Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/360

 

 

 

 

Ч.Өлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Өл, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Өл давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2206000001257 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байсан: -2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар,   2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар үлдэх 3 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 2022/ХМШЗ/51 дугаар шүүгчийн захирамжаар түүний тус зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 7 сар, 28 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн;

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Өл нь 2021 оны 3 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...00 тоотод байрлах нийтийн байранд иргэн Б.Отай үл ойлголцох байдлын улмаас маргалдаж, хавирга цээж орчимд нь өвдөглөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Өлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4-т заасныг баримтлан дүйцүүлэн сольсон 02 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 07 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Өл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруутай үйлдэлдээ огт маргаагүй, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж байсан. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж, хохирогчоос уучлалт хүсэж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа.

Харин шүүхээс тухайн үйлдэлд ял оногдуулахдаа хэргийн бодит байдал, шалтгаан нөхцөлд бодит дүгнэлт хийгээгүй, хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Би өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулж нийгэмших үүднээс ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэж явсан. Гэм буруутайд тооцсон үйлдлийн тухайд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг дутуу үнэлж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсандаа гэмшиж байна. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял хэт хүндэдсэн гэж үзэж гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заасан байна. Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн тогтоолоор ял оногдуулсан бол нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлж болохоор заасан.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, гэм буруу хүлээн зөвөөрч үнэн зөвөөр мэдүүлж байсан зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихгүйгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан нийгэмших, зөв хүн болж төлөвших боломжийг олгож өгнө үү.

Хэрэв ийм боломжгүй гэж үзвэл тус зүйл, ангид хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, хэрэв ийм боломжгүй гэвэл анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчтэйгээ харилцан ярилцаад “Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь таны эрх зүйн байдлыг дордуулах учир нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тооцуулах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасан. Ч.Өл энэ талаар мэдэж, зөвшөөрсөн учир ялыг тус тусад нь эдлүүлэх биш ял хөнгөрүүлэх хүсэлттэй байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулахаар ял шалгах хуудас, шийтгэх тогтоол, иргэний үнэмлэх зэргийг нь үнэлж Ч.Өлыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн улмаас ял шийтгэл эдэлж байсан гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй байтал шүүх хэт нэг талыг барьж эрх зүйн байдлыг нь дордуулсан. Шүүгдэгч болон өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг “Хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж хэн аль нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна” гэсэн. Энэ нөхцөл байдлаас үзвэл хэрэг гарсанд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа мэт харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар “шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь 315.000 төгрөгийг хүлээн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Өлыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэж, эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна” гэж тус тус дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй буюу сонгох санкцитай байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөөр байтал хамгийн өндөр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Өл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө бусдын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Энэ үед нийтийн байранд хамтран байр түрээсэлж байсан, хажуу талын айлын хүнээс “Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдууллаа” гэсэн зүй ёсны шаардлага тавьсны хариуд хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, улмаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ч.Өлд холбогдох эрүүгийн 2206000001257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Өлы хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

Шүүгдэгч Ч.Өл нь 2021 оны 3 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, 0 тоотод байрлах нийтийн байранд иргэн Б.О зодож, түүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.О-ийн: “...эсрэг талын 6 тоот өрөөний эхнэр, нөхөр хоёр маргалдаад эхнэр нь уйлсан байдалтай манай өрөөнд орж ирсэн тул би өрөөнд нь ороход нөхөр нь гэх 30 орчим насны өндөр шар, туранхай залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би тухайн залууд хандаж “унтаа хөгшөөн” гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд үсдэж аваад нүүр орчимд 4-5 удаа, зүүн талын хавирга орчимд 2-3 өвдөглөж, газар унагаагаад дээр гарч байгаад миний нүүр орчимд гараараа 4-5 удаа цохисон...” /хх 8-9/,

гэрч Б.Алтанцэцэгийн: “...хаалга тайлмагц уг залуу Ч.Өлыг татаад өрөө рүүгээ аваад орчихсон ба би хувцсаа өмсөөд араас нь гарахад Ч.Өл уг залуугийн өрөөнд нь түүний хамраас цус гаргаж зодож байсан. Харин Ч.Өлы биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан...” /хх 26/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11 ний өдрийн 3941 дугаар: ”...Б.О-ийн биед дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 28-29/,

Ч.Өлы яллагдагчаар мэдүүлсэн: “...намайг заамдаад авахаар нь би урдаас нь түлхэхэд манай өрөөний эсрэг талын онгорхой өрөө рүү орж унасан. Тэгээд дээр нь гарч 3 удаа нүүр рүү нь цохиход Б.А-араас ирж намайг салгасан...” гэх мэдүүлэг /хх 38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Өлы хохирогч Б.О-ийг  зодож, түүний эрүүл мэндэд “...дух, хоёр нүдний зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, буйл, дээд уруулын дотор салстын цус хуралт, цээжний цус хуралт...”  гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, тус зүйлд заасан дээд хэмжээ болох 3 сарын хугацаагаар оногдуулсан нь оройн цагаар нийтийн байранд, хэрүүл маргаан үүсгэсэн байдлаа болохыг шаардсан иргэн Б.О-ийг  шууд санаатайгаар зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нөхцөл байдал, зорчих эрхийг хязгаарлах ялтай атлаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэгт нь тохирсон байна.

Ч.Өлы үйлдсэн тус гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэх хугацаанд Ч.Өл нь урд шийтгэх тогтоолоор өршөөгдөж зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр хорих ял эдэлж байсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг хэрэглэн түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, эдэлж буй хорих ялаас нь үлдсэн 2 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Өлы биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Иймд Ч.Өлд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Ч.Өлы гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихгүйгээр ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Өл нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Өлы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлы 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ