Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0646/З |
Дугаар | 128/ШШ2024/0746 |
Огноо | 2024-09-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Б” ХХК /РД:/;
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдлын шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Гн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Усны сан бүхий газар, хүн амын ундны усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж”-ийг баталжээ.
1.2.Энэхүү удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бийн аманд байрлах Б дундуур урсах Бийн горхины хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийсэн байна.
1.3.Улмаар Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Гоос “Б” ХХК-ийг Б дундуур урсах Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн, ашиглаж дууссан 2 цооногийг холбогдох газарт хүлээлгэн өгөөгүй зөрчилд холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.
1.4.Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан Б.Гоос голын голдирлыг өөрчилсөн эсэхэд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар Туул голын сав газрын захиргаанд шинжээч оролцуулах тухай тогтоол хүргүүлж, тус захиргааны Захиргааны удирдлагын албаны менежер Б.Бг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.
1.5.Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар голын голдирлыг өөрчилсөн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн “Б” ХХК-д 20.000 /хорин мянган/ нэгжээр торгох шийтгэл оногдуулж, хохирлын нөхөн төлбөрт 191.393 төгрөгийг улсын төсөвт хураан авахаар шийдвэрлэжээ.
1.6.Гомдол гаргагч “Б” ХХК-иас Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Гн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр гаргасан гомдлын үндэслэлдээ: “...Тус шийтгэлийн хуудсаар манай компанийг “Голын байгалийн голдирлыг өөрчилсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20.000 нэгж /хорин сая төгрөг/, алданги 191,393 төгрөгөөр тус тус торгож шийтгэсэн нь дараах хуулиудыг зөрчсөн байна. Эрх бүхий албан тушаалтан болох Б.Г нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Бт манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, салбарын хяналтын газрын мэргэжилтэн Т.Б нарыг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус Бурд гарын үсэг зурна” гэснийг зөрчсөн байна. Тус тэмдэглэл нь 2 хуудастай байх ба 1 дүгээр хуудсанд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж гарын үсэг зуруулаагүй байна. Энэ хуулийн дагуу тус газар дээр үзлэг шалгалт хийгдсэн эсэх, үйл баримт үнэн зөвөөр тусгагдсан эсэх, холбогдох журам, хяналт шалгалт явуулах тухай удирдамжид заагдсаны дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал үүсээд байна.
Тэмдэглэлд “үзлэгийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 24 минутад эхлүүлж, нартай цэлмэг цаг агаартай, агаарын дулаан 25 хэм байх үед гэрэлд явуулав. 1.“Үзлэгээр тогтоосон нөхцөл байдал: Бийн горхи 2023 оны хур борооны улмаас үерлэсэн, үерийн усыг зайлуулах, үерээс сэргийлэх зорилгоор горхины *******, Е******* 57 50.47 цэгт түр гүүрэн гарц байгуулж тухайн цэгээс доош үерийн хамгаалалтын далан, суваг байгуулж, , Е******* 57 50.83 цэгт мурийж, , Е******* 57 52.45 цэгт дахин мурийж шулуун урсаж , Е******* 57 50.37 цэгт Бын хашаанаас гарч уулын замын ус зайлуулах нүхэн хоолойгоор гарч Туул голд цутгаж байсан...” гэжээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 8 дахь заалтад “Тэмдэглэлд зөрчил шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана” гэснийг зөрчсөн. Тус координатуудыг ямар техник хэрэгсэл ашиглаж тогтоосон нь тодорхойгүй, тусгаагүй тэмдэглэл үйлдсэн байна.
Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудасны үндэслэх хэсэгт “Салбарын ерөнхий байцаагчийн 2024 оны дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн...” гэх атлаа Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт буюу “Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн манай компанийг торгосон байна. Гэтэл Бийн горхи нь гол болон мөрөн биш, өөрөөр хэлбэл Бийн горхи нь гол болон мөрөн гэсэн ангилалд хамаарахгүй. Горхи гэдэг нь хур тунадас, газар доорх усны илэрц юм. Борооны ус, хайлсан мөсний ус нь горхи болон урсдаг. Хэрэв уулнаас бууж буй бол урсгал нь түргэн байдаг гэж усны мэргэжилтэн дүгнэжээ.
Мөн 2023 оны зун болсон үерээр батлагдсан зураг төслийн дагуу баригдсан Б сургуулийн зоорийн давхар руу уулын ус урсан хальж үлэмж хэмжээний хохирол учруулсан бөгөөд өөрийн хөрөнгөөр 600 гаруй хүүхэд багш ажилчдыг болзошгүй аюулаас хамгаалсан. Холбогдох төрийн байгууллагуудаар барилгын зураг төслийг батлуулж, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч барьж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай комиссын актаар хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Зөрчлийн тухай хуульд заасан хохирогч байхгүй, тухайн байршилд бид ямар нэг хууль бус аюултай хог хаягдал Туул гол руу цутгаагүй, мөн Богдхан уулын зам буюу уулын замд ямар нэг эвдрэл, гэмтэл учруулаагүй болно. Хэрэв энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан бол бидэнд хууль дүрмийн дагуу зөвшөөрөл олгохгүй байх байсан.
Дээрх байдлууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Г нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь холбогдох хуулийг зөрчиж, үндэслэлгүй торгож шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Гн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн № дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн байгууллага бодитоор хяналт шалгалтаа хийж тухайн газарт очиж үзсэн бол манай эзэмшлийн явган хүний зам, сагсны талбай, 2 худаг руу 2023 онд их хэмжээний бороо орж, үерийн ус хальж гарж ирж олон зуун сая төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Түүнээс биш барилга байгууламж барьсан зүйл байхгүй. Гэтэл Улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд зааснаар 20.000 нэгжээр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг 191,393 төгрөгөөр тогтоосон. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заасан байдаг. Төрийн байгууллага хувийн хэвшлийн байгууллагаа торгодог дээрээс нь эд хөрөнгөөр нь хохироодог асуудлыг цаашдаа дахин гаргамааргүй байна” гэжээ.
2.3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Б” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус компанийн ерөнхий инженер ажилтай Л.Эд итгэмжлэл олгосныг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийж Улсын ерөнхий прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийг жагсаалт, загварыг шинэчлэн батлах тухай тушаалын дагуу үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Л.Эад танилцуулан гарын үсэг зуруулсан. Үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан маягтын дагуу үйлдэж үзлэгийг 13 цаг 24 минутад эхлүүлж, 14 цаг 25 минутад дуусгаж итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Л.Эад танилцуулан гарын үсэг зуруулсан. Үзлэг хийх явцад буюу солбицол тогтоох үйл явцад тухай бүр итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Л.Э байлцсан бөгөөд гар утасны программ ашиглаж тогтоосон бөгөөд үзлэг хийсэн тухай тэмдэглэлтэй танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Нийслэлийн Прокурорын газрын дугаартай “Б” ХХК-нд холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн эсэхийг тогтоох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг Туул голын сав газрын захиргаанд хүргүүлсэн. Тус албан бичгийн дагуу Туул голын сав газрын захиргаанаас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр тус захиргааны удирдлагын албаны Менежер Б.Бг шинжээчээр томилж, дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна. Тус дүгнэлтээр Бийн аманд байрлах Б аялал жуулчлалын цогцолбор дундуур урсах Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилсөн, Туул голын сав газрын захиргааны усны мэдээллийн дэд санд Бийн горхи нь Туул голын нэг цутгал бөгөөд байнгын урсацтай, усны рН-7.2, EC-0.04 µS/cm, TDS-0.05 мг/л, усны температур-3.8°С, дундаж өргөн-0.8 м, дундаж гүн- 0.3 м, өнгөрөлт-0.2 м³/с гэж бүртгэгдсэн байна гэж тодорхойлсон байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр Усны газарт шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 161.4.7-д заасны дагуу усны нөөцөд учруулсан хохирлыг тооцож ирүүлэх тухай албан бичиг хүргүүлж, Усны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дүгээр тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу усны нөөцөд учирсан хохирлыг үнэлж ирүүлсэн байна.
Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, Туул голын сав газрын захиргааны байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн эсэхийг тогтоосон тухай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичиг, Усны газрын усны нөөцөд учирсан хохирлыг тооцсон тухай Усны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр албан бичгээр тус тус тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 20,000 нэгжээр торгож, 191,393 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж зөрчлийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Прокурорын газар хянасан” гэв.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгогдсон хэм хэмжээний хүрээнд зохицуулагддаг харилцаа юм. Хариуцагч нь удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, прокурорын хяналтад зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг. Энэ нь ямар нэг хууль, дүрэм, журам зөрчсөн ажиллагаа биш. Эрх зүйн хэлбэрийн хүрээнд гарын үсэг зурах хэсэг нь сүүлийн хуудсан дээрээ байдаг. Эхний хуудас дээр гарын үсэг зураагүй байдал нь тухайн акттай танилцаагүй гэсэн үг биш гэж үзэж байна. Мөн Улсын байцаагч нарын хяналт шалгалтын ажиллагаа явуулахад тохирсон багаж төхөөрөмж хэрэглэх боломж болон төсвийн хүрэлцээ, энэ талаар зохицуулсан нарийвчилсан зохицуулалт манай улсад байдаггүй учир байцаагч Б.Г нь ухаалаг утасны аппликейшн ашигласан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирогч байхгүй гэж ярьсантай холбогдуулан тайлбар хэлэхэд нэхэмжлэгч компанийн үйлдлээс болж байгаль орчин хохирч байна. Байгаль орчинд учрах хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллага, улсын байцаагч нар ажиллаж байна. Мөн Усны мэдээллийн санд бүртгэгдсэн горхины голдирлыг өөрчилсөн нь холбогдох дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул эрх бүхий албан тушаалтан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан зарчмын хүрээнд шийтгэл оногдуулсан. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ их, бага ямар ч байдлаар тогтоогдсон байсан байгаль орчны хяналтын улсын байцаагч өөрийн чиг үүргийн хүрээнд хохирлыг хэмжээг тогтоож хуулиар тогтоосон хэм хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэдэг. Төрийн байгууллага хуулийн этгээдийг ямар нэгэн зөрчил, буруутай үйлдэл гаргаагүй тохиолдолд торгоод байгаа зүйл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Гомдол гаргагч талаас гомдлын үндэслэлээ “эрх бүхий албан тушаалтан үзлэгийн явцад ашигласан техник хэрэгслийн нэр төрлийг тэмдэглэлд тусгаагүй, ямар техник ашиглаж координатуудыг тогтоосон нь тодорхойгүй, үзлэгийн тэмдэглэл 2 хуудастай байхад холбогдогч компанийн төлөөллийг эхний хуудастай танилцуулж гарын үсэг зуруулаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, ...Бийн горхи нь гол болон мөрөн гэсэн ангилалд хамаарахгүй, 2023 оны зун болсон үерээр батлагдсан зураг төслийн дагуу баригдсан Б сургуулийн зоорийн давхар луу уулын ус урсан хальж үлэмж хэмжээний хохирол учирсан, өөрийн хөрөнгөөр хүүхэд, багш ажилчдыг болзошгүй аюулаас хамгаалсан, тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй байх хуулийн зохицуулалттай, Зөрчлийн тухай хуульд заасан хохирогч байхгүй” гэж тайлбарлаж байна.
2.Хариуцагч талаас “үзлэгийн явцад холбогдогч хуулийн этгээдийн төлөөлөгч Л.Э оролцсон бөгөөд солбицол тогтооход гар утасны timestamp camera enterprise программ ашигласан, үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулж, үзлэгийн тэмдэглэлийг баталсан маягтын дагуу үйлдэж танилцуулж, гарын үсэг зурсан, шинжээчийн дүгнэлтээр Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилж, хохирол учруулсан болох нь тогтоогдсон” гэж тайлбарлан маргаж байна.
3.Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бийн аманд байрлах дунд төвөгшилтэй ангиллын зоорьтой 2, 3 давхар нийт 6 блок хүчин чадал бүхий аялал жуулчлалын цогцолборын зориулалттай Хүүхдийн сургалт, хөгжлийн төвийн байрны барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
4.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай “Усны сан бүхий газар, хүн амын ундны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх явцад Бийн аманд байрлах Б дундуур урсах Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилсөн, ашиглаж дууссан 2 цооногийг холбогдох газарт хүлээлгэж өгөөгүй зөрчил үйлдсэнийг хариуцагч илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дугаартай зөрчлийг хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
5.Хэрэгт авагдсан Туул голын сав газрын захиргааны Захиргаа удирдлагын албаны менежер Б.Бн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн эсэхийг газар дээр нь тодорхойлох боломжгүйгээр барилга барьсан байдалтай байгаа тул ******* программын тусламжтайгаар өмнөх жилүүдийн зургийг харьцуулж тодорхойлоход “Б” ХХК нь 2 байршилд өөрчилсөн байна. ...1-р байршилд буюу *******057052”, 47052”54 цэгт голдирлыг өөрчилж шулуутгасан, ...2-р байршилд буюу *******057”51”, 470*******,*******” цэгт голдирол өөрчилсөн..., ... Бийн горхины одоогийн урсаж байгаа байдал буюу хуучин голдирлыг шороогоор дарж ... “Б” олон улсын сургуулийг барьсан, ... Туул голын сав газрын захиргааны усны мэдээллийн дэд сангийн мэдээллээр Бийн горхи нь Туул голын нэг цутгал бөгөөд байнгын урсацтай...” гэжээ.
6.Мөн Усны газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн “Усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ”-ээр Б горхины усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 191,393.28 /нэг зуун ерөн нэгэн мянга гурван зуун ерөн гурван/ төгрөгөөр тогтоожээ.
7.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу гол, мөрний үндсэн голдирлыг өөрчлөхөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, шийдвэрлэх зохицуулалттай байна.
8.Гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Б” ХХК нь Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж байгаагүй тайлбар гаргасан.
9.Дээрхээс үзвэл “Б” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бийн аманд байрлах Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг хоёр байршилд өөрчилж, усны нөөцөд хохирол учруулж, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гол, мөрний урсцын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн” зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.
10.Гэвч Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж иргэн, хуулийн этгээдийн үйлдсэн зөрчлийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг хуульд заажээ.
11.2023 онд Нийслэл Улаанбаатар хотод орсон их хэмжээний хур борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдэн үерлэж, байгаль орчин, иргэн, хуулийн этгээдэд хохирол учирч, аюулт үзэгдэл болсон нийтэд илэрхий баримт байна.
12.Тухайн үеийн үерийн усыг зайлуулах, үерээс сэргийлэх, Бын Хүүхдийн сургалт, хөгжлийн төвийн байранд суралцаж буй хүүхэд, ажиллаж буй багш, ажилчдын аюулгүй байдлыг хангах, өөрт учирч болзошгүй аюулыг арилгах зорилгоор “Н” ХХК /захиалагч/ болон “ЦС ” ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б аялал жуулчлалын цогцолборын үерийн ус зайлуулах далангийн ажлыг гүйцэтгэж, улмаар хоёр байршилд Бийн горхины байгалийн үндсэн голдирлыг өөрчилж, усны нөөцөд хохирол учруулсан зөрчил үйлдсэнийг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
13.Учир нь үерийн улмаас Хүүхдийн сургалт, хөгжлийн төвийн барилга байгууламжид суралцаж, ажиллаж байгаа сурагч, багш, ажилтнуудад хохирол учирсан тохиолдолд уг хохирол нь Б горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилж, усны нөөцөд учруулсан хохирлоос илүү байх нь илэрхий юм.
14.Нөгөөтэйгүүр Б горхины байгалийн үндсэн голдирлыг 2 байршилд өөрчилж, үерийн ус зайлуулах далан барьсан нь Боловсролын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-д “Боловсролын сургалтын байгууллага нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, ... орчин бүрдүүлсэн байна” гэж заасантай нийцсэн байна.
15.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгохоор заажээ.
16.Монгол хэлний товч тайлбар тольд “гол” гэдэгт ихээхэн урсгал усыг[1], “мөрөн” гэдэгт далай буюу тэнгист цутгах урсгал их голыг[2], “горхи” гэдэгт жижиг урсгал усыг[3] ойлгохоор тайлбарласнаас үзвэл горхи нь “урсгал усны” шинжээрээ голтой адил байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гол” гэсэн агуулгад үг зүйн утгаараа хамаарахаар байна. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “горхи нь гол, мөрөн гэх ангилалд хамаарахгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
17.Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бийн аманд байрлах Б дундуур урсах Бийн горхины орчмын газарт үзлэг хийхэд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э оролцсон болох нь үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар нотлогдож байна.
18.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4-т “Үзлэг хийхдээ ...тусгай багаж ашиглах аргаар хийж болно”, 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана”, 2-т “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна” 8-д “Тэмдэглэлд зөрчил шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана” гэж эрх бүхий албан тушаалтан үзлэг хийх, үзлэгийн тэмдэглэл үйлдэх журмыг зохицуулжээ.
19.Дээрх хуульд заасан журмын дагуу үзлэгт оролцсон хүн үзлэгийн тэмдэглэлийн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурах бөгөөд гомдол гаргагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э үзлэгийн эхний хуудаст гарын үсэг зураагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Б.Гн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
21.Гэхдээ маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь “Б” ХХК-ийн гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн даалгаврын дагуу голын голдирлыг өөрчлөх тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг гаргуулж авах, үерийн хамгаалалтын далан, суваг шуудуу татах зөвшөөрөл ач зөрчлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.3 дахь хэсэг, *******.3.1, *******.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч Б.Гг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-иас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ