| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00123/И |
| Дугаар | 143/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 143/ШШ2024/00439
2024 оны 12 сарын 09 өдөр Дугаар 143/ШШ2024/00439 Д сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж*******,*******” төрийн байгууллага
Хариуцагч: “С*******” ХХК
Хариуцагч: Б******* овогт С*******ын О*******
Хариуцагч: Б******* овогт Б*******гийн Б*******
Хариуцагч: Н******* овогт Б*******гийн Д
Хариуцагч: А******* овогт Гын Г
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 173 819 531.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Бл, хариуцагч Б.Д, Г.Г, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж*******,*******” төрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Агентлаг байгуулах тухай” 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А-273 дугаар тушаалаар Ж*******,гийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Ж*******,*******т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт “...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Ж*******, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Ж*******,гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Ж*******, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч “С*******” ХХК болон түүнийг төлөөлөн захирал С.О*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б******* нар нь “Ж*******,” (Цаашид “Сан” гэх)-аас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88/2018/3-90 тоот зээлийн, 88/2018/Б-90 тоот барьцааны гэрээ байгуулан 158 367 300 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Э” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1. С.О******* /РД: ХГ64020403/-ийн өмчлөх эрхийн Өмнөговь аймгийн Д сум 1 дүгээр баг, , хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
2. С.О******* /РД: ХГ64020403/-ийн өмчлөх эрхийн Өмнөговь аймгийн Д сум, 1 дүгээр баг, , хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий 44 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3. С.О******* /РД: ХГ64020403/-ийн өмчлөх эрхийн С******** дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45-р байр, 68 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий 16 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
4. Б.Д /РД: /, Г.Г /РД:/ нарын өмчлөх эрхийн Б***** дүүрэг, 6 дугаар хороо, Мгийн гудамж, , хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204018937, 000373609 гэрчилгээний дугаар бүхий 79,25 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.
Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татсан болно.
1. ЖДҮХСан болон “С*******” ХХК нарын хооронд байгуулсан 88/2018/3-90 тоот зээлийн гэрээний үүрэгт “С*******” ХХК -иас 173 819 531.66 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнд:
- Үндсэн зээлийн төлбөрт 115 771 287.24 төгрөг,
- Зээлийн хүүгийн төлбөрт 86 733.42 төгрөг,
- Зээлийн алдангийн төлбөрт 57 929 011.00 төгрөг /50%/,
- Нотариатын зардал 32 500 төгрөг.
2. 3ээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Бл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С*******” ХХК нь 2018 оны 06 сарын 19-ний өдөр 158 367 300 төгрөгийг 60 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингээд “С*******” ХХК нь хүүгийн төлбөрөө 2019 оны 06 сарын 19 хүртэл төлөөд, үндсэн төлбөрөө 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж эргэн төлөлтийнхөө хуваарийн дагуу төлөх ёстой байсан. Санхүүгээс гаргаж өгсөн дэлгэрэнгүй хуулга дээр үүнийг гаргаад өгчихсөн байгаа. Ингээд “С*******” ХХК нь 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлээд сарын 3 114 905 төгрөгийг төлөх ёстой байсан. 2019 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлээд үндсэн зээлийнхээ төлөлт дээр зөрчил үүсгэж явсан. Эргэн төлөлтийнхөө хуваариар төлөхгүй явж байгаад 2019 оны 12 сарын 20 хүртэл төлөлтөө хийгээд, үндсэн төлбөрийн үлдэгдэл 4 415 000 төгрөгийн зөрчил үүсгэсэн. Эргээд төлөхгүй явж байгаад 2020 оны 01 сарын 01 буюу 2020 оны жилийн эцсийн тооцоогоор үндсэн зээлийн төлбөр нь 7 564 707.44 төгрөг, хүүгийн төлбөрт 355 662.60 төгрөг, алдангийн төлбөр 117 668.22 төгрөг 2019 оны 12 сарын 31-ний байдлаар төлөх ёстой байсан.
Энэ 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлээд алданги бодогдож эхэлсэн. Тооцооллын дунд нь 2020 оны 01 сарын 20-нд 1 300 000, 02 сарын 20-нд 1 300 000, 03 сарын 24-нд 1 300 000, 04 сарын 20-нд 1 300 000, 05 сарын 20-нд 1 300 000 гээд 3 114 000 төгрөгийг эргэн төлөлтийн хуваариар төлөх ёстой байснаас 1 300 000 төгрөгөөр төлж яваад, эргэн төлөлтийн хуваарийн зөрчил үүсээд, 2020 оны 12 сарын 31-ний байдлаар нийт үндсэн төлбөр нь 29 080 300, алдангийн төлбөр нь 4 193 862 төгрөг, нийт 33 274 164.41 төгрөгийг 2020 оны 12 сарын 31-нд төлөх ёстой. Үүнээсээ алданги бодогдоод яваад байгаа. Нийт 2020 оны 12 сарын 20-нд 20 000 000 төгрөг хийсэн байгаа. Ингээд мөнгө хийхгүй явж байгаад 2021 оны 08 сарын 13-нд 1 300 000 төгрөг төлсөн. Нийт төлөх ёстой дүн нь 60 117 362.41 төгрөг болсон. Тэгээд 2021 оны 10 сарын 25-нд 8 000 000 төгрөг хийгээд, эднийх 59 028 162.41 төгрөг болсон. Дахиад төлбөр хийлгүй явж байгаад 2022 оны 03 сарын 15-нд 2 600 000 төгрөгийг төлөөд, дунд нь саруудын төлбөрийг төлөхгүй яваад, нийт 2022 оны 03 сарын 15-ны байдлаар 93 757 620.10 төгрөгийн төлөлт гээд үндсэн зээл нь 93 000 000 төгрөг төлөх болоод зөрчил үүсээд яваад байсан. 2022 оны 04 сарын 21-нд 1 300 000 төгрөг, 2022 оны 11 сарын 10-нд 2 600 000, 2022 оны 12 сарын 31-нд 1 300 000 гээд нийт 2022 оны жилийн эцсээр 116 600 824.10 төгрөгийн төлөлтийн зөрчил үүсээд, үүнд бодогдох алдангийн төлбөр нь 20 490 926.6 төгрөг, 2023 оны 02 сарын 17-нд 1 300 000 төгрөг хийсэн. Тэгээд мөн л төлөлт хийхгүй явж байгаад 151 274 997.35 төгрөгийн авлага үүсээд явсан.
Үүнээс хойш ерөөсөө 2023 оны 02 сарын 17-ны өдрөөс хойш нэг ч төгрөг хийгээгүй. Манайх үндсэн зээлийн төлбөрт нь 115 771 287.24 төгрөг, хүүгийн зээлийн төлбөрт 86 733.42, алдангийн төлбөрт 57 929 011 төгрөг, нотариатын зардалд 32 500 гэх мөнгөний үлдэгдэлтэй байна гээд нийт 173 819 531.66 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Яг алданги нь 2019 оны 12 сарын 31-ний өдрөө 117 698.22 гээд энэ бодогдсон дүн нь нийт 4 415 000-аар бодогдоод явсан байгаа. Ингээд нийт зээл авснаас хойших хугацаа нь 1828 хоногт бодогдох алдангийн тооцооллыг хийсэн байгаа.
Энэ зээлийн үндсэн зээлдэгч ба хамтран зээлдэгч хоёр нь хоёулаа адилхан үүрэг хүлээж явж байгаа. Та өөрөө боломжгүй байсан ч зээлийн гэрээнийхээ үүргийн 4.4-т зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт, зээлийн зорилтыг хэрэгжүүлэх, зээлдэгчийн гэрээний үүргийг биелүүлэхэд саад буюу аюул учруулах эсвэл аливаа нөхцөл байдлын талаар зээлдэгчид шуурхай мэдээлнэ гээд зааж өгсөн байгаа. Үүний дагуу тухайн үед хамтран зээлдэгч Б.Б******* болон энэ хүмүүс нь болсон нөхцөл байдал, осолд орсон, мөн давсны зөрчлүүдийн талаар Ж**************т мэдэгдээд, зээлээ яаж эргэн төлөх вэ гээд хүсэлтээ өгөөд, алдангийнхаа тооцооллыг яаж хийх вэ гээд, тухайн үед танайхаас манайх руу хүсэлт гаргаж өгсөн бол алданги, эргэн төлөлтийн чинь хуваарийг хүсэлтийн дагуу нэг удаа өөрчилнө гээд зээлийн гэрээнд зааснаар нэг удаа зээлийн гэрээг 6 сар хүртэл хугацаагаар сунгах боломжтой байсан. Хоёрдугаарт Коронагийн нөхцөл байдлын улмаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу Ж*******гийн зээлдэгчдэд зээлийн үед үүссэн алдангийн төлбөрийг бууруулах шийдвэр гаргаад, тухайн үед багасгаж өгсөн байгаа. Тухайн үед мөн 2020 оны 06 сарын 30-нд 1 370 751. 44 төгрөгийг сайдын тушаалаар танай алдангиас хассан байгаа. Энэ талаар тухайн үед мэдээллээ манайд өгөөд, хүсэлтээ гаргаж өгөх ёстой байсан. Хамтран зээлдэгч нь мөн адилхан үүрэг хүлээгээд явж байгаа тул энэ талаар манайд хүсэлтээ гаргаад өгөх боломжтой байсан. Аль 2019 онд осол болсон учраас үндсэн зээлдэгч нь төлбөрөө төлж чадахгүй байсныг манайх хүсэлт гаргаж өгөөгүй бол мэдэхгүй шүү дээ. Сая шүүхэд шилжүүлээд ийм асуудлууд болоход л мэдээллүүдийг авч байгаа. Тийм учраас танай алдангийн асуудал ийм байдалд хүрчихсэн байгаа. Нөгөө талаараа тусгай зөвшөөрөл, Коронагийн үед цуцлагдсан байдлаар ч гэсэн манайд мэдээлэл өгөх үүрэгтэй байсан. Гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгч тал дээр бүх үүргүүдийг нь тайлбарлаад өгчихсөн байгаа. Энэ талаараа манайд мөн мэдээлэх ёстой байсан гэв.
2. Хариуцагч “С*******” ХХК-ийн захирал С.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С*******” ХХК нь 2013 оноос Өмнөговь аймагт хүнсний давс олборлох үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа ж******* дунд үйлдвэрлэгч аж ахуй нэгж юм.
Манай компани 2018 онд ЖДҮХСангаас 158 367 300 төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн үйл ажиллагаагаа тэлж Улаанбаатар хот болон бусад аймгуудаар борлуулалтаа хийж эхэлсэн. 2018, 2019 онуудад зээлийн төлбөрийг хэвийн төлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний бие автомашины осолд орж урт хугацаагаар эмчилгэээ хийлгэсэн тул үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн улс даяар COVID19 цар тахал гарч Улсын онцгой комисс Өмнөговь аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон тул үйлдвэрлэл бүрэн зогссон. Энэ үеэр ашигт малтмалын ээлжит төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргьн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцлагдан үйл ажиллагааг зогсоосон.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын дээд шүүх захиргааны хэргийн танхимын шүгчдийн хуралдааны тогтоолын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №10/561 дугаартай албан тоотоор ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл сэргэсэн. Энэ бүх хугацаанд үйл ажиллагаа зогсож зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон. Одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд ЖДҮХсантай харилцан тохиролцож хувиарын дагуу бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч “С*******” ХХК-ийн захирал С.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд “Ж*******,” төрийн байгууллагаас “С*******” ХХК, иргэн С.О*******, Б.Б*******, Б.Д, Г.Г нарт холбогдуулан 173 819 531.66 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Үндсэн зээлийн төлбөр 115 771 287 24 төгрөг
Хүүгийн төлбөр 86 733.42 төгрөг
Зээлийн алдангийн төлбөр 57 929 011.00 төгрөг
Нотариатын төлбөр 32 500 төгрөг нийт 173 819 531.66 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. “С*******” ХХК нь 1998 онд Өмнөговь аймгийн Г сумын Дундголын давсны ордын 28га газрыг эзэмшиж “С*******” ББНөхөрлөл байгуулж давс олборлох, борлуулах үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оноос “С*******” ХХК болж йоджуулсан давсны цехийг байгуулан одоог хүртэл “С*******” нэртэй иоджуулсан давс үйлдвэрлэж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно.
2. Манай компани 2018 оны 06-р сарын 19-ний өдөр Ж*******гаас 158 367 300 төгрөгийн төслийн зээл авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж зээлийн төлбөрт нийт 57 089 820 төгрөгийг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 42 596 013 төгрөгийг, хүүгийн төлбөрт 14 493 807 төгрөгийг тус тус төлсөн байна.
3. С******* овогтой О******* миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 30-нд Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өөрийн үйлдвэрийн “С*******” давсаа ачиж явахдаа Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 163 км-ын орчимд өөрийн өмчлөлийн Тоуоta Probox маркын 3619 УНА улсын дугаартай автомашинтай явж байхад автомашины дугуй буудаж замын хажуу руу онхолдож автомашин 4 хөрвөөд 4 дугуй дээрээ буцаж тогтсон байсан. Энэ үед миний бие хэдий хугацаанд ухаангүй байсныг мэдэхгүй байсан бөгөөд сэргэх үед толгой даагдахгүй босож болохгүй байсан. Ингээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт анхан шатны тусламж аваад яаралтай Улаанбаатар хотын ГССҮТөвд очиж хүзүүний с1,с2 үендээ хугаралттай, баруун нүдний ухархай дотогшоо цөмрөлттэй, баруун гарын дунд хуруу хугаралттай гэх оноштойгоор 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 04-нийг дуустал хэвтэн эмчлүүлсэн. ГССҮТөвөөс гараад Сэргээн засах клиник эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ыг хүртэл 14 хоног хэвтэж сэргээн засах, уламжлалт эмчилгээ хийлгэсэн. Хүзүүний үе хугарсан гэмтлээс шалтгаалан хүзүүний аппарат байнга зүүж, толгой хүзүү байнга өвддөг, толгойгоо өргөж, эргэж тойрч хэвтэж чадахгүй суугаа хэвтээ хоёрын хооронд олон сарыг өнгөрөөсөн. эмнэлгээс гарахад эмчлэгч эмч цаашид харьяа дүүргийн гэмтлийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сары 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-нийг дуустал тасралтгүй 171 хоног /акттай байсан/ эмнэлгийн хуудас өгч байсан. Цаашид группд орох шаардлагатай гэсэн боловч өндөр насны тэтгэвэрт гарсан тул боломжгүй байсан. Гэмтэл авсны улмаас байнга мэдрэлийн эмчийн хяналтад байж хүчтэй өвчин намдаах эм ууж, хүзүүний аппараттай байсан учраас ажил төрлөө эрхлэн орлого олж чадаагүй тул зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байсан.
4. Дэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахал гарч Монгол улсын засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол, түүний хавсралт, Монгол улсын засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол, мөн Өмнөговь аймгийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/308 дугаар захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/1013 дугаартай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/1950 дугаартай албан бичгүүдийн дагуу хөл хорионд орж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
5. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор БНХАУ-ын эрээн боомтоор хийгдэж буй ачаа тээврийн зохион байгуулалтад өөрчлөлт орж улс хоорондын бараа тээврийн үйл ажиллагаа доголдож Монгол улсад ирэх ачаа тээвэр 2022 оны 08 дугаар сар хүртэл саатаж уут, сав баглаа боодолгүй болж компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүнийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Fоrсе Majeure/-н гэрчилгээ”-р нотолсон болно. Тайлбарт COVID19 омикрон хувилбарын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А-35 дугаар захирамжаар хөл хорио хязгаарлалтыг тогтоож байсан холбогдох захирамжуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан.
6. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн Н.Б даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай шийдвэр, 8/1506 тоот албан бичгээр “С*******” ХХК-ний 1497А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2,34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан. Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж ковид19 цар тахал гарсантай холбоотой хөл хорионд орсон байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байсан учир нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ 2022/0616 тоот шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын шийдвэр үндэслэлтэй гэж үзсэний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2022/0669 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тогтоолын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №10/561 дугаартай албан бичгээр “Ашигт малтмалын ашиглалтын МУ-001497 дугаартай тусгай зөвшөөрөл” сэргэсэн. Энэ хүртэлх хугацаанд үйл ажиллагаа бүрэн зогсож зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон болно. Захиргааны хэрэг маргаан 2022 оны 03 дугаар сарын 17-2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилж ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэн.
Иймд дээр дурдсан учир шалтгааны улмаас манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон учраас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан болон хүндрэлтэй нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжилж буй зээлийн алдангийн төлбөр болох 57 929 011 төгрөгийг хасаж өгнө үү. Манай компани Ж******* дунд, үйлдвэрийн сангийн хуулийн хэлтэстэй харилцан тохиролцож зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Тайлбарт холбогдуулан нэмэлтээр 5 хуудас баримт хавсаргав гэжээ.
Хариуцагч “С*******” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаад 158 367 300 төгрөгийг 60 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэ Э төслийн зориулалтаар зээлж авсан мөнгөнөөс 42 696 013 төгрөгийг нь төлсөн. Хүүгийн 13 493 807 төгрөгийг би төлсөн. 2018 оны 60 сарын 19-ний өдрөөс 09 сарыг дуустал энэ зээлийг яг тогтвортойгоор жигд төлж байсан. Тэгээд 2019 оны 09 сарын 30-ны өдөр Төв аймгийн Өнжүүл сумын нутагт Пробокс маркийн 3619 номерын машинтай давсныхаа түгээлтийг хийхээр ачиж явж байгаад, Дундговь аймгийн хагарал гэмтэл гарсан зам дээр машины дугуй буудаад, би машинтайгаа замын хажуу руу ороод 4 өнхөрсөн. Тэгээд Өнжүүл сумын цагдаа дуудчихаад, Төв аймгийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Маргааш нь хүзүүний ясны сэртэнгийн хугаралтай гээд толгойгоо даахаа болиод эмнэлэгт хэвтсэн. 172 хоног эмнэлэгт хэвтэх эмчийн магадалгаатай байсан. Ингээд 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ийг хүртэл эмнэлэгт хэвтэх магадалгаатайгаар явж байгаад, сүүлдээ олгогдох хугацаатай эмнэлгийн актаасаа илүү гарж байгаа учраас группэд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би тэтгэврийн насных учраас группэд орох ямар ч боломжгүй. Түүнээс хойш хувиараа эмнэлгээр явсаар байгаад жил болж, хүзүүндээ том аппараттай шөнө хэвтэж чадахгүй, хагас суугаа байдалтай унтдаг байсан. Эмнэлгийн акт, хугацаа дууссан ч гэсэн түүнээс хойш хүзүү хэвтэж байхад, эргэж тойроход хүртэл хэцүү байсан. Ямар ч байсан буянтай эмч нарын хүчээр хүзүүний аппарат 7 хоног хийлгэж, эргээд ажлаа хийх боломжтой болсон. Үүнээс хойш гүйцэт босож чадаагүй байтал араас нь цар тахлын хорио цээр гээд Өмнөговийн онцгой байдлаас “Монголын хэмжээнд давсны хэрэглээ хангалттай нөөцтэй байгаа та явах шаардлага байхгүй” гэж хэлээд хөл хорионд оруулсан. Ямар ч албан бичиг хүсэлт өгөөд ерөөсөө хүнс явж байгаа гэсэн ч гэсэн давсаар Монгол улс тасрах болоогүй гэж хэлээд явуулаагүй. Тэгээд Засгийн газрынхаа тогтоол шийдвэрийг мөрдөж энэ хугацаанд хөл хорионд байсан. Үүнийг Онцгой байдлын газрын дарга нь өөрөө хэлж байсан учраас надад тодорхойлолтыг нь хийж өгсөн.
Тухайн үеийн тодорхойлолтыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл гэдэг гэрчилгээг гаргасан байх шаардлагатай гээд энэ бүх баримтуудыг бүрдүүлж өгөөд, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь гарсан. 2022 оны 08 сар хүртэл Ковидын хориотой гэдэг Засгийн газрын тогтоол, Өмнөговь аймаг нь онцгой бүс гээд тусгай хөл хориотой байсан. Эдгээр бүх баримтууд нь байгаа. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гараад явах хооронд 2022 оны 03 сарын 17-нд А1497 гэсэн давсны тусгай зөвшөөрлийг маань хүчингүй болгоод цуцалчихсан. Хөл хорионы үеэр төлбөрийн хугацаа 4, 5 хоногийн зөрүүтэй байсан гээд цуцалчихсан. Энэ нь 05 сарын хэдний дотор төлж болох хугацааг 04 сарын 20-ноор гэж шийдвэр гаргаад тусгай зөвшөөрлийг цуцлаад, тэгээд бүтэн 3 шатны шүүхээр явж 2023 оны 01 сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гараад үйл ажиллагаа явах тусгай зөвшөөрөл эргэж сэргээгдсэн байдаг. 2023 оны 02 сарын 10 хэднээр лиценз сэргэсэн албан тоот нь ирж, үйл ажиллагаа явуулах эрх олдож байгаа. Ийм боловч давсны уурхай нь 05 сараас 11 сар хүртэл л ажиллах боломжтой буюу улирлын чанартай уурхай байдаг. Нүүрс, алттай адилхан жилийн 4 улиралд ажилладаггүй. Газар хөлдөнгүүт давс нь өөрөө шүүгдээд, доороосоо хөлдчихдөг. Тэгээд үйл ажиллагаа нь зогсчихдог. Мөн нөөц хийх ямар ч боломжгүйгээр ийм байдлууд үргэлжилчихсэн учраас давсны үйл ажиллагаа доголдоод эхэлчихсэн. Тэгээд 2023 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлээд үйл ажиллагаа жигдрээд явсан. Тэр хооронд татвар, нийгмийн даатгал гээд бүх юмнууд төлбөр тооцоогоо хийхгүй бол аж ахуйн нэгжийн дансыг хаана гээд үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй гээд хүртэл явсан байгаа. Энэ бүхэн баримтаар нотлогдоод, нотариатаар батлуулаад шүүхэд хүлээлгээд өгчихсөн байгаа. Ер нь зээлж авсан зээлийг ямар ч байсан үндсэн зээл, хүүтэйгээ төлөх нь гарцаагүй. Харин алдангийн тал дээр бид нарыг харж үзэхэд бүх баримтуудаар нотлогдох байх гэж бодож шүүх хурлаар орж байгаа гэв.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саяын ярьсан тайлбарыг дэмжиж байна. Үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх нь үнэн. Алдангийн төлбөр дээр энэ хүчин зүйлүүдийг харгалзаж үзэн, бууруулж өгнө үү, боломжтой бол алдангийг хасаж өгнө үү. Алдангийг л чөлөөлж өгөөч гэж хүсэж байна. Компанийн үйл ажиллагаа нь ээж өөрөө ганцаархнаа хариуцаж ажилладаг. Тэгээд өөрөө өвдөөд хэвтсэн учраас үйл ажиллагаа нь зогссон. Ийм учраас алданги дээр л чөлөөлж өгөөч гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саяын тайлбартай санал нэг байгаа. Би урьд нь ч гэсэн Хөдөө аж ахуйн яамны хуулийн хэлтсийнхэнтэй очиж уулзаж байсан. Алданги нь өндөр байна, бид нар зээлээ, зээлийн хүүгээ ер нь төлнө гээд болсон процессыг аман болон бичгэн байдлаар очиж үзүүлж байсан. Тэгээд боломжтой бол алдангийг нь хасаад өгөөч гэж гуйгаад байгаа. Түүнээс үндсэн зээл, хүүгээ бол төлнө гэж хэлж байгаа гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байгаа. Эднийх зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг гэрээнд дурдагдсаны дагуу 2018 оны 06 сараас хойш 2019 оны 09 сарыг дуустал төлбөр тооцоогоо хийж явсан. Гэтэл 09 сарын 30-нд осолд орсноос хойш энэ үйл ажиллагааг хийх боломжгүй болоод, энэ хүний хувьд хүзүүний нугалам нь гэмтээд эмчийнх нь өвчтөний карт дээр бичигдчихсэн. Толгойгоо хөдөлгөх ямар ч боломжгүй болоод, хүнд аппарат зүүлгэж, машинд суух ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн ба хагас суугаа байдалд бараг жил болсон байдаг. ...Ингээд энэ хүн 171 хоног эмнэлэгт байсан акт байдаг. Ингээд өвчтэй 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ийг хүртэл 171 хоногийн акттай байсан гэдэг нь тогтоогдож байгаа.
Мөн 2020 оны 03 сараас энэ хүнийг хөл дээрээ босож чадаагүй хэвтэрт байх үед Ковид гарч, 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс улс орон даяар онц байдал зарлагдаж 2022 оны 08 сарын 08-ныг хүртэл үргэлжилсэн. Энэ нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэдэг нь гэрчилгээ дээр тодорхой дурдагдсан. 2022 оны 08 сарын 08 хүртэл энэ хүн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл гуравдугаарт энэ хүнийг 2022 оны 03 сарын 17-нд Газрын тосны хэрэг эрхлэх газраас 135 дугаартай мэдэгдэл ирсэн. Танай тусгай зөвшөөрлийг цуцаллаа, та нар энэ хугацаанд татвараа төлөөгүй байна, ийм учраас цуцаллаа гээд “С*******” ХХК-ийн А1497 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тэгэхээр 2022 оны 03 сарын 17-ны өдрөөс хойш энэ хүн ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болоод ирж байгаа. Тэгээд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолууд гарсны дагуу Газрын тосны албанаас 2023 оны 01 сарын 25-ны өдөр танай тусгай зөвшөөрлийг сэргээж байна, үйл ажиллагаагаа явуулж болно, 2030 он хүртэл тусгай зөвшөөрлийг сунгасан гэх албан тоот ирж байгаа. Энэ нь 02 сарын 10-нд ирсэн гээд байгаа. Тэгэхээр энэ баримтуудаас харахад 02 сарын 10-нд энэ хүн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа. Түрүүн хэлснээр 05 сараас 11 сарын эхэн хүртэл 01, 02, 03 сар гээд л хөлдөлт эхлээд зогсдог.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа алданги нь яг энэ хүний өвчтэй байх, осолд орсон үеэс эхэлж байгаа. 2019 оны 10 сараас 2023 оны 06 сар хүртэл алдангид 58 000 000 орчим төгрөг нэхэж байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд 2023 оны 01 сарын 25-ны албан тоот 02 сарын 10-нд ирээд үйл ажиллагаа нь сэргээд 05 сард ажлаа эхлүүлэх хүртэл алдангийг нэхэж байгаа. Энэ хугацааг дуусгавар болох хүртэл хугацаанд миний үйлчлүүлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан заалтын дагуу өөрийн үндэслэлээ тодорхойлж нотлох баримтуудыг өгсөн.
Мөн энэ байдлуудаа хэлж хэд хэдэн удаа очсон. Би, Д болон энэ залуу хүртэл хэд хэдэн удаа очиж үнэн байдлаа хэлсэн. Бүх бичиг баримтаа үзүүлсэн. Заримыг нь хуулбарлаад өгсөн нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр ийм байдлууд байгаад нэгэнт давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, сертификат нь гарчихсан байдлуудыг харгалзаад, нэгдүгээрт аваарт орсон, хоёрдугаарт Ковид болсон, гуравдугаарт тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гээд энэ гурван нөхцөл байдлуудын улмаас 2023 оны 01 сарын 25 хүртэл үйл ажиллагаа нь зогсож 05 сараас эхэлсэн.
Ийм учраас та бүхэн улирлын чанартай гэж үзэхгүй, та нараас авна гэвэл 02 сараас 06 сар хүртэл 4 сар байна. Алдангийн асуудал ийм байна. Үгүй бол танайх чөлөөлчихлөө гэхэд боломж байна. Тэгэхээр шүүхээр л шийдвэрлэе. Надад ийм эрх хэмжээ байхгүй гэж байгаа төрийн албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн байдлаа хэлээд байна гэж би ойлгоод байгаа. Тэгээд ажлаа ер нь чамбай хийдэг хүүхдүүд байна гэж би харсан. Бид нар бол одоо шүүхэд ганц хүсэлт тавих байна. Нэгэнт давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гарсан, энэ хүний өвчтэй байсан, одоо ч нурууны суулттай удаан зогсож чадахгүй, хөлөө чирээд ийм байдалтай, нэмэгдээд ослын өвчин нь дараа нь гараад байдаг ийм нөхцөлүүд үүссэн байдлыг харж үзээд, боломж олгооч, энэ бол үнэхээрийн ажил яваагүй юм шүү гэдгийг нь харгалзаж үзээд алдангиас чөлөөлж өгөөч гэсэн саналыг оруулж байна. Бусад тал дээр маргаад байх юм байхгүй.
Миний хувьд зээлийн гэрээ байгуулсан дээр маргах юм байхгүй. Гэхдээ төлөх хугацаа алдсан гэдэг дээр гурван хүчин зүйл хэлсэн. 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлүүлээд энэ хүн 171 хоног акттай, бүтэн жил гаруй хэвтэрт байсан. Нуруу, хүзүүний гэмтэл гэдэг нь гэнэтийн юм байдаг. Тэгээд аппараттай, хагас хэвтрийн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Үүнийг би дурдахаас аргагүй байна. Мөн энэ хүн группт орох боломжгүй болсон. Өндөр насны тэтгэвэр нь хамгийн багаар 650 000 төгрөг авдаг, өрх толгойлсон, хэдэн хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн эмэгтэй байгаа. Энэ байдлуудыг нь нэгдүгээрт дурдмаар байна.
Хоёрдугаарт хэрэгт авагдсан хоёр гол баримт болох 2024 оны 05 сарын 27-ны 02/96 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 сарын 08 хүртэл энэ хүн давагдашгүй хүчин зүйл буюу өөрөөс нь нөлөөлөх аргагүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан. Энэ нь хөндлөнгийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байгааг харж үзээч гэж хэлмээр байна.
Гуравдугаарт нь Ковидын мөнгө төгрөг төлж чадахгүй, өвчтэй байх үед нь 2022 оны 03 сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Үүнээс болоод 2023 оны 01 сарын 25 хүртэл үйл ажиллагаа нь бүрэн зогссон. 01 сарын 25-ны бичиг нь 02 сарын 10-нд ирээд үйл ажиллагаа чинь эхэллээ гэсэн. Энэ хугацаа нь хүндэтгэн үзэх учир шалтгаантай байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу бүх нотлох баримтууд, шүүхийн шийдвэрүүд, гэрчилгээ, өвчтэй байсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт өгсөн.
Энэ хүн 2023 оны 05 сарын 20-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Угаасаа энэ ажиллагаа 05 сараас 11 сарын хооронд явдаг байсан. Тэгэхээр 05 сараас 06 сарын 20 хүртэл хугацааны алданги бодох уу, үгүй бол 06 сарын 19 хүртэл гэрээний хугацаагаар алданги бодох уу гэдэг талаар би нэхэмжлэгч талд хэлээд байгаа. Нэхэмжлэгчийн талаас шүүхэд шийдвэр гартал хүртэл хугацаагаар алданги нэхэмжилсэн гээд байгаа. Энэ нь хууль зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232.3-д зааснаар алдангийн гэрээг заавал бичгээр байгуулна. Тэгэхээр хэрэгт байгаа гэрээнд авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээс харахад 9.1 дүгээр зүйлд зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар бодно гэж бичгээр хийсэн. Энэ гэрээгээр алдангийн хугацаа 2023 оны 06 сарын 20 гэхэд дууссан. Үүнээс хойш шүүхэд шийдвэр гартал гэрээг сунгаагүй. Алданги дээр дахиж тохиролцоогүй. Бичгэн баримт үйлдэгдээгүй учраас шүүхэд гаргах хүртэл хугацаагаар алданги нэхэмжилнэ гэдэг нь үндэсгүй гэдгийг хэлмээр байна. Эдгээр нөхцөл байдал, энэ хүний өөрийн байдал, компанийн үйл ажиллагааны зогсонги байдал гээд энэ болгоныг нь харгалзаж алдангиас чөлөөлж өгөөч гэсэн саналыг оруулж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай “Агентлаг байгуулах тухай” тогтоолын хуулбар, Ж*******, дунд үйлдвэрийн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/198 дугаартай итгэмжлэл, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар, “Ж*******,” ба “С*******” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88/2018/З-90 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгын хуулбар, “Ж*******,” ба “С*******” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88/2018/Б-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний хуулбар, “Эс Би Би Эй” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №IX/92 дугаартай “Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа”-ны хуулбар, “С*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/05 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр”-ийн хуулбарууд, Б.Д, Г.Г нарын өмчлөлийн Ү-2204018937 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Гаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр С.О*******т олгосон итгэмжлэлийн хуулбар, Г.Г, Б.Д, С.О******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С.О*******ийн өмчлөлийн дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.О*******ийн өмчлөлийн дугаартай, С.О*******ийн өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, С.О*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хууль, тусгай активын хэлтсээс зээлдэгчтэй хийх ажиллагааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл,
Хариуцагчаас: “С*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0488 дугаартай итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаанууд, Өмнөговь аймгийн Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 476 дугаартай албан тоотын хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8/1506 дугартай газрын тосны тусгай зөвшөөрөл цуцалсан болохыг мэдэгдсэн албан тоотын хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10/561 дугартай газрын тосны тусгай зөвшөөрөл сэргээсэн албан тоотын хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0616 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2022/0669 дугаартай магадлал, Төв аймгийн Цагдаагийн газрын 47/05-1604 дугаартай тодорхойлолтын хуулбар, Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлтийн хуулбар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн эмчийн дүгнэлтийн хуулбар, С.О*******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн болон сэргээн засах эмчилгээний картын хуулбарууд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ж*******,*******” төрийн байгууллага нь хариуцагч “С*******” ХХК, С.О*******, Б.Б*******, Б.Д, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 173 819 531.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“...Зээлдэгч “С*******” ХХК болон түүнийг төлөөлөн захирал С.О*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б******* нар нь “Ж*******,”-гаас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88/2018/3-90 тоот зээлийн, 88/2018/Б-90 тоот барьцааны гэрээ байгуулан 158 367 300 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, “Э” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд С.О*******, Б.Д, Г.Г нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид мэдэгдсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт “С*******” ХХК-иас 173 819 531.66 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнд:
- Үндсэн зээлийн төлбөрт 115 771 287.24 төгрөг,
- Зээлийн хүүгийн төлбөрт 86 733.42 төгрөг,
- Зээлийн алдангийн төлбөрт 57 929 011.00 төгрөг /50%/,
- Нотариатын зардал 32 500 төгрөг.
3ээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэжээ.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 57 929 011 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргасан.
Үүнд: “...“С*******” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Ж*******,”-аас 158 367 300 төгрөгийн төслийн зээл авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 2018 оны 06 сараас 2019 оны 09 сарыг дуустал зээлийн төлбөрт нийт 57 089 820 төгрөгийг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 42 596 013 төгрөг, хүүгийн төлбөрт 14 493 807 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл С.О******* 2019 оны 09 сарын 30-нд авто осолд орсноос хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл 171 хоногийн акттай байсан. Ковид-19 цар тахал болсон, мөн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гурван нөхцөл байдлуудын улмаас 2023 оны 01 сарын 25 хүртэл үйл ажиллагаа зогссон. ...Иймд компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон учраас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан болон хүндрэлтэй нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжилж буй зээлийн алдангийн төлбөр болох 57 929 011 төгрөгийг хасаж өгнө үү. Манай компани нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.
Нэг талаас Ж*******,г төлөөлж тус сангийн захирал С.Төгсбилэг /зээлдүүлэгч/, нөгөө талаас “С*******” ХХК-ийг төлөөлж С.О******* /зээлдэгч/, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б******* нар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 158 367 300 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, “Э” төслийн зориулалтаар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. /хх-11-14/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.
Зээлдүүлэгч буюу Ж*******,г төлөөлж тус сангийн дарга нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч “С*******” ХХК нь уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд тохиролцон гэрээг бичгээр байгуулж нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд энэ талаар маргаагүй.
Иймд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байх ба хариуцагч нь зээлийн гэрээ, хавсралтад зааснаар 2019 оны 06 сарын 20 хүртэл хүүгийн төлбөрийг төлж, 2019 оны 07 сарын 20-ны өдрөөс зээл, хүүгийн төлбөрийг хамтад нь төлөх хуваарийн дагуу 2023 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрт 42 596 012.76 төгрөг, хүүгийн төлбөрт 12 189 888.24 төгрөг, нийт 54 785 901 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож, энэ талаар маргахгүй байна. /хх-15-16/
Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 20-ны өдөр дууссан байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд зээлийн төлбөрт 115 771 287.24 төгрөг, хүүгийн төлбөрт 86 733.42 төгрөг, алданги 57 929 011 төгрөг, нотариатын зардал 32 500 төгрөг, нийт 173 819 531.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч тал нь алданги 57 929 011 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргадаг.
6. Зохигч талууд алдангийн талаар маргаж, мэтгэлцэж байна.
Тодруулбал, хариуцагч тал нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй учир үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний 1.5, 9.1-д заасны дагуу 0,1 хувиар алданги тооцож 57 929 011 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнийн 1.5-д “Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцно” /мөн 9.1-д/ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан, алдангийн хувь хэмжээ мөн зүйлийн 232.6-д заасан 0,5 хувиас хэтрээгүй байна.
7. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй удаашруулахтай холбогдон гарч ирж байгаа анз бөгөөд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтэд чиглэгдэж тогтоогддог.
Зээлдэгч тал болох “С*******” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн алданги 57 929 011 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ: “...Хариуцагч С.О******* авто осолд орж 2019 оны 09 сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэл 171 хоногийн акттай байсан хугацаанд ажил төрлөө эрхлэн орлого олж чадаагүй тул зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болж эхэлсэн, Ковид-19 цар тахал гарч, хөл хорионд орж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар тусгай зөвшөөрлөө сэргээсэн нөхцөл байдлууд үүссэн. Энэ хугацаанд үйл ажиллагаа бүрэн зогсож зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон. Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгаан болон хүндрэлтэй нөхцөл байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзэж нэхэмжилж буй алдангийн төлбөр 57 929 011 төгрөгийг хасаж өгнө үү” гэж тайлбарлан мэтгэлцдэг.
Хариуцагч талаас дээрх татгалзлаа нотолж, зээлдэгч “С*******” ХХК-ийн захирал С.О*******ийн зам тээврийн осол гаргасан болон эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд, тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх-62-83, 90/
8. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна:” 6/ “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх”-ээр заажээ.
“Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-с олгосон 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 02/96 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ”-гээр “С*******” ХХК нь “Ж*******,”-тай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Э” төсөл хэрэгжүүлэхээр 88/2018/З-90 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний хэрэгжилтийн явцад ...2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 сарын 08 хүртэл “С*******” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээг олгосон байна. /хх-90/
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийн явцад Монгол Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.
9. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан тул хариуцагчийн төлөөлөгчийн “...гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн тул үйл ажиллагаа бүрэн зогсож зээлийн төлбөрөө төлж чадахгүй хүнд байдалд орсон” гэх тайлбар нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нөгөө талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан ба “анзын хэмжээ илт их” байдал нь гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувь дотор гэж ойлгох тул зээлдэгчийн эрүүл мэндийн болон төлбөрийн чадварын байдал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжилж буй алдангийн хэмжээ илт их гэж үзэж, шүүх багасгаж шийдвэрлэв.
Ингэхдээ нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 57 929 011 төгрөг шаардсанаас хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар 2023 онд тооцсон алданги 39 698 361.23 төгрөгөөс төлөлт гэх 31 337 766.36 төгрөгийг хасаж, алдангид 8 360 594.87 төгрөгийг гаргуулахаар багасгаж, үлдэх 49 568 416.13 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. /хх-16/
Мөн хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан “...Нэхэмжлэгч талаас шүүхэд хандах хүртэл хугацаагаар алданги нэхэмжилсэн нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар алдангийн гэрээг заавал бичгээр байгуулдаг. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 9.1-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар бодно гэж заасан. Энэ гэрээгээр алдангийн хугацаа 2023 оны 06 сарын 20 гэхэд дууссан. Үүнээс хойш гэрээг сунгаагүй. Алданги дээр дахиж тохиролцоогүй, бичгэн баримт үйлдэгдээгүй учраас шүүхэд гаргах хүртэл хугацаагаар алданги нэхэмжилснийг эс зөвшөөрч байна” гэх тайлбар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул үндэслэлтэй.
10. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “С*******” ХХК-иас зээлийн төлбөрт 115 771 287.24 төгрөг, хүүгийн төлбөрт 86 733.42 төгрөг, алдангийн төлбөрт 8 360 594.87 төгрөг, нотариатын зардал 32 500 төгрөг, нийт 124 251 115.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж*******,*******” төрийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 568 416.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Талууд буюу барьцаалагч “Ж*******,”, барьцаалуулагч “С*******” ХХК, Б.Б******* нар нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88/2018/Б-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ байгуулж, уг гэрээгээр:
1. С.О*******ийн өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 68 тоотод байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. С.О*******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д сумын төв 1 дүгээр баг, Баруунсайхан 11-27 тоотод байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 44 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. С.О*******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д сумын төв 1 дүгээр баг, Баруунсайхан 11-27 тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
4. Б.Д, Г.Г нарын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мгийн гудамж, , хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204018937, 000373609 гэрчилгээний дугаартай, 79,25 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан болох нь барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн зүйлийн 156.2 болон, 166 дугаар зүйлийн 166.2-т тус тус заасантай нийцсэн байна.
Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар, төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч нь 1 027 048 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 124 251 115 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 779 206 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 221 дүгээр зүйлийн 221.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “С*******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 124 251 115.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж*******,*******” төрийн байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49 568 416.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “С*******” ХХК нь 124 251 115.53 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:
а. С.О*******ийн өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 45 дугаар байрны 68 тоотод байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 16 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
б. С.О*******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д сумын төв 1 дүгээр баг, Баруунсайхан 11-27 тоотод байршилтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 44 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
в. С.О*******ийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Д сумын төв 1 дүгээр баг, Баруунсайхан 11-27 тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар;
г. Б.Д, Г.Г нарын өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Мгийн гудамж, , хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204018937, 000373609 гэрчилгээний дугаартай, 79,25 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; зэрэг барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Ж*******,*******” төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 1 027 048 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 779 206 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН