Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 118/ШШ2024/0057

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга нарын хоорондын төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Д.*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтын дүн гарах хүртэлх хугацаанд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах 

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч Д.******* нь анх Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/164 дүгээр захирамжаар Алдархаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар жинхлэн томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өөр албан тушаалд дэвшин ажиллах үндэслэлээр тус газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар дээрх мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн.

2.2.Алдархаан сумын Засаг даргын албан тушаалын ажлын байрны сул орон тоо бий болсноор хариуцагч тус сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар дээрх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Д.*******г томилж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллуулсан.

2.3.Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Д.*******г ажлаас чөлөөлснөөр маргаан үүсгэсэн.

2.4.Д.******* нь дээрх захирамжтай холбоотой гомдлоо Төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлүүлж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1226 дугаар албан бичгээр өгсөн хариуг 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “...урьд авч байсан цалин, хөлсний хэмжээг өөрчлөхгүй, мөн тусгай шалгалтад орохгүй гэсэн нөхцөлөөр Алдархаан сумын хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалаас тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон, ингэхдээ миний хөрөнгө орлогын  мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулаагүй, энэ алдаагаа нуух зорилгоор хариуцагч намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, урьд нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хянуулаагүй үндэслэлээр сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17-р захирамжаар ажлаас чөлөөлөөд буцаан томилсон байхад дахин 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн захирамж гарган ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй....” хэмээн маргасан.

3.2.Хариуцагч тал “...Д.******* нь анх төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа гэж хэлж байсан боловч явцын дунд энэ нь тодорхойгүй болсон, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хянуулаагүй томилсон хэмээн Авлигатай тэмцэх газраас ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн, уг албан бичгийг Д.******* албан бичгийн бүртгэлд бүртгээгүй нуун дарагдуулсан, архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, ажлын байрны сонгон шалгаруулалтыг удаа дараа зарлуулсан боловч Д.******* оролцоогүй, хөдөлмөр, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн тушаалаа өөртөө тааруулан солиулсан, томилох эрх бүхий албан тушаалтны хувьд Д.*******д ажиллах нөхцөл боломжоор хангах бүхий л боломжит хувилбарыг дэвшүүлсэн боловч өөрөө идэвх чармайлт гаргаагүй учир хууль тогтоомж  болон Авлигатай тэмцэх газрын “5 Ш” ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын талаар эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлсэн эсэх талаар тодруулаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 118/ ШЗ2024/0102 дугаар  захирамжаар түүний нэхэмжлэлийг буцаасан байна.  Үүний дараа маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийн талаар буюу Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой гомдлоо Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гарган, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1226 дугаар албан бичгээр хариу авсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 118/ШЗ2024/0136 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Миний бие 2017 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч тэнцэн нөөцөд бүртгүүлснээр Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Алдархаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд нэр дэвшиж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар жинхлэн, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Төрийн жинхэнэ албан хаагч болсон. Короновируст цар тахлын үед Алдархаан сумын Засаг даргын Тамгын газарт гарсан сул орон тоог нөхөх зорилгоор Тамгын газрын даргын албан тушаалтны буруутай үйлдлээс болж чөлөөлөгдөж байгаадаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Авлигатай тэмцэх газарт 2023 оны 12 дугаар сард надтай холбоотой дахин гомдол гарч "Д.******* нь ажлаа хийсээр байна, нийгмийн даатгал тасраагүй байна" гэсэн үндэслэлээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтэй холбоотой 3 дахь гомдол гарч дахин шалгуулсан бөгөөд Засаг даргын орлогч Ж.******* болон миний бие тайлбар гарган Авлигатай тэмцэх газраас ирсэн 2 албан бичгийг хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн албан бичиг ирээгүй болно. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/18 тоот захирамжийг хүчингүй болгохоор гаргасан Ю.*******гийн нэхэмжлэлийг 118/ШШ2023/0032 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Ю.******* нь Алдархаан сумын Засаг даргаар дахин томилогдож, 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар 17 цаг 50 минутад намайг төрийн албанаас чөлөөлсөн. Засаг дарга Ю.******* нь: 1. Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашгийг зохицуулах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ" гэж заалтыг зөрчиж Авлигатай тэмцэх газарт хянуулалгүйгээр шууд томилж зөрчил үүсгэсэн алдаагаа нуух зорилгоор намайг төрийн албанаас чөлөөлсөн. 2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж тусгай шалгалтыг зарлалгүй 554 хоног явсан. 3. Төрийн албаны тухай хуулийн 4.4-д "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна" гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцаа дуусаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална" гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй чөлөөтэй байх хугацаандаа ирж намайг ажлаас чөлөөлсөн. 4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлсноор 27.4 дэх заалтын дагуу сонсох ажиллагааг хийх ёстой байтал хууль зөрчиж хийгээгүй болно. 5. Алдархаан сумын Засаг дарга Ю.******* нь өөрийн гаргасан алдаа зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас чөлөөлснөөр миний улс болон төрийн албанд ажилласан жилийг тасалдуулах, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу олгогдох сумд 5 жил тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох 6 сартай тэнцэх мөнгөн урамшууллыг авах боломжийг хаасан, мөн 2 жил гаруйн дараа өндөр насны тэтгэвэрт гарах, тэтгэврийн хувь хэмжээ тогтоох үйл ажилд зориуд санаатайгаар нөлөөлсөн... Миний бие Засаг даргын 2024 оны Б/04 захирамжийг хүчингүй болгуулах, тусгай шалгалтыг зарлуулах талаар Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр өргөдөл өгсөн боловч Төв төрийн албаны зөвлөлд хандах талаар хариу албан бичиг ирсэн. Төрийн албаны зөвлөлд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж өргөдөл гаргасан. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс хариу ирүүлсэн. Хариу албан бичигт намайг тухайн албан тушаалд шилжүүлэн томилохдоо Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийг зөрчиж томилсон эрх бүхий албан тушаалтныг зөрчил гаргасан талаар тусгасан байна. 6. Миний бие Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 дугаар албан бичгээр 2 удаа ажлаас чөлөөлөгдөж, Засаг дарга Ю.******* нь төрийн жинхэнэ албан хаагч намайг ажиллаж байсан байгууллагаас цар тахлын үед шилжүүлэн авчирч ажиллуулсан мөртөө ажлын байраар хангаагүй, Тамгын газрын даргын тусгай шалгалтыг зарлаж дараагийн иргэнийг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилох тухай санал ирүүлэх хүртэлх хугацаанд намайг ажиллуулах боломжтой байсаар байтал өөрийн шийдвэр гаргах явцад гаргасан зөрчлийг төрийн албан хаагч намайг хариуцлага алдсан мэт шууд чөлөөлсөн үйлдэл нь миний улсад болон төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан хугацааг тасалдуулж нэр төрийг гутаасан явдалд гомдолтой байна... Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн Засаг дарга өөрөө мэдэж байсан учраас авлигатай тэмцэх газар мэдээлэл өгсөн. Авлигатай тэмцэх газар шалгаж байх хооронд сумын Засаг даргын орлогч Ж.*******од “ ...Засаг дарга намайг анх томилохдоо хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглүүлээгүй, намайг өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгөөд гар гэж хэлсээр өдийг хүрсэн. Хожимдсон ч гэсэн хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлмээр байна. Энэ албан тушаалд таарч тохирохгүй байгаа бол би ажлаасаа гарах талаар хэлж байсан. Намайг шалгаж байх хугацаанд холбогдох байгууллагуудаас хариу нь ирж байсан. Хожимдож хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ явуулсан ч гэсэн сануулах арга хэмжээ авагдах ёстой байсан. Сумын Засаг дарга огцорсон ажилгүй байна. Авлигатай тэмцэх газраас таныг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох албан бичиг ирсэн. Авлигатай тэмцэх газраас буцаан томилох бичиг ирсэн учраас Засаг даргад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байя гэсэн. Ажилласан жил тасрахгүй бол надад гомдол байхгүй гэдгээ би хэлсэн.  Засаг дарга өмнөх болсон зүйлсийг дахин дахин ярихгүй байя гэсэн. 2 удаа нэг шалтгаанаар ажлаас халсан. Би өөрөө хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ байнга мэдүүлээд явж байсан байхад надтай холбоогүй, удирдах албан тушаалтны намайг анх ажилд томилохдоо гаргасан алдааг үндэслэн 2 удаа арга хэмжээ авсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 595 дугаар албан бичигт 04 дүгээр сарын 06-ны дотор тусгай шалгалт өгөөгүй хүмүүсийг ажлаас нь чөлөөл гэх утгатай албан бичиг ирсэн. Манай тамгын газарт зургаан төрийн захиргааны албан хаагч байдаг. Тэдгээр ажлын байрыг зарлаад 4 хүнийг тусгай шалгалтад оруулаад, жинхлээд хуулийн дагуу томилсон.  2 орон тоо нь өнөөдрийг хүртэл сул байгаа. Би өөрийнхөө үүрэг даалгаврыг биелүүлсэн. Сумын Засаг дарга өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Би Засаг даргатай энэ асуудлын талаар 2-3 удаа уулзаж байсан. Засаг даргын Тамгын газрын даргын орон тоон дээр тусгай шалгалтаа зарлаач гэж хэлсэн. 4 байгууллагын дарга бас түр орон тоон дээр ажиллаж байсан. Тухайн 4 хүний судалгааг би гаргаж өгч байсан. Судалгааг нь гаргаж өглөө гэж уурлаж байсан. Төрийн гаргаж буй шийдвэрийг биелүүлье гэх үүднээс ажиллаж байсан. Засаг даргаа Засаг даргын Тамгын газрын даргын орон тоог зарла. Намайг тусгай шалгалтад оруулахгүй гэж бодож байгаа бол миний өмнөх дэс түшмэлийн албан тушаал дээр эргүүлэн тавьж өгөөч гэж гуйсан. Тус орон тоон дээр тусгай шалгалт зарласны дараа сумын Засаг дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тусгай шалгалт болоход өөрийн хэлсэндээ хүрэхгүй байх нь зохимжгүй гэж бодоод би бүртгүүлээгүй. 2 хүн бүртгүүлсэн байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 595 дугаар албан бичигт заасан арга хэмжээг над дээр авах боломжгүй гэж үзэж байна. Би өөрийн зүгээс хийх ёстой зүйлсээ бүгдийг нь хийсэн. Засгийн газрын 49 дүгээр тогтоолд 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүний дагуу “5Ш” ажиллагааг хэрэгжүүлнэ гэж бичсэн байсан. Тусгай шалгалт өгөөгүй хүмүүсээ тусгай шалгалт өгүүлсэн. Шалгалтад тэнцээгүй 2 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. “5Ш” ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар би ажилласан. Тусгай шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсийг хуулийн дагуу буцаа гэхээр нь буцаагаад ажилд нь авсан. Сумын Засаг даргын Тамгын даргын хүрээнд хийх ёстой зүйлсээ хийсэн. Төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдлийг багасгах ажлын хүрээнд хүнд суртал гаргахгүйн үүднээс албан хаагчдыг шууд томилж ажилласан. Намайг ажлаас халсан нь буруу. Миний хувьд гомдолтой байна. Сумын Засаг дарга Тамгын газрын даргыг томилох эрх бүхий хүн буюу сумын Засаг даргын буруутай үйлдэл байна гэж үзээд шүүхэд хандсан. Цаашид Төрийн албаны тухай хуулийн 46.3 дахь заалтын дагуу "Тэтгэвэр тогтоолгох насанд хүртлээ төрийн албанд ажиллах", 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтын дагуу "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халагдахгүй байх" зэрэг нийгмийн баталгаагаар хангуулж ажиллах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны сонгуулийн үр дүнд Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 28-нд хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн дагуу эргэн томилогдон ажиллаж байна. Д.******* нь 2021 оны 04 дүгээр 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2024 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Намайг эзгүй байх хугацаанд буюу Д.*******г түр ажиллаж байх хугацаанд Авлигатай тэмцэх газрын Д.*******г ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 тоот албан бичиг ирснийг Засаг даргын орлогч Ж.*******, Д.******* нар хүлээн авч шийдвэрлэхдээ Д.*******г 2023 оны 11 дүгээр сарын 15-нд ажлаас чөлөөлөөд, 11-р сарын 16-нд буцаагаад ажилд нь томилсон байдаг. Засаг даргын орлогч Ж.******* нь Авлигатай тэмцэх газрын албан бичгийн хариуг өгөхдөө Д.*******тэй хуйвалдан зөвхөн ажлаас халсан тухай захирамжийг явуулсан байдаг бөгөөд түүнээс хойш 2024 оны 04 дүгээр сард халагдах хүртэл ажлаа чөлөөтэй хийж тэр ч бүү хэл цалин хөлсөө авсаар байсан нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Д.******* нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 05/17659 албан бичгийг албан ёсоор Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт бүртгүүлээгүй, мөн 2023 оны 08 дугаар сард ирсэн сумын нутаг дэвсгэр, ард иргэдийн эрх ашиг хөндөгдсөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг бүртгүүлээгүй, сумын ИТХ-аар хэлэлцүүлээгүй нуун дарагдуулсанаар тухайн компани нь хайгуулын ажлыг эхлүүлж Засаг дарга миний бие хууль бус зүйлд гарын үсэг зураагүй учир шүүхийн маргаан үүсч улмаар шүүхээс Тамгын газрын бичиг хэрэгт үзлэг хийхэд Тамгын газрын ирсэн, явуулсан бичгийн бүртгэлийг Д.******* ажлаас гарах өдрөө бичиг хэргээс би юмаа янзлана гэдэг нэрийдлээр аваад явчихсан байсан нь архив, албан хэрэг хөтлөлтийн хууль журмыг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн нь баримт нотолгоо бусад зүйлээр нотлогддог. Удирдлагын зүгээс бүхий л боломжийг олгож дэмжиж ажилласан ч тухайн ажил албан тушаалынхаа эзэн болж ажиллаж чадахгүйн улмаас арга саам хийх асуудлаас бултах зэргээр ажил асуудалд хандаж ирсэн. Ажлаас халагдсаныхаа дараа гэр бүл, ах дүүс нь утсаар намайг дарамталсаар байна. Эцэст нь дүгнэхэд Д.******* нь 1. Орон нутагт төрийн эрх барих дээд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, журмыг зөрчсөн албан бичиг тоотыг зөвхөн өөртөө тааруулан шийдвэрлэдэг, нуун дарагдуулдаг. 2. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагыг хууран мэхэлдэг 3. Хууль бусаар цалин хөлс авсан 4. Төрийн албаны асуудлыг хувийн өш хонзон болгож олон нийтийн сүлжээг намайг болон миний ах дүүсийг хамруулан гэр бүл, ах дүүсээрээ нийлж гүтгэн дарамталдаг зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргадаг нь тухайн хүний дээрхи үйлдлүүдийг нотолж байна. Иймд миний зүгээс Д.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Д.*******гийн ажлаас халагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссах нь бүү хэл мартагдсан хойно хэрэг үүсгэж байгаа нь гайхшрал төрүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ. 59.2.Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. 59.3.Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх, эсхүл утас, факс, цахим шуудан, цахилгаан болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна... 59.7.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа болон ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг ...түүний ажлын албанд, эсхүл ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж заасан.

2.1.Шүүхээс дээрх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Ю.*******д ажлын газрын хаягаар шүүхийн ажилтнаар биечлэн, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын [email protected] цахим шуудангаар тус тус хүргүүлсэн нь хэрэгт авагдсан цахим шуудангаар илгээсэн баримт, шүүхийн мэдэгдэх хуудас /хариуцагч эзгүй байсан тул бичиг хэргийн ажилтан М.******* хүлээн авсан/ зэргээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 153-156 дахь тал)

2.2. Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга Ю.******* нь “Улаанбаатар хотод томилолтоор явсан” гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 12 минутад буюу шүүх хуралдаан эхлэхийн өмнө тус шүүхийн Тамгын газрын цахим шуудангаар ирүүлсэн боловч “Улаанбаатар хотод томилолтоор ажиллах болсон” гэх үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэж үзсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн    32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-т “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3.Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх тухайд: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол... гэж заасныг зөрчөөгүй байна.

3.1.Хэрэгт авагдсан Монгол шуудангийн шуудан хүргэгчийн бүртгэл, шуудангийн гадуур дагалдах баримтаас харахад Д.******* нь шүүхээс өмнөх шатанд гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж, маргаан бүхий захиргааны акт болох Алдархаан  сумын  Засаг Даргын 2024 оны Б/04 дүгээр захирамжийн талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд гарган шийдвэрлүүлж,  2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/226 дугаар албан бичгээр өгсөн хариуг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, уг өдрөөс хойших 30 хоногийн хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул дээрх хуульд заасан хугацааг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. (Хавтаст хэргийн 1, 20, 162-164 дэх тал)

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд:

4.1.Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.*******г 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (Хавтаст хэргийн 19 дэх тал)

4.2. Уг захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...59.1.22.сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах, 66 дугаар зүйлийн 66.1.Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.5.хуульд заасан бусад үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйл /Ажил хүлээлцэх, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан/-ийг үндэслэжээ.

4.3. Мөн захирамжид үндэслэсэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, тогтоолын хавсралтаар “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-г баталсан бөгөөд “Шүүр ажиллагаа” гэх хоёр дахь хэсэгт “...нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх...”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичигт “...3.Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон... этгээдийг ажлаас чөлөөлөх...”, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/17659 дүгээр албан бичигт “...Д.*******г томилохоос өмнө түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянуулалгүй томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны “Шүүр” ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хариу ирүүлэх...” талаар мэдэгджээ. (Хавтаст хэргийн 15, 58 дахь тал)

4.4. Хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо буюу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Төрийн албаны тухай хуульд заасан журмыг зөрчиж хийсэн томилгоогоо эргэн харж, хуульд заасан шаардлагыг хангаж ажиллах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Д.*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр захирамж гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

4.5. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгохоор байна.

4.6.Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Тамгын газрын дарга М.******* төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулснаар дээрх ажлын байрны сул орон тоо бий болсон байх ба 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар дээрх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Д.*******г томилж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллуулсан байна. (Хавтаст хэргийн 14, 19, 78  дахь тал)

4.7.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх талаар Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлээр зохицуулж, 43.1.Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана. 43.2.Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана. 43.3.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.1.байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх; 43.3.2.дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.3.энэ хуулийн 43.3.1,     43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх; 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх. 43.4.Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна. 43.5.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. 43.6.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заажээ.

4.8.Энэ маргааны тухайд сул орон тооны албан үүргийг буюу Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг хариуцагчаас шийдвэрлэхдээ дээрх хуулийн 43.3.3-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн бөгөөд уг зохицуулалтын дагуу дээрх маргаан бүхий албан тушаалын албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчтай тохиролцсоны дагуу, үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэхээр байжээ.

4.9.Гэтэл хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга нь дээрх хуульд заасныг зөрчиж төрийн өөр байгууллагад ажиллаж байсан Д.*******г “шатлан дэвшүүлж ажиллуулах” үндэслэлээр ажлаас нь чөлөөлүүлж, Тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь зохих байгууллагад хүргүүлж хянуулаагүй байна.

4.10.Нэхэмжлэгч Д.******* нь дээрх албан тушаалд томилогдохын өмнө төрийн жинхэнэ албан хаагчаар буюу Алдархаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр хуульд заасан журмын дагуу томилогдон ажиллаж байсан бөгөөд “шатлан дэвшиж ажиллах” тухай түүний бичгээр гаргасан хүсэлт болон уг асуудлаар хамтарч ажиллах тухай Алдархаан сумын Засаг даргын саналыг тус тус үндэслэн Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар Д.*******г ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан тус газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/30, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/10, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/65 дугаар тушаалууд, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоол, дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 139 дүгээр албан бичиг, Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/81 дүгээр албан бичиг, Д.*******гийн бичгээр гаргасан хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 8-13, 99, 102-105 дахь тал)

4.11.Д.*******г түр орлон гүйцэтгэгчээр томилох асуудлыг шийдвэрлэсэн Алдархаан сумын Засаг даргын 2021 оны Б/05 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтаас гадна мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг үндэслэжээ. (Хавтаст хэргийн 14 дүгээр тал)

4.12.Өөрөөр хэлбэл, хариуцагч түр орлон гүйцэтгэгч томилох асуудлыг шийдвэрлэсэн мөртлөө төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулж томилох зохицуулалтыг мөн давхар хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлагад нийцээгүй гэж үзэж болохоор байна.

4.13.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур, 27 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох асуудлыг тус зохицуулсан бөгөөд 26.1.Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно, 27 дугаар зүйлийн 27.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; ...27.2.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ. 27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж заасан.

4.14.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдохын тулд албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан байхаас гадна тусгай шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагчаас 2021 онд Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд Д.*******г түр томилох үед Коронавируст халдварын цар тахлын улмаас сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлэх боломжгүй байсан, харин 2023 оны 06 сард захиалга хүргүүлснээр сонгон шалгаруулалт зарлагдсан хэдий ч шаардлага хангасан иргэн бүртгүүлээгүйн улмаас  явагдаагүй байна.

4.15.Тодруулбал, нэхэмжлэгч Д.******* нь 2023 онд зарлагдсан уг сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлээгүй, тусгай шалгалт өгөөгүй болох нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 160, 09 дүгээр сарын 05-ны өдрийн 162, Алдархаан сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/64 дүгээр бичгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар оролцогч нар маргаагүй. (Хавтаст хэргийн 66, 77, 115, 119 дэх тал)

4.16.Д.*******г Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилох үед нийтэд илэрхий үйл явдал буюу Коронавируст халдварын цар тахлын улмаас улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байх ба 2020 оны 04 дүгээр сарын          29-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалт нь уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг үл харгалзан албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй юм.

4.17.Гэтэл хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь сул орон тоог нөхөх ажиллагааг зохион байгуулахыг дээрх хуулиар зогсоосон байхад Д.*******г “удирдах албан тушаалд шатлан дэвшүүлэх” талаар хамтран ажиллах үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад санал хүргүүлж, тухайн захиргааны байгууллагад буюу өөр байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Д.*******г ажлаас чөлөөлүүлэн, Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

4.18.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байхаар заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-аас харахад энэ хэрэгт маргаж буй Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын удирдах албан тушаалын төрөлд хамаарч байна.

4.19.Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан “албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх”, “өөр албан тушаалд шилжүүлэх”, “албан тушаалд шатлан дэвшүүлэх” талаарх журмуудыг ялгаж зөв хэрэглэлгүйгээр төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд хамаарах гүйцэтгэх албан тушаал /мэргэжилтэн/-д ажиллаж байсан Д.*******г ахлах түшмэлийн ангиллын удирдах албан тушаалын төрөлд хамаарах сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд  түр томилсон шийдвэр /2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамж/-ээ эргэн харж, маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Д.*******г ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хуулийн дагуу томилогдоогүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн     46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.5.хуульд заасан бусад үндэслэл”,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

4.20.Нэхэмжлэгч Д.******* нь Алдархаан сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар захирамжийн талаар тухайн үед гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй тул уг захирамжийг зөвшөөрөн томилогдсон гэж үзнэ.

4.21.Нэхэмжлэгч “...төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан тул 2023 онд зарлагдсан тусгай шалгалтад ороогүй...”, “...хариуцагч миний хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих ёсоор хугацаанд нь хянуулаагүй зөрчил гаргаснаа нуун далдлах зорилгоор намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан, урьд нь 2023 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байхад дахин Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 дүгээр албан бичгийг үндэслэн чөлөөлсөн нь хууль бус ...” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

4.22.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн    4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, 23 дугаар зүйлийн  23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах...”, 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; 10 дугаар зүйлийн 10.3-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор... энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “...түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын албан үүргийг гүйцэтгэгчээр Д.*******г түр томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулаагүй нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 дүгээр албан бичгээр нотлогдож байна. (Хавтаст хэргийн 15 дахь тал)

4.23.Уг албан бичгийг үндэслэн Алдархаан сумын Засаг даргын орлогч Ж.******* 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Д.*******г Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөөд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17941 дүгээр албан бичиг /Д.*******гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянасан тухай/-ийг үндэслэн дээрх албан тушаалд дахин томилсон байна. Тухайн үед Ю.******* Алдархаан сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан гэх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй. (Хавтаст хэргийн 1-18 дахь тал)

4.24.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянуулсныг үндэслэн Д.*******г дахин томилсон хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 26, 27, 43 дугаар зүйлүүдэд заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шалгуур, шаардлагыг хамгийн сайн хангасан эсэхийг тогтоох тусгай шалгалтаар сонгон шалгаруулах, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмууд мөн л хангагдаагүй, уг зөрчлүүд арилаагүй тул хариуцагчаас Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 дүгээр албан бичгийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоол, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичгийн хүрээнд үндэслэн маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

4.25.Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/17659 дүгээр албан бичигт “...Д.******* нь дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлээгүй нь тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангах эсэх ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж, улмаар түүнийг одоо хүртэл уг албан тушаалд ажиллуулж байгаа нь түүнд давуу байдал олгосон, ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэж буй иргэд олон нийтийн шүүмжлэлийг үндэслэлтэй гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн. (Хавтаст хэргийн 15 дахь тал)

4.26.Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр албан бичгээс харахад Д.******* нь тус Салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сард зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, нөөцөд бүртгэгдэж байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж зааснаас үзэхэд Д.*******г Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдох үе /2021 он/-д “удирдах албан тушаалтны нөөцөд байх 2 жилийн хугацаа” нь дуусгавар болсон төдийгүй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байсан тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2, 27.3-д заасны дагуу заавал тусгай шалгалтын үр дүнгээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдохоор байна.

4.27.Иймд нэхэмжлэгчийн тухайд уг маргаан бүхий албан тушаалд түр томилогдох үедээ Төрийн албаны тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, төрийн захиргааны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Д.******* тийнхүү түр ажиллаж байгаагаа, тусгай шалгалт өгөх үүрэгтэйгээ мэдэж байсан гэж үзнэ.

4.28.Нэхэмжлэгч “...цалин хөлс өөрчлөхгүй, удирдах албан тушаалтны нөөцөд байгаа үндэслэлээр тусгай шалгалтад оруулахгүй байх...” нөхцөлөөр Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд намайг шилжүүлэн томилсон” гэж тайлбарласан ба томилох эрх бүхий албан тушаалтан тийнхүү хуульд нийцээгүй, хуульд заасан журмыг зөрчсөн амлалт өгч томилгоо хийх нь хууль бус бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “хууль дээдлэх” зарчимд нийцэхгүй тул уг хууль бус амлалт, тохиролцоо хийсэн нөхцөлөөр нэхэмжлэгчийн эрх хамгаалагдахгүйг дурдах нь зүйтэй.

4.29.Нэхэмжлэгч Д.******* нь төрийн захиргааны нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжин ажилласан хэмээн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан бол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ “...миний бие Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  заасны дагуу шатлан дэвшиж ажиллахаар болсон тул...Алдархаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэж төрийн захиргааны албан тушаалд шатлан дэвшиж ажиллах агуулгыг тусгасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд шилжин ажилласан, эсхүл дэвшин ажилласны алин нь болохыг тодорхой ялгаж тайлбарлаж чадахгүй байна.

4.30. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14-р тогтоолоор “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”, 16 дугаар тогтоолоор “Төрийн албанд шатлан дэвшүүлэх журам”, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хамтарсан 34/31-р тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг тус тус баталсан байх ба эдгээр журмаас харахад төрийн жинхэнэ албан хаагчийг “өөр албан тушаалд шилжүүлэх”, “төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх“ асуудлыг өөр өөрөөр зохицуулсан.

4.31.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “...төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан  тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж зааснаас харахад байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон, тодорхой хугацаа тогтоосон, ажлын зайлшгүй шаардлага байхаас гадна шилжүүлэх гэж буй албан тушаалууд адил төрлийн албан тушаал байх шаардлага тавигдсан байна. Өөрөөр хэлбэл, дэс түшмэлийн албан тушаалаас дэс түшмэлийн албан тушаалд, ахлах түшмэлийн албан тушаалаас ахлах түшмэлийн албан тушаалд шилжүүлж болохоор байна.

4.32.Энэ маргааны тухайд, нэхэмжлэгч төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн албан тушаалаас чөлөөлөгдөж, ахлах түшмэлийн албан тушаалд томилогдсон байгаа тул төрийн жинхэнэ албан тушаалд шилжин ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

4.33. Хэрэв шатлан дэвших зарчмаар тухайн албан тушаалд томилох бол Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд... авна”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна:18.1.1.тэргүүн түшмэл; 18.1.2.эрхэлсэн түшмэл; 18.1.3.ахлах түшмэл; 18.1.4.дэс түшмэл; 18.1.5.туслах түшмэл”, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмын 2.6-д “Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгч Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шатлан дэвшүүлж томилно”, 3.6-д “Төрийн жинхэнэ албаны сул орон тоог зарлах, шатлан дэвшүүлж, сонгон шалгаруулах ажиллагааг төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмаар зохицуулна” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албаны ахлах түшмэлийн албан тушаалд заавал тусгай шалгалт өгч томилогдохоор байна.

4.34.Нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан дээрх шалгуурыг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д заасан “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй юм.

4.35.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны удирдах албан тушаалд түр томилогдсон бөгөөд 2023 онд зарлагдсан тусгай шалгалтад орж тэнцээгүй нэхэмжлэгч Д.*******д Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

4.36.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бусаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох бөгөөд нэхэмжлэгчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

4.37.Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь өөрийн санаачилгаар бус, харин Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлж, хуульд нийцсэн захиргааны акт гаргасан байх тул уг маргаан бүхий асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан  сонсох ажиллагааг хийсэн эсэх,  мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн эсэх нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхээргүй байна.

4.38.Нөгөөтээгүүр, маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй буюу “албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн, албан бичиг нуун дарагдуулсан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, хөдөлмөр, халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаалаа өөртөө тааруулан дур мэдэн солиулсан” гэх зэрэг хариуцагчийн тайлбар, үндэслэлд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

4.39.Иймд хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичгээр өгөгдсөн “...төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй  томилогдсон Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон этгээдийг ажлаас чөлөөлөх” гэх шаардлагыг биелүүлэх үүргийн хүрээнд маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Д.*******г ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Д.*******г Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзлээ. 

4.40.Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа “...тусгай шалгалтын дүн гарах хүртэл хугацаанд...“ гэж тодорхойлсон бөгөөд маргаан бүхий Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт 2024 оны 07 дугаар сард зохион байгуулагдаж, тусгай шалгалтын дүн гарсан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй байна.

4.41.Тодруулбал, хариуцагч Алдархаан сумын Засаг дарга нь шүүхэд энэ маргааныг үүсгэхээс өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/78 дугаар албан бичгээр Тамгын газрын даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл холбогдох сонгон шалгаруулалтыг 2023 оны 07 дугаар сарын 03-аас 26-ны өдрүүдэд зохион байгуулж явуулсан, уг сонгон шалгаруулалтад Д.******* бүртгүүлэн оролцож, хамгийн өндөр үнэлгээг авсан тул Салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор дээрх албан тушаалд Д.*******г нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэж, энэ талаар 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар албан бичгээр томилох эрх бүхий албан тушаалтан буюу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч дээрх албан тушаалын талаар шүүхэд маргаан үүссэн, шийдвэрлэгдээгүй байгаа үндэслэлээр томилгоо хийгдээгүй болохыг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 115-141)

4.42. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд: Шүүх маргаан бүхий Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгох, Д.*******г Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан тул ажилд эгүүлэн томилогдоогүй нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн олгуулах үндэслэлгүй болно.

4.43.Иймд дээрх хууль зүйн үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийн 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Д.*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтын дүн гарах хүртэлх хугацаанд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ