| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00252/И |
| Дугаар | 143/ШШ2024/00432 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 143/ШШ2024/00432
2024 оны 12 сарын 04 өдөр Дугаар 143/ШШ2024/00432 Д******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т***** овогт Б**********ийн Б*******
Хариуцагч: Т***** овогт Г*******ын О********
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон зардалд нийт 174 040 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Г.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.О*******тай 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д******* сум, ***** баг, ******* тоот хаягт байрлах ******* бүртгэлтэй, 239.78 м.кв 1 давхар байшинг хавтгай дээвэртэй 2 давхар байшин болгон өргөтгөх ажлын 2 давхар карказ цутгах ажлыг 75 000 000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлсөн. Үүнд:
1. Урьдчилгаа төлбөр болох 7 500 000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот данснаас Хаан банкны ******* тоот данс руу,
2. Гэрээний 3.2-т зааснаар ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсний дараа 22 500 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Г.О******* нь “20 гаруй хоног хүмүүсийг цалингүй ажиллуулчихлаа, бас манай хамт ажиллаж байгаа хүний хүүхэд нь өвдөөд мөнгө хэрэгтэй байна” гээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөгийг Голомт банкны ******* тоот данснаас Хаан банкны ******* тоот данс руу,
3. Хоолны мөнгө 1 000 000 төгрөгийг 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5019205195 тоот данснаас Хаан банкны ******* тоот данс руу,
4. Хоолны мөнгө 1 000 000 төгрөг,
5. Г.О*******ын хүсэлтээр түүний ажилтан Бийн цалин 500 0000 төгрөгийг өөрийн Голомт банкны ******* тоот данснаас 06 дугаар сарын 14-ний өдөр Б гэх хүний данс руу тус тус шилжүүлсэн.
6. Мөн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл миний эзэмшлийн “Е” гэх хүнсний дэлгүүрээс нийт 3 700 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг гэрээний дүнгээс хасуулах нөхцөлтэйгөөр авч хэрэглэсэн.
Ингээд нийт 19 700 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Г.О*******д төлсөн байна. Гэрээ ёсоор ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эхлэн 1 давхрын карказны ажлыг 14 тонн цементийг ашиглан гар аргаар цутгаж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгаж, 2 давхрын карказны ажлыг мөн аргаар хийж гүйцэтгэн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгахаар тохиролцсон байсан боловч хугацаандаа амжихгүй нь тодорхой болсон тул үйлдвэрийн бетон хавтан авч ажлыг түргэвчлэн дуусгах шаардлагатай болсон. Ингээд Улаанбаатар хот дахь “Т” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.О*******ын өгсөн хэмжээний дагуу нийт 44 ширхэг (5900x1200мм харьцаатай хавтан 10 ширхэг, 5300x1200мм харьцаатайг 34 ширхэг) хавтанг 19 390 000 төгрөгөөр худалдан авч Эрхэмзориг гэх хүнээр нийт 3 удаагийн рейсээр Өмнөговь аймагт тээвэрлэн авчирсан. Тээврийн зардалд 8 400 000 төгрөг төлсөн бөгөөд тээврийн хэрэгслээс бетон хавтанг кранаар өргөж буулгасан зардал гарсан бөгөөд “Т” ХХК-ийн дансанд Агийн 19 390 000 төгрөгийг 08 дугаар сарын 19-ний өдөр төлж дуусгасан.
2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Д” ХХК-ийн помпны оператор, захирал гэх хүмүүс нь цутгалт өгөх талбайгаа үзэх гэж ирээд “Хэв хашмал чинь өндөр эрсдэлтэй байна бетон өгвөл нурахаар байна” гэж зөвлөсөн. Үүний дараа би Ууганаа, Н, Оюунбаатар, Э зэрэг барилгын үйл ажиллагаа явуулдаг инженер, ажилтнуудаас зөвлөгөө авсан. Тэд “Бетон авах боломжгүй байна. Бетон авбал нурахаар байна. Барилгын стандартад нийцээгүй арматурын хувьд доошоо мултарч унах аюултай, стандартын дагуу бэхлээгүй, гадна хэв хашмал гадуур бэхэлгээ дутуу, хөдөлгөөнтэй блок оролцуулж хашсан бетон өгвөл задрахаар байна, засаж байж бетоноо аваарай” гэж зөвлөцгөөсөн. Би эдгээр нөхцөл байдлуудыг Г.О*******д хэлэхэд “Наадах чинь асуудалгүй, ингээд болчихдог юм, их барилга хийдэг хүмүүс ийм юм ярих нь аргагүй шүү дээ, нурж унахгүй” гэж хэлсэн. Би хариуд нь “Наадах чинь ямар ч стандартад нийцэхгүй байгаа юм байна. Мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ийм эрсдэлтэй зүйл хийлгэхгүй, буулгаад шаардлага хангахуйц арматур зангидаж өг” гэхэд дургүйцсэн бөгөөд би ядраад байна би өнөөдөртөө амарчихъя гэж хэлээд явсан. Үүний дараа Г.О******* нь ирж бид доголдлыг арилгахаар харилцан тохиролцож буулгалтын ажлыг 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал 10 хүнээр өдрийн 100 000 төгрөгийн хөлстэйгөөр 4 өдөр буулгах ажлыг хийлгэсэн. Г.О******* нь эхний 3 өдөр ирж буулгалтын ажлыг хийж гүйцэтгэчхээд яваад дахиж холбоо авалгүй, алга болчихсон.
Ингээд Г.О******* нь сураггүй болчихсон, ажлаа үргэлжлүүлэн хийхгүй, доголдлоо арилгахгүй байсан учраас О.Штай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 37 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр О.Шын тоот данс руу урьдчилгаа 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 31-ний өдөр 15 000 000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 2 750 000 төгрөг, 1 250 000 төгрөгийг бэлнээр өгсөн. О.Шт 08 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн.
Г.О******* нь барилгын ажил хийх явц нь эмх замбараагүй, дэс дараалал нь алдагдаж гадна ажлаа бүрэн дуусгаагүй дотор шалны ажил хийсэн, эргээд барилгын ажлын явцад эвдэгдэж байсан ба ажиллуулж байгаа хүмүүсийнхээ хийж байгаа зүйлийг хянаж баталгаажуулж ажиллаагүй, эхнэрийн дүү гэх 9-р ангийн хүүхэд ажиллуулж байсан. Бидэнд анх гэрээ хийхээс өмнө хэлэхдээ 7-8 хүнтэй 2 ч хамт ажилладаг хүмүүс байгаа гэж хэлсэн боловч ажлын явцад ажиллах хүн хайх, ЕБС-ийн 3 хүүхэд, барилгын туршлага мэдлэггүй туслах ажилтнуудаар арматур боолгож ажиллуулж байсан.
Г.О*******ыг ажил эхлэх үед нь хойд хашаанд амьдардаг залуучууд өмнө нь Г.О*******аас ажлын хөлсөө аваагүй, наадах чинь барьж чадахгүй гэх мэт үг хэлж зодох гэж дайрч ажлыг нь хийлгэхгүй байсан. Г.О*******тай гэрээ байгуулаад урьдчилгаа өгчихсөн байсан учраас ажлыг зогсоож чадаагүй үргэлжлүүлсэн. Мөн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.О*******ыг хайгаад явах үеэр Г.О*******аас авлагатай, одоо болтол өгөөгүй тооцоотой, 4-5 хүн холбогдож байсан нь үнэн болно. Анх гэрээ байгуулах 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цутгалт хийх байсан боловч хийгээгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажиллах хүнгүй ганцаараа байгаад байсан. Г.О*******ын ажлын нөхцөл байдлыг хараад засаж янзлаад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжихгүй гэхэд ямар ч байсан наадмын амралтаас өмнө цутгалт авахад бэлэн болгож өг гэхэд хүн хайя гэх нэрийдлээр яваад ирээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул арматурыг стандартын шаардлага хамгасан байдлаар зангидуулахаар өөр хүнээр ажлаа гүйцээлгэхээр шийдсэн.
Тус барилгын ажлыг 1 давхар байсан хоолны газрыг 2 давхар болгон өргөтгөхөөр ЖДҮ-ээс зээлийн санхүүжилт авч эхлүүлсэн бөгөөд яг товлосон хугацаанд хоолны газрын үйл ажиллагааг эхлүүлж зээлийн эргэн төлөлтийг хангах ёстой боловч Г.О*******ын буруутай үйл ажиллагаа, барилгын ажил нь буруу хийгдэж цаг хугацаа алдаж байгаа нь ЖДҮ-ийн зээл болон бусад зээл, татвар, бараа материалын татан авалтаа төлж чадахгүйд хүргэж, хоолны газрын ажилтнуудыг урт хугацаагаар сул зогсолтод оруулж, өдөр тутмын борлуулалтын орлогыг тэг зогсоосон.
Г.О*******аас дараах зардлуудыг нэхэмжилж байна. Үүнд:
1. Панер авсан 5 000 000 төгрөг,
2. Прусс авсан 4 300 000 төгрөг,
3. Хучилтын хавтан 19 900 000 төгрөг,
4. Чансаа 400 000 төгрөг,
5. Шруп 160 000 төгрөг,
6. Ажлын хөлсөнд төлсөн 19 700 000 төгрөг,
7. Блок 4 800 000 төгрөг,
8. Арматур 8 000 000 төгрөг,
9. Буулгалтын ажлын хөлс 4 000 000 төгрөг,
10. Катанг 10 000 000 төгрөг, ачилт буулгалтын зардал 950 000 төгрөг,
11. Өөр бригадын ажлын хөлс 29 000 000 төгрөг,
12. Бетон 60 000 000 төгрөг,
13. Пумны түрээс 5 400 000 төгрөг,
14. Бусад зардал 15 070 000 төгрөг, нийт 186 680 000 төгрөг.
Иймд Г.О*******аас барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс захиалагчид учирсан хохирол болон доголдлыг арилгасантай холбогдсон зардал 186 680 000 төгрөг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Б.Б******* би Г.О*******д холбогдуулан тус шүүхэд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс захиалагчид учирсан хохирол болон доголдлыг арилгасантай холбогдсон зардал 186 680 000 төгрөг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгеөд дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Г.О******* нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд Г.О*******д илүү төлсөн төлбөр 12 200 000 төгрөг,
2. Доголдлыг арилгахад шаардагдсан зардалд Г.О*******д төлсөн ажлын хөлс 37 000 000
3. Материалын зардалд хучилтын хавтан авсан 19 390 000, хучилтын хавтан Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирсан 8 400 000 төгрөг, кранаар буулгасан хөлс 2 600 000 төгрөг,
4. Доголдлын улмаас барилгын буулгалтын ажлын хөлс 4 000 000 төгрөг,
5. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан хар панерын төлбөр 5 000 000 төгрөг,
6. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан прусс модны төлбөр 4 300 000 төгрөг,
7. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан блокний төлбөр 4 800 000 төгрөг,
8. Катанг 10 000 000 төгрөг, ачилт буулгалтын зардал 950 000 төгрөг,
9. Бетон 60 000 000 төгрөг,
10. Пумны 5 400 000 төгрөг зэрэг нийт 174 040 000 төгрөг болно.
Иймд илүү нэхэмжилсэн 12 640 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.О*******д ажлаа буруу хийснээс нь үндэслэж илүү төлсөн 12 200 000, доголдлыг арилгахад нийт гарсан ажлын хөлс 37 000 000, барилгын материалын хучилтын хавтан авсан 19 390 000, тээвэрлэн авчирсан тээврийн хөлс нь 8 400 000, хавтангуудаа буулгасны краны ажлын хөлс 2 600 000, мөн доголдлын улмаас буруу хийсэн бүх зүйлийг нь буулгасан ажлын хөлс 4 000 000, дахин ямар ч ашиглах боломжгүй болсон 5 000 000 төгрөгийн хар панер, прусс модны 4 300 000, блок авсан 4 800 000, катанг 10 000 000, буулгалтын зардалд 950 000, бетоны 60 000 000 төгрөг, пум түрээсэлсний 5 400 000, нийт 174 040 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ бүхэн дансны хуулгатайгаа авцалдана.
...Манайх 1 давхар хавтгай дээвэртэй байшинтай байсан, тэгээд тэр байшингийн модон дээвэртэй байсныг модон дээврийг нь хуулаад гадуур нь шууд карказ босгоод 2 давхрын карказын ажлыг О******* гэж хүнээр хийлгэхээр гэрээ байгуулсан. Тэгсэн энэ хүн цутгалт авахаар их зардал болдог юм, цутгалт авахгүйгээр би өөрөө гараараа цутгаад өгье гэсэн. Тэгээд 05 сарын 12-ноос хундаамны ажил нь эхлээд байшингийн гадуур бариад эхэлж байгаа. Ингэж эхлээд хундаамаа цутгаж дуусаад дээшээ яваад, байшингаа нураах болоход нь чи чадах уу гэж хэлсэн. 19 350 000 төгрөгөөр хавтан авсан. Энэ хүн удаад, хийж чадахгүй байсан. Надад анх хэлж ажил авахдаа Өмнөговьд ажиллаагүй барилга байхгүй, би 100 хувь ямар ч барилгыг барьж байсан, бүх барилга барьж чадна, ковш шиг 10 хэдэн залуучууд бий, би 15 хоногт дуусгана гэх мэтчилэн надад итгүүлээд, би итгээд мөнгөө өгч гэрээ хийсэн. Тэгээд цутгалтыг нь больё, чиний ажлыг хөнгөвчлөөд өгье гээд би яаран ажлаа үгүй хийхийг хүсээгүй. Аль болох өөрийн эд хөрөнгөөр хохирч байгаа юм чинь би хүн солихыг хүсээгүй. Гэтэл энэ хүний хийсэн арматурчлалын багана дээр дам нуруу нь 6 метртэй, арматураар Т хэлбэртэй маягаар гарч ирж байх ёстой. Би барилгын хүн биш. Гэхдээ би үүнийг маш сайн ойлгосон. Т хэлбэртэй гарч ирэх ёстой юмыг хүргээгүй хийчихсэн. Энэ нь зураг бүх юмаар баталгаажсан байгаа. Тэгээд дам нуруу хоорондох хэмжээгээ өгөөд хавтан авахуулсан. Хавтан нь 30 000 000 төгрөг болж байгаа. Тэгээд хавтан нь ирэхэд багануудаа буруу хэмжээд метрээ тавьж чадаагүй. Нөгөө хавтанг нь хэн ч ашиглах боломжгүй, буцаагаад тээвэрлэхээр 10 000 000 төгрөг хэрэгтэй. Ингээд манай хашааны гадаа, Гурвансайханы хүн болгон бүгд мэднэ. Хойд айлын хашаа, урд талын манай зогсоол дээр хавтангууд байгаа. Тэрийг юунд ч ашиглаагүй, намайг хохироосон.
Тэгээд би больё, тэгвэл чи чадахгүй юм байна, ...чи 07 сарын 01-нд амжсангүй, би чамд цутгалт аваад өгье, гэхдээ би ажлын хөлсөө хасахгүй гэж хэлсэн. Тэгээд цутгалт авах гээд оператор дуудахад цутгалт өгдөг помп гэж юм байдаг юм билээ. Тэгээд цутгалт ирээд авах гэсэн ахын дүү ийм юманд өгнө гэж байхгүй, яаж ч бодвоос юун цутгалт бетон авах байтугай тулаас төмрийг нь авахад, ийм нарийхан хоёрхон чансаа, хоорондоо уулзаа ч үгүй баахан бэхэлгээ чинь тулаасыг нь авахад л төмөр нь их биеэ даахгүй, бетон байтугай төмөр нь их биеэ даахгүй, чи өөрийн газар, байшин дээр хүн амины хэрэгт орох гээгүй бол боль гэсэн. Цутгалт аваад эхлэхэд хэлхсэн арматур нь шууд унана гэсэн. Хоорондоо нийлээд тулж байх ёстой юмыг хүргээгүй хийсэн байсан.
Хамгийн чухал нь ийм зүйлээс болоод энэ хүний ажлыг зогсоосон. Түүнээс энэ хүнийг зүгээр байхад нь зогсоогоогүй. Гэтэл О******* алга болчихсон. ...Тэгээд би зогсоохдоо 06 сарын 15-нд энэ хүнээс “чи надаа яг нэг өдөр хэл, яг хэдэн өдрийн дотор хийхээ хэл” гээд сайн асуусан. Тэгэхэд 15 бараг сарын дотор, 07 сарын 01 гэхэд өгнө гэсэн. Тэгсэн 07 сарын 01 болоход ерөөсөө олигтой болохгүй байсан. Тэгээд би “боль чи нураалцаад, барилга дуустал миний хажууд байгаад өг, би чамаар дотор заслаа хийлгэе, чи ингээд баахан миний барилгын материалаар тоглочихлоо, чи луйврын шинжтэй, муухай хүн юм байна, худлаа ярьж миний энэ ажлыг чадахгүй байж яах гэж авсан юм бэ” гэж хэлсэн. Би барилгын материалаа нураагаад дахин дахин аваад байхгүйгээр нэг л юмаараа хийх байсан. Гэтэл 6 метрийн арматур угаасаа 3 метрээр нь тасалж байж хийдэг юм билээ. 6 метрээр тэр чигээр нь уртаар нь босгоод өндөр байшин барьдаг юм бодсон чинь хэзээ ч тийм юм байдаггүй юм билээ. 3, 4 метрээр нь таслаад дахиж дээрээс нь холбоод явдаг. Гэтэл бүх холболт нь буруу байсан. Би ядахад карказтайгаа үлдье гээд помпны оператор дуудаад цутгалт авхуулчихъя гэсэн боловч чи бод тулаасыг нь авангуут төмрөө даахгүй гэсэн. Үнэхээр буулгахад тийм байсан. Ингээд би Шинээгээр 7 хоногийн дотор бүх юмаа угсруулаад, 7 хоног ажлаа зогсоогоод дотор заслаа хийлгэх байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар хэллээ. Үндэслэлийг нь тайлбарлая, миний үйлчлүүлэгч О*******д холбогдуулаад 174 040 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж байгаа тайлбар дээр эдгээр төлбөрүүд нь яг юунд холбоотой вэ гэдгийг манай үйлчлүүлэгч хэлсэн учраас үндэслэлийг нь тайлбарлая гэж бодож байна. Ерөнхийдөө яагаад О*******аас тухайн илүү төлсөн 12 200 000 төгрөгийг нэхэмжлээд байгаа гэхээр зохигчийн хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урьдчилгаа 7 500 000 төгрөгийг ажил эхлүүлэхэд өгнө гэсэн. Үүний дагуу бид 7 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд барилгын ажил гүйцэтгэх тухай 2023 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээний 3.2 дугаар зүйлд зааснаар 05 сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэгчийн дансанд 7 500 000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлээд, ажлын 50 хувийг нь гүйцэтгэсний дараа 22 500 000 мянган төгрөгийг нэмж шилжүүлэхээр тохиролцсон байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурддаг. Янз бүрийн асуудал яриад ирдэг болохоор нь би урьдчилгаа 7 500 000 төгрөг өгсөн ч гэсэн бусад хоолны мөнгө, Галхүүгийн цалин гэх мэтээр мөнгө, төлбөр төлсөн гэдэг. Үүнээс юу хэлэх гээд байна гэхээр 50 хувийн гүйцэтгэлийн дараа л бид 22 500 000 төгрөгийг нэмж төлөх ёстой байсан. 50 хувийн гүйцэтгэл гэдэг маань нэг давхар байшинг хоёр давхар карказ болгож барих, угсралтын ажил гүйцэтгэхээр талууд 75 000 000 төгрөгөөр тохиролцсон байсан. Ингээд гэрээний үүрэг гүйцэтгэж байх явцад гүйцэтгэгч талаас барилгын норм дүрэм болон түүнтэй холбогдуулж гаргасан Барилгын хэв маягийн бүтэц эзлэхүүн ба хэсэглэлийн цуврал, төмөр бетон хийцлэлийн норм стандартыг зөрчсөний улмаас тухайн хэв хашмалд бетон авахад нурах эрсдэл үүссэн буюу гүйцэтгэгч өөрөө гэрээг зохих ёсоор биелүүлээгүй.
Ийм учраас гэрээгээ зохих ёсоор биелүүлээгүй байснаас гэрээний доголдол үүссэн. Доголдлыг арилгуулах хугацааг тогтоосон. Гэвч гүйцэтгэгчийн зүгээс тухайн барилгын ажлыг буулгах ажлаа хийж байгаад сүүлдээ алга болоод явсан учраас бусдаар гүйцэтгүүлж доголдлыг арилгуулсан. Тэгэхээр манай зүгээс 7 500 000 төгрөгийн урьдчилгааг гэрээний дагуу өгчихсөн. Нийт 19 700 000 төгрөгөөс 7 500 000 төгрөгийг урьдчилгаандаа төлсөн буюу энэ хүний хийсэн гүйцэтгэлтэй үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэж байгаа. Ийм учраас 19 700 000 төгрөгөөс хасах нь 7 500 000 буюу нийт 12 200 000 төгрөгийг илүү төлсөн байна гэж нэхэмжилж байгаа. Яагаад гэхээр ажлын 50 хувь бол гүйцэтгэлд хүрээгүй гэсэн үндэслэлээр юм.
Дараагийн дугаарт доголдлыг арилгахад шаардагдсан зардалд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлага дээрээ бид О******* гээд техникийн алдаатай бичсэн байсан. Энэ хоёрдугаарт байгаа нь Шт төлсөн ажлын хөлс 37 000 000 төгрөг байгаа. Энэ 37 000 000 төгрөгийн холбогдох гэрээ болон гүйлгээний баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн материалын зардал хучилтын хавтан авсан 19 390 000, тээвэрлэлтэд 8 400 000 гээд түрүүн хэлсэн баримтуудыг манай зүгээс нотлох баримтуудаар гаргаж өгсөн.
Хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн байна. 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө талаас гэрээнээс татгалзах эрхтэй гэдгээр захиалагч тал гэрээнээс татгалзсан. Үүнтэй холбогдуулаад гэрээнээс үүдсэн шаардах эрхээ хэрэгжүүлж, хэдийгээр О*******д энэ доголдлыг арилгах хугацаа тогтоосон боловч буулгалтын ажлыг 1, 2 хоног гүйцэтгэж байгаад хаяад явснаас бусдаар өөрийн доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй. Ийм учраас бид тухайн буулгалтын ажлыг дахин шинээр стандарт, тоонд нь нийцүүлж Ш гэдэг хүнээр гүйцэтгүүлсэн. Үүнээс 37 000 000 төгрөг, нийтдээ 174 040 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
2. Хариуцагч Г.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.О******* миний бие нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжилсэн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс захиалагчид учирсан хохирол болон доголдлыг арилгасантай холбогдсон зардал 186 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Б*******тэй 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Гурвансайхан 1-33 тоотод байрлах нэг давхар байшинг хавтгай дээвэртэй болгож 2 давхрын карказ болгох ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож ажил эхэлсэн. Ажил явагдаж байх хугацаанд зургийн дагуу хийгдэх ажил өөрчлөгдсөн. Захиалагч талаас өдөр бүр өөр зүйл ярьж орж ирж хийгдэж байсан ажил маань явц удааширч байсан хэдий ч шавраа зуураад цутгалт хийхэд бэлэн болсон байсан. Гэтэл гэнэт хучилтын хавтан тавихаар болж ажлын хөлсөө хасаж, хуучин барилгын дээвэр хана зэргийг буулгах ажлыг надаар гүйцэтгүүлэхээр болж эргээд ажлын хөлсөө гэрээний дагуу тохиролцсоноор буюу 75 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Ингээд хуучин барилгын хана, дээвэр нураахад эргэж ашиглагдах боломжтойгоор материалыг гаргаж өгсөн. Энд маш их цаг хугацаа шаардсан. Бүгдийг эвдэж сүйтгэхгүйгээр бүрэн бүтэн материал гаргаж өгсөн. Ингээд мод, прус, хадаас, шруп гэх мэт материалыг эргэж барилгадаа ашигласан. Анхнаасаа тохиролцохдоо би барилгад орох материалаа гаргахаар тохироогүй, Б*******ийн өмнө аваад бэлдчихсэн байсан цемент болон 6 метрийн урттай арматурын төмрөөр карказ хийж байсан. Ингээд ажил явагдаж байх хугацаанд Б******* болон түүний нөхөр найзаасаа зөвлөгөө авлаа ийм богино арматурын төмрөөр хийж болохгүй, ийм панераар хийж болохгүй гээд өөрийн бэлдэж өгсөн бүх материал нь болохгүй юм байна гээд буулгуулахаар болоод би өөрөө эргээд буулгаж өгсөн. Ингээд дараагийн барилгын ажлыг Ш гэх хүнтэй шууд байгуулан ажилласан. Надтай ажиллахаас өөрөө татгалзсан. Би ажлаа орхиод хүний мөнгө залилаад явсан зүйл байхгүй. Өөр хүнтэй гэрээ байгуулсан шалтгаан нь ажлын хөлсийг 37 000 000 төгрөгөөр тохиролцсон буюу надаас бага үнэ ханшаар тохирсон байна гэж ойлгож байна.
Би Б*******ээс өгсөн 19 700 000 төгрөг байтугай ажилласан. Харин ч би Б*******ээс ажлын хөлс нэмж авна гэж тооцож байгаа. Б******* нь өөрийн барилгадаа оруулсан материалыг надаас гаргуулах ямар ч үндэслэлгүй би ажлаа хаяад яваагүй өөрсдийн бэлдэж өгсөн материал болон хямд төсөр аргаар хийх саналыг дагуу аль болохоор болгохыг хичээж ажилласан. Б******* болон түүний нөхөр гэрээ байгуулсан надтай тууштай итгэж найдаж ажиллахыг хүсээгүй, өөрсдийн гэсэн бодолгүй, нэг хүн ирээд нэг юм хэлэхэд тийм байх ёстой гэх мэт бидний хийж байсан ажлыг ерөнхийдөө самарч байсан болохоос би ажлаа хийхгүй хаяж алга болоогүй, сүүлдээ утсан хүүхэлдэй шиг барь буулга гэсэн зааварчилгааны дунд ажиллаад хайран цаг хугацаагаа үрэн таран хийсэн. Иймд Б*******ийн нэхэмжилсэн 186 680 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би захиалагч Б*******тэй 05 дугаар сарын 12-нд гэрээ байгуулж энэ ажлыг эхэлсэн. Түүнээс хойш 07 дугаар сарын 09 хүртэл тус барилга дээр байсан. Тухайн явцад уг нь дан карказны ажлаа хийх ёстой байсан боловч үйл ажиллагаа нь явж байсан рестораныг дан буулгах ажлыг нь надаар хийлгэе гээд, тэр ажлыг нь 06 дугаар сарын 15-нд рестораныг нь хааснаас хойш 07 дугаар сарын 01 хүртэл хийсэн. Тэгээд хийж байх явцад Б*******ийн нөхөр ер нь хавтан авъя, хавтан гайгүй байдаг юм байна гэсэн. Энэ хоёр өөрсдөө хотод явж байсан. Тэгээд тэр хавтангийн хэмжээг зөрүүлсэн гээд байгаа. Би өөрөө барилгынх нь хэмжээг зураад явуулсан. Тэгээд өөрөө зурган дээрээс нь цаад байгууллагатайгаа тохироод хавтангаа авчирсан. Тэр барилгадаа орсон материалаа надаас нэхээд байгаад нь би гайхаад байгаа. Тэндээс би нэг ч юм авч гараагүй, хуучин материалыг нь буцааж ашиглаад, аль болох хямд төсөр гэдэг дээр нь би захиалагч талын хяналт доор нь л ажилласан.
Хугацааг их алдсан гэдэг дээр эднийх өөрөө олон хүн бужигнадаг газар байсан. Тэгээд яг өөрийн газрынх нь ихэнх талбайг барилга нь эзэлчихсэн. Хажуу талд нь хоёр машин орж зогсоод, 40 тонны контейнертой, өөр зай байхгүй. Жоохон юм буулгахад л тэнд хөл гишгэх зайгүй. Тэгээд тэнд нь хоолны үйл ажиллагаа явна, дэлгүүр ажиллана. Хойд хашааны айлын залуу үе үе намайг энэ хүн асуудалтай гэдэг. Энэ уг нь миний хувийн асуудал байгаа. Урьд нь хамт ажиллаж байсан залуу байгаа. Тэгээд ийм зай багатай газар захиалагч талын рестораны үйл ажиллагаа явдаг тул чанга чимээ хүртэл гаргаж болохгүй, бид гадаа хундаамыг нь ухаж байхад дотор нь хүмүүс хоол идээд сууж байдаг нөхцөлд бид ажилласан. Тэгээд байшинг нь бүтэн тойроод, багануудаа босгоод, тэр үед гэрчээр орж ирэх Б бол байнга хажууд байсан. Ер нь яаж хийж байна, яаж байна, ингэж хий, тэгж хий гээд үргэлж хамт байж байдаг. Тэгээд 239 метр квадратыг 356 метр квадрат болгож байна гэдэг нь эдний урд талын явган хүний зогсоол руу карказын ажил яалт ч үгүй орж байгаа. Тэгэнгүүт эд нар үйл ажиллагаа явуулах боломжгүй, хүн амьтны мөр, толгой дээр юм унахаар байдалд дээгүүр нь караказ зангидах болоод зогсоосон. Зогсоохдоо 15 хоног гээд тохирсон. Ашиглагдах юмнуудыг нь бүгдийг нь авахын тулд маш их цаг хугацаа ороод, гибсэн хавтангуудыг хүртэл ашиглагдах боломжтойгоор би салгаж өгч байсан. Тэд нарыг ашиглах боломжгүй орсон гээд түрүүн хэлж байх шиг байсан. Ашиглагдах боломжтой нь надад зургаар байгаа. Ер нь нотлох баримттай л мэтгэлцье гэж бодож байна.
Миний хувьд захиалагчтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Миний хийсэн ажилд болохгүй юм байхгүй. Захиалагчийн хүлээлгэж өгсөн материалаар гэрээнд заасан хугацааны дотор амжихаар ажлаа гүйцэтгэж байсан. Ер нь тухайн ажлыг хүлээлгэж өгсөн зураг, материалаар хангалттай амжихаар хугацаанд гүйцэтгэж байсан. Яг иймэрхүү маягаар сүүлийн үед хувь айлууд ч гэсэн гар аргаар, эдийн засагт хэмнэлттэй байдлаар энэ ажлыг гүйцэтгэж болж байгаа. Энэ гар аргаар зуурдаг машинаар зууруулаад стандартын дагуу гүйцэтгэж болж байгаа. Хэрвээ тухайн үед энэ маргаан болох үед помпоор цутгана гэсэн асуудлаа хоёр талаасаа тохироод шийдсэн бол сүүлд харагдаж байгаа шиг босоо багануудаа пумаар зангидах ч юм уу, эсвэл баганууддаа илүү бэхэлгээнүүд хийгээд зуурмагаа авсан бол бүрэн боломжтой байсан гэж би бодож байгаа гэв.
Хариацагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас сүүлд 11 дүгээр сарын 19-нд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 174 040 000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ шаардлагыг хариуцагч бидний зүгээс бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б*******, О******* нарын хооронд 2023 оны 05 сарын 12-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д авагдсан байгаа зураг төслийн дагуу 239.78 метр квадрат талбайтай 1 давхар хавтгай дээвэртэй байшинг 356.5 метр квадрат болгож, 2 давхар карказ босгох ажлыг 2023 оны 05 сарын 12-оос 08 сарын 01-нийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр энэ гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 4.1-д караказны ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэж, захиалагчийн авч өгсөн материалаар хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ гээд заасан байгаа. Энэ үүднээс захиалагч нь барилгынхаа материалыг бэлдэж өгөх юм байна, О******* нь бүх карказ угсрах, цемент цутгах ажлыг гар аргаар хийхээр харилцан тохиролцсон. Ерөнхийдөө эдийн засгийн хэмнэлттэй байдлаар барилгын 2 давхрыг босгоно гэсэн байдлаар харилцан тохиролцож энэ ажлыг эхлүүлсэн. Ажил эхэлж яваад гар аргаар цемент цутгах үе шатад ирэхэд гэнэт энэ ажлын нөхцөл байдал өөрчлөгдөөд, 1 давхар хүртэл барилгыг буулгасан. Энэ нөхцөл байдал нь хэргийн материалаас харагддаг. Яагаад 1 давхар хүртэл буулгах болсон юм бэ, О******* яагаад ажлаа буруу, доголдолтой хийсэн гэсэн боловч 2 давхрынхаа караказыг буулгаад, энэ ажлыг дуусгаагүй. 1 давхрыг бүхэлд нь буулгаад, барилгыг эхлэх болсон шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэдэг нь О*******ын ажил гүйцэтгэхтэй ямар ч холбоо хамааралгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Яагаад 1 давхар хүртэл буулгах доголдол үүссэн юм бэ гэдэг нь О******* зураг төслөөр 2 давхрын л ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас биш, 1 давхрыг дахиад бариад явахад нэхэмжлэгч талаас гараад байгаа зардал материал орох нь гарцаагүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан дээр дахин ашиглах боломжгүй панер, прусс мод, блок зэргийг дахин ашиглах боломжтойгоор буулгаж өгсөн гээд нотлох баримтаа гэрэл зургаар гаргаад өгчихсөн байгаа. Мөн 1 давхраас хойш буулгаад баригдаж байгаа материалын зардлуудаа нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна.
Талуудын хооронд болж байгаа маргааны гол үйл баримт маань ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Хоёр тал 2023 оны 05 сарын 12-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 1.1-д гүйцэтгэх ажлын талаар тодорхой заачихсан байгаа. Хугацааг мөн заасан. Хоёр давхрын карказ босгох ажлыг 2023 оны 05 сарын 12-оос 08 сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэнэ гээд гэрээг байгуулсан байдаг. 2023 оны 05 сарын 12-оос 08 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж захиалагчид шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг давхрын карказын ажлыг 14 тонн цемент ашиглан гар аргаар цутгаж, 2023 оны 07 сарын 01-ний өдөр бид дуусгана гэсэн байдлаар тайлбарлаж хэлсэн. Хоёр давхрын карказны ажлыг мөн гар аргаар хийж 08 сарын 01-ний өдрөөс өмнө дуусахаар тохиролцсон байсан боловч хугацаа нь амжихгүй нь тодорхой болсонд үйлдвэрийн бетон хавтан авах ажлыг түргэвчлэн дуусгах шаардлагатай болсон гэж нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Мөн бид доголдлыг арилгах талаар харилцан тохиролцож, буулгалтын ажлыг 07 сарын 05-аас 07 сарын 09-ний өдрийг дуустал 4 өдөр буулгах ажлыг хийсэн гэж тайлбарласан. Ингээд буулгалтын ажил гүйцэтгэж байх хугацаанд буюу ажил дуусаагүй байхад захиалагч өөрөө гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд харагддаг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Мөн тухайн барилгад яг ямар доголдол, юунаас үүсээд байгаа талаар мөн нотолдоггүй. Энэ асуудлыг Б******* гэрч хоёрын яриад байгаа доголдлын хэмжээнд шийдэх бүрэн үндэслэлгүй. Энэ дээр мэргэжлийн барилгын дүгнэлт гаргах бүрэн боломжтой. Мөн барилга дээр ямар өртөгтэй, ямар барилгын материалууд орсон зардлыг ч гэсэн үнэлдэг үнэлгээчин гэж тусдаа байдаг. Амаар яриад авсан, дансны хуулгаар энэ байдлыг нотлох ямар ч боломж байхгүй. Тэгээд ямар ч нарийн тооцоо байхгүй. 10 000 000 төгрөгийн блок авчхаад 50 хувь нь ашигласан, 50 хувь нь ашиглаж чадаагүй гэдгийг яг яаж нотлоод байгаа юм гэх жишээтэй нэхэмжлээд байгаа зардлууд нь ямар нэгэн нотолгооны шаардлага огт байхгүй. ...Ийм байдлаар хүнээс 174 000 000 төгрөг нэхэж байна гэдэг нь учир дутагдалтай гэж миний зүгээс үзэж байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 355.6-д заасан байгаа. 355-д гэрээ цуцлах зүйл заалт байгаа. Үүний 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гээд заачихсан байгаа. Энэ үүргийнхээ дагуу О*******аас төлбөр мөнгийг нэхэмжлэх ямар ч боломжгүй байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гэрч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Анх О******* гэрээ дээрээ бүх бетоны ажлыг өөрөө гараараа зуурч хийнэ, бүгдийг нь хавтгай болгож хийнэ гэж тохирч Б*******тэй байгуулсан. Гэтэл ерөөсөө хийж байгаа ажил нь удаашраад өөрийнх нь хэлсэн шиг яваагүй. Тэгээд О*******ын ажил нь удаашраад байсан учраас больё, чи гараар зуурах юм бол дахиад хэдэн сар ч болж магадгүй юм байна, үйлдвэрийн бетон аваад өгье, ажлыг чинь хөнгөвчлөөд өгье гэсэн. Д компанийн захирал нь операторчтойгоо ирээд зай талбайгаа хардаг юм билээ, хаана техник зогсох, хаанаас нь өгөх вэ гээд харж байгаад Б*******ийг дуудаад мэргэжлийн хүнд хандсан дээр, наадах чинь нэг биш байна, бид нар бетон өгмөөргүй байна гэж хэлсэн. ...Э нь Мандал-Овоо, Цогтцэцийд сургуулийн барилга хариуцаж хийдэг манай найз байгаа. Тэр найздаа хандахад “наадах чинь нурж унах юм хийгээд байна, би 1000 хувь итгэлтэй байна, хэв хашмал угсралт гэж ярьж байгаа, апалк зангидалт гэж ярьдаг, панер прусс гэж хэлдэг зүйл бүгдийг нь шрупээр хийсэн, ингэж хийдэггүй юм, чи надад итгэхгүй бол чамд “Э” компанийн хоёр давхрын хойно барилгын карказны ажил явагдаж байсан газрын инженерийг би таньдаг, тэрийг авчирч чамд асууж зөвлөгөө өгүүлье” гэсэн. Э надад тэгж тусалж байгаа. Тэгээд яг карказ угсралт хариуцсан ерөнхий инженер У******** гээд залуу байсан. Тэр залуу ирээд О*******ын хийж байгаа юмыг харчхаад, шууд л ингэж хийхгүй, буцаагаад буулгаад эхнээс нь хийлгэ гэсэн. Тийм зөвлөгөө өгсөн. Ер нь тэр хүмүүсийг яах гэж авч ирээд байгаа гэхээр энэ хүний хийсэн цаг хугацаа орсон энэ ажлыг нь зөв байгаасай, багахан юмыг нь засаасай гээд өөрт нь ойлгуулах гээд байдаг. Бүгд ирээд харчхаад тэгж хийхгүй буулга гэсэн. Тэгээд би дахиад нэг зөв, нааштай юм хэлчхээсэй гээд Н гээд барилгын компанитай захирал хүнээс яаж байна, юу болж байна, зөв хийж байна уу гээд асуухад тэр хүн гарч ирчхээд хүний хийж байгаа юмыг муулах хэцүү байдаг юм, гэхдээ буулгаад буцаагаад хийсэн нь зөв гэсэн. Чи үүнийгээ засаж сайжруул гэсэн чинь юуг нь засах юм гээд байгаа. Бетон өгдөг газар, оператор нь ч гэсэн ирчхээд ийм юманд яаж бетон өгөх юм бэ гэхэд үгүй, юуг нь засах юм, наадах чинь ингээд болчихдог юм гэсэн. Би нотлох баримт дээрээ бичлэгээр нь явуулсан. Хашмал нь нэг талдаа блок нь огт сул байхгүй. Тэгээд Бетон хоолойгоор хүчтэй цацахад ямар ч хаших юм огт байхгүй. 05 сарын 18-аас ер нь эхэлсэн. Би 05 сарын 14-нд панер юм аваачиж өгч байсан. Тэгээд 06 сарын 15-нд зогсоогоод 07 сарын 01-нд эргээд ресторан ажиллана гэж амласан. Хундаамыг 1 сарын хугацаанд бол хийсэн. Б******* бид хоёр буулгаагүй байсан бол түүнээс илүүг алдах байсан. Яагаад гэхээр би өөрөө барилгын мэргэжилтэй биш. О*******ын хийсэн зүйлүүдийг би хүмүүсээс нэлээн асууж судалсан. Эргүүлээд буулгаж байх явцад тэр суурь, дээшээ багана гэж ярьж байгаа залгаасан дээр нэгхэн боочихсон байсан. Би тэр зургийг нотлох баримтад хавсаргаж оруулсан байгаа. Нурах эрсдэлтэй гэдэг нь барилгын мэдлэггүй ямар ч хүмүүс харахад ойлгомжтой байсан. Бетон гэдэг маань өөрөө их хүнд жинтэй, нотлох баримт болгоод өгсөн зургууд дээр тэр хүмүүсийн хэлсэн үг, би өөрөө ч гэсэн харахад багана дээр юм тогтоохоор доошоо шууд унана. Тэр бол тодорхой байсан. Түүнийг буцааж буулгаад задалсан нь болсон. О*******ын ажил удаашраад байсан учраас хавтанг авъя гэсэн шийдвэр өгсөн. Ямар хэмжээтэй хавтан авах вэ гэж асуухад бүх хэмжээг О******* гаргаж өгсөн. Ирээд нөгөө хавтангаа байрлуулъя гэсэн хэмжээгээ худлаа хэлээд өгчихсөн. Хэмжээнээсээ зөрчихсөн хавтангаа ашиглах боломжгүй болж байгаа. Хотод явж байхдаа яг О******* руу утсаар холбогдсон. Одоо чат, мессеж юмнууд нь байгаа. Өөрөө цаасан дээр зураад явуулсан зураг нь байгаа. О******* гараараа зурсан байсан. Ашиглах боломжгүй гарсан гэж хэлээгүй. Тэндээс О******* дээврийн төмрийг, модыг, урт палкнуудыг бүгдийг нь ашиглая, би ажлын хөлснөөсөө хасуулъя гээд өөрийнхөө хашаандаа хураачихсан байсан. Тэгээд маргалдсаны үндсэн дээр бүх банзыг нь өөрсдөө авсан, дээврийн төмрийг нь ашиглаагүй хаясан. Бид нар өөрсдөө О*******ын хашаа руу Пронтертой хүмүүс явуулсан. Таазны гипс гэж ярьдаг тэрийг бүгдийг нь ашиглаж болдог гэж хэлсэн боловч нэг нь ч ашиглаж чадаагүй. Хашаанд байж байгаад хаягдсан. Пронтероор хогийн цэг рүү хүн гуйж, хөлсөлж явуулсан. Тэр хүмүүс ч мэдэж байгаа. Манай хашаанд байсан банзнуудыг нь ашигласан. Дээврийн төмрийг нь хаясан. Хана бууж байхад мэдээж хоёр цонх хаалга бол байсан. Гал тогооны голын тусгаарлалтын ханыг буулгаж байгаа. О******* бүх хог юмаа өөрөө гаргасан гэж ярьж байна. Бид нар О*******ыг байхгүй байхад хог юмаа гаргасан. Бүх цахилгааны утас, камер эвдэгдсэн зүйлүүд зөндөө байгаа. Миний мэдэж байгаагаар Пронтерт ачаад хогийн цэг рүү 2, 3 удаа явуулсан. Тэгэхдээ яг тэдэн ширхэг модноос тэдийг нь ашиглаад тэдийг нь ашиглаагүй гэдэг тоо бол байхгүй. Ямар ч байсан урт уртаараа ашиглах ёстой юмыг богинохон болгосон учраас ашиглах боломжгүй байгаа. Тэгээд зай талбай чухал байсан учир шууд хаяхыг нь хаясан. Авч хэрэглэхийг нь хэрэглэсэн. Ер нь нэхэмжлэгч талаас хорогдол л гэж үзнэ. Хэрвээ ажил нь зөв явж байсан бол тийм хорогдол гарахгүй байсан гэв.
4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0798 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “барилгын цутгалтын зардал” гэсэн гүйлгээний утгатай Голомт банкны төлбөрийн баримт, Б.Б*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2023 оны 05-09 сарын /хх-10-77/, Голомт банкны дансны хуулга /хх-78-90/, Капитрон банкны дансны хуулга /хх-91-103/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Т” ХХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтын үнийн саналын хуулбар, Н.Болор-Эрдэнийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй 3 хуудас хуулга, “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн лавлагаа, гэрэл зургууд, флаш зэргийг,
Хариуцагчаас: хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байх үеийн гэрэл зургууд /хх-119-236/, флаш зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б******* хариуцагч Г.О*******д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болон зардалд нийт 186 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12 640 000 төгрөгөөр багасгаж, 174 040 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. “Г.О*******тай 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д******* сум, 1-р баг, ******* тоот хаягт байрлах ******* бүртгэлтэй, 239.78 м.кв 1 давхар байшинг хавтгай дээвэртэй 2 давхар байшин болгон өргөтгөх ажлын 2 давхар карказ цутгах ажлыг 75 000 000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эхлэн 1 давхрын карказны ажлыг 14 тонн цементийг ашиглан гар аргаар цутгаж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дуусгаж, 2 давхрын карказны ажлыг мөн аргаар хийж гүйцэтгэн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгахаар тохиролцсон байсан боловч хугацаандаа амжихгүй нь тодорхой болсон тул үйлдвэрийн бетон хавтан авч ажлыг түргэвчлэн дуусгах шаардлагатай болсон. Ингээд Улаанбаатар хот дахь “Т” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.О*******ын өгсөн хэмжээний дагуу нийт 44 ширхэг хавтанг 19 390 000 төгрөгөөр худалдан авч тээвэрлэн авчирсан.
2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Д” ХХК-ийн помпны оператор, захирал гэх хүмүүс нь цутгалт өгөх талбайгаа үзэх гэж ирээд “Хэв хашмал чинь өндөр эрсдэлтэй байна бетон өгвөл нурахаар байна” гэж зөвлөсөн. Үүний дараа би Ууганаа, Н, Оюунбаатар, Э зэрэг барилгын үйл ажиллагаа явуулдаг инженер, ажилтнуудаас зөвлөгөө авсан. Тэд “Бетон авах боломжгүй байна. Бетон авбал нурахаар байна. Барилгын стандартад нийцээгүй арматурын хувьд доошоо мултарч унах аюултай, стандартын дагуу бэхлээгүй, гадна хэв хашмал гадуур бэхэлгээ дутуу, хөдөлгөөнтэй блок оролцуулж хашсан бетон өгвөл задрахаар байна, засаж байж бетоноо аваарай” гэж зөвлөцгөөсөн. Би эдгээр нөхцөл байдлуудыг Г.О*******д хэлж “буулгаад шаардлага хангахуйц арматур зангидаж өг” гээд Г.О******* нь ирж бид доголдлыг арилгахаар харилцан тохиролцож буулгалтын ажлыг 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал хийлгэсэн. Г.О******* нь эхний 3 өдөр ирж буулгалтын ажлыг хийж гүйцэтгээд, ажлаа үргэлжлүүлэн хийхгүй, доголдлоо арилгахгүй байсан учраас О.Штай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 37 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан” гэж тайлбарладаг.
3. Хариуцагч Г.О******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “Б.Б*******тэй 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ******* тоотод байрлах нэг давхар байшинг хавтгай дээвэртэй болгож 2 давхрын карказ босгох ажлыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож ажил эхэлсэн. Ажил явагдаж байх хугацаанд зургийн дагуу хийгдэх ажил өөрчлөгдсөн. Захиалагч талаас өдөр бүр өөр зүйл ярьж орж ирж хийгдэж байсан ажил маань явц удааширч байсан хэдий ч шавраа зуураад цутгалт хийхэд бэлэн болсон байсан. Гэнэт хучилтын хавтан тавихаар болж ажлын хөлсөө хасаж, хуучин барилгын дээвэр хана зэргийг буулгах ажлыг надаар гүйцэтгүүлэхээр болж эргээд ажлын хөлсөө гэрээний дагуу тохиролцсоноор буюу 75 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Ингээд хуучин барилгын хана, дээвэр нураахад эргэж ашиглагдах боломжтойгоор материалыг гаргаж өгсөн. Энд маш их цаг хугацаа шаардсан.
Анхнаасаа би барилгад орох материалаа гаргахаар тохироогүй, Б*******ийн өмнө аваад бэлдчихсэн байсан цемент болон 6 метрийн урттай арматурын төмрөөр карказ хийж байсан. Ингээд ажил явагдаж байх хугацаанд Б******* болон түүний нөхөр найзаасаа зөвлөгөө авлаа ийм богино арматурын төмрөөр хийж болохгүй, ийм панераар хийж болохгүй гээд өөрийн бэлдэж өгсөн бүх материал нь болохгүй юм байна гээд буулгуулахаар болоод би өөрөө эргээд буулгаж өгсөн. Надтай ажиллахаас өөрөө татгалзаж дараагийн барилгын ажлыг Ш гэх хүнтэй шууд байгуулан ажилласан. Б******* нь өөрийн барилгадаа оруулсан материалыг надаас гаргуулах ямар ч үндэслэлгүй би ажлаа хаяад яваагүй. Иймд Б*******ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
4.1 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр захиалагч Б.Б*******, ажил гүйцэтгэгч Г.О******* нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хх-5/
4.2 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр захиалагч Б.Б*******, ажил гүйцэтгэгч О.Ш нарын хооронд 0798 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хх7-8/
4.3 Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Г.О*******д 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт 19 700 000 төгрөгийг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Г.О******* нь захиалагчийн зураг төсөл, материалаар түүний ******* тоотод байрлах 239.78 м.кв талбайтай нэг давхар байшинг хавтгай дээвэртэй 356.5 м.кв болгож 2 давхрын карказ босгох ажлыг 2023.05.12-ны өдрөөс 2023.08.01-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж захиалагчид шилжүүлэх, захиалагч Б.Б******* нь уг ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлс 75 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
6. Талуудын хооронд ажлыг хүлээлгэн өгсөн эсэх, ажлын үр дүн доголдолтой эсэх маргаан буюу гол үүргийн зөрчил үүссэн байна.
Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба гэрээний зүйл болох “239.78 м.кв талбайтай нэг давхар байшинг хавтгай дээвэртэй 356.5 м.кв болгож 2 давхрын карказ”-ыг угсрах, цутгах ажлыг хариуцагч нь тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй, дээрх ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.2, 4.1-т тус тус заасан тоо, хэмжээ, шинж чанарт нийцээгүй болох нь нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч Г.О******* нарын тайлбар, гэрч Н.Болор-Эрдэнийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч Г.О******* нь гэрээнд заасан ажлыг доголдолгүй гүйцэтгэсэн гэх боловч баримтаар нотлоогүй.
Аливаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нөгөө талд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гол үүрэгтэй тул энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй болно. Гагцхүү уг зардал нь ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад зайлшгүй шаардлагатай байх учиртай.
7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар захиалагч нь ажлын үр дүн доголдолтой нөхцөлд гэрээг цуцлах эрхтэй тул нэхэмжлэгч Б.Б******* гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журмаар захиалагч зөрчлийг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоож өгч, энэ хугацаанд ажил гүйцэтгэгч зөрчлийг арилгаагүй бол гэрээг цуцлах үндэслэл болдог.
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаас үзвэл гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчил нь ялимгүй шинжтэй биш, зөрчлийг арилгахаар нэмэлт хугацаа өгсөн боловч зөрчил арилаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.5 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Үүнд:
-гарсан зардал
-эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл
-орох байсан орлого хамаарах ба нэхэмжлэгч нь хохирол буюу гарсан зардал гэж шаардсан байна.
Нэхэмжлэлийн шаардлага 174 040 000 төгрөгийн задаргаа:
1. Ажил гүйцэтгэгч Г.О*******д нийт 19 700 000 төгрөгийн ажлын хөлс төлснөөс илүү төлсөн 12 200 000 төгрөг,
2. Доголдлыг арилгахад гарсан зардалд О.Шт төлсөн ажлын хөлс 37 000 000 төгрөг,
3. Материалын зардалд хучилтын хавтан авсан 19 390 000, хучилтын хавтан Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирсан 8 400 000 төгрөг, кранаар буулгасан хөлс 2 600 000 төгрөг,
4. Доголдлын улмаас барилгын буулгалтын ажлын хөлс 4 000 000 төгрөг,
5. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан хар панерын төлбөр 5 000 000 төгрөг,
6. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан прусс модны төлбөр 4 300 000 төгрөг,
7. Дахин ашиглах боломжгүй болсны улмаас нэмж авсан блокний төлбөр 4 800 000 төгрөг,
8. Катанг 10 000 000 төгрөг, ачилт буулгалтын зардал 950 000 төгрөг,
9. Бетон 60 000 000 төгрөг,
10. Пумны түрээс 5 400 000 төгрөг гэжээ.
8.1. Ажил гүйцэтгэгч Г.О*******д нийт 19 700 000 төгрөгийн ажлын хөлс төлснөөс илүү төлсөн 12 200 000 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг доголдолтой ажил гүйцэтгэсэн учир түүнд төлсөн ажлын хөлс нийт 19 700 000 төгрөгөөс 12 200 000 төгрөгийг буцаан шаардсан. Нэгэнт гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болоогүй учир ажил гүйцэтгэгч урьдчилж авсан ажлын хөлсийг буцаан өгөх үүрэгтэй болно. Иймд хариуцагч Г.О*******аас ажлын хөлс 12 200 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
8.2. Доголдлыг арилгахад гарсан зардалд О.Шт төлсөн ажлын хөлс 37 000 000 төгрөгийн талаар:
Нэхэмжлэгч Б.Б******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр О.Штай 0798 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 576 м.кв талбайтай сууцны карказын ажлыг бүрэн дуусгахаар, захиалагч нь ажлын хөлс 37 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлж, хохирол буюу доголдлыг арилгахад гарсан зардалд О.Шт төлсөн ажлын хөлс 37 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
О.Штай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т бэлэн бусаар Хаан банкны тоот дансанд шилжүүлж хөлс төлнө гэж тохиролцсон байх тул хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар дээрх дансанд “2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөг /хх-38/, 08 дугаар сарын 08-ны өдөр 2 750 000 төгрөг /хх-55/, 07 сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөг /хх-90/, 08 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг /хх-100/” нийт 19 750 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул уг мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
8.3. 3-10 дугаарт дурдсан нийт 142 090 000 төгрөг гаргуулах зардлуудын талаар:
Нэхэмжлэгч Б.Б******* нь О.Штай байгуулсан гэрээний дагуу, тухайн ажлын үр дүнг бий болгоход зарцуулсан материалын зардал гэж нийт 142 090 000 төгрөгийг хариуцагч Г.О*******аас нэхэмжилжээ.
Тэрээр бусдаар ажил гүйцэтгүүлэхдээ ажлын хөлс нь буурсан байхаас гадна О.Штай байгуулсан гэрээнд захиалагч тал /Б.Б*******/ материалын зардлаа хариуцахаар тохиролцож, энэхүү ажлын үр дүнг хүлээн авсан талаар нэхэмжлэгч нь тайлбарлаж байх тул түүнд оруулсан зардлыг Г.О******* хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.
9. Иймд хариуцагч Г.О*******аас нийт 31 950 000 төгрөгийг /12 200 000+19 750 000/ гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******т олгож, нэхэмжлэлээс 142 090 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 091 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 950 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 317 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.О*******аас 31 950 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142 090 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 091 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О*******аас улсын тэмдэгтийн хураамж 317 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН