Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 124/ШШ2024/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Ж-ын Б, У аймгийн Д суманд оршин суух,

Хариуцагч: Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,

Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б нь тус шүүхэд Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд  холбогдуулан “Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Б-ийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт “Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Б 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4.Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа шалтгаан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэл буюу авилга албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэжээ.Миний бие 2017 оны 8 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон торгох ял эдэлсэн нь үнэн.Гэхдээ тухайн үед үйлчилж байсан сонгуулийн тухай хуульд хэрэв авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол сонгуульд оролцож болохгүй гэсэн заалт байгаагүй бөгөөд энэ хязгаарлалт намайг шийтгүүлснээс хойш 2020 оны 01 сарын 30-ны өдөр батлагдсан хуулийн заалт юм.Ийм байхад сумын сонгуулийн хороо намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь миний сонгогдох эрхэнд халдсан шийдвэр болсон.2020 оны хууль нь миний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээс шүүхэд хандсан тул Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...2017 онд Ж.Б ял шийтгүүлсэн бөгөөд 2016 оны Сонгуулийн тухай хууль мөрдөгдөж байсан.Энэ хуулийн 3-р дэд бүлэгт орон нутгийн сонгуулийг зохицуулсан ба авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлээгүй байх шаардлага байгаагүй.2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэдэг ойлголт байхгүй болсон.Эрүүгийн хуулийг буцаан хэрэглаж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг. Ж.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасч, торгох ял шийтгүүлсэн нь 2019 онд дууссан. Гэтэл 2020 оны сонгуулийн хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшихийг хориглосон зохицуулалт орж ирсэн.Иймд Ж.Бийн эрх зүйн байдлыг дордуулж, хязгаарлаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

6. Хариуцагч Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн тайлбарт:” Тус сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд Аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэх баимт бичгийг хуулийн хугацаанд бүртгэн хүлээн авсан бөгөөд сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж овогтой Б нь хуулийн 31.2.10 заалт буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа болох Аймгийн цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 48/3228 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан эсэх хэсэгт "тийм" гэсэн нь тус хуулийн 32.1.2, дахь заалт буюу энэ хуульд заасан нэр дэвшигчид 'тавих шаардлагыг хангаагүй, 28.8 дахь заалт буюу Авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалтуудын дагуу шаардлага хангаагүй гэж үзсэн тул нэр дэвшүүлэхээс татгалзсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Шүүх хуралдаанд хариуцагч Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооны дарга О.Г хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр явуулах хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

3.Нэхэмжлэгч талаас “2020 оноос өмнөх хуулиар орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлээгүй байх шаардлага тавьж байгаа тул эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хариуцагч Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооноос “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул нэр дэвшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

5. Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.2 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 18-4-2 дугаар хэсэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Б нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”  32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй”, 32.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэж тус тус зохицуулсан байна.

7. Нэхэмжлэгч Ж.Б нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаартай тогтоолоор дуусгавар болгожээ.

Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт Авлигын гэмт хэргийг зүйлчилсэн байх бөгөөд 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Б авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх тул энэхүү нөхцөл байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д заасан нэр дэвшихийг хориглосон хязгаарлалтад хамаарч байна.

Иймд энэхүү үндэслэлээр сонгуульд нэр дэвшигч Ж.Б-ийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн Увс аймгийн Давст сумын сонгуулийн хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, үүнээс өмнө Сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуультай холбогдох харилцааг зохицуулж байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Сонгуулийн тухай хуулийн Орон нутгийн Хурлын сонгуультай холбогдсон бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж зохицуулсан.

Иймд нэхэмжлэгч Ж.Б-ийн “сүүлд батлагдсан хуулиар миний эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй, миний сонгогдох эрхэнд халдсан гэх” тайлбар үндэслэлгүй.

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд хуулийг буцаан хэрэглэж, хөнгөрүүлсэн нөхцлийг сонгодог, ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарууд нь сонгуулийн эрх зүйн маргаанд хамааралгүй байна.

10.Дээр дурдсан дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Ж.Б-ийн Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

11.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЛТАНЦЭЦЭГ