Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Гомдол гаргагч: Э.У******* /РД:/,

          Хариуцагч: Нийслэлийн онцгой байдлыг газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******,

          Гуравдагч этгээд: Б.А /РД:/,

          Маргааны төрөл: Эрх бүхий албан тушаалтны ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Э.У*******, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч Г.Д*******, гуравдагч этгээд Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Гомдлын шаардлага:

          1.1.Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах. 

 

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Гомдол гаргагч Э.У******* нь гуравдагч этгээд Б.Атай 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, байрны өргөтгөлийг түрээслэн бэлэг дурсгалын “Х” нэртэй дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан.

          2.2.2024 оны 03 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Э.У*******ын түрээсэлж буй тус объектод гал түймэр гарч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн галыг унтрааж ажилласан ажилласан.

          2.3.Уг объектод гал гарсан дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Г.Д******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэргийг Э.У*******т холбогдуулан нээсэн.

2.4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтны тогтоолыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн  2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

2.5.Улмаар хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Э.У*******т Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, Б.Ад учирсан хохиролд 13,781,500 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

          2.6.Гомдол гаргагч Э.У******* нь тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Гомдол гаргагч Э.У******* шүүхэд ирүүлсэн гомдлын үндэслэлдээ: “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, байрны өргөтгөлд Э.У******* миний түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Х” бэлэг дурсгалын дэлгүүрийн барилгын дээврийн хөндийн баруун урд буланд 2024 оны 03 дугаар сарын 29-ний үүрээр болон 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гал гарч гал сөнөөгчид маш чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд ажиллан (дэлгүүр хүнгүй, түгжээтэй байсан учир баруун урд талын цонхны гадна хайснаас хэдхэн ширхэг төмөр хөндийрүүлэн цонхыг хагалж дотогш нэвтрэн) галыг унтрааж дарсан бөгөөд объектын дээврийн хөндийн баруун урд хэсэг, түүний харалдаа ханын дээд хэсэг болон, таазны булангийн хэсэг, дэлгүүрийн бараа материал шатаж, утаа тортог шингэж тодорхой хэмжээний хохирол үүссэн. Уг объектод гал гарсан дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, Э.У******* надад 2024 оны 5 сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар иргэн Э.У*******ын нэр дээр 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн торгууль, хохирлын 13,781,500,00 /Арван гурван сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 14 дүгээр зүйлийн 14.4-т тус тус заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

          Гал гарахаас өмнөх үеийн нөхцөл байдал: Э.У******* миний бие иргэн Б.Атай 2022 оны 08 сарын 24-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, гал гарах өдөр хүртэлх хугацаанд тус объектод бэлэг дурсгалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тухайн объект нь дээврээсээ байнга ус алддаг, анх түрээслэхээр ирэхэд тааз доош хотойсон, таазыг түлхэхэд доошоо ус гоожиж, өргөтгөлийн шалан дээр нэлэнхийдээ гоожсон усыг түрээслэгч Б.А өөрөө шавхаад зогсож байсан. Тухайн дэлгүүрт байнга ус алддаг учир өргөтгөлийн цонх, хануудыг оргон скочоор давхарлан нааж битүүмжилсэн байдалтай байсан. Ингэж байнга ус алдвал дэлгүүрийн бараа, материал гэмтэх, эрсдэл үүсэх тул хоёр талаасаа мөнгө нийлүүлээд дээврийг мэргэжлийн хүнээр засуулъя гэж зөвшилцөхөд, Б.А өөрөө хүн авчруулж засуулсан боловч гадна хануудыг даган нэлэнхийдээ ус алдсан хэвээр байсан. Энэ талаар гал унтраахаар хэргийн газарт ирсэн гал сөнөөгчид, байцаагч, шинжээч нарт бүгдэд нь хэлж, бодит байдлын талаар бичсэн байсан бичлэгийг гар утаснаасаа хүртэл үзүүлсэн.

          Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, үндэслэлгүй тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс хяналт шалгалт хийх хуулиар тусгайлан эрх олгосон этгээд буюу эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалтын үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчмыг хуульчилсан байдаг. Гэтэл Нийслэлийн онцгой байдлын газрын хяналтын улсын байцаагч Г.Д******* нь ******* дугаартай зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад огт мөрдөж ажиллаагүй. Тухайлбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх”, 4.1.2-д “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” 4.1.4-д “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” зэрэг зарчмыг зөрчсөн.

          Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д******* нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надад Б.А ирсэн байна, яаралтай хүрээд ир гэж утсаар дуудсаны дагуу би О.Б, ээж Ч.У нарын хамт очсон. Байцаагч Г.Д******* нь хоёр талыг ойлголцож эвлэрүүлэх нэрээр түрээслэгч Б.Ад тодорхой хэмжээний мөнгө төлүүлэх сонирхолтой төлбөл хэрэг нээхгүй гэсэн байр суурьтай байсан. Түрээслэгч Б.Агийн хувьд байцаагчтай тохиролцож ойлголцсон юм шиг том том дуугарч, бид нар луу дайрч давшлан, 300 саяын үнэтэй байр сүйтгэсэн, 150 саяар хохирсон гэж түрээслэгч Э.У******* намайг болон тухайн үед надтай хамт явж байсан О.Б, Ч.У нарыг элдвээр доромжлон зүй бус үг хэллэг, үйлдэл гаргаж байсан. Тухайн үед байцаагч Г.Д******* нь гараад та нар тохиролцоод ир, тохиролцож чадахгүй бол зөрчлийн хэрэг нээнэ гэж хэлсэн. Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн ******* дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 1-д “Галын аюулгүй байдал хангах үүргээ биелүүлээгүй иргэн Э.У*******т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй” гэсэн байна.

          Миний бие гал гарсантай холбоотойгоор зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдсэн, надад холбогдуулан нээснийг мэдээгүй. Байцаагч Г.Д******* нь намайг дуудаж мэдүүлэг авахдаа гэрчээр мэдүүлэг авч байгаа гэж ойлгуулан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг огт танилцуулаагүй.     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1.1-д “...энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасан. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын 4-т заасан “Гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогч энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн хэргийн оролцогчийн эрхийг хэрэгжүүлж боломжийг хязгаарлаж миний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 2.2.1-д заасан “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.2.4-т заасан “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах”, 2.2.7-д заасан “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 22.8-д заасан “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

          Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-т заасан “ил тод байх” зарчмыг хангаагүй байна. Тухайлбал, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолын Удирдах албан тушаалтны тогтоолын 3 дугаар зүйлийг биелүүлээгүй. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Прокурорын тогтоолоор, цаашид хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагатай байх тул 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 20 хоногоор сунгасан байна.

Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 11-нд гэрчийн мэдүүлэг өгөхдөө 10 дугаар асуултын хариуд “Т*******” нэртэй үнэлгээний газарт хохирлын үнэлгээ хийлгэхээр өгсөн тухайгаа мэдүүлсэн. Харин түрээслэгч Б.А нь мөн энэ өдөр өгсөн мэдүүлэгтээ 8 дугаар асуултын хариуд “хохирлын үнэлгээ одоохондоо хийлгэж амжаагүй, хохирлын үнэлгээ хийлгэнэ” гэж мэдүүлсэн байна.         

          Хэргийн материалаас харахад түрээслэгч Б.Аг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хохирлын үнэлгээ хийлгэхийг хүлээгээд амжихгүй болохоор зөрчлийн хэргийг сунгасан гэж ойлогдож байгаа бөгөөд харин Э.У******* миний бие хохирлын үнэлгээгээ хийлгэчихсэн байхад яагаад ч юм энэ талаар надаас огт асуугаагүй. Энэ нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4.1.4-т заасан “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харьцах” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

          Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл огноо засвартай, үзлэг хийсэн огноо буруу, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн огноо буруу, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байв. Энэ мэдүүлгийн асуултын хариуг зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд хавсаргасан байна.

          2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан галын дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надад мэдэгдсэн байна. Гэтэл түрээслэгч Б.Ад 2024 оны 04 дүгээр сарын 23-нд мэдэгдсэн байдаг. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлд бичсэнээр Э.У******* надтай холбогдсон боловч ямар шийтгэл оногдуулсан талаар мэдэгдээгүй. Өнөөдөр амжиж ирээд гарын үсгээ зурвал хэргээ хаая гэж л хэлсэн.

          Түүнчлэн хэргийн материалд нотлох баримтаар техникийн нөхцөл хавсаргасан байна. Энэ нь нотлох баримт биш бөгөөд цахилгаан эрчим хүчний захиалсан хүчин чадлыг хэрэглэхийн тулд хэрэглэгч ямар техникийн даалгавар биелүүлэх ёстойг заасан, ямар хууль дүрмийг мөрдөхийг үүрэг болгосон баримт юм. Техникийн нөхцөлийн 1.7-д гэрээлсэн хүчин чадал нь 8кВА (8 квт), 2.6 дугаар зүйлд хэрэглээний эрчим хүч нь цагт 480квт цаг байна. “Х” дэлгүүр бүх цахилгаан хэрэгслээ залгаад ч хэзээ ч энэ хүчин чадалд хүрэхгүй юм. Техникийн нөхцөлийн 2.1-д тэжээлд холбох цэгийг зааж өгсөн байна. Энд холболтын зөвхөн нэг цэг зааж өгсөн байна. Гэтэл уг объект нь 2 цэгээс тэжээл авсан байгаа. Техникийн нөхцөлийн 4.1-д “Щитний газардуулга болон шугам тоноглолын хэмжилт, туршилтыг норм, дүрмийн дагуу хийлгэн холбогдох газраар шалгуулж протокол авсан байх” гэж заасан байна. Техникийн нөхцөлийн 5 дугаар зүйлд заавал мөрдөх техникийн даалгавар, хууль дүрмийг зааж өгсөн байна. Техникийн нөхцөлийн дагууд бол 8 Квт захиалсан, ачаалал хэтрүүлнэ гэсэн ойлголт үүсэхээргүй байна.

          Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 зүйлийн 5.5-д заасан “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэсний дагууд холбогдох баримт бичгүүдийг нотлох баримтаар авах ёстой. Мөн хэрэгт нотлох баримтаар цахилгаан тоолуурын баталгаажилтын гэрчилгээг хавсаргасан байна. Цахилгаан тоолуур гэдэг нь хэрэглэсэн эрчим хүчийг л тоолдог аппарат, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт юм. Хэрэгт нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргасан байна. Энэ нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүүргийн хороо,  40 мянгат, , хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ байна.

          Байцаагч Г.Д******* нь нотлох баримтад дүн шинжилгээ хийгээгүй, шаардлагатай баримт бичгийг аваагүй байна. Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтад үндэслэн түрээслэгч Э.У******* надад 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн торгууль, хохирлын 13,781,500,00 /Арван гурван сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т “Хяналт шалгалтын холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

          Үндэслэвэл, байцаагч Г.Д******* нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд түрээслэгч Э.У*******ыг буруутгах зорилготой, баримтаар үл нотлогдох зүйлсийг бичиж, хэрэгт ач холбогдолтой бүх нотлох баримтуудыг хэрэгсээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар аваагүй, шинжээч М.Ж нь байцаагчийг аялдан дагалдсан, байцаагч Г.Д*******ын хэргийн газрын тэмдэглэлд бичсэн зүйлс болон шинжээч М.Жн дүгнэлт нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд 3 дугаар асуултын хариуд өгсөн “Шинжилгээнд ирүүлсэн 6, 9, 8 дугаартай утаснуудад цахилгаан хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт шинж илрээгүй”, Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн бүрэлдэхүүний гаргасан дүгнэлтээр “тал түймрийн голомт нь тус объектын өргөтгөлийн баруун урд хэсгийн хана, тааз болон шаталт их явагдсан хэсэгт байна” гэснээр няцаагдаж байхад өөрийн анх гаргасан дүгнэлтээ бататгасан шийдвэр гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 зүйлд заасныг тус тус зөрчсөн байна.

          Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.3, 21.3, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3, 30.1.8, Зөрчлийн тухай хуулийн 5.14, 5.15, 12.1.1, 12.8.2, 12.8.4, 12.10 дугаар зүйл, MNS 5390:2004 стандартын шаардлага, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.12, 5.1.3, Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмийн 1.2.6, 2.4.2, эрчим хүч хэрэглэгчийн дугаар кодтой хэрэглэгчийн 2009 оны 6 сарын 18-ны болон 2020 оны 4 сарын 06-ны өдрийн техникийн нөхцөлд заасныг зөрчсөн Б.Аг хаацайлан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1.1, 2.2.1, 2.2.4, 2.2.7, 2.2.8-д заасныг зөрчсөн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.4-т заасныг үл ханган, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасныг үл баримтлан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4, 5.5 зүйл, Төрийн хяналтын тухай хуулийн 3.1.2, 4.1.4, 10.9.11 зүйл заасныг зөрчиж, Э.У******* надад 100,000.00 (нэг зуун мянган) төгрөгийн торгууль, хохирлын 13,781,500,00 (Арван гурван сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун) төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчлийн хэргийг нээсэн тогтоолтой танилцаад удирдах албан тушаалтан болон прокурорт гомдол гаргах эрхийг эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгчид огт олгоогүй, танилцуулаагүй гэдэг нь хэд хэдэн баримтаар нотлогдож байгаа.

          2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Э.У*******т холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн хэрнээ Э.У*******ыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчийн хувиар мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл холбогдогчоор мэдүүлэг авах ёстой байтал гэрчийн мэдүүлэг авсан. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх удаа нэхэмжлэгчээс эрх, үүрэг тайлбарлаж холбогдогчоор мэдүүлэг авсан нь зөрчлийн хэргийн материалуудад авагдсан байгаа. Гэрч гэдэг нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөр статустай оролцдог. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэж тодорхойлсон. Гэрч нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, зөвхөн эрх албан тушаалтны дуудсанаар ирж мэдүүлэг өгнө. Үүнээс өөрөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гомдол гаргах эрхгүй субъект байдаг. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж тодорхойлсон. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр холбогдогч гэж зөрчлийн хэрэг нээсэн хэр нь сарын дараа нэхэмжлэгчээс холбогдогчийн мэдүүлэг авсан тэр хүртэлх хугацаанд гэрчийн статустай оролцож байгаа гэж ойлголт өгч байсан. Тухайн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр танд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн талаар хэлж эрх үүргийг танилцуулсан бол тэрхүү сар гаруйн хугацаанд Э.У*******ын зүгээс холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгч хүсэлт, гомдол гаргах бүхий л эрхээ эдлэх боломж байсан. Гэтэл тухайн эрхийг нь санаатай болон санамсаргүйгээр эдлүүлээгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан. Үүнийг бидний зүгээс шийтгэлийн хуудас гарахад нөлөөлөхүйц хэмжээний ноцтой зөрчил байсан гэж харж байгаа. Магадгүй тухайн үед Э.У*******ын зүгээс эрх, үүргээ эдлээд нотлох баримтаа гаргаад явсан бол Э.У*******т холбогдуулан шийтгэлийн хуудас оногдохгүй байх үр дагавар байсан гэж үзэж байна.

          Хоёрдугаарт хариуцагчийн зүгээс зөрчлийн хэрэг дээр очоод хангалттай нотлох баримт цуглуулах ажлаа хийж чадаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Зөрчлийн хэрэг үйлдсэн тэмдэглэлээс эхлүүлэн огнооны засвартай байгаа. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гал гарч байцаагчийг очсон гэж үзэж байгаа. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж огноо тавьсан хэр нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэж дараагаар нь зассан байсан. Мөн тэмдэглэлд хавсаргасан зураг нь тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхой харуулж чадаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Э.У******* нь өөрийгөө буруутай гэдгийг мэдээд өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан хүсэлт дээр маш олон зургуудыг хавсаргаж өгсөн. Үүнээс харахад яг энэ зөрчлийн тэмдэглэлд хавсаргасан зураг шиг нөхцөл байдлаас арай өөр зураг харагдаж байгаа. Гал гарсан нөхцөлд байдалд яагаад Э.У*******ыг буруутгасан ийм шийдлийг гаргаж байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Э.У*******ыг гал гарахад ийм буруутай үйлдэл гаргасан гэдгийг дүгнэж тогтоосон баримт хэрэгт байхгүй байна. Байцаагчийн зүгээс тухайн газарт очоод хэд хэдэн цахилгааны утаснаас дээж авч шинжилгээнд хамруулах ажиллагааг хийсэн. Тухайн утаснууд дээр ямар нэгэн бөмбөлөг үүсээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. н.Ж байцаагчийн дүгнэлтээр гал түймрийн шатлагаас үзэхэд ил галаас үүссэн шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн байгаа. Гал түймрийн голомт нь тухайн объектын өргөтгөлийн баруун хэсэгт байрлах цонхны хэсгээс үүсвэрлэн гарсан гэсэн  дүгнэлтийг хийсэн. Гэхдээ дараа нь бүрэлдэхүүнтэй шинжээчээр хийсэн дүгнэлтээр энэ дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа. Үүнээс харахад хэргийн материал, видео бичлэгээс зэргээс үзэхэд гал түймрийн голомт нь тус объектын өргөтгөлийн дотор талын баруун урд хэсгийн хана, тааз болон шатлага ихээр явагдсан хэсэгт байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Тэгэхээр шатлага ихээр хаана явагдсан бэ гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болох байх гэж бодож байна. Цонхны ойролцоо шатлаг ихээр явагдсан зүйлүүд зурган баримтаас харахад байхгүй байгаа.

          Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад цахилгааны уснуудад ямар нэгэн гэмтэл, бөмбөлөг үүссэн асуудал байхгүй. Харин тус объектын цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсэж, гал түймэр гарах үндэслэл болсон гэдэг дүгнэлт хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэл дээр объектын хана, тааз шатсан гэж бичсэн байдаг. Гэтэл баримтаас харахад объектын хана тааз шатсан зүйл байхгүй. Харин дээврийн хөндийн баруун урд буланд гал гарсан үүнийг бид зургаараа маш тодорхой харуулчихсан байгаа. Тухайн зурагт таазыг нь цаашаа цөмлөөд цахилгааны утаснуудыг ил гаргаад унжуулаад орхичихсон ийм асуудлууд байгаа. Үүнийг сүүлд нь н.Ж гэх хүн очиж дүгнэлт гаргахдаа таазыг нь цоолоод цахилгааны утаснуудыг нь ил гаргасан. Тэмдэглэлд дээврийн хөндийн гал гарсан нөхцөл байдлын талаар огт дурдаагүй. Тэрийг нь тэмдэглэл, хавсралтаар ч тодорхой оруулаагүй. Гагцхүү энэ нь гомдол гаргагч талын өөрсдийнх нь тухайн үед бичлэг хийж үлдээсэн видео бичлэгүүдээс нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой харагдах байх гэж бодож байна.

          Гуравдугаарт буруу харуулсан байрлалтай пускателийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, гал унтраагчид эхлээд очихдоо пускателийг буруу харуулаад байрлуулсан учраас энэ буучихсан байна гээд явсан гэж Г.Д******* байцаагч тайлбарлаж байгаа. Тэр тийм байж болно. Гэтэл хоёр дахь гал гарсан нөхцөл нь дээврийн хөндийд оч үсрээд явахад пускателийг зөв буулгасан ч тэр оч үсэрсээр байсан. Энэ нь тэрхүү пускатель буусан буугаагүй нь гал гарахад төдийлөн нөлөөлөөгүй гэдэг нь энэ баримтаас харагдахаар байгаа. Тэгэхээр дээврийн хөндийд гараад байгаа гал пускателийг буулгачхаад байхад гараад байсан гэдэг нь гэрчийг асууж байх явцад байцаагч Г.Д******* өөрөө хэлсэн.  Цонхны хажууд нэг хөргүүр байрлаж байсан. Цонхноос эх үүсвэрлэж гал гарсан гэж тооцоод үзэхээр хөргүүр дотор байгаа сүрлээр хийсэн сав ерөөсөө шатаагүй. Цонхны ойролцоогоос үнэхээр гал гарсан бол яагаад энэ зүйл шатаагүй байгаа вэ, мөн цонхны хажууд цаасаар хийсэн чимэглэлүүд наалттай шатаагүй хэвээр байсан. Тэгэхээр цонхны хэсгээс гал эх үүсвэрлэж гарсан байна гэдэг дүгнэлт маань өөрөө учир дутагдалтай болоод ирж байна. Мөн байцаагч Г.Д*******ын хувьд үзлэгийн тэмдэглэлдээ яагаад тэр хөргүүрийг бүтнээр нь оруулаагүй мөн сүрлээр хийсэн хайрцагтай хэсгийг нь тасалж аваад үзлэгийн тэмдэглэлдээ оруулаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Түүнчлэн тень залгаж байснаас болоод ийм зүйл гарсан гэдэг талаар ярьж байгаа. Гэтэл тень нь өөрөө гал гарсны дараа ч гэсэн ердийн ажиллагаатай байсан. Тень нь шатсан зүйл байхгүй. Дээврийн хөндийгөөс ямар ч монтажгүй ил утаснууд доошоо уначихсан байдалтай байсан. Энэ нөхцөл байдал нь гал гарахад яаж нөлөөлсөн бэ гэдгийг шалгах ажиллагаа хийгдээгүй. Үүнийг үзлэгийн тэмдэглэлд ч оруулаагүй, орхиод явчихсан байсан. Дараагаар нь тухайн барилга нь өргөтгөлийн барилга, өргөтгөлийн барилга гэдэг нь нэг талаасаа стандарт бус байгаа. Сүүлд нь нэмж барьсан нэхэмжлэгчийн хувьд түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан. Өмчлөгч нь өөр хүн байдаг. Анх орж байх үед энэ өргөтгөлийн барилга нь дээврээсээ ус гоождог зүйл байсан. Тэрийг нь тухайн үед нэхэмжлэгч өөрөө цэвэрлээд үйл ажиллагааг нь явуулж байсан. Тэгэхээр энэ гал гарсан үйл явдалд яагаад зөвхөн нэхэмжлэгчийг буруутгачхав. Үүнийг өмчлөгч нар нь дээврийн хөндийд далд  стандартын дагуу хийх ажлаа гүйцэтгээгүй байх боломжтой гэж харагдаж байна. Хавтаст хэрэгт түрээсийн гэрээ авагдсан байгаа. Түрээсийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй, гэм хор учруулсан тохиолдолд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэнэ гээд гэрээ нь дээр тодорхой заалт байна. Тэгэхээр байцаагч гэдэг хүн ирээд энэ асуудал дээр нь хэн нэгний хохирлыг нь төлүүлэх байдлаар явж байгаа нь өөрөө захиргааны хэргийн шүүхийн хүрээнд аваад үзэхэд маргаан нь арай өөр байна. Тухайн гэрээнд нэхэмжлэгчийн хувьд зөвхөн гэрээний 5.2 дахь хэсэгт заасан ил цахилгаан залгуур энэ хүн хариуцна гэдгийг тодорхой заачихсан байна. Ил цахилгаан залгуур холболтыг байнга шалгах, ачааллыг хэтрүүлэхгүй байх, буруу холболт, хэрэглээнээс болж гал гаргахаас сэргийлэх гэх мэтчилэн үүргүүдийг нь заасан. Тухайн гал ил цахилгаанаас болж гараагүй, далд байсан цахилгаанаас л гарсан асуудал байгаа гэдэг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байгаа. Гал яг юунаас болж гарсан гэдгийг тогтоосон баримт хэрэгт байдаггүй, хариуцагч цахилгааны хэт ачааллаас гэж тайлбарлаж байгаа боловч шинжээчийн дүгнэлт дээр утаснаас хэт ачаалал үүссэн зүйл байхгүй байна гэдэг дүгнэлт гарсан.

          Гал түймэр шөнийн цагаар гарсан, тухайн үед гэрэл, цахилгааны зүйл ажиллаж байгаагүй байхад хаанаас гал гарсныг хариуцагч тогтоогоогүй. Бид юу гэж таамаглаж байна гэхээр дээврийн хөндийд байсан олон утаснууд стандартын шаардлага хангаагүй, цаг хугацааны элэгдэлд орсон байсан учраас гал гарч, галын оч цаасан материал дээр унасан байх магадлалтай. Энэ дээврийн хөндийд байгаа утас болон холболтуудыг Э.У******* хариуцах үүрэггүй гэж үзэж байна.  Тухайн дээврийн хөндий нь бүрэн шатаагүй гэхээр байнга дусаал гоождог учир чийгтэй мод удаан хугацаанд шатсан байх гэж таамаглаж, мөн дээвэр дээр гэрлийн утас хайлсан нөхцөл байдал ч мөн харагддаг.  Хариуцагч цонхон талаас гал гарсан гэж үздэг гэтэл тэр газарт нь ямар ч гал гарсан шинж тэмдэггүй байдаг. Гал гарснаар нэхэмжлэгчид мөн 60 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдалтай байгаа” гэв.

          3.2.Хариуцагч Б.Д******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо байрны өргөтгөлд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 04 цагийн үед гал түймэр гарсан. Харьяаллын дагуу тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийг унтрааж ажилласан. Эрх бүхий албан тушаалтан би гал түймэр унтраах бүрэлдэхүүнийг ахалж ажилласан тус ангийн салааны захирагчийн туслах ахлах ахлагч Б.Бтай харилцаа холбооны хэрэгслээр холбогдож хариуцах эзнийх нь утасны дугаар гэх дугаарыг авч, харилцаа холбооны хэрэгслээр зөрчлийн хэргийн холбогдогч иргэн Э.У*******ын нөхөр О.Бтэй холбогдоход “Манайх түрээслэн үйл ажиллагаа явуулдаг би сайн мэдэхгүй, эхнэр бэлэг дурсгалын дэлгүүрийг хариуцаж ажиллуулдаг, эхнэр маань гэртээ хүүхдүүдээ харж байгаа та эхнэртэй утсаар холбогдчих” гэсний дагуу иргэн Э.У*******той утсаар холбогдсон. Иргэн Э.У******* нь “гал түймэр гарах үед хүнгүй байсан яагаад шатсаныг мэдэхгүй байна шалгуулах хүсэлтэй байна” гэсний дагуу өглөөний 07 цагийн үед түүний нөхөр О.Бийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, хошууч М.Жн хамт явуулсан.

          2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан. Иргэн Э.У******* болон иргэн Б.А нарын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн ажлын байрны түрээсийн гэрээ нь гал түймэр гарах үед хүчин төгөлдөр хэвээр байсан бөгөөд тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт түрээслэгч нь ил цахилгааны залгуур, холболтыг байнга шалгах, ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгааны буруу холболт, хэрэглээнээс болж гарах галын аюулаас сэргийлэх, өөрийн суурилуулсан болон өөрчилсөн цахилгааны шугам, сүлжээ байрлуулсан цахилгаан тоног төхөөрөмж, разетка, уртасгагч, залгуур, өөрийн бусад тоног төхөөрөмжийг байнга шалгаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс үүссэн болон эдгээрийн доголдол, эвдрэлээс үүдэн гарсан аливаа хохирлыг бүрэн хариуцна гэж заасныг харгалзан тухайн зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн нээж шалгасан.

          Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх хугацаанд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дүгнэлт, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг дүгнэлтүүд гарсан байдаг бөгөөд эрх бүхий албан тушаалтан би холбогдогч иргэн Б.Агийн захиалгаар “Х” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан 13.781.500 төгрөгийг иргэн Э.Агийн хувийн дансанд барагдуулж иргэн Э.У*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. Гомдол гаргагч талаас намайг зөрчлийн хэрэг буруу нээсэн гэж тайлбарлаж байна. Би анх 2024 оны 03 дугаар сарын 29-ний үүрээр очиж үзлэгүүдээ хийсэн. Эдгээр хүмүүсийг түрээслэгч болон түрээслүүлэгчтэйгээ хамт хүрээд ирээрэй гэж хэлээд дуудсан.                                                                                                                                                                                                                   Б.А гэх хүнийг орж ирээд удаагүй байхад Э.У******* нь ээж, нөхрийн хамт орж ирсэн. Би гэрээгээ авч ирээрэй гэсэн хэдий ч дутуу гэрээ авч ирсэн. Талууд нь хоорондоо түрээсийн гэрээ хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байсан учраас би та бүхэн түрээсийн гэрээ байгуулаад удаж байгаа юм байна, тухайн гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь цахилгаанаас үүдэж гарсан байгаа нь тогтоогдсон байна, тэгэхээр аль нэг тал нь хариуцахгүйгээр хоорондоо тохиролцоод явах боломжтой юу заавал зөрчлийн хэрэг нээх шаардлага байхгүй, хэрэв хоорондоо тохиролцоод асуудлаа шийдвэл хялбаршуулсан журмаар шийдэх боломжтой байдаг гэж хэлсэн. Яагаад зөрчлийн хэргийг Э.У*******т холбогдуулан нээсэн гэхээр анх хэргийн газар очиж үзлэгийн тэмдэглэл үйлдэхэд түрээслүүлэгч Б.А гэх хүн байгаагүй. Э.У******* гэх хүн нөхөртэйгөө хамт байсан. Зөрчлийн хэргийг хэн нэгэнд холбогдуулан нээлээ гээд тухайн хүн шууд буруутай этгээд гэж үзэж байгаа зүйл биш юм.

          Шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй гэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл он, сарын засвартай байсан гэж хэлсэн байна. Би өглөө нь нойрмог байсан. Анх хэргийн газар очоод тухайн газраас гарч яваагүй. Тухайн газарт үзлэгийн тэмдэглэлээ биччихээд Э.У******* болон нөхрөөр нь тухайн үзлэгийн тэмдэглэл дээр гарын үсгийг нь зуруулж авсан. Тэмдэглэлийн огноог засварласан нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний үүрээр байсан учраас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр билүү гэж андуурсан зүйл болсон. Түрээслэгч Б.А өмчлөлийн зүйлийг Э.У******* нь түрээсэлж байх явцдаа нэмэлтээр ил монтаж татсан байдаг. Цаад өрөөнөөс наашлуулж ханан дээгүүр ил монтаж хийж, өөрсдөө холболт хийж разетка гаргасан байсан. Биднийг очиж хэргийн газарт үзлэг хийхэд тухайн ил татсан монтажнаас нэг пускатель унасан байдалтай байгаа. Тэгэхээр доторх хэрэглээнээс үүдэж гал гарсан гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс цахилгаан дээр ямар нэгэн гэмтэл гарснаас үүдэж гал гарсан гэж үзэж байгаа. Гал түймрийн голомт хэсгийг тодорхойлоход гал түймрийн бүрэлдэхүүний хувьд хийсэн бичлэг байдаг. Тухайн бичлэгээс гал түймэр яг хаанаас гарч байгаа гэдэг нь харагддаг. Гомдол гаргагч талаас үзэж байгаагаар гал түймэр хэрвээ дээврийн хэсгээсээ гарчихсан байвал дээврийн хэсэг тэгж бүтэн байхгүй. Дээвэр лүү тархана, дотор тааз руугаа тархаад явчихдаг. Манай шинжээч бид хоёрын үзсэнээр тень хэвийн ажиллагаатай байж болох ч тухайн тень залгаатай байгаад давхар хөргөгч, хөргүүр залгаад, хэт ачаалал үүсэхэд зөвхөн залгуур дээрээ ачаалал үүсэхгүйгээр тухайн монтажны утасны аль нэг хэсэг гэмтэлтэй, эсхүл хуучирсан хэсгээс гал өгөх боломжтой.

          Э.У*******ын надад өгсөн мэдүүлгээр манайх нэгдүгээр орц дотроо ерөнхий щит нь байдаг, манайх тогоо салгачхаад байхад дотор тогтой байгаад байна гэж нөхөр нь ярьсан. Тэгэхэд би пускатель чинь буруу харчихсан байрлалтай байна, наадхаа буцаагаад дээш нь болгочхоод салж байсан гэж хэлсэн. Тэгтэл тэрийг нь буцаагаад дээшлүүлчихсэн, тэгсэн ч тогтой байгаад байна гэж хэлсэн. Тухайн шалтгаан нь гэрчийг асуухад хар пускателийн хэсгийг дээшлүүлээд тоггүй болдог, зөвхөн доторх хэсэг нь тоггүй болж байгаа, гэтэл дээрээс орж ирж байгаа хэсэг тогтойгоо байна гэж хэлсэн. Тэгэхээр цаанаас орж ирж буй тог дээврийн төмрийн аль нэг хэсэгт гэмтсэн байх магадлалтай. Тэгэхээр бид ерөнхий щитээ салгаж чадаагүй учраас дээвэр хэсэг тогтой байж байгаад цахилгаанчин ирж салгасан гэж бодож байна. Эхний гал түймэр гараагүй бол хоёр дахь гал түймэр гарах нөхцөл байдал үүсэхгүй” гэжээ.

3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн объект нь дээврээсээ байнга ус алддаг, анх түрээслэхээр ирэхэд тааз доош хотойсон, таазыг түлхэхэд доош ус гоожиж, өргөтгөлийн шалан дээр нэлэнхийдээ гоожсон усыг түрээслэгч Б.А өөрөө шавхаад зогсож байсан...” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Тийм их хэмжээний ус гоождог, доголдолтой бол хүн түрээслэхгүй байсан. Гэтэл Э.У******* нь өөрөө ирж үзсэн бөгөөд асуудалгүй гэж үзсэн учраас түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Гэтэл жил гаран ямар ч асуудалгүй хэмээн түрээсэлсэн атлаа гэнэт асуудалтай, доголдолтой газар түрээсэлснээс болж гал гарсан гэж үзэн гомдол гаргаж байгаа нь хохирол нөхөн төлөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна.

Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны хэргийн акт гарсан гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж тус тус заасныг үндэслэн бүх шаардлагатай ажиллагааг хийж, шинжээчийн дүгнэлт болон үнэлгээний төвийн дүгнэлтэд үндэслэн Э.У*******т шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч нь 1 жил 7 сарын хугацаанд тухайн объектод үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаа байсан бол аливаа асуудлууд үүсэх боломжит хугацаа. Шинжээчийн дүгнэлтүүд нэгийгээ үгүйсгэсэн асуудал огт байхгүй. Гал гарсан шалтгаан нөхцөлийг ижилхэн тайлбарласан байдаг. Гал доороос болон дээрээс гарсан тохиолдолд ямар байдлаар тархдагийг хариуцагч мэргэжлийн хүн мэдэж байгаа. Гал гарах үед цахилгаан хэрэгслүүд ажиллаж байсан үгүй дээр тодорхой зүйл байхгүй. Цахилгаан хэрэгсэл ажиллагаагүй байсан гэж гомдол гаргагч хэлдэг боловч сүүлд очиход цахилгаан халаагуур буюу тень байхгүй болсон байдаг. Галын дуудлагаар очиж унтраасан хүмүүс ямар нөхцөл байдалтай байсныг мэдэхээс биш одоо зурагнаас хараад дүгнэлт өгөх нь өрөөсгөл гэж үзэж байна. Гэрээний дагуу дотоод цахилгаан монтажийг нэхэмжлэгч тал хариуцах үүрэгтэй. Энэ үүргийнхээр хүрээнд түрээсэлж байх хугацаандаа засвар үйлчилгээ авсан талаар гэрчийн мэдүүлгээр тогтоогддог” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, гомдол гаргагч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагад дурдсан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1.Гомдол гаргагч Э.У******* нь гуравдагч этгээдийн Б.Агийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах байрны ын 60 м.кв өргөтгөлтэй үл хөдлөх хөрөнгийг цэцгийн дэлгүүгийн зориулалтаар түрээслэн “Х” нэртэй цэцэг, бэлэг дурсгалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг ба 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээг талууд байгуулжээ.

2.2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 цаг 14 минутанд ирсэн “тус дэлгүүрт гал түймэр гарсан” гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид гал түймэр унтраах ажиллагаа явуулж, дэлгүүрийн тааз болон бараа материал шатаж байсныг унтраасан байна.

3.Шөнө гарсан галыг унтраасны дараа мөн өдрийн өдөр дахин тухайн объектод гал гарсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 5 дугаар анги болон Улаанбаатар цахилгаан түгээх төвийн албан хаагч нар ажиллаж хоёр дахь галыг унтраажээ.

4.Маргаан бүхий Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр холбогдогч Э.У******* нь галын аюулгүй байдлаа хангаагүй болох нь тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгож, 13,781,500 /арван гурван сая долоон зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөгийг хохирлыг Б.Ад нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.

5.Гомдол гаргагчийн зүгээс гомдлын үндэслэлээ “цас хайлах, бороо орох үед объектыг дээврээс байнга ус алддаг бөгөөд дээврийн хөндийн далд монтажид түр хэрэглээний цахилгаан утас хэрэглэсэн, хаа сайгүй сул, орооцолдсон цахилгааны утас, үжирсэн мод, төмөрт шүргэлцэн шалбарсан, эсвэл ил задгай мушгисан утаснаас болж гал гарсан байх магадлалтай, учир нь галын урсгал ширээнээс дээгүүр явсан, ширээ болон цонхны тавцан дээрх цаас зэрэг шатамхай материалд дулааны үйлчлэл хүрээгүй, гал гарсан шөнийн цагт дэлгүүрт хүнгүй, ачаалал хамгийн бага үе бөгөөд дэлгүүрт байгаа хөргөгч төхөөрөмжүүд нь хэт ачаалал өгөх нөхцөлгүй, гал гарсны дараа хүнсний мини хөргөгчийн эд анги, залгуур, түүнийг залгасан разетканд механик, физикийн гэмтэлгүй байсан, түрээслэгч түрээсэлж буй объектын хана болон дээврийн цаана байгаа далд монтажийг хариуцахгүй, мэдэхгүй, тэнд техникийн шаардлага, норматив зөрчсөнөөс гарсан гэмтэл, гэмтлээс үүдсэн гамшгийг түрээслэгч хариуцахгүй, түрээслүүлэгч хариуцах ёстой, ...эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэгийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хийгээгүй бөгөөд энэ нь тэмдэглэлийн огноонд засвар оруулснаар нотлогддог, Э.У*******ын буруугаас гал гарсан гэх нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт байхгүй, ...зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар холбогдогчид мэдэгдээгүй, прокурорт гомдол гаргах эрхээр хангаагүй, гэрчээр асууж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт ач холболдолтой нотлох баримтуудыг хэрэгсээгүй, нотлох баримтаар аваагүй, хариуцагч анх гаргасан дүгнэлтээ бататгасан шийдвэр гаргасан нь гомдол гаргагчийн эрх, ашгийг хөндөж, хохироосон” гэж тайлбарладаг.

6.Хариуцагчийн зүгээс “зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь холбогдогч Э.У*******ыг зөрчил үйлдсэн гэсэн үг биш, зөрчлийн хэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдуулан үүсгэсэн ч гэсэн гэрчийн мэдүүлэг авах боломжтой, хууль зөрчөөгүй, ... шинжээчийн дүгнэлтээр цахилгаан дамжуулах утсанд богино холболт үүсэж гал түймэр гарсан болох нь тогтоогдсон, мөн хэрэглээнээс шалтгаалан гал гарсан болох нь хэргийн газрын үзлэгт тэмдэглэсэн дэлгүүрийн тусгаарлагч хананд байрлах цахилгааны удирдлага/щит/-ны таслуур /пускатль/ унасан байдлаар тогтоогддог, түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээгээр түрээслэгч нь ил цахилгааны залгуур, холболтыг байнга шалгах, ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгааны буруу холболт, хэрэглээнээс болж гарах галын аюулаас сэргийлэх, өөрийн суурилуулсан болон өөрчилсөн цахилгаан шугам, сүлжээ байрлуулсан цахилгаан тоног төхөөрөмж, разетка, уртасгагч, залгуурыг байнга шалгаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөнөөс үүссэн болон эдгээрийн доголдол, эвдрэлээс үүдэн гарах аливаа хохирлыг бүрэн хариуцахаар заасан, гомдол гаргагч болон гуравдагч этгээдэд хохирлын үнэлгээ хийлгэх талаар мэдэгдсэн”  гэж, гуравдагч этгээдийн зүгээс “хариуцагчийн шийтгэл хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шаардлагатай ажиллагааг хийж, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний төвийн дүгнэлтэд үндэслэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

7.Зөрчлийн тухай хуулийн  5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ:” гээд 16.2.1-т  “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж заажээ.

8.Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд ажлын байр түрээслэгч /Э.У*******/ болон түрээслүүлэгч /Б.А/ иргэн хэн аль нь галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй этгээдэд шийтгэл оногдуулах бөгөөд улмаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай байна.

9.Хэрэгт авагдсан баримтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны байрны байрлах 60 м.кв хэмжээтэй, өргөтгөлтэй бэлэг дурсгалын дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсан объектод 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гарсан гал нь түрээслэгч, эсхүл түрээслүүлэгчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

10.Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн зохицуулагч-галын шинжээч М.Жн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтэд[1] “...цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт болж гал түймэр гарсан байх үндэслэлтэй, ...гал түймрийн голомт нь тухайн объектын өргөтгөлийн баруун урд хэсэгт байрлах цонхны хэсгээс үүсвэрлэн гарсан байна” гэж, гомдол гаргагч Э.У*******ын өмгөөлөгч Э.Ш*******н дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг үндэслэн гарсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг /шинжээчийн бүрэлдэхүүн/-ийн дүгнэлтэд[2] “...объектын хүчдэлтэй цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсэж гал түймэр гарах үндэслэл болсон, ... гал түймрийн голомт нь тус объектын өргөтгөлийн дотор талын баруун урд хэсгийн хана, тааз болон шатлага ихээр явагдсан хэсэгт байна” гэж, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлтэд[3] “...шинжилгээнд ирүүлсэн 6, 8, 9 гэж дугаарлагдсан цахилгаан дамжуулагч утаснуудад үүссэн шинж тэмдэггүй...” тус тус дүгнэжээ.

11.Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “дээврийн хөндийд байгаа цахилгааны утаснуудын улмаас богино холболт үүсэж гал түймэр гарах боломжтой, мөн цахилгаан дамжуулагч утсанд богино холбоо үүссэн ч бөмбөлөг эсвэл хэрчдэс үүсэхгүй байх боломжтой” гэж тайлбарласан.

12.Мөн гомдол гаргагч Э.У*******оос шүүх хуралдааны үед “гал гарсан өргөтгөлийн барилгад өөрийн хөрөнгөөр гэрэл суурилуулж, ханын разеткыг сольж, нэмж 2 разетка байрлуулж, цахилгааны монтажийг хийлгэсэн бөгөөд тусгаарлагч хананд суурилуулсан цахилгааны удирдлагын нэг таслуур буюу пускатель анхнаасаа ажилладаггүй байсан” гэх тайлбарыг гаргасан.

13.Дээрх шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “объектын хүчдэлтэй цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсэж гал түймэр гарсан” гэж гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тайлбарлаж байх боловч ямар цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүссэн болох нь тодорхойгүй буюу дээврийн хөндий дэх цахилгааны далд утас, эсхүл өргөтгөл дэх шинээр татсан /Э.У*******ын хийлгэсэн/ цахилгааны шугам, ханын разетканаас үүдэн гал түймэр гарсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

14.Түүнчлэн шөнө гал гарсан объектын цахилгааныг щетээр тасалсан байхад өдөр дахин гал гарсан шалтгаан нөхцөл нь тодорхойгүй, хариуцагчаас энэ талаар нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй байна.

15.Хариуцагчийн зүгээс “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан “дэлгүүрийн тусгаарлагч хананд байрлах цахилгааны удирдлага”[4] дахь 3 таслуур буюу пускателийн нэг нь унасан байдалтай байсан бөгөөд цахилгааны хэрэглээний хэт ачаалал үүссэн болох нь үүгээр нотлогддог” гэж тайлбарладаг.

16.Гэвч уг цахилгааны удирдлагад холбосон утаснууд нь өргөтгөлийн барилгад Э.У*******ын монтаж хийлгэж байрлуулсан гэх хоёр цахилгааны шугам, разеткад холбогдсон эсэх, 3 таслуур/пускатель/ нь хэвийн ажиллагаатай эсэх, цахилгааны хэрэглээний улмаас богино холболт үүсэж, цахилгааны удирдлагын таслуур унасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

17.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”,  1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж, 4.11 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан ... тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана” гэж тус тус заасны дагуу хариуцагч галын улсын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лаборатори, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, улмаар галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, учирсан хохирлыг хэмжээг тогтоож, нөхөн төлүүлэх зохицуулалттай.

18.Гэтэл хариуцагч нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ түрээслэгч, түрээслүүлэгчийн хэн нь биелээгүйн улмаас гал гарсан болохыг баримтаар тогтоогоогүй атлаа шинжээч нарын “цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсэж гал түймэр гарсан” гэх ерөнхий дүгнэлт, талуудын хооронд байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээг үндэслэн гомдол гаргагч Э.У*******т  шийтгэл ногдуулж, түрээслүүлэгч Б.Ад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

19.Тиймээс хариуцагч дахин шинэ акт гаргахдаа гал гарсан шалтгаан нөхцөл, улмаар галын аюулгүй байдлыг хангах үүргээ түрээслэгч, түрээслүүлэгчийн хэн нь зөрчсөн болохыг дахин шалган тогтоож, талуудад учирсан хохирлыг тодруулан хэлэлцэх шаардлагатай гэж шүүх дүгнэж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

20.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

21.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.6 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зөрчилд холбогдогч, гэрчийг хуульд ялгаатай байдлаар тодорхойлсон бөгөөд холбогдогч нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

22.Өөрөөр хэлбэл, холбогдогч нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бол гэрч нь  өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсанаас бусад тохиолдолд зөрчлийн хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдгаараа ялгаатай.

23.Хариуцагч нь галын аюулгүй байдал хангах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Э.У*******т холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн атлаа 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” үүргийг зөрчсөн байх боловч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

24.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д заасны дагуу нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нь нотлох чадвараа алдах тул шүүх Э.У*******ын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 1.5 дахь заалт, 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Э.У*******ын гомдлын шаардлагад дурдсан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 4 /дөрвөн/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Д*******ын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэрэг /цаашид “Хх” гэх/-ийн 1-54 дэх тал

[2] Хх-1-61 дэх тал

[3] Хх-1-48 дахь тал

[4] Хх-1-30 дахь тал