсох ажиллагаанд өгсөн. Төлбөртэй холбоотой асуудлын тухайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гэрээг манай компаниар батлуулаад авч үлддэг. Бид гэрээгээ байгуулъя, танайх хурдан батлуулаад өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч ямар нэг хариу өгөлгүй эс үйлдэхүй үзүүлдэг. Энэ талаарх баримт 3-р хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг бид тухайн байгууллагад хувийн ашиг сонирхол байна гэж харж байгаа.

Манайхаас өмнө төлбөр төлөхдөө Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай харьцаад нэхэмжлэлээр төлдөг байсан. Сүүлд и-такс цахим системээр нэхэмжлэл үүсгэдэг болгосон. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд төлбөрөө төлөх гэхээр баримт үүсэхгүй байна гээд төлбөрөө төлж чадахгүй байсан. Мөн 2022 онд Ковид-19 цар тахлын үе эхэлсэн. Төлбөр төлөх байтугай гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Манай компани Сүхбаатар дүүргийн Татварын албанд харьяалагддаг. Хэрэв бид татвараа төлөхгүй тохиолдолд торгууль, алданги тооцож төлүүлж болдог. Байнгын харьцдаг эдгээр байгууллагууд аж ахуй нэгжийн хооронд итгэлцэл байх ёстой. Гэтэл ямар ч итгэлцэл байхгүй, олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн газрыг цуцалсан. Нэг жишээ татахад, бид 2.8 км зайтай газраас тог, цахилгаанаа татан хэрэглэж байна. Манайхаас 2-3 байгууллага цахилгаан, дэд бүтцээ авдаг гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *** ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ны *** дугаар тушаалаар *** ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ***н хязгаарлалтын бүсэд 9.1га Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар тушаалаар олгосон 2.0 га, нийт 11.1 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухайн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин,аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс маргаан бүхий актыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Хэргийг дахин хэлэлцүүлж байгаа учраас маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалтын тухайд тайлбарлая. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2021 онд хугацаагаа сунгуулснаас хойш маш их ажил хийсэн, хөрөнгө оруулалт татсан, гэрээ байгуулсан гэх маш их баримтыг хавтаст хэрэгт өгсөн байсан. Гэвч маргааныг бүхлээр нь харвал, нэхэмжлэгч компани 2013 онд анх газар авсан. Цуцлагдахаас 10 жилийн өмнө гэсэн үг. 2015 онд дахин 11,1 га болгож нэмэгдүүлсэн. 5 жилийн дараа, 2020 онд хугацаа нь дуусахад 2021 онд дахин сунгуулсан. 10 жилийн хугацаа өнгөрч байхад яагаад 2021 онд сунгасан юм бэ гэдэг асуудал үүснэ. 2017, 2018, 2019 онд эдгээр ажлуудыг хийсэн гээд маш их баримт ирүүлдэг. Ингэснээр бид тухайн компанийн газрыг цуцалж болохгүй учраас сунгадаг. 2021 онд сунгаснаас хойш Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн. Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн тогтоолд зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголтыг тухайн газар дээрээ барилга байшин, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй, аливаа үйл ажиллагаа эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шүүхийн үзлэг болон маргаан бүхий захиргааны актыг гаргах үеэр хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон. Тэгэхээр тухайн компани одоогоор газар дээр ямар нэг ажил хийгээгүй, 2021 онд манай байгууллагад ирүүлсэн нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй байна гэж дүгнээд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан үндэслэлийн тухайд Газрын төлбөрийн тухайд хуульд зааснаар газар ашиглагч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд буюу Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу улирал бүр хуваан төлөх ёстой. Нэхэмжлэгч компанид ямар нэг нэхэмжлэх үүсээгүй, төлбөрөө төлөөгүй байна гэдгийг газрын албанаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Гэрээ байгуулаагүй учраас төлбөрөө төлөөгүй гэдэг. Гэрээг хэн байгуулах ёстой вэ гэдэг асуудал яригдана. 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгохдоо сайдын баталсан 2001 оны Газар ашиглах эрх олгох түр журам болон 218 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталдаг. Энэ нь 2022 онд хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл газар ашиглагч газар ашиглах эрхийн хүсэлтийг ирүүлээд сунгах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж ойлгож болно. Тус журмын 3.4-т хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тухайн хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж, байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл 3 сарын дотор гэрээгээ байгуулж ажиллах үүргийг дээрх журам болон тушаалаар газар ашиглагчид олгосон. Хамгаалалтын захиргаа болон газар ашиглагч газрын гэрээнд гарын үсгээ зурсан.

Дараагийн шат буюу Засаг дарга руу энэ гэрээ очоогүй. Энэ нь хавтаст хэрэгт сүүлд авагдсан баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн компаниас газар ашиглах гэрээгээ байгуулмаар байна гэх хүсэлт, гэрээ ирүүлээгүй байна гэдэг байдлаар ирсэн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас манай байгууллага тус гэрээг баталсан байсан. Гэрээгээ ирж авахыг удаа дараа хэлсэн боловч тухайн компани авахгүй байсан гэх тайлбарыг өгсөн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хэзээ ч *** ХХК-ийн гэрээг батлуулах гээд Хан-Уул дүүргийн Засаг даргад очихгүй. Хэрвээ тэгвэл ашиг сонирхлын асуудал яригдана. Тусгай хамгаалалттай газар нутаг Монгол орон даяар байгаа. Энэ болгон дээр хамгаалалтын захиргаа Засаг дарга руу газар ашиглах гэрээг бариад гүйгээд байдаггүй. Ийм боломж нөхцөл байхгүй учраас газар ашиглагчид газар ашиглуулах гэрээгээ байгуулах, батлуулах үүргийг дээр дурдсан тушаал, журмаар өгдөг. Дээрх үйл баримтаас дүгнэвэл, газар ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй субъект нь нэхэмжлэгч компани байна. Нэхэмжлэл үүсээгүй, газрын төлбөр төлөгдөөгүй гэдэг асуудал тодорхой баримтаар тогтоогдож байгаа учраас Газрын тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн. Мөн тус шүүхийн өмнөх шүүх хуралдааны асуулт, хариултын үе шатанд шүүгчээс албан бичгээр хандаагүй юм уу гэж асуухад нэхэмжлэгч компаниас тийм. бид үүнтэй холбоотой ямар нэг албан бичгээр хандаагүй, амаар хандаж байсан гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байсан. Гэтэл хавтаст хэргийн сүүлийн хавтаст гуравласан гэрээ байгуулах маш олон хүсэлтүүд авагдсан байна. Эдгээр хүсэлтүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь ямар байгууллагууд руу явуулсан нь тодорхойгүй, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, үндэслэлгүй баримтаас гадна өмнөх шүүх хуралдааны үеэр байхгүй гэж тайлбарлаж байсан хэр нь сүүлд гаргаж өгсөн нь үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байна. Газар ашиглагч нь гэрээ байгуулаагүй, төлбөрөө төлөөгүй хэр нь уг асуудал нь захиргааны байгууллагад хамаарах мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Э.Э***гаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Газрын эрхийг дуусах хүртэл хугацаанд газрын эрхийг нь нээж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. *** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Дэлхий нийтийн хамарсан цар тахлын улмаас газраа ашиглаж чадаагүй, тахлын нөхцөлийн байдал арилсны дараа ажлаа эхлүүлж холбогдох бичиг баримт бүрдүүлж, шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан, энэ талаараа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт удаа дараа мэдэгдэж байсан байхад цуцалсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 9,1 га газрыг *** ХХК-д 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2013/43 дугаар гэрчилгээ олгосон.

3.2. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тушаалаар газрын хэмжээг 2 га талбайгаар нэмэгдүүлж, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ олгож, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *** дугаартай газар ашиглах тухай гэрээ байгуулсан.

3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар дээрх 11.1 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан.

3.4. Мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалаар ... ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр *** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд заасанчлан ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байх-ыг тус тус ойлгодог.

6. Хуулийн этгээдэд өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан дээрх үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоосон байх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөл бүрэн бүрдсэн үед хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн боломжтой.

7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий *** дүгээр шийдвэрийг гаргасан нь уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ. Тодруулбал,

7.1. Шүүхээс хийсэн газрын үзлэг болон нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны *** тоот саналын хавсралт зурагт тусгагдсанаар маргаан бүхий газар нь барилгажаагүй боловч аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн ажил хийгдсэн, КТПН 250кВА-ын цахилгаан дамжуулах байгууламж барьж ашиглалтад оруулсан, худаг гаргуулсан, мод бут тарьсан болох нь тогтоогдов.

7.2. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс Баз ресортс төсөл-ийн тайланг боловсруулсан байх ба барилга барихаар гаргасан хүсэлтэд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын *** тоот албан бичгээр ... Тэрэлж тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах шатанд байгаатай холбоотойгоор ... түр хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгавар олгох боломжгүй гэж мэдэгджээ.

7.3. Энэ тохиолдолд газар ашиглагчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь учир дутагдалтай, тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн газрыг ашиглахтай холбоотой дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хөрөнгө оруулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжихээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... газар ашиглах эрх сунгагдахаас өмнө хийсэн ажлууд бөгөөд сунгагдсанаас хойш газрыг ашиглахтай холбоотой ажлууд шинээр хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх боломжгүй, иргэдийн төлөөлөгчийн ... 65 жилийн сунгалт хийгдсэнээс хойш хийсэн ажлууд байгаа тул газрын эрхийг үлдээх нь зөв гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.4. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалжээ.

7.5. Энэ тохиолдолд *** ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгасан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаал гарснаас хойших цаг хугацаанд цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож байсан цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байсан үзэх ба өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байжээ.

8. Маргаан бүхий актын үндэслэлд дурдаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй газрын төлбөрийг төлөөгүй тул маргаан бүхий акт үндэслэлтэй гэх тайлбар мөн үндэслэлгүй байна. Тодруулбал,

8.1. *** ХХК нь 2020-2021 онд тухайн газрын төлбөрт 22,625,844 төгрөг төлсөн боловч 2022, 2023 онуудын газрын төлбөрийг төлөөгүй байна.

8.2. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны *** дүгээр тушаалаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрчилгээг сунгасан байна. Тус сунгалтын хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь танай байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулаагүйн улмаас манай албаны зүгээс газрын төлбөрийн нэхэмжлэх, ногдуулалт үүсгээгүй байна гэжээ.

8.3. Дээрхээс үзвэл, газар ашиглагчаас газрын төлбөр төлөөгүй нь газар ашиглагчаас үл хамаарсан байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байжээ.

9. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 363 тоот албан бичигт ...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *** тоот гэрээ байгуулсан боловч гэрээгээ ирж аваагүй, ... гэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар ашиглагч өөрөө гэрээгээ байгуулах ёстой байсан хэмээн тайлбарлах боловч *** тоот гэрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал гарын үсэг зурсан байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байх тул дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, *** тоот гэрээнд *** ХХК-ийн захирал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байхад хариуцагч нь ...газар ашиглах *** тоот гэрчилгээний хавсралтад газар ашиглах эрхийн сунгалт хийгдсэн талаарх тэмдэглэгээг хийж гэрчилгээг нэхэмжлэгчид гардуулсан атлаа гэрээг баталгаажуулаагүй (... яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга батлаагүй) байх тул газрын төлбөр төлөгдөөгүйд нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгах боломжгүй юм.

11. Зүй нь газар ашиглах эрх олгосон шийдвэр гарсан бөгөөд газар ашиглагчаас гэрээнд гарын үсэг зурж хүргүүлсэн тохиолдолд хамгаалалтын захиргаа гэрээг байгуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэхээр, ингэснээр яамны эрх бүхий албан тушаалтан гэрээг баталгаажуулж гэрчилгээг олгох, улмаар улсын бүртгэлд бүртгэхээр хуульчилсан, үүний дараа газар ашиглагч нь газрын төлбөр төлөлтөд хяналт тавих үүрэг бүхий газрын албанд гэрээг бүртгүүлэх, газрын албанаас төлбөрийн ногдуулалт үүсгэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуучин журмаар газар ашиглагч гэрээгээ өөрөө байгуулдаг байсан, одоо тусгайлсан журам байхгүй ч энэ жишгээр гэрээ байгуулдаг гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

12. Иймд нэхэмжлэгч *** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ