| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2209000001992 |
| Дугаар | 2023/ДШМ/361 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/361
Б.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Ганболд,
хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Ганболд нар хамтран давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Ат холбогдох 2209000001992 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
Шуугдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь “Б” ХХК-д хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “П” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу байгууллагадаа бараа авч байна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-иас гар утас, бараа авч, 165,976,424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б.А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 140,976,424 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б /“П” ХХК/-д олгож, Б.Аыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ЦХШЗ/876 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Ат авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Ганболд нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Б.А миний бие үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Улс, нийгэм, төр, засаг, ард түмнийхээ өмнө үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж, засарч, хүмүүжин, алдсан алдаагаа засч болдог болохыг үлгэр жишээчээр харуулах болно.
Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулах хэсэгт ...Шүүгдэгч Б.Ат ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос 25.0 сая төгрөгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсаруулах зорилгоор 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалтай, улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ат 3.6 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах талаар дүгнэлт хэлсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д заасан эрх зүйн зохицуулалтыг ял оногдуулахдаа арай бага харгалзан үзлээ гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хохирлыг бүрэн барагдуулах боломжийг эрэлхийсэн боловч, цаг хугацааны хувьд тохиромжгүй, эдийн засгийн хямрал, хүндрэлд орчихсон, жилийн эцэс, сар шинийн баяр дөхсөн байдлууд нөлөөлсөнөөс үүдэлтэй бүрэн төлж барагдуулж амжаагүй. Үлдсэн төлбөрийг нэн даруй барагдуулж, байгууллагыг хохиролгүй болгоно. Хохирол бүрэн төлөгдөөгүй нь эрүүгийн хариуцлага оногдуулахад сөрөгөөр нөлөөлсөн гэдгийг маш их ойлгож, мэдэрч байна.
Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэхээс өмнө хохирсон байгууллагын хохирлыг нөхөн төлж барагдуулж дуусгана.
Миний бие шүүхээс ял шийтгэгдэхээс өмнө “Гр” ХХК-д санхүү борлуулалт хариуцсан газрын захирлаар сарын 3.0 сая төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан. Шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нөхцөлд энэ компанидаа ажиллаж, төр, шүүхээс оногдуулсан ялыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс хүсч байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд нэмж хэлэх тайлбар байхгүй....” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх боловч уг гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон гэж үзсэн учраас хохирогч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, Эрүүгийн хуульд заасан хүнд ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүх түүнд 4 жил хорих ял оногдуулсан. Ял шийтгэл хэргийн бодит байдалд тохирсон байх ёстой бөгөөд шүүх шударга шийдвэр гаргасан. Хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулах боломжтой, хангалттай хугацаа байсан. Шүүгдэгчийн эцэг нь 25.000.000 төгрөгийн хашаа, байшинг өгсөн. Хохирогч байгууллагын хувьд тухайн хашаа, байшинг авах шаардлага байгаагүй чхүний төрсөн эцэг гэдэг агуу юм, үр хүүхдийнхээ төлөө, үхтэл үр харам гэдгийг бодож авсан. Гэтэл шүүгдэгч өөрөө хохирол төлж барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Давж заалдах гомдолдоо 3.000.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлж байсан гэдэг ч цалингаасаа нэг ч төгрөг төлөөгүй. Энэ нь шүүгдэгчийг үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирол төлөхөл санаачилгатай оролцоогүйг харуулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 30.000.000 төгрөгийн хохирол барагдуулсныг хохирлоос хасаж тооцно. Гэхдээ хохирол бүрэн барагдаагүйг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд осолд орж өрөнд баригдсанаас болж гар утасны мөнгийг зарцуулсан гэж тайлбарладаг боловч өр төлбөртэйг нотолсон шүүхийн шийдвэр, бусад баримтгүй. Хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэдэг ч тухайн өр төлбөрийг төлж барагдуулж байсан талаар дансны хуулга, бусад баримт огт байдаггүй. Тийм учраас шүүгдэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний сонссон мэдээллээр шүүгдэгч нь мөрийтэй тоглоом тоглосноос өрөнд орсон гэдэг ба компаниас эд хөрөнгө залилж авсан давтамж нь үүнийг илэрхийлнэ. Эрүүгийн хариуцлагын зорилго хуульд зааснаар цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах юм. Татвар төлөгч байгууллагын эрх ашиг хохирсон тул тус байгууллагын эрхийг хамгаалах ёстой. Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай. Хохирлоо бүрэн барагдуулаагүй байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Б.Аын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль хэрэглээ, дүгнэлт, шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг бүрэн хангасан. Хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг харгалзаж гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Ат холбогдох 2209000001992 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А нь “Б” ХХК-д хангамжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “П” ХХК, “Б” ХХК нарын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ээс 2022 оны 7 дугаар сарын 1-ний хугацаанд “...байгууллагадаа бараа авч байна...” хэмээн хуурч “П” ХХК-иас нийт 165,976,424 төгрөгийн үнэ бүхий гар утас, барааг өөртөө авсан болох нь:
“Б ” ХХК, “П” ХХК нарын хооронд байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /1хх 8-13/,
Б.Аын “П” ХХК-иас 165,976,424 төгрөгийн үнэ бүхий гар утас, нөүтбүүк, мауз зэрэг барааг авсан болохыг нотолж буй зарлагын баримтууд /1хх 16- 26/,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Бий “...Манай “П” ХХК нь “Б Р” ХХК-тай удаан хугацааны турш хамтарч ажиллаж байгаа. Сүүлд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Б” ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Гэтэл тухайн компанийн хангамжийн менежер Б.А нь бидний урт хугацааны хамтын ажиллагааны итгэлцлийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож тухайн зээлийн байгууллагаас “Айфоне”, “Самсунг” брендийн гар утаснуудыг авах хүсэлтэй байна гэж олон тооны гар утаснуудыг авч, хувьдаа ашигласан нь 2 компанийн тооцоо нийлэх актаар тогтоогдсон. Б.А нь дээрх бараануудыг зээлээр авахдаа манай компанийн борлуулалт хариуцсан менежер Ц.Бтай харилцаж зарлагын баримт үйлдэж авдаг байсан нь тогтоогдсон. Ингээд Б.А нь дээрх үйлдлээрээ манай компанид 165.976.424 төгрөгийн хохирол учруулсан болох нь манай санхүүгийн албанаас гаргасан тайлангаар тогтоогдсон...” /1хх 40/,
гэрч Г.Чинбаатарын “... “Б Р” компани 2016 оноос хойш манай компаниас худалдан авалтууд хийж ирсэн түүхтэй. ...2022 оны 9 дүгээр сарны 30-ны өдөр “Б Р” ХХК-иас манай руу албан бичгээр хариу хүргүүлж байсан. Уг албан бичигт “Б Р" ХХК-ний хангамжийн мэргэжилтэн Б.А нь компанийнхаа нэрийг ашиглаж манай байгууллагаас зээлээр худалдан авсан бараа бүтэгдэхүүнийг бүгдийг хувьдаа завшсан, энэ тухай байгууллагынхаа удирдлага болон хуулийн зөвлөхөд амаар болон бичгээр тайлбар гаргаж хүлээн зөвшөөрсөн тухай байсан юм. ...Б.А нь "Б Р” ХХК болон “Ө” ХХК-ний нэрийн өмнөөс манай компанитай харьцаж олж авсан олон жилийн харилцаан дээрээ биднийг төөрөгдөлд оруулж эдгээр бараануудыг хувьдаа авч завшсан байна. ...Б.А нь манай байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч хувьдаа завшиж нийт 165.976.424 төгрөгийн хохирол учруулсан...” /1хх 42-43/,
гэрч Ц.Баттулгын “... “Ө" ХХК-ний охин компани болох “Б Р” компани байгуулагдаж, тухайн компанийг мөн адил А төлөөлж манайхтай харьцдаг байсан. ...Б.Аын хувьд 5, 6 дугаар сард авсан барааны үнийн дүн 165 сая төгрөг болчихоод байгаа юм. ...Б.А нь “Уурхайн үйл ажиллагаа эхлэх гээд манай дээр шалгалтаар хүмүүс ирчихээд байгаа. Захирал, манай уурхайн дарга нар гар утас ав гэсэн юм” гэж хэлж надад тийм ойлголт төрүүлж бүтээгдэхүүнийг анх авч байсан. Анх гэрээ хийнэ гэдгээ яриад гэрээ нь хуульч дээр хянагдаж байна гэх зэргээр удааширч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүрсэн. Тиймээс эхний 4 худалдан авалтууд гэрээнд багтаж байгаа. Сүүлд 7 дугаар сарын худалдан авалтууд дээр Б.А нь “группийн ерөнхийлөгч шагнал авах гэж байгаа. Найран дээр бэлэглэлийн журмаар хүмүүст өгөх гэж байгаа тул захирал ав гэсэн юм” гээд зээлээр худалдан авалт хийгээд явсан байгаа...” /1хх 45-46/,
гэрч Г.Наранболдын “...Б.А нь “Ө” ХХК-д анх ажиллаж байгаад сүүлд “Б Р” ХХК байгуулагдах үед хангамжийн мэргэжилтнээр ажилд ороод 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан байгаа. ...Б.А нь гэрээг зорилгын хувьд өөрөөр ашиглаж гар утаснууд зээлээр авч хувьдаа ашигласан байгаа. Дээрх гэрээний зорилго нь оффисын ажилчдын компьютер болон түүний дагалдах хэрэгслүүдийг авах юм. Гар утас авахаар ерөөсөө хандаж байгаагүй. Б.А дур мэдэж “П” ХХК-иас зээлээр бараа бүтээгдэхүүн авч хувьдаа ашигласан нь тогтоогдсон...” /1хх 48/,
гэрч Л.Ариунбатын “...Б.А нь манайхаар байнга ирж үйлчлүүлдэг, хуучин барьж байсан “Самсунг фолд” “Айфон 13 про макс” загварын гар утас барьцаанд тавьж байсан. Одоогоор Б.Аын барьцаанд тавьсан эд зүйл манайд байхгүй байна. Барьцаанд тавьсан гар утсаа зээлээ төлж аваад буцаагаад барьцаанд тавьдаг байсан...” /1хх 50/, гэх мэдүүлгүүд,
“П” ХХК-иас зарлагын паданаар авсан эд зүйлсийг нийт 165.976.424 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн СБ1-22-2696 дугаартай дүгнэлт/1хх 53-55 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Б.Аын байгууллагадаа бараа авч байна хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, “П” ХХК-иас гар утас, нөүтбүүк, маузе зэрэг 165,976,424 төгрөгийн барааг өөртөө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.
Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Б.Аын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хохирогч “П” ХХК-д учирсан 165,976,424 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Аын төлсөн 25,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 140,976,424 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийн хохирлыг нэмж хохирогч “П” ХХК-д төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /2хх 51,давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/-аар нотлогдож байна.
Давж заалдах шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлоос 55,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал болон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор хасаж хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Ганболд нар хамтран гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс магадлал гарсан 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш шүүгдэгч Б.А нь хохирогч “П” ХХК-д 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ