| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2024/0056/З |
| Дугаар | 110/ШШ2024/0048 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 110/ШШ2024/0048
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Х.Б нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч Х.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрыг хариуцагчаар тодорхойлж, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх Х.Б нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа одоо үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр тогтоол гарсан байна. Уг тогтоолын нэг дэх заалтад “Алтай сумын иргэн Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хүссэн хүсэлтийг дахин авч хэлэлцээд холбогдох нотлох баримтыг судлан үзэж ажилгүйдлийн тэтгэмжийг нь тооцож олгохоор тогтоосугай” гэж заасан юм.
Иймд Х.Б ажилгүйдлийн тэтгэмжийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас нэгэнт олгохоор хүчин төгөлдөр эрхийн акт буюу тогтоол гарсан тул тус шүүхэд гаргасан Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б “Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Х.Б ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х.Б нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША