Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2024/0049

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.А

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарын хоорондын төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох талаарх  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын  газрын даргад холбогдуулан “Төрийн  захиргааны албан хаагчийн мөнгөн урамшуулал олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

              2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

              2.1. Миний бие төрийн албанд 32 дахь жилдээ, үүнээс төрийн захиргааны албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам” батлагдаж, тасралтгүй 5 жил, түүнээс дээш ажилласан төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгосон ба энэ урамшуулалд хамрагдаж чадаагүйдээ гомдолтой байна.

              Учир нь, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 9 жил тасралтгүй төрийн захиргааны албан тушаалд ажилласан юм. Түүнээс хойш төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд шилжин ажиллаад, 2022 оны 5 дугаар сараас эхлэн төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа ба журамд сүүлийн 5 жилийн тасралтгүй ажилласан байх тухай заалт байхгүй тул уг урамшуулалд хамрагдах ёстой гэж үзэж байна гэжээ.

              3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

  3.1. Өнөөдрийн байдлаар төрийн захиргааны албанд ажиллаж байгаа учраас төрийн захиргааны албанд  тасралтгүй 5 жил, түүнээс дээш ажилласан албан хаагчид олгох мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтийг тамгын газарт  гаргасан.

 Анх 2024 оны 6 дугаар сард шүүхэд хандахад  “та эхлээд дээд шатны байгууллагад хандах ёстой” гээд нэхэмжлэлийг буцаасан. Тэгээд би тус аймгийн Засаг даргад хандахад, Засаг дарга нь “танд мөнгөн тэтгэмжийг олгох нь зүйтэй” гэсэн зөвшөөрлийг тамгын газрын даргад хүргүүлсэн. Тус аймгийн Засаг  даргын тамгын газрын дарга нь “аудитын байгууллага нь зөрчил гэж үзээд акт тавьж магадгүй, та шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлж аваарай” гэсэн.  Би Улаанбаатар хотод байхдаа Хөдөлмөрийн хамгааллын яамны хөдөлмөрийн харилцааны хэлтсийн холбогдох хүмүүстэй уулзахад “... улсын хэмжээнд төрийн захиргааны албанд урьд нь тасралтгүй 5 жил ажилласан буюу одоо төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчид  мөнгөн урамшууллыг олгож байгаа учраас та шүүхэд хандахгүйгээр, байгууллагаас шийдвэрлүүлж авах боломжтой” гэсэн.

Үүний дагуу би тус аймгийн Засаг даргын тамгын газарт хэлсэн боловч тамгын газрын дарга нь “шүүхээр шийдвэрлүүлье” гэсний дагуу шүүхэд  хандаж байна гэв.

              4. Хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газрын даргаас шүүхэд гаргасан тайлбарт:

              4.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-т “...Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд тасралтгүй 5 жил /60 сар/, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн  урамшуулал авна” гэж заасны дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нарт урамшуулал олгосон болно.

              4.2. Гэтэл М.А нь 2000-2009 онд төрийн захиргааны албан тушаалд, 2009-2022 он хүртэл төрийн үйлчилгээний албан тушаалд тус тус ажиллаж байгаад, 2022 оны 5 дугаар сараас эхэлж дахин төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд журамд заасны дагуу тасралтгүй төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид мөнгөн урамшууллыг олгох талаар журмын заалтад таарахгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн  захиргааны албан хаагчийн мөнгөн урамшуулал олгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг шинжлэн судлаад  хангах боломжгүй үзлээ.

2. Нэхэмжлэгчийг анх Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолоор[1] төрийн захиргааны албан тушаалд  хамаарах Хурлын ажлын албаны ажилтнаар томилж, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төсвийн ерөнхий менежерийн 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар тушаалаар[2] үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, улмаар  Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар[3] урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар[4] “... өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/46 дугаар “ М.А албан тушаалд шатлан дэвшүүлж томилох тухай” тушаалаар[5] аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд томилсноор  одоо хүртэл ажиллаж  байгаа  дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

3. Нэхэмжлэгч нь “... 2000-2009 он хүртэл 9 жил төрийн захиргааны албан тушаалтнаар ажилласан ба энэ нь  Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасан 5 жил тасралтгүй ажилласан байх шаардлагыг хангасан” үндэслэлээр маргажээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар  “Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

5. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас шинэчилсэн найруулгатай Төрийн албаны тухай хуулийг баталж, дагаж мөрдөх хугацааг хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж тогтоосон байх ба уг хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан байна.

6. Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох нийтлэг үндэслэлийг  “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-т “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгоход энэ журмыг баримтална” гэж зохицуулсан.

7. Журмын дээрх заалтын агуулгаас үзэхэд,  уг журмыг дагаж мөрдөх  үед  төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч нарт мөнгөн урамшуулал олгохоор заасан байх ба харин  тухайн журмыг  дагаж мөрдөхөөс   өмнө төрийн захиргааны албан хаагчаар  5 жил тасралтгүй ажиллаж байгаад  тасалдсан, түүнчлэн одоо төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байгаа боловч ажилласан хугацаа нь  5 жил хүрээгүй төрийн захиргааны албан хаагчид хамаарахааргүй байна.

8. Тодруулбал, дээрх журам нь Монгол Улсын Засгийн газарт төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргах эрх олгосон Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдсөнөөс хойших  хугацаанд төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа  албан хаагчид  хамаарах ба харин 2000-2009 онуудад төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байгаад  тасалдсан, 2022 оноос эхлэн төрийн захиргааны албан хаагчаар  томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчийн  тохиолдол нь журмын заалтад хамаарахгүй байх тул хуулийг буцаан хэрэглэх замаар нэхэмжлэгчид  мөнгөн урамшуулал  олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

9. Иймээс нэхэмжлэгчид Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх  боломжгүй, нэхэмжлэгчийн мөнгөн урамшуулалд хамрагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн  захиргааны албан хаагчийн мөнгөн урамшуулал олгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                  

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 7 дугаар тал

[2] Хэргийн 36 дугаар тал

[3] Хэргийн 4 дүгээр тал

[4] Хэргийн 5 дугаар тал

[5] Хэргийн 3 дугаар тал