Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч С.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овгийн Самбуугийн Дамбийнямд холбогдох эрүүгийн 1711000420138 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн С.Д, 1954 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 282 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХГ54070111.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-334 тоотод оршин суух иргэн Н.Баастын өвлийн сууцны үүдний амбаарыг эвдэн нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, цагдаагийн гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 260.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тэр гутлыг өмсөөд байж байтал нэг цагдаа ирээд авсан. Тэр хүүхдийн дугуй манай хашаан дотор байсан тэгээд нэг мэдсэн алга болчихсон байсан…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Н.Бааст мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай гэрээс 2017 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө хулгайч орж, эд зүйл алдагдсан. Манай гэрийн үүдний хэсэгт байсан хүүхдийн цэнхэр рамтай дугуй байсан. 7 настай хүүхэд унахад томдоод унаж болохгүй байсан юм. Манай гэрт хадгалж байгаад хүүхдээ том болохоор унуулна гэж байсан юм. Манай гэрийн ойролцоо байдаг хүүхдүүд сайн мэднэ. 2016 онд Тэргэлийн аав Батбаяр хорооллоос 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо Тэргэлийн аав Батбаяр Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Унадаг дугуйг 250.000 төгрөгөөр үнэлнэ. Миний хүү Болдбаяр хамгаалалтын нэгдүгээр газарт ажилладаг юм. Болдбаатар 2017 оны 5 дугаар сард цагдаагийн байгууллагаас хангалтаар авсан хагас түрийтэй, урд хэсгээрээ арьсан цагдаагийн гутал байгаа юм. Хангалтын гутлыг дахин үнэлж авахад 110.000 төгрөг болж байна лээ. Тийм учраас 110.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ /хх-26-27/.     

              Гэрч А.Болдбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 30-наас 2017 оны 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө манай ээжийн гэрт хулгайч орсон юм. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа ажилдаа явах гээд Хүчит шонхор худалдааны төвийн ойролцоо явж байсан чинь Дамбийням гэгч нөхөр миний гутлыг өмсчихсөн явж байсан юм. Дамбийням гэдэг хүний ар гэрээс цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Мөн Тахарын албанд ажиллаж байсан хүн байхгүй. Дамбийням гэх хүн хулгай хийж өөрийн болгоно уу гэхээс өөр олж авах боломж байхгүй...” гэжээ /хх-28-30/.

              Гэрч С.Адъяазундуй мэдүүлэхдээ: “...Манай амбаарт байсан хүүхдийн гутлыг аваад оронд нэг гутал тайлаад тавьсан байсан. Тэгээд би эхнэр болон хүүхдэдээ манай урд талын хашааны Дамбийнямын гутал байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дууд гээд гэрээсээ гараад явсан. Би Нарантуул болон Хархорин захаас алдагдсан гутал, унадаг дугуйгаа хайж байгаад ирсэн. Хэрэг болсон  өдрөөс 2-3 хоногийн дараа Баянбүрдийн автобусны буудал дээр Дамбийнямтай таарсан. Тэгэхэд манай хүүхдийн гутлыг яг өмсчихсөн явж байсан. Тухайн үед Дамбийням согтуу явж байсан. Тэгээд би дуугараагүй...” гэжээ /хх-31/.

              Эд зүйлийн үнэлгээ /хх-61/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-23/.        

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43-44/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-334 тоотод оршин суух иргэн Н.Баастын өвлийн сууцны үүдний амбаарыг эвдэн нэвтэрч хүүхдийн унадаг дугуй, цагдаагийн гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 260.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч С.Дыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Хэрэгт хураагдан ирсэн 41 размерын 1 хос хар өнгийн гутлыг хохирогч Н.Баастад буцаан олгож, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 260.000 төгрөгөөс гутлын үнэ болох 110.000 төгрөгийг хасч, үлдэх 150.000 төгрөгийг шүүгдэгч С.Даас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Самбуугийн Дамбийнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Дд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Даас 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баастад олгосугай.

5. Хэрэгт хураагдан ирсэн 41 размерын 1 хос хар өнгийн гутлыг хохирогч Н.Баастад буцаан олгосугай.

6. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН