| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0600/э |
| Дугаар | 569 |
| Огноо | 2017-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Нямсүрэн,
хохирогч Б.Мангаалам
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Боржигин овгийн Баттөмөрийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1711009630204 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овгийн Баттөмөрийн Алтангэрэл, 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн Гадаад худалдаа, гаалийн удирдлага 2 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байрны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 13 дугаар гудамж 186 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЗ97122219.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УЖМ компаний байрны гадна иргэн Б.Мангааламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчоос уучлалт гуйж байна. Баримттай эмчилгээний зардлыг төлөх болно...” гэв.
Хохирогч Б.Мангаалам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр би ажлаасаа буух гээд гаднах хогоо цэвэрлээд байж байтал шүүгдэгч “муу сайн хулгайч нар, миний дүүг зоддог юу юм бэ” гэхээр нь би “ахын дүү яасан бэ” гэтэл “чи муу хужаа юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд намайг барьж аваад балбасан. Би толгойны зураг авахуулах хэрэгтэй байна. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлмээр байна. Эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа учраас ял шийтгэл дээр ямар нэгэн санал байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Э.Алтантариа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын дундуур байхаа баар аа хаагаад өглөө тооцоогоо хийж дуусаад 06 цагт гэгээ орж байхад баарнаас гарсан. Тэгтэл таньдаг ах Мангааламыг туранхай өндөр залуу шалны мод гартаа бариад нуруу, нүүр орчим нь цохиж байгаад нөгөө залуу яваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө манаач ах наад залуугаа бариад аваарай намайг зодчихлоо гэж орилсон. Энэ үед манай хажуу талын караоке баарыг ажиллуулдаг хоёр залуу гарч ирж таараад араас нь очоод барих гэсэн чинь зугтаад яваад өгөхөөр нь би буцаж очоод машинаа асаагаад нөгөө хоёрыг суулгаад араас нь машинтай хөөгөөд “центр пойнтын” орчмоос барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухайн залуу 20-25 насны, 175 орчим өндөртэй, туранхай, гадна талаараа цэнхэр өнгийн Пепси гэсэн бичигтэй футболк өмссөн, жинсэн өмдтэй байсан. Нэлээн согтуу, гэхдээ биеэ авч явах чадвартай байх шиг байсан...” гэжээ /хх-21/.
Гэрч Б.Эрдэнэбулган нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...06-07 цагийн үед байх гэртээ харих гээд гарсан чинь “Оранж” төвийн манаач ах Мангаалам надтай ирж уулзаад ах нь зодуулчихлаа, хүн нь зугтчихлаа ахдаа бариад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед хажуу талын караоке баарны ажилтан Алтантариа байж таараад Энхбат бид бид гурав араас нь машинтай хөөсөн чинь зам дээр машинд суугаад явах гэж байхаар нь жолоочид нь “наад хүн чинь хүн зодсон” гэж хэлээд машинаас буугаад Алтантариагийн машинд суугаад Мангаалам ахыг аваад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж хүлээлгэж өгөөд явсан юм. Тэр залуу замдаа явж байхдаа намайг явуулчих би яасан юм бэ гэж хэлэхээр нь “чи аав шигээ хүнийг зодоод арчаагүй хулгайч вэ” гэж тэр залууд хэлсэн. Мангаалам ахыг зодуулж байхыг хараагүй, надтай уулзахад нүд нь хөхөрсөн байсан. Намайг шалны модоор цохисон гэж хэлсэн...” гэжээ /хх-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 12718 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Мангааламын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, алимны салстад цэгэн цус харвалт, зүүн дал, баруун бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад няцарсан шарх, шилэн хүзүү, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хх-28/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-37, 39, 41/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах УЖМ компаний байрны гадна иргэн Б.Мангааламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 4 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцэх хэмжээгээр тооцож, түүнд оногдуулах ялаас нийт 32 цагийг хасч тооцон, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 468 цагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Ад оногдуулсан ял дээр нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Б.Мангаалам нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Баттөмөрийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 4 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүхээс оногдуулсан ялаас хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг нийт 468 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН