Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/398

 

 

 

 

 

Б.Д, Б.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д, Б.Т нарт холбогдох 2209007681008 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  тоотод оршин суух хаягтай, урд:               - Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоопоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

2. тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй;

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар бүлэглэн үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны 2022 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн хугацаанд нэр бүхий 4 иргэний  тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр цахим орчин болох фэйсбүүкт “Модон сийлбэр” гэх нэрээр холбогдсон нэр бүхий 3 иргэнийг “модоор сийлбэр хийж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд нийт 1,179,000 төгрөгийг нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,

Шүүгдэгч Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэж, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нийт эдлэх ялыг нь 3 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 173 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөөс 2,125,000 төгрөгийг, Б.Тоос 2,125,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Г.Т-т 2,200,000 төгрөгийг, хохирогч Д.Д-д 1,400,000 төгрөгийг, хохирогч М.Ө-д 650,000 төгрөгийг олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, дорцов 1 ширхэг, улаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэг, домакрат /машин өргөгч багаж/ 1 ширхэг, машины нүүрсэн яндан 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д миний бие хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, залилангийн хэргийн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогч А-ийн хохирлыг төлсөн. Мөрдөн байцаалтын үед 2022 оны 01 дүгээр сарын 4-ний шөнө үйлдсэн хэргийн талаар мэдүүлж байсан ч шалгаагүй. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын газраас дээрх үйлдэлд 2305000000057 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар шалгаж байна. Учир нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолд заасан гэмт хэргийн үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд байгаа. Харин одоогийн яллагдагчаар татагдсан үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 4-ний шөнө үйлдсэн хэрэг юм. Тухайн үйлдлийг мөрдөн байцаалтын үед мэдүүлсээр байтал шалгаагүй атлаа бусад үйлдэлд шүүхээр ял шийтгүүлсний дараагаар тухайн цаг хугацаанд болсон үйлдлийг тусад нь шалгаж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Нэг цаг хугацааны үргэлжилсэн үйлдлийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.   

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т миний бие гэм буруугаа ухаарч, гэмшиж байна. Нийт 6,250,000 төгрөгийн хохирлоос хохирогч А-д учруулсан 1,400,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн Б.Дөд холбогдох залилангийн гэмт хэргийн 1,179,000 төгрөгийн хохирлоос 700,000 төгрөгийг төлсөн. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр одоо 8 сартай жирэмсэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, миний бие хувиараа хөдөлмөр эрхлэж ар гэрээ авч яваа билээ. Миний бие гэм буруугаа ойлгон ухамсарлаж хохирол төлж байгаа, цаашид хохирол төлөхөөр илэрхийлж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ял шийтгэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Д нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байдаг. Хохирлыг хоригдсоноос хойш төлсөн бөгөөд хохирогч Содбилэгт 1.400.000 төгрөг, Б-д 1.500.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан. А-ийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Б.Д нь ар гэрээ тэжээдэг ганц хүн байдаг. Эхнэр нь ажилгүй, бага насны 4 хүүхэдтэй байдлыг харгалзаад ялыг нь багасгаж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Тийн эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Бага насны хоёр хүүхэдтэй. Б.Т нь хохирлыг төлж эхэлж байсан. Залилах гэмт хэргийнхээ хохирлыг төлж дуусгасан. Хулгайн гэмт хэрэгтэй холбоотой хохирлыг төлөх гэж байгаад амжаагүй. Б.Дтэй эцэг нэгтэй, эцэгтэйгээ хамт мужаан хийдэг. Цаашид хохирлыг төлөхөө илэрхийж байгаа. Иймд шүүгдэгч Б.Тт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа 60 хоногийн хугацаагаар нэг удаа хойшлуулсан. Учир нь, хохирогч Төмөрбаатарын эзэмшлийн авто машины нүүрсний яндангийн үнэлгээн дээр маргасан учраас дахин шинжилгээ хийлгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Дийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж цагдан хорьсон. Шүүх шүүх хуралдааныг хойшлуулахдаа Б.Дийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөр үйлдэл байхгүй гэж мэдүүлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Тийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байсан. Хэрэгт авагдсан камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдож тогтоогддог. Шүүгдэгч Б.Тт оногдуулсан ял шийтгэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Нэг. Шүүгдэгч Б.Д, Б.Т нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн С.А-гийн эзэмшлийн 0000 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээс  нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирлыг, 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Г.Т-ын эзэмшлийн 0000 УБЗ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,800,000 төгрөгийн хохирлыг, 2022 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Д-ийн эзэмшлийн 0000 УБЗ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирлыг, 2022 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... дугаар байрны автомашины гадна зогсоолд байрлуулсан М.Ө-ны эзэмшлийн 0000 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь:

хохирогч С.А-гийн “...би өөрийн 0000 УНИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй “Тоёота приус 20” маркийн машинаа халаая гээд гэрээс гараад харсан чинь бүх гэрлийнх нь чек ассан, ... машины нүүрсэн янданг авчихсан байсан...” /1хх 35/, гэрч А.Бямбасүрэнгийн “..өглөө эхнэр машинаа асаахад сонин дуугараад байна гэж хэлээд үлдээгээд явсан ба гарч үзэхэд машины янданг салгаж тавиад зөөлөн яндан гэх зүйлийг ямар нэгэн юмаар тастаад аваад явсан байна. ... ” /1хх 37-38/,

хохирогч Г Т-ын “...байрны гадна авто зогсоолд өөрийн эзэмшпийн 0000 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашиныг байрлуулан тавьсан байсан ба өглөө 06 цаг 30 минутын орчимд ажил руугаа явах гээд машин дээрээ машинаа асаахад маш муухай чанга дуугарсан. Тэгээд гайхаад буугаад хартал янданг нь тайраад аваад явчихсан байсан. ...”/1хх 156-157, 160-161/,

хохирогч Д.Д-ийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагт өөрийн 0000 УБЗ улсын дугаартай “Тоёота Приус-20" маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 10:00 цагт машинаа асаасан чинь муухай дуугараад байсан. ...Хажууд явсан хүнээр машинаа үзүүлсэн чинь миний машины нүүрсэн яндан алдагдсан байсан. ...” /1хх 216/,

хохирогч М.Ө-ны “...28 дугаар байрны машины зогсоолд машинаа байрлуулчхаад гэртээ ороод 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим машин дээрээ очоод асаасан чинь машин сонин дуугараад байхаар нь доод талыг нь хартал яндан байхгүй болчихсон байсан. ...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим 2 залуу ирээд нэг нь данхраадаж байгаад миний янданг авчихсан. Хяналтын камерт машинтай ирж байгаа нь харагдаагүй. ...” /2хх 10 / гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 5-9, 142-145, 208-211, 2хх 6/,

Б.Д, Б.Т нарын хулгайлах гэмт хэргийг хамтран үйлдсэн болохыг нотолж буй камерийн бичлэг /1хх 27-31/,

хохирогч нарын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг үнэлсэн үнэлгээ /1хх 49-50, 175, 229-230, 2хх 20-21/,

гэрч Ц.Д-ийн “...дүрс бичлэг дээрх хүнийг танина, уг хүнийг Дархаа гэдэг. Манай зочид буудалд 2022 оны 01 дүгээр сард байх орж байсан. Тэгээд тэрнээс хойш манай буудалд амьдарч байсан ба өдөр болгон хугацаагаа сунгаад явч байсан юм. ...Байнга унтаж байдаг, шөнө л гардаг байсан. ...Тэгээд сүүлд намхан пагдгар хүү ирээд хэд хоног хамт амьдарч байсан юм. Тэгээд 3 дугаар сарын 18-ны өдөр гарч яваад дахиж ирээгүй ба үлдэгдэл 450.000 гаруй төгрөг байгаа, тэрийгээ одоо хүртэл өгөөгүй. Тэгээд сүүлд би утас руу нь холбогдож ярихад намайг цагдаагаас эрэн сурвалжилж байгаа юм байна, би нэг газар гарахгүй бүгж байгаа гэсэн. Тэгээд танай яг хажуухан талаас хүний авахгүй юм машинаас нь авсан юм, тэгээд цагдаа хайгаад байх шиг байна гэж ярьсан. ...” /1хх 44-45/,

 гэрч Т.М-ийн “...Нарантуул зах дээр явж байхад Д миний нөхөр Т руу залгаад ...Сансарын тунелийн Баянцээл орчимд очиход Дархаа ах гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд Тт 400,000 төгрөг өгсөн. Тухайн үед ямар учиртай мөнгө авч байгааг нь мэдээгүй. Сүүлд Т надад хамт хулгайлах гэмт хэрэг хийсэн, тэгээд надад мөнгө өгсөн гэж хэлсэн юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр шөнө дунд намайг унтаж байхад Т надад “Дархаа ах залгаад байна, би  гарчихаад ирье" гэж хэлээд гарч явж байсан. ...” /1хх 226-227/ гэсэн мэдүүлгүүд зэргээр,

Хоёр. Шүүгдэгч Б.Д нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр цахим орчин болох фэйсбүүкт “Модон сийлбэр” гэх нэрээр модоор сийлбэр хийж өгнө гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн Э.Б-аас  615,000 төгрөгийг нь 2022 оны 3 дугаар сарын 7-оос 30-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Г.М-аас 60,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон иргэн М.М-аас 504,000 төгрөгийг нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 5076478722 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилан бусдад нийт 1,179,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Э.Б-ын “...Би фэйсбүүк дээр “Modon siilber гэх фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож модон сэнтий захиалахаар болсон. ...урьдчилгаа болох 615,000 төгрөгийг Хаан банкны 5076478722 гэсэн дугаартай Д гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр хүн надтай чатаар холбогдож байгаад сүүлдээ алга болсон. ...” /1хх  89/,

хохирогч Г.Мын “...“модон сийлбэр хийнэ” гэсэн байхаар нь тэр хүнтэй фэйсбүүкээр холбогдож захиалга өгсөн Тэр хүн дансны дугаараа өгөөд урьдчилгаа болох 60,000 төгрөг ...5076478722 гэсэн Д гэсэн хүний дансанд хийсэн. Тэрнээс хойш надтай дахиж холбоо барихгүй алга болсон. Тэр хүний “Modon siilber” гэх фэйсбүүк байсан ба намайг блок хийсэн байсан. ...” /1хх 102/,

хохирогч М М-ийн “...би 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк дээр модон сийлбэр хийнэ гэсэн хүнтэй холбогдоод ...уулзаад 4 ширхэг морины сийлбэр хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 504.000 төгрөгийг тухайн хүний 5076478722 дугаарын данс руу шилжүүлсэн. ..." /1хх 119-120/ гэсэн мэдүүлгүүд,

фэйсбүүк чатаар Б.Дтэй харилцсан баримт/1хх 111-114/,

хохирогч Н.Б-ын дансны хуулга /1хх 77-79/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 82-86, 115/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Д, Б.Т нарын үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан “Бүлэглэн гүйцэтгэх” гэсэн заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн,

            шүүгдэгч Б.Дийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1,179,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, Б.Дийн урд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байдал зэргийг харгалзан тэдний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэрэгт хорих ялыг ялгамжтай оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 Шүүгдэгч Б.Д “...өөр хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байх ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул тус давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т “...Миний бие гэм буруугаа ойлгон ухамсарлаж хохирол төлж байгаа, цаашид хохирол төлөхөөр илэрхийлж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ял шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Б.Тыг төрсөн ах Б.Д нь “Хулгайлах” гэмт хэрэгт татан оролцуулсан талаар гэрч Т.Мөнхшүр “...Нарантуул зах дээр явж байхад Д миний нөхөр Т руу залгаад ...Сансарын тунелийн Баянцээл орчимд очиход Дархаа ах гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд Тт 400,000 төгрөг өгсөн. Тухайн үед ямар учиртай мөнгө авч байгааг нь мэдээгүй. Сүүлд Т надад хамт хулгайлах гэмт хэрэг хийсэн, тэгээд надад мөнгө өгсөн гэж хэлсэн юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр шөнө дунд намайг унтаж байхад Т надад “Дархаа ах залгаад байна, би  гарчихаад ирье" гэж хэлээд гарч явж байсан. ...” /1хх 226-227/ гэж мэдүүлсэн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтын хэрэглэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Б.Д үйлдсэн “Залилах” гэмт хэргийн хохирлоо бүрэн төлсөн байна.

“Хулгайлах” гэмт хэргийн төлөгдөөгүй 4,250,000 төгрөгийн хохирлыг бүлэглэн тус хохирлыг учруулсан шүүгдэгч Б.Д, Б.Т нараас хувь тэнцүү гаргуулан хохирогч Г.Т, Д.Д, Н.Ө нарт хохирсон хэмжээгээр нь олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хохирогч Г.Төмөрбаатар “...нүүрсэн яндан худалдан авч машинаа засварлаад зарсан...” үндэслэлээр шүүгдэгч Б.Дөөс гарган өгсөн нүүрсэн янданг авахаас татгалзсан /1хх 150/ тул Г.Т-т хохирлыг үнийн дүнгээр гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.  

Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Шүүгдэгч Б.Д, Б.Т нар нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс магадлал гарсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 84  хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Т нарын 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                   ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ