Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/405

 

 

Г.Цд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Цд холбогдох 2209 00000 0002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Г-ын Ц, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, э..., .... боловсролтой, Г... коллежийн оюутан, ам бүл ... нарын хамт ... аймгийн ... дүгээр баг, ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-ийн нэрэмжит Политехникийн коллежийн оюутны дотуур байрны 221 тоотод 16 настай хохирогч Э.Нгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Г-ын Ц-ыг үргэлжилсэн үйлдлээр арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Цыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Э.Н, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл ангиар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хорих ялыг минь багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Цын хувьд хэргийн талаар бүх үнэнийг мэдүүлсэн. Энэ хэрэгт бусдад ямар нэгэн төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ялын дээд хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Г.Цын хувьд ял шийтгэлийн хувьд хүлээн зөвшөөрч, маргаагүй.” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг боломжит байдлаар хөнгөрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд дахин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Г.Цын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г-ийн нэрэмжит Политехникийн коллежийн оюутны дотуур байрны 221 тоотод 16 настай хохирогч Э.Нгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Э.Нгийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ дотуур байрныхаа амьдардаг өрөөнд 00 цагийн орчимд ганцаараа байж байтал манай дотуур байранд амьдардаг Ц ах над руу чат бичиж “чи өрөөндөө байна уу, чамд нүүрний тос байна уу” гэж асуухаар нь би “байгаа” гэж хэлтэл “ахынхаа нүүрэнд тос түрхээд өгөөч” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “надаас тос орж ирээд авчих, өөрөө гар хөлтэй байж өөрөө түрхээч” гэж хэлсэн. Удалгүй Ц ах манай өрөөнд орж ирээд надаас нүүрний тос авсан. Өнөөх тосоо намайг түрхээд өгчих гээд гуйгаад байсан. Би эхлээд түүнд хандаж “та өөрөө гар хөлтэй юм бол өөрөө түрхээч” гэж хэлтэл Ц ах надад хандаж “чи түрхээд өгчих л дөө” гээд гуйгаад байхаар нь би нүүрэнд нь тос түрхэж өгөөд бид хоёр хамт кино үзэж сууж байснаа Ц ах гараараа миний цээж, хөх, гэдэс, гуя хэсэгт хүрч илэхээр нь би уурлаж “та болиоч, гараа аваач” гэж хэлтэл Ц ах гараа надаас авахгүй, намаиг хүчээр тэвэрч байгаад ам руу хүчээр хэлээ хийгээд намайг орон дээр дээш харуулан хүчээр хэвтүүлж миний өмдийг тайлсан. Би өмдөө тайлахгүй гэж эсэргүүцсэн боловч Ц ах миний хоёр гарыг дээш нь сойж өргөөд нэг гараараа миний хоёр гарыг хооронд нь чагтлаад дарчихсан. Би “болиоч” гээд орилох гэтэл миний амыг гараараа дарж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийж надтай хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн. Гурван удаа надтай хүчээр бэлгийн харьцаанд орж намайг удаа дараа хүчиндсэн. Хүүхдүүд унтсанаас хойш дандаа 00 цаг өнгөрөөд орж ирдэг байсан. Анх удаа намайг хүчиндсэний дараа би тэр шөнө унтаж чадаагүй. 7 хоног гаран нойргүй хоносон. Шөнө унтах гэхээр доогуур хатгуулаад тайван унтаж чадахгүй, нүдээ анихаар л болсон явдал харагдаад хэцүү байсан. Хүчиндүүлсэн талаар хамгийн анх Энхжин эгчид хэлж байсан. Би найз залуудаа хүчиндүүлсэн талаараа хэлэхэд найз залуу маань надаас 11 дүгээр сарын дундуур салчихсан. Би өөртөө гомдож, сэтгэл гутралд их орсон. Амьдралаас уйдсан, намайг гэх хүн байхгүй болохоор гомдож, мөн хүчиндүүлснээ бодохоор үхмээр санагдаж байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амиа хорлоод үхье гэж бодоод өндөр байшин хайж явж байгаад сансрын тунел дээр байрлах 12 давхар байрны орц руу орж 12 давхрын орцны цонхыг хагалаад гадна талынх нь болкон дээр гараад яг үсрэх гэж байтал нэг цагдаа ах миний гараас амжиж бариад намайг доош унагаагаагүй. Би хүчиндүүлсэн гэдгээ бусад хүмүүсээс нуухаар шийдээд цагдаагийн байгууллагад хандаагүй. ...” /1хх 89-90, 140-141/,

насанд хүрээгүй гэрч Ц.Энхжингийн “...“Баасандоржтой бэлгийн харилцаанд орсон юм уу” гэж асуусан чинь надад Э.Н “үгүй ээ аниа, би хэлмээргүй байна, таны төсөөлөөгүй хүүхэд надтай хүчээр бэлгийн харьцаанд 3 удаа орсон” гэж хэлсэн ба би дахин лавлаад мэдэхээр асуухад тухайн үедээ надад огт нэрийг нь хэлээгүй. ...2 давхраас 3 давхар руу гарахаар явж байхад 2 давхрын коридорт хөвгүүд хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай байхад Э.Н дөхөж очоод тухайн хүүхдүүдийн хажууд сонсогдохоор “аниа дээр намайг хүчиндсэн гээд хэлээд байсан хүүхэд бол энэ Г.Ц юм, энэ хүүхэд надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон” гэж хэлсэн... “Г.Ц гэх хүүхэд хүчиндсэн юм уу” гэж лавлаад асуухад Э.Н нь надад “таныг чөлөө аваад явчихсан би ганцаараа 201 тоот өрөөнд амьдардаг байхад Г.Ц гэх хүүхэд орой манай өрөөнд орж ирээд надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон ба түүнээс өмнө ямар нэгэн хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй” гэж хэлсэн ба Ц нь анх хүчээр бэлгийн харилцаанд орсноос хойш 2 удаа буюу нийт 3 удаа түүнтэй хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн. ...” /1хх 43-46/,

насанд хүрээгүй гэрч Д.Оюунгэрэлийн “...Н надад хандаж “чамаас юуг нь нуух вэ гэж хэлээд найз нь урьд нь хүчиндүүлж байсан” гэж хэлсэн. Тэр хүнийг надад хэлээгүй. Сүүлд нь Цд хүчиндүүлж байсан гэж надад хэлсэн. ...” /1хх 53-55/,

насанд хүрээгүй гэрч У.Баасандоржийн “...216 тоот өрөөнд Даваатөр, Очирсум, Бум-Эрдэнэ, Отгонбаяр, Мөнгөншагай, Энхжин, Н бид нар юм яриад сууж байтал Н бид нарт өөрийг нь Ц өрөөнд нь хүчиндсэн тухай хэлсэн. ...” /1хх 72-73/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 678 дугаартай “...Э.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Нгийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. Э.Нгийн охин хальс цагираг бүтэцтэй, суурь нам, нүх том, агшилт сайн, цочролын шинж сул байгаа нь охин хальс урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой байна. Э.Н нь бэлгийн замаар дамжих дох, тэмбүү, заг хүйгэн, трихомониад өвчингүй байна. Э.Нгийн шулуун гэдэсний хунигч булчин чанга, салстад гэмтэлгүй байна. ...” /1хх 98-100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 682 дугаартай “...Г.Ц нь хурьцал үйлдэх чадвартай байна. Г.Ц нь бэлгийн замаар дамжих дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониад, хламид өвчингүй байна. ...” /1хх 116-117/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 58 дугаартай “...Э.Н нь Сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл гутрах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Э.Нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон одоо болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 109-111/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-28/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-37/, насанд хүрээгүй хохирогч Э.Нгийн нас тоолсон тэмдэглэл /1хх 122/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Цыг үргэлжилсэн үйлдлээр арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг шаарддаг бөгөөд бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийг айлган сүрдүүлэх эсхүл хууран мэхлэх замаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлсэн, эрүүл мэндэд нь хор уршиг учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан байдлаар айлган сүрдүүлж, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тохиолдолд “хүчиндэх” гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэл оногдуулдаг.

Шүүгдэгч Г.Цын үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 11 дүгээр сард Г-ийн нэрэмжит Политехникийн коллежийн оюутны дотуур байрны 221 тоотод 16 настай хохирогч Э.Нгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17 дахь заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэж Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг ойлгоно” гэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2021 оны 11 дүгээр сард 18 нас 5 сартай байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарахгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгах хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тухайн зүйл хэсэгт зааснаас доогуур ял оногдуулсан байх тул шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдрийг хүртэл 90 /ер/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цын 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ