| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2203007510053 |
| Дугаар | 2023/ДШМ/352 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ДШМ/352
2023 03 30 2023/ДШМ/352
Б.С-нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Одонтуяа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/379 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Одонтуяагийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 2203007510053 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
0,
Яллагдагч Б.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их хүрээ гудамж, Роял Гарден хотхоны зүүн гарцны замд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 40 минутын орчимд “Volkswagen Touareg” маркийн .... -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Р-Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Нэг. “ ... Яллагдагч Б.С-гийн жолоодож явсан “Volkswagen Touareg” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй, зүүн ойрын гэрэл асахгүй байсан нь осолд нөлөөлсөн байх боломжтой гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байхад энэ талаар мөрдөгчийн 70 дугаартай магадлагаанд тусгаагүй, дүгнэлт хийгээгүй байх тул мөрдөгчийн магадлагааг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай. ... Хоёр: ... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 16097 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Р-Э-гийн биед баруун талын 5.6-р хавирганы хугарал, зүүн чихний дэлбэнгийн ар, хамар, баруун сарвуу, чигчий хуруу, зүүн сарвуу, зүүн ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” гэжээ. Хохирогч Р-Э-гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь өөрөө халтирч унасан, эсхүл авто осолд орсны улмаас үүссэн аль нь болох. Тухайлбал, тээврийн хэрэгслээр дайрагдах, мөргөгдөх зэрэг ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэнийг тогтоолгох тухай яллагдагчийн хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ... гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсаны дагуу ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ихбаяр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 70 дугаартай мөрдөгчийн магадлагааг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий магадлагаа байх тул шинжээч томилох шаардлагагүй. ... 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 32 минутанд бичигдсан хяналтын камерын бичлэгээр явган зорчигч зам дээр халтирч унаад хэвтэж байхад “Volkswagen Touareg” маркийн .... -улсын дугаартай автомашины жолооч мөргөж дээгүүр нь гараад чирээд явсан байдалтай бичигдсэнийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт бэхжүүлж авсан. Хяналтын камерын бичлэгт тухайн тээврийн хэрэгслийн урд талын хол, ойрын гэрэл тод асаалттай явж байсан байдал бичигдсэн байдаг ба осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон дүгнэлт нь осол гарснаас хойш 1 сар орчимын дараа хийгдсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно. Шүүх эмнэлэгийн хүний биед үзлэг хийсэн 16097 дугаартай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болох нь тогтоогдсон. Тухайн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 2022/ШЗ/379 дугаар захирамжид заасан үндэслэлийг хянуулж, хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас яллагдагч Б.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шааардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар мөрдөгчийн магадлагаагаар “ ... явган зорчигч Р-Э-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасныг зөрчсөн. Яллагдагч Б.С-г “ ... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг осол гаргах шалтгаан нөхцөл болсон “ /хх-59-60/ гэж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 999613 дугаар “ ... “Volkswagen Touareg” маркийн Р-Э-улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. ... зүүн ойрын гэрэл, тоормосны гэрэл, баруун хойд оврын гэрэл, бүртгэлийн дугаарын зүүн гэрэл асахгүй гэмтэлтэй ... энэ нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд байна. Зүүн ойрын гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. ... Тоормосны систем стандартын шаардлага хангаж байна. ...” /хх-51-54/ гэж тус тус дүгнэжээ.
Мөрдөгч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх магадлагааг гаргасан боловч тус дүгнэлтийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999613 дугаар шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй гаргасан, мөн Б.С-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар гацаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх нь эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхээс дээрх маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, тодруулах зорилгоор “дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16097 дугаар дүгнэлтээр хохирогч Р-Э-гийн биед учирсан гэмтлийг тогтоосон хэдий ч яллагдагч Б.С-гээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “хохирогч тухайн үед архи уусан байсан, машин ирэхийн өмнө зам дээр хальтарч унасан. Хохирогчид учирсан гэмтэл нь хальтарч унаснаас болж учирсан байх боломжтой. ... ” гэсэн үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан, хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгт хохирогч нь хальтарч унаж буй нь бичигдсэн байхаас гадна дээрх дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэнийг дүгнээгүй байх тул эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.
Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/379 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Одонтуяагийн бичсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН